Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1599

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/01599

Улаанбаатар хот

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын,

   Хариуцагч: Х.Б-д холбогдох

  Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг шүүх 2018 оны 03 дугаар 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сард Х.Бтай гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нотариатаар орсон. Тэр үед ямар ч маргаан зөрчилгүй энэ гэрээг байгуулсан. Гэрээ байгуулаад Х.Б төлбөрөө төлөхгүй, сар бүрийн эхэнд төлнө гэж байсан, төлөхгүй байсаар зээл аваад төлнө, сүүлдээ бөөнд нь 2018 оны 05 дугаар сарын сүүлээр төлнө гэдэг байсан. Төлөхгүй байна гэж бодоод 2018 оны 03 сарын дундуур шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Өөрөө Х.Б бол төлөхгүй гэж хэлдэггүй байсан. Ямар ч байсан төлнө гэж хэлдэг байсан. Мөн намайг гөрдөж, хүчээр байгуулсан гэх зэргээр хэлж байна. Шүүх хурал хойшилж, удааширсаар 3 сар болж байна. Ингээд гэрээний хугацаа шүүх хуралдаан удааширсантай холбоотой 2 сараар хэтэрсэн. Үүнийгээ нэмэгдүүлээд 6 сарын хугацаагаар 1 сарын 500.000 төгрөгөөр тооцоод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн улсын тэмдэгтийн хураамж буюу 140.630 төгрөг, байрнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөрт 3.000.000 төгрөг, нийт 3.140.630 төгрөг нэхэмжилж байгаа. Гэрээг 2 хүн бичээд л гарын үсэг зурсан хуурамч бүрдүүлсэн баримт юм. Тэр нь хүчингүй. М.Б Х.Б нарын хоорондын асуудал. Манай хүүхэд ч анх уулзахад цагдаад хандаагүй байсан. Зээлийн гэрээ байна. Та нарыг залилсан байна. Хөөцөлд гэж хэлж байсан. Тэгээд тэгье гээд Х.Б эхнэртэйгээ зөвшөөрсөн. Бид нар тэгж хөөцөлдөхийг нь хүртэл хэлж байсан. Иймэрхүү журмаар л тайван явсан. Шударгаар явах ёстой гэв.  

          Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.Бтэй түрээсийн гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулж, нийт 9.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлүүлж, зээлийн хүүнд нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50а байрны 24 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсэнд суулгахаар харилцан тохиролцон амьдарч байгаа. Гэтэл М.Б тус байрны жинхэнэ өмчлөгч биш бөгөөд тус байрны жинхэнэ өмчлөгч болох Ц.Дтой гэрээ байгуулж түрээсэлсэн байдаг. Тэгээд М.Бд залилан мэхлүүлснээ мэдээд өргөдөл гаргаж, холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. 2017 оны 12 дугаар сараас тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгч болох Ц.Д гэнэт ирээд “Би энэ байрыг Билгүүнд түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө төлөхгүй байна. Тиймээс та нар надтай ямар ч хамаагүй түрээсийн гэрээ байгуул. Хэрэв тэгэхгүй бол яг одоо энэ байрыг чөлөөлж өг” гэж янз бүрээр дайрч давшилсан. Ингээд Ц.Дтой 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээг байгуулахдаа ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгэх хүсэл сонирхол байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой. Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой Ц.Д болон Х.Б нарын хооронд байгуулагдсан энэ гэрээ хүчин төгөлдөр бус учраас үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.Бтэй түрээсийн гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулж, нийт 9.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлж, зээлийн хүүнд нь сар бүр 450.000 төгрөгөөр бодож Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамны 50а дугаар байрны 24 тоот орон сууцыг түрээсэлсэн. Гэтэл 2017 оны 12 сараас тухайн орон сууцны өмчлөгч болох Ц.Д гэнэт ирээд би энэ байрыг М.Бд түрээслэж байсан боловч төлбөрөө төлөхөө больчихлоо. Тиймээс та нар надтай ямар ч хамаагүй түрээсийн гэрээ байгуул. Хэрэв тэгэхгүй бол яг одоо энэ байрыг чөлөөлж өг гэж янз бүрээр дайрч давшлах болсон. Х.Б нь 1 нас гарантай охин, эхнэрийн хамт хөхөө өвлийн хүйтэнд хөөгдөхөөс айж, мөн очих газаргүйн улмаас аргагүйн эрхэнд Ц.Дтой 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тиймээс Ц.Д болон Х.Б нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Гэрээ дүр үзүүлэн хийсэн хууль зөрчсөн байдлаар хийсэн. Х.Б, Ц.Д нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, М.Бтэй байгуулсан гэрээ цуцлагдсан уу гэдэг нь чухал юм. М.Бтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ буюу дуусгавар болоогүй байна. М.Б нь 12 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь М.Бийг түрээсийн гэрээний 5.2-т заасан заалтыг зөрчсөн учраас гэрээг цуцалсан гэж байна. Гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Нэг талын хүсэлтээр цуцлагдахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.4-т зааснаар энэ хуулийн 294.3-т заасныг баримтлах үүрэгтэй гэсэн. Цуцлах харилцааг хуулиар зааж өгсөн байна. Өөр нөхцлийг талууд тохиролцоогүй байна. Цуцлахдаа заавал хуулийг баримтлах ёстой байсан. Гэрээг цуцалсан гэж тайлбарлаад гэрээ байгуулсан явдал байна. М.Бтэй хүчин төгөлдөр гэрээтэй байхад давхар Х.Бтай гэрээ байгуулж төлбөр нэхэж байна. Бодит нөхцөл байдлаас хараад үзэхэд Х.Быг ноцтой төөрөгдөлд оруулсан байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь ямар ч үндэслэл байхгүй. Олон удаа тайлбарлаж хэлсэн.  М.Б болон Х.Б нарын гэрээ хүчин төгөлдөр биш. 2 хүн гарын үсгээ зураад л явсан. Гэрээ хийх ямар ч үндэслэл байхгүй. Байрны гэрчилгээний эх хувь байхгүй нөхцөлд гэрээ хийх ямар ч үндэслэл байхгүй. Нотариат гэрээ баталж байх үед тайван замаар, хоорондоо ярьж, хөөрөлдөөд байж байсныг нотариатын хүн хүртэл нотолно. Ямар нэгэн маргаан байгаагүй. Бид харилцан ярилцаад л  нотариат баталсан. Гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Гэрээ хууль зөрчөөгүй. Харин Х.Б М.Бтэй байгуулсан гэрээ хүчингүй.  Өмнө нь яриагүй байж одоо нотариатаар батлуулаагүй гэж байгааг гайхаж байна. Гэрээ нотариатаар орж байж заавал хүчин төгөлдөр болдог. Бусдыг нь бол мэдэхгүй юм. Шаардлагатай бол батлаад авчраад өгнө. М.Бтэй байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж байна. М.Б нь утсаа авахгүй, мөнгө төлөхгүй, мөн гэрээний үүргээ зөрчсөн учир цуцалсан гэж үзнэ. М.Бийг гэрээний хугацаа чинь дуусаагүй байна байранд суу гэж хүчээр хэлэх үү. Зугтаагаад сураггүй алга болсон хүнийг би яах ёстой байсан юм бэ гэж хэлмээр байна. Тиймээс Х.Бтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

            Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Х.Бд холбогдуулан байрны түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлэн түрээсийн төлбөрт нийт 6 сарын хугацааны төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол/16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50а байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшил буюу орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлсэн.

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хянаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчид буюу Ц.Д, Х.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр харилцан “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол/16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50а байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар, 1 сарын хөлсийг 500.000 төгрөгөөр, хөлсийг дараа сарын 05-ны өдрийн дотор “Хаан банк” ХХК-ийн 5026148704 тоот дансанд төлж байхаар тохиролцсон байна./ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Х.Б гэр бүлийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлсөлсөн хөлсийг төлөөгүй тул 6 сарын хугацааны хөлсийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч Ц.Д нь орон сууцны өмчлөгч тул Х.Бд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээг цуцлан, орон сууцнаас албадан гаргахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч Х.Быг хуурч мэхлэн, төөрөгдүүлж, дүр үзүүлэн, хүч хэрэглэх байдлаар уг гэрээг байгуулаагүй амар тайван замаар харилцан тохиролцон нотариатаар баталгаажуулан гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн, тус орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн мэтээр хариуцагч Х.Б нь М.Бд хууртагдан тус орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүнд хөлслөн суулгахаар харилцан тохиролцсон байсан асуудал, тэдний хооронд үүссэн харилцаа бол тусдаа асуудал энэ хэрэгт хамааралгүй, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, хариуцагч Х.Б маргааны зүйл болсон орон сууцны хууль ёсны өмчлөгч миний бие болохыг мэдээд энэ гэрээг хийсэн, М.Бд хуурагдсан болохоо өөрөө мэдсэн тул би Х.Бд энэ байдлаа хэлж орон сууц хөлслөх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. М.Бд би дамжуулан хөлслөх эрхийг олгоогүй. Хөлсөө төлөхгүй байсан тул Х.Б миний өмчлөлийн байранд орж суусныг мэдээд түүнтэй үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан нь хууль зөрчөөгүй, М.Бтэй байгуулсан гэрээ ийм байдлаар дуусгавар болсон би М.Бд холбогдох эрүүгийн хэрэгт орон сууцанд суусан боловч төлөөгүй хугацааны 1 сарын 500.000 төгрөгийн хөлс болон хохирлоо М.Бээс нэхэмжилж хохирогчоор тогтоогдсон байгаа, давхардуулж нэхсэн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж марган мэтгэлцдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Ц.Д М.Бтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй байхад Х.Бтай тус орон сууцыг хөлслөх гэрээг давхардуулан байгуулсан, гэрээнүүд цуцлагдсан эсэх нь тодорхойгүй, Х.Бтай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг Б.Дашдондовын байнгын дарамт болон өвлийн хүйтэнд 1 нас гаруйтай охин, эхнэрийн хамт хөөгдөхөөс айж, мөн очих газаргүйн улмаас аргагүйн эрхэнд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүйгээр дүр үзүүлэн хууль зөрчин хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй байж хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4-т заасан хугацаа журмыг баримтлаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Уг орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх болон Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болох нь тогтоогдохгүй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, дүр үзүүлэн хууль зөрчин хийсэн болон ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр байх хэлцэл болох тухай татгалзал үндэслэлгүй, уг үндэслэл тогтоогдохгүй байх ба гэрээний зүйл болсон орон сууцыг Х.Б 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байгаа тул ямар нэгэн үр дагавар үүсээгүй гэх үндэслэлгүй, хэн аль нь орон сууцыг хөлслөн хөлс авах болон хөлслөгч орон сууцыг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл талууд орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах болон хөлс төлөхгүй байхаар тохиролцоогүй болох нь тогтоогдож, маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч Ц.Д мөн болохыг хариуцагч Х.Б мэдсэний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Дашдондов М.Бтэй байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдаагүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч Ц.Д М.Бтэй 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөн сарын 08-ны өдрөөс 12 сарын хугацаатай үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, сарын хөлсийг 500.000 төгрөг байхаар тохиролцсон боловч 2017 оны 11 дүгээр сарыг дуустал М.Б гэрээний дагуу хөлсөө төлж байсан гэж нэхэмжлэгч Ц.Д тайлбарладаг.

