Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2021/02507

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02507

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:П ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохирол 43.517.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 61.626.317 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З , хариуцагчийн өмгөөлөгч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , өмгөөлөгч Э.Э  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х  ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн захирал Э.Б  нь Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг Э  /HY gain feed pvt ltd/ компаниас хурдан морины тэжээл худалдан авахаар болж, уг тэжээлийг Монгол Улсад тээвэрлэн хүргэх шаардлага үүссэн. Энэхүү шаардлагын улмаас нэхэмжлэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг П  ХХК-тай холбоо тогтоож, хэд хэдэн хувилбараар Монгол руу морины тэжээлийг тээвэрлэх боломжийн талаар и-мэйл болон фэйсбүүк чатаар ярилцаж эцсийн хувилбарыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчаас мэйлээр ирүүлсэн үнийн санал болон нөхцөлийн дагуу талууд харилцан тохиролцсон. Энэхүү нөхцөлийн дагуу П  ХХК Австрали Улсын Мелбурн хотоос морины тэжээлийг Х  ХХК-ийн чингэлгээр 55 хоногийн хугацаанд тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэх үүргийг, Х  ХХК нь ачааг Монгол Улсад хүлээн авсны дараа тээвэрлэлтийн хөлс 4822 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тухайн үед хариуцагч П  ХХК нь морины тэжээл үйлдвэрлэгч Э компанитай шууд мэйлээр холбогдож ачааг тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг тус компаниас гаргуулан авч, тухайн бичиг баримтуудын хүрээнд ачааг тээвэрлэх боломжтой гэж үзсэн. Талууд тээврийн нөхцөл, үнэн дээр тохирсон учир 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 тонны чингэлэгтэй морины тэжээл Австрали Улсын Мелбурн хотоос хөдөлж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын /цаашид ОХУ/гэх Владивосток хотод ирсэн. Үүний дараа хариуцагч нь бидэнд болон үйлдвэрлэгчид ОХУ-ын гаалийн байгууллагаас морины тэжээлийн мал эмнэлгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан тухай мэдэгдсэн. Э  компани Автсралын эрх бүхий байгууллагаас уг гэрчилгээг гаргуулан авч нэхэмжлэгч нь DHL шуудангаар гэрчилгээг П  ХХК-ийн агентад хүргүүлсэн боловч тус улсын гаалийн байгууллага гэрчилгээг эс зөвшөөрч тодорхой загварын дагуу гаргаж өгөхийг хариуцагчаас шаардсан. Гэвч Австралын эрх бүхий байгууллагаас шаардсан загварын дагуу гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хариуцагч нь ОХУ-ын гаалийн байгууллага уг гэрчилгээг тухайн загвараар шаарддаг болохыг мэдэгдээгүйгээс морины тэжээл өнөөдрийг хүртэл тус улсад саатуулагдаад байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П  ХХК-ийн ажилтан Э.А  фэйсбүүк мессежерээр ...Голдоо боомт дээр усан онгоцоо сэлгээд бас шалгалтад орсноос болоод маш олон хоногийн хугацаа тэнд алдчихсан юмаа. Орос дээр шаардахгүй байсан гэрчилгээ гэнэт Оросын гаалиас нэхээд байгаа, бид Орос талд цаг алдмааргүй байгаа, мөн өмнө нь шаардагдаж байгаагүй бичиг баримт гээд цаад гааль нь хүлээж авдаггүй нэг тийм байдалд орчоод бид аль болох бүгдийг нь зохицуулах болно, оросуудын хүнд суртал маш олон удаа манай итгэмжлэлийг буцааж байна, бас мал эмнэлгийн бичиг шаардах гэх мэт таньтай тухтай процессуудаа ярьж амжихгүй л байгаад байна. Бид яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа үнэхээр уучлаарай..., 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ...Ахаа бид ямартай ч таны хохирлыг заавал барагдуулна, бид нар аль болох л хурдан шийдэх гээд оросуудтай үзэлцэж байна гэх зэргээр өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч уучлал гуйж... хохирлыг барагдуулахаа амлаж байсан. Гэтэл одоо ачаа Монгол Улсад тээвэрлэгдэн ирээгүйд П ХХК шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй гэж үзэж, Э  компанийг буруутгаж бидэнд учирсан хохирлыг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтыг дутуу судалсан гэж үзэж, П  ХХК-ийг буруутгаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тээвэрлэлтийн хөлс нь 4822 ам.доллар, тээвэрлэлтийн хугацаа нь 55 хоног байна гэж тохиролцсон. Мөн гэрээний нөхцөлүүдийг цахим шуудангаар явуулсан. Нэхэмжлэгч талын захирал нь Австрали Улсад байгаа учраас хоёр тал гарын үсгээ зурах боломжгүй байсан. Гэхдээ хариуцагч тал гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж зааснаар хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд илгээмжийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1-т ...Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй... гэж заасан. П ХХК морины тэжээлийг Австрали Улсын Мелбурн хотоос ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч 55 хоногийн хугацаанд тээвэрлэн Монгол Улсад авчирж, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.8 дахь хэсэгт тухайн гэрээг зохион байгуулах талаар тээврийн байгууллагуудтай зөвшилцөн тээврийн бичиг баримт бөглөх заавраар үйлчлүүлэгчийг хангах, мөн гэрээний 3.1.9 дэх хэсэгт үнийн санал өгөхдөө захиалга хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, тухайн тээвэртэй холбоотой тээвэрлэгч болон гаалийн байгууллагын зүгээс шаардаж байгаа дүрэм журам нормыг танилцуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл ийм дүрэм журам нормыг огт танилцуулаагүй. Мөн тус гэрээний 3.1.12 дахь хэсэгт тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж заасан. Бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгөөгүй, гэрээний 3.1.13-т Олон улсын тээвэр худалдааны зах зээлд үйлчлүүлэгчийн сонирхлыг ямагт хамгаалан тээвэрлэлтийн хамгийн тохиромжтой замыг санал болгоно гэж заасан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Тохиромжгүй замыг санал болгож ачаа тээвэрлэхэд боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/94 гэсэн албан бичигт Монгол Улс руу тээвэрлүүлэх өөр боломжуудыг судлан автомашинаар тээвэрлэж болох боломжийг олсон бөгөөд тээврийн зардал нэмэгдэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна гэж дурдсан байгаа. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Тэгэхээр хариуцагч П  ХХК хангалттай хүчин чармайлт гаргаагүй, гэм буруутай учраас нэхэмжлэгчид үүссэн хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй. Хариуцагч П  ХХК-ийн ажилтан н.Ж  нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Э.Б-тэй бичсэн фейсбүүк чатаар тухайн үйл баримт нотлогдоно. ОХУ-ын гаалийн байгууллагаас мал эмнэлгийн гэрчилгээ шаардсан баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл мал эмнэлгийн гэрчилгээг ОХУ-ын гаалийн байгууллагаас шаардсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь Австрали улсын Байгаль орчны газраас тус улсын гаалