Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02078

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын 02 өдөр

                          181/ШШ2021/02078

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Б-д холбогдох

            Үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хууль ёсны өмчлөгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Г.Б д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, намнансүрэнгийн гудамж Юу Би таун хотхоны 38 дугаар байрны 81 тоот 2 өрөө бүхий орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль бус эзэмшилд байсан хугацаанд түрээсийн төлбөрт 11,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Хариуцагч Г.Б тай удаа дараа уулзах гэж оролдсон боловч уулзаж чадаагүй, гэрийнх нь хаягаар очиж дуудсан боловч өөрөө эзгүй байдаг байсан. Хариуцагчтай учраа олж чадахгүй байсан учраас Иргэний хэргийн шүүхэд хандахаас өөр сонголт байсангүй. Хариуцагч Г.Б  тухайн орон сууцыг залилуулсан, бусдад их хэмжээний мөнгө худалдаж авахаар харилцан тохиролцож өгсөн гэдэг үндэслэлээр чөлөөлж өгөхөөс татгалзсан. Иймд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх шаардлагын тухайд Г.Б  нь Д.Энхжаргал гэх хүнд залилан мэхлүүлж, Г.Б ы зүгээс тухайн этгээдэд мөнгө шилжүүлсэн. Г.Б  нь маргаан бүхий байрыг өөрийнхөө өмчлөл гэж ойлгоод хууль бус эзэмшил болохыг мэдээгүй. Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 3.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч юм. Иймд шударга эзэмшигч учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Шударга эзэмшигч тул ашигласан хугацааны төлбөр гэх 11,000,0000 төгрөгийн шаардлага нь үндэслэлгүй байна. 11,000,000 төгрөгийг гаргуулахдаа нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бусаар гаргаад байна. Түрээсийн төлбөр юм уу орон сууцны төлбөр юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн түрээсийн төлбөр эсвэл орон сууцны төлбөр юм бол Г.Б тай гэрээ байгуулсан зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Т  нь хариуцагч Г.Б д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хууль ёсны өмчлөгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шударга эзэмшигч гэж үзэн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Т  нь Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж 38 байр 81 тоот хаягт байрлах 45,8 м.кв талбайтай, Ү-2203027150 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь 000282853 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Б д нийт 36,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн ба иргэний хариуцагч О.Т г төлбөр хариуцах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдож байна.

 

Улсын бүртгэлд өмчлөгчөөр О.Т  бүртгэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч О.Т  нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Г.Б ы хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж 38 байр 81 тоот хаягт байрлах Ү-2203027150 дугаартай 45,8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж 38 байр 81 тоот хаягт байрлах Ү-2203027150 дугаартай 45,8 м.кв талбайтай орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол олох ёстой байсан орлого нэг сарын 500,000 төгрөгөөр тооцож, 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан”, хариуцагч нь “хууль бусаар эзэмшээгүй, анхнаасаа энэ байрыг худалдаж авсан гэж бодож амьдарч байсан” гэж тус тус тайлбарласан.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар тогтоолд “...Г.Б  байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөөд байраа авах хүсэлтэй” гэж мэдүүлэг өгч байсан бөгөөд хариуцагч нь Г.Б  нь уг байрыг худалдан авах зорилгоор бусдад мөнгө шилжүүлсэн, залилуулсан байна. Хэрэв, гэмт хэргийн хохирогч болоогүй бол уг байрны хууль ёсны өмчлөгч байх боломжтой байсан тул зардлаа хэмнэх аргаар 11,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх  боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б ы хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж 38 байр 81 тоот хаягт байрлах Ү-2203027150 дугаартай 45,8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Т д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР