Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/01505

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/01505

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр 2 хд, 58Б байр, 9 тоотод оршин суух Анагаагч овогтой Цогтсайханы Чандмань РД:/ХП80060912/-ийн нэхэмжлэлтэй гэм хорын хохиролд нийт 72.815.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, гуравдагч этгээд прокурор Д.Туяа, иргэдийн төлөөлөгч С.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цогтсайханы Чандмань нь өөрийн мэдлэг, боловсрол, ажлын туршлага, ур чадвараа үнэлүүлж, шударгаар хөдөлмөрлөж, ар гэр, амьдралаа авч явж байсан. Гэтэл түүнийг Авлигатай тэмцэх газраас Х.Анхбаяр нарт холбогдох 201301000290 тоот эрүүгийн хэрэгт хамтран оролцсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 268.2-т заасан хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцон 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татаж шалгасан байна. Ингээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 721 тоот шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр Ц.Чд холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Авлигатай тэмцэх газраас Ц.Чандманийг хууль бусаар гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа Үндсэн хуулиар олгосон халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 327/с дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн  сэжигтнээр 11 хоног, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 283 дугаар шүүгчийн захирамжийг  үндэслэн яллагдагчаар  45 хоног, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2040 дүгээр захирамжийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчээр 26 өдөр, нийт 82 хоног цагдан хорьж, эрх чөлөөг нь хязгаарласан байна. Тэрээр гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа хууль ёсны эрх ашгийг  хамгаалуулахаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ээж П.Энхтуяагаар дамжуулан өмгөөлөгч Л.Ононбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нийт 10.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Баяраатай иргэд, байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, нийт 2.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ч.Шаравнямбуутай ээж  П.Энхтуяагаар дамжуулан  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан нийт 5.000.000 төгрөгийг тус тус төлжээ. Ц.Ч нь  Герман улсад сургууль төгсөөд Хас банкинд ажилд орж богино хугацаанд салбарын захирлаар дэвшин ажилласан хичээнгүй, шударга, чадварлаг залуусын нэг юм. Гэтэл Авлигатай тэмцэх газраас түүнийг хүнд гэмт хэрэгт үндэслэлгүйгээр холбогдуулан шалгаж, хүйтэн, чийгтэй газар удаан хугацаагаар цагдан хорьсны улмаас нойр булчирхай, бөөр нь өвдсөн. Боловсролыг нэн тэргүүнд тавьж, шударга хөдөлмөрөөр амьдарч байгаад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болсноор сэтгэл санааны дарамтад орсон, авга ах цагдан хорих байранд зуурдаар нас барж, болж буй үйл явдлын улмаас  өндөр настай өвөө, эмээ, аав, ээжийнх нь эрүүл мэнд байнгын тогтворгүй, эмнэлгийн хяналтад байсан эхнэр, үр хүүхдүүд нь цочирдож, шөнө ч унтаж чадахгүй хар дарж байсан зэрэг нь түүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Энэ бүгдээс насан туршдаа эдгэшгүй арьсны псориоз өвчтэй болж эмчлүүлсээр байна. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлын тухайд гэр бүлийн гишүүн нь хоригдож, эхнэр 2 хүүхдийг гэртээ байхад цагдаа нар ирж гэрт нь үзлэг хийсэн. Аавынх нь тухай байнга зурагтаар гарч байхад 2 нялх хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх нь ойлгомжтой. Д.Амарсайхан талийгаачтай хамаатан учраас хэрэгт холбогдуулан шалгагдаж байхад цагдан хоригдох байранд нас барсан нь нэхэмжлэгчид маш хүнд цохилт болсон. Эрүүл мэндийн хувьд эмчилгээ хийлгэж байсан. Цагдан хоригдох байрны нөхцөл байдал тухайн үед хэцүү байсан. Дархлаа нь сулрахаар тууралт гардаг өвчтэй болж, жил болгон рашаан сувилалд явдаг. Иймд цагдан хоригдсон нэг хоног тутмыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцон нийт 15.744.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 17.000.000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нотариатын зардал 71.000 төгрөг, нийт 72.815.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Д.Амарсайханы гэм буруу нь тогтоогдоогүй цагаатгагдсан. Уг иргэний хэрэгт Ц.Ч гэм хорын хохирол нэхэмжилсэн. Бид өмгөөллийн хөлсийг жич тохирдог. Нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай болсон учир тасалбарыг гарган өгсөн. Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний нууц гэж байдаг. Гэрээнд мөнгөн дүнг  бичих ёстой гэж байгаа ч онцын шаардлагагүй. Шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг тогтоосон шүүхийн шийдвэр 2007 онд гарсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэгчид учирсан. Зурагт болон мэдээгээр гарч байсан,  ах нь нас барсан байгаа гэв.

