Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1925

 

 

Ц.Ч-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01505 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ч-н нэхэмжлэлтэй,

 

Гэм хорын хохиролд 72 815 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О,

Прокурор Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч нь өөрийн мэдлэг, боловсрол, ажлын туршлага, ур чадвараа үнэлүүлж, шударгаар хөдөлмөрлөж, ар гэр, амьдралаа авч явж байсан. Гэтэл түүнийг Авлигатай тэмцэх газраас Х.Анхбаяр нарт холбогдох 201301000290 тоот эрүүгийн хэрэгт хамтран оролцсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 268.2-т заасан хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцон 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татаж шалгасан. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 721 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 787 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ц.Ч-д холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Авлигатай тэмцэх газраас Ц.Ч-ийг хууль бусаар гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа Үндсэн хуулиар олгосон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 327/с дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн  сэжигтнээр 11 хоног, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 283 дугаар шүүгчийн захирамжийг  үндэслэн яллагдагчаар  45 хоног, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2040 дүгээр захирамжийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчээр 26 өдөр, нийт 82 хоног цагдан хорьж, эрх чөлөөг нь хязгаарласан. Тэрээр гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа хууль ёсны эрх ашгийг  хамгаалуулахаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээж П.Энхтуяагаар дамжуулан өмгөөлөгч Л.Ононбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нийт 10 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Баяраатай иргэд, байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, нийт 2 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ч.Шаравнямбуутай ээж  П.Энхтуяагаар дамжуулан  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан нийт 5 000 000 төгрөгийг тус тус төлжээ. Ц.Ч нь  Герман улсад сургууль төгсөөд Хас банкинд ажилд орж богино хугацаанд салбарын захирлаар дэвшин ажилласан хичээнгүй, шударга, чадварлаг залуусын нэг юм. Гэтэл Авлигатай тэмцэх газраас түүнийг хүнд гэмт хэрэгт үндэслэлгүйгээр холбогдуулан шалгаж, хүйтэн, чийгтэй газар удаан хугацаагаар цагдан хорьсны улмаас нойр булчирхай, бөөр нь өвдсөн. Боловсролыг нэн тэргүүнд тавьж, шударга хөдөлмөрөөр амьдарч байгаад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болсноор сэтгэл санааны дарамтад орсон, авга ах цагдан хорих байранд зуурдаар нас барж, болж буй үйл явдлын улмаас  өндөр настай өвөө, эмээ, аав, ээжийнх нь эрүүл мэнд байнгын тогтворгүй, эмнэлгийн хяналтад байсан эхнэр, үр хүүхдүүд нь цочирдож, шөнө ч унтаж чадахгүй хар дарж байсан зэрэг нь түүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Энэ бүгдээс насан туршдаа эдгэшгүй арьсны псориоз өвчтэй болж эмчлүүлсээр байна. 

Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлын тухайд гэр бүлийн гишүүн нь хоригдож, эхнэр 2 хүүхдийг гэртээ байхад цагдаа нар ирж гэрт нь үзлэг хийсэн. Аавынх нь тухай байнга зурагтаар гарч байхад 2 нялх хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх нь ойлгомжтой. Д.Амарсайхан талийгаачтай хамаатан учраас хэрэгт холбогдуулан шалгагдаж байхад цагдан хоригдох байранд нас барсан нь нэхэмжлэгчид маш хүнд цохилт болсон. Эрүүл мэндийн хувьд эмчилгээ хийлгэж байсан. Цагдан хоригдох байрны нөхцөл байдал тухайн үед хэцүү байсан. Дархлаа нь сулрахаар тууралт гардаг өвчтэй болж, жил болгон рашаан сувилалд явдаг. Иймд цагдан хоригдсон нэг хоног тутмыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцон нийт 15 744 000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 17 000 000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг, нотариатын зардал 71 000 төгрөг, нийт 72 815 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 201301000290 дугаартай хэрэгт Ц.Ч-ийг хамтран оролцсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцон 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татан шалгасан. Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Эрүүгийн 201301000290 дугаартай хэрэгт Д.Амарсайхан төрсөн ах Цогтсайханы хүү Ц.Ч-н нэрээр халхавчлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла хотхоны 494 сая төгрөгийн үнэ бүхий 160 м.кв 4 өрөө орон сууц, 2 машины зогсоолын хамт Х.Анхбаяраас хахуульд авсан үйлдэлд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Амарсайхан, Х.Анхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Анхбаярт 3 жилийн хорих ял оногдуулж, уг байрыг хураан улсын орлого болгож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Х.Анхбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна. Хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Л.О-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд мөнгөн дүн байхгүй, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Баяраатай байгуулсан гэрээнд мөнгөн дүнгүй, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тамга тэмдэг дарагдаагүй байгаа тул 17 000 000 төгрөг төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хэрэгт МӨХ гэсэн 4 ширхэг тасалбар байгаа боловч энэ талаар МӨХ-оос албан ёсны баримтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэсэн заалтын 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг нөхөн төлөхөөр заасан. Ц.Ч нь эрүүгийн 201301000290 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа Хас банкинд ажиллаж байсан, үүнтэй холбогдуулан цалин хөлс, хөдөлмөрийн бусад орлогын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул цагдан хоригдсон төлбөрт 15 744 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар байдлаар хэрхэн хохирсон талаар баримтгүй, УКТЭ-т 2005 онд нээлгэсэн амбулаторийн картаас өөр баримтгүй байна. Иймд сэтгэл санаанд учирсан хор уршгийг төлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн Газрын нөөц сангаас гэм хорын хохирол 12 803 260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 60 011 740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Ц.Ч-н цагдан хоригдсон 82 хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгийг 21,5-д хуваан тооцож нийт 732 260 төгрөг"-ийг гаргуулахаар тогтоожээ. Энэхүү хохирол нь ямар хохирлыг ямар үндэслэлээр хангаад байгаа нь тодорхойгүй байна. Ц.Ч-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлдээ, мөн шүүх хуралд гаргасан тайлбартаа Ц.Ч-ний олох байсан орлогыг нэхэмжлээгүй, түүний хууль бусаар цагдан хоригдсон хоногийг мөнгөн дүнгээр илэрхийлж хохирол нэхэмжилж байна гэдгээ удаа дараа тайлбарлаж хэлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт "Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно" гэж заасан. Өөрөөр хэлбэл цагдан хоригдсон нэг өдөр нь тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 000 төгрөгтэй тэнцүүлэн тооцно гэдгийг хуульд тодорхой заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон бол хохирол нөхөн төлүүлэх үндэслэл болно гэж заасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэж заасан. Ц.Ч-ийг 82 хоног хууль бусаар цагдан хорисноороо түүний Үндсэн хуулиар олгосон эрхэд ноцтойгоор халдаж, хохироосон. Иймд шүүх олох байсан орлого гэдгийг хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлоос ялгаж шийдвэрлэх ёстой байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хууль зүйн туслалцаа авсан гэж тайлбарлан өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөгийг төрөөс гаргуулахаар шаардсан нь нотлогдоогүй, хөлс төлсөн гэж үзэх боломжгүй юм" гэжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооноос гаргасан дүрэм журамд өмгөөлөгч нь өөрийн тамгатай байхыг шаарддаггүй. Хуучин Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөллийн эрх авсан зарим өмгөөлөгч нар тухайн үед хийлгэсэн өмгөөлөгчийн тамга болон төлбөрийн баримтыг өөрсдийн үйл ажиллагаанд ашигладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудыг эх хувиар нь шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх тамгагүй баримтыг нотлох баримт гэж үзэхгүй мэтээр тайлбарлан нотлох баримтыг үнэлэлгүйгээр Шаравнямбуу өмгөөлөгчид төлсөн 5 000 000 төгрөгийг хангаагүй нь хууль бус байна.

Ц.Ч нь энэхүү эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр татагдан шалгагдах явцдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бай болж сонин сэтгүүл, телевиз, интернэтээр түүний зурагтай мэдээллүүд их хэмжээгээр гарч байсан. Тухайн үеийн нэг сонингийн хуулбар, одоо хүртэл интернэтэд байгаа мэдээллийн холбоосыг бичлэгээр болон цаасаар нотлох баримт болгон шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтуудыг үнэлэлгүй сэтгэл санааны хохирлыг хангахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хзрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ч хууль бусаар цагдан хоригдсон 82 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож, 15 744 000 төгрөг, эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн хөлс 17 000 000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, нотариатын зардалд 71 000 төгрөг, нийт 72 815 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын  нөөц сангаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасны дагуу хээл хахууль авсан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан боловч уг хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

 Ц.Ч-ийг дээрх эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа 82 хоног цагдан хорьсон болох нь хэргийн 7-66, 68-74 дгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Ийнхүү хууль бусаар цагдан хоригдсон Ц.Ч-ний зөрчигдсөн эрхийг сэргээхдээ, түүнд учирсан хохирлыг Төрийн эрх бүхий байгууллага болон албан тушаалтны буруутай үйл ажиллагаа буй эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь цагдан хоригдсон 82 хоногийн хохирлыг мөнгөн дүнгээр тодорхойлж  2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр тооцож 15 744 000 төгрөг нэхэмжилжээ.

 

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэж заасан байна.

 

Дээрх хуулийн заалт нь торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн төлөх төлбөрөөс цагдан хоригдсон хоногийг хасахдаа хэрэглэдэг хуулийн зохицуулалт юм. Нэхэмжлэгч Ц.Чандманий цагдан хоригдсон хугацааны хохирлын хэмжээг тодорхойлоход уг хуулийн зохицуулалтыг адилтган хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэгчийн 82 хоног хууль бусаар цагдан хоригдсоноос учирсан хохиролд 15 744 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх нэхэмжлэгч Ц.Ч-ийг хууль бусаар 82 хоног цагдан хоригдсоноос учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 000 төгрөгөөр тооцож, 732 260 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3.1, 5.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч эрүүгийн гэмт хэрэгт шалгагдахдаа 3  өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч 17 000 000 төгрөгийн хөлс төлснөө гаргуулахаар шаардсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмгөөлөгч Л.О-тай 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ч-ний эх П.Энхтуяа, өмгөөлөгч М.Баяраатай 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.Ч, өмгөөлөгч Ч.Шаравнямбуутай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ч-ний эх П.Энхтуяа нар тус тус эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу өмгөөлөгч Л.О-д 10 000 000 төгрөг, өмгөөлөгч М.Баяраад 2 000 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 12 000 000 төгрөгийг шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.                                                                                                          /хх-75-81 дүгээр тал/

 

Харин нэхэмжлэгч Ц.Ч-ийг өмгөөлөгч Ч.Шаравнямбууд 5 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлснийг баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Ц.Ч-ний эрүүл мэндэд хохирол учирсны улмаас эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

 

Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх”-ээр заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Ч-ийг Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан  эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасныг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Хуульд тусгайлан заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл буюу бусдын нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд холбогдох хариуцлага эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор зохицуулжээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзвэл бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдээр нөхөн төлүүлэх агуулгатай байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан тайлбар нь Төрийн эрх бүхий байгууллага түүний албан тушаалтны зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан агуулгыг заагаагүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэснийг хориглосон бөгөөд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн хүлээх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг эрүүгийн хэрэгт шалгагдсанаас эдийн бус гэм хор учирсан гэх маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхэд хуулиар эрх олгогдоогүй, хуульд заагаагүй үндэслэлээр  эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргийг төрд хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Төрийн эрх бүхий байгууллага түүний албан тушаалтны хууль бус үйлдлээс болж эрх зөрчигдсөн, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, сэтгэл санааны гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба Төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчид учирсан эдийн бус хохирлыг арилгуулах, мөнгөөр нөхөн төлүүлэх талаар хуульд тусгайлан заасан заалт байхгүй ба энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах”-аар заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй сэжигтнээр татаж эрүүгийн хэрэгт шалгасан нь энэ тохиолдолд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн, Төрийн эрх бүхий байгууллагын уг үйл ажиллагааг хууль бус буюу хууль зөрчиж бусдын хуулиар хамгаалагдсан буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эрх ашигт хохирол учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