Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00082

 

 

О.т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02078 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөр 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  

а. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах,

б. Орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах

О.т- нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Өндөр буянт” ХХК-тай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Юу Би таун хотхоны 38-р байрны 81 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн. Гэвч уг хугацаанд байранд түрээсийн гэрээний үндсэн дээр амьдарч байсан Д.Энхжаргалыг өмчлөгч нь гэж итгэн хариуцагч Г.Б- нь орон сууцыг худалдан авахаар тодорхой хэмжээний төлбөрийг Д.Энхцэцэгт өгсөн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Дээрх хугацаанд хариуцагч Г.Б-ы амьдарч байгаа орон сууц нь О.т- миний өмч хөрөнгө тул хариуцагч Г.Б-тай холбогдож дээрх орон сууцыг суллаж өгөх талаар шаардсан боловч огт хүлээж аваагүй.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй учир 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарыг хүртэл нийт 22 сарын төлбөр нийт 11,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Б- миний бие Д.Энхжаргал гэх хүнд залилан мэхлүүлж, тухайн этгээдэд мөнгө шилжүүлсэн. Г.Б- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө авсан гэж ойлгосон бөгөөд хууль бус эзэмшил болохыг мэдээгүй. Г.Б- нь Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 3.1-д зааснаар тус орон сууцны шударга эзэмшигч юм. Иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн 11,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь түрээсийн төлбөр юм уу, эсхүл орон сууцны төлбөр юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн түрээсийн төлбөр, эсхүл орон сууцны төлбөр гэж үзвэл О.т- нь Г.Б-тай энэ талаар гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар баримтлан хариуцагч Г.Б-ы хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 байрны 81 тоот хаягт байршилтай Ү-2203027150 дугаартай 45,8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.т-д олгосон.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

а. Хариуцагч Г.Б-ыг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэрээр тухайн орон сууцыг өмчлөх хүсэл зоригоо илэрхийлэн Д.Энхжаргал гэх этгээдэд 36,000,000 төгрөгийг төлсөн.

б. Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолын 3.1-д “Энэ зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэдэг мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно” гэж зааснаас үзэхэд хариуцагч Г.Б- нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч юм. Хариуцагч Г.Б- нь хүсэл зоригийн дагуу маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авсан шударга эзэмшигч байх бөгөөд хууль бусаар эзэмшсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Г.Б-ы маргаан бүхий орон сууцыг худалдаж авах зорилгоор 36,000,000 төгрөгийг Д.Энхжаргалд өгсөн асуудал эрүүгийн журмаар шалгагдаж, тус хэрэгт Г.Б- хохирогчоор тогтоогдож, түүний Д.Энхжаргалд өгсөн 36,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн.

          Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2013 онд О.т-гийн нэр дээр гарсан тул дээрх орон сууцны өмчлөгч О.т- мөн. Өмчлөгч нь байсаар байхад өөрийгөө шударга эзэмшигч мөн гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд давж заалдах гомдол хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

          Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

          Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулгаар ойлгогдохоор найруулгын хувьд алдаатай байх тул залруулж,өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

  1. Нэхэмжлэгч О.т- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 байрны 81 тоот хаягт байршилтай, Ү-2203027150 дугаарт бүртгэлтэй 45.8 м.кв талбайтай орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хууль ёсны өмчлөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах, мөн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...О.т- нь орон сууцыг “Өндөр буянт” ХХК-аас гэрээний үндсэн дээр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн...” гэж тайлбарлаж, хариуцагч Г.Б- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Г.Б- нь Д.Энхжаргалаас орон сууцыг худалдан авахаар 36,000,000 төгрөг шилжүүлэн өгч, орон сууцыг эзэмшил, ашиглалтдаа авсан, Д.Энхжаргалыг өмчлөгч нь гэж итгэсэн, Г.Б- нь орон сууцны шударга эзэмшигч, нэхэмжлэгчийн 11,000,000 төгрөг шаардаж буй үндэслэл ойлгомжгүй...” гэсэн агуулгаар маргасан байна. /хх 1, 88/

 

  1. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 6/, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ /хх 7-10/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, нэхэмжлэгч О.т- нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Өндөр буянт холдинг” ХХК-тай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38-р байрны 81 тоот хаягт байршилтай 45.8 м.кв талбайтай орон сууцыг нийт 36,640,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, улмаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээний үнийг төлснөөр 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зөв тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлжээ.

 

  1. Өмчлөгч буюу нэхэмжлэгч О.т- нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 05 дугаар сараас Д.Энхжаргалд түрээслүүлсэн, орон сууцыг түрээсэлж байх хугацаандаа Д.Энхжаргал өөрийгөө өмчлөгч нь гэж итгүүлэн Г.Б-аас 36,000,000 төгрөг авсан үйл баримт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1109 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон. /хх11, 20, 78/

 

  1. Хариуцагч Г.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “маргаан бүхий орон сууцыг Д.Энхжаргалаас 36,000,000 төгрөгөөр худалдан авсан тул орон сууцны шударга эзэмшигч” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Энхжаргалыг залилах гэм хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнээс гэмт хэргийн улсын учирсан хохирол 36,000,000 төгрөгийг гаргуулан Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгө бусдаас худалдан авч буй этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлохыг худалдагчаас шаардах, эсхүл худалдагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу бусдад худалдах эрхтэй этгээд мөн эсэхийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлах боломжтой учир хариуцагч Г.Б-ыг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч О.т-, хариуцагч Г.Б- нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой аливаа харилцаанд ороогүй байна.

  1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч О.т-гийн гаргасан орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

                 Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч О.т-гийн хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027150 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38-р байрны 81 тоот орон сууцыг хариуцагч Г.Б-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч О.т-гийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөхийг хариуцагч Г.Б-д даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          

 

                           ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                   Д.НЯМБАЗАР