Хариуцагч Х.Б, Н.Билгүүн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар маргаан бүхий орон сууцыг хөлслөхөөр “Түрээсийн гэрээ” байгуулан хавтаст хэрэгт уг гэрээ авагдсан байна./ХХ-ийн 97-98 дугаар хуудас/

Зээлдүүлэгч Х.Б, зээлдэгч М.Б нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 9.000.000 төгрөгийг мөн өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон болох нь тогтоогддог./ХХ-ийн 12 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Х.Б, М.Б нарын хоорондоо маргаан бүхий орон сууцыг тэдний хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний хүүнд  тооцон эзэмшиж ашиглуулж хөлслөхөөр тохиролцсон гэдэг.

Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд байгаа одоогоор алга хууль ёсны өмчлөгч би гэх замаар Х.Б, М.Б нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг.

Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах замаар бусдын өмчлөлийн орон сууцны хөлсийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хөлслөн, хөлсийг хувьдаа завшин залилан мэхэлсэн үйлдэлдээ М.Б нь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс түүнд хологдууланбайна эрүүгийн 1705011800034 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгагдаж, Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар тус дүүргийн Прокурорын газрын яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болох нь тогтоогддог. /ХХ-ийн 48-68 хуудас/

Энэ үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Д болох боловч түүний зөвшөөрөлгүйгээр М.Б Х.Бд дамжуулан хөлсөлсөн болох нь тогтоогддог./ХХ-ийн 5 дугаар хуудас/

М.Б Х.Б нарын хоорондын маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам орон сууц хөлслөх гэрээнд үйлчлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар хөлслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа хуульд 3 сар байхаар заасан боловч зохигчид 1 сарын өмнө бичгээр мэдэгдэхээр тохиролцсон байна. М.Б болон Ц.Д нарын хооронд байгуулсан гэрээг цуцлагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Албан ёсоор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй боловч 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр М.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байх ба Ц.Д хохирогчоор тогтоогдсон үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байх тул  М.Б болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд орон сууц хөлслөх гэрээний үүрэгт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар 2 өрөө орон сууцыг Х.Б эзэмшиж байсан хугацаагаар хэлэлцэн тохирсон хөлсийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй, хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул Х.Баас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны 5 сар 17 хоногийн хугацааны хөлс болох 2.783.333/5*500.000+17*16.666=2.783.333/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дт олгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Ц.Дын Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол/16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50а байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшил буюу орон сууцнаас албадан гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч шаардах эрхтэй хэдий ч хөлслүүлэгч иргэний хувьд Ц.Д Иргэний хуульд заасан үүргийг хуульд заасан журмыг баримтлах нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4-т зааснаар зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үүрэг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар тохиролцсон боловч хариуцагч Х.Б үргэлжлүүлэн ашигласаар байгаа.

Нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлс шаардан шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын өмнө хөлслөгч талд бичгээр мэдэгдэж зөвшилцөхөөр заасан боловч энэ журмыг баримтлаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Д орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан. Уг шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан аваад 1 сарын хугацаа өнгөрөөгүй байх тул тус орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т заасан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох дүр үзүүлэн хийсэн, ноцтой төөрөгдсөн болон ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.630 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан урьдчилан төлсөн 47.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид 59.483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дт олгох  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.3, 294.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Баас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.783.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 216.667 төгрөгийг болон Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол/16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50а байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 140.630 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн 47.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид 59.483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б. БАЯРМАА