         Гуравдагч этгээдийн төлөөлөгч прокурор Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 201301000290 дугаартай хэрэгт Ц.Чандманийг хамтран оролцсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцон 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татан шалгасан. Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Энэ хэрэгт нийт 82 хоног цагдан хоригдсон. Өмгөөллийн хөлс 17.000.000 төгрөг, цагдан хоригдсон 192.000*82 хоногийн 15.744.000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд нийт 72.815.000 төгрөг нэхэмжилсэн байна. Эрүүгийн 201301000290 дугаартай хэрэгт Д.Амарсайхан төрсөн ах Цогтсайханы хүү Ц.Чандманийн нэрээр халхавчлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла хотхоны 494 сая төгрөгийн үнэ бүхий 160 м.кв 4 өрөө орон сууц, 2 машины зогсоолын хамт Х.Анхбаяраас хахуульд авсан үйлдэлд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Амарсайхан, Х.Анхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Анхбаярт 3 жилийн хорих ял оногдуулж, уг байрыг хураан улсын орлого болгож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Х.Анхбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна. Хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Л.Ононбаяртай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд мөнгөн дүн байхгүй, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч М.Баяраатай байгуулсан гэрээнд мөнгөн дүнгүй, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тамга тэмдэг дарагдаагүй байгаа тул 17.000.000 төгрөг төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хэрэгт МӨХ гэсэн 4 ширхэг тасалбар байгаа боловч энэ талаар МӨХ-оос албан ёсны баримтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэсэн заалтын 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг нөхөн төлөхөөр заасан. Ц.Ч нь эрүүгийн 201301000290 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа Хас банкинд ажиллаж байсан, үүнтэй холбогдуулан цалин хөлс, хөдөлмөрийн бусад орлогын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул цагдан хоригдсон төлбөрт 15.744.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар байдлаар хэрхэн хохирсон талаар баримтгүй, УКТЭ-т 2005 онд нээлгэсэн амбулаторийн картаас өөр баримтгүй байна. Иймд сэтгэл санаанд учирсан хор уршгийг төлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь : 

 

         Нэхэмжлэгч Ц.Ч нь Засгийн газрын нөөц сангаас гэм хорын хохиролд 72.815.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Туяа шүүхээс  шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож, байрыг нь хураан улсын орлого болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх Х.Анхбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, бусад заалтыг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нартай байгуулсан гэрээ мөнгөн дүнгүй, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ тамга тэмдэггүй, МӨХ гэсэн 4 ширхэг тасалбар байгаа боловч албан ёсны баримтгүй байна. Ц.Ч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа Хас банкинд ажиллаж байсантай холбогдуулан цалин хөлс, хөдөлмөрийн бусад орлогын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул цагдан хоригдсон төлбөрт 15.744.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Цогтсайханы Чандманийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцон 327/с дугаар шүүгчийн захирамжаар сэжигтнээр 14 хоног ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорих байранд хорьж, 2013 оны 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар татсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолоор ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 787 дугаар магадлалаар Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 787 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр шийдвэрлэсэн баримтууд байна./хх-5-74/

 

         Нэхэмжлэгч Ц.Чд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан, хохирол шаардах эрхтэй гэж үзнэ.   

    

         Нэхэмжлэгч Ц.Ч нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа нийт 82 хоног цагдан хоригдсон, гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгч Л.Ононбаяр, М.Баяраа, Ч.Шаравнямбуу нараас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Л.Ононбаярт 10.000.000 төгрөг,  өмгөөлөгч  М.Баяраад 2.000.000 төгрөг /хх-76-77/, өмгөөлөгч Ч.Шаравнямбууд 5.000.000 төгрөг /хх-79-81/, нийт 17.000.000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн гэх баримтыг хэрэгт хавсаргасан байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан, бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан... этгээдийн  зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Ц.Чандманийн цагдан хоригдсон 82 хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож, 192.000:21.5=732.260 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны хууль зүйн туслалцаа үзүүлсний,  өмгөөллийн хөлс 12.000.000 төгрөг төлсөн тасалбар, нотариатын зардал 71.000 төгрөг зэрэг баримт /хх-77/-ыг үндэслэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин хууль зүйн туслалцаа авсан гэж тайлбарлан өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг төрөөс гаргуулахаар шаардсан нь нотлогдоогүй, хөлс төлсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Ц.Ч эрүүл мэндийн хохиролд 10.000.000 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилж, улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  “2013 онд дахин хоолны шингэц муудаж, ходоод халуу оргиж өвдсөн, цаашид нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шинжилгээ давтан хийж, онош тогтоон эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь зүйтэй” гэх эмч нарын зөвлөгөөний шийдвэр, гэрэл зураг, эмчлүүлэгчийн карт, сайтуудад нийтлэгдсэн мэдээллүүд зэрэг баримтыг хавсаргасан ба нэхэмжлэгчийн УКТЭ-ийн эмчлүүлэгчийн картад арьсны өвчний талаар бичигдсэн боловч түүнийг эмчлүүлсэн баримтыг хавсаргаагүй, цагдан хоригдсны улмаас сэтгэл санаа хохирсон болохоо баримтаар нотлоогүй байх тул эрүүл мэндийн хохирол 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Хавтаст хэргийн 82-98 дугаар хуудсанд авагдсан эх сурвалж mass.mn, news.mn зэрэг сайтуудад нийтлэгдсэн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангаагүй, 105, 107, 128, 129, 130-151-д авагдсан гэрэл зураг хэний, ямар зураг болох нь тодорхойгүй, УКТЭ-ийн эмчлүүлэгчийн карт нь нэхэмжлэгчийг цагдан хоригдох хугацаанаас өмнө үзүүлж байсан /баримтгүй хоосон/  үйл баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 12.803.260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60.011.740 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан  нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн Газрын нөөц сангаас гэм хорын хохирол 12.803.260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 60.011.740 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ              Л.НАРАНГЭРЭЛ

                                      ШҮҮГЧИД                   Б.МӨНХЖАРГАЛ                                                                                                             

                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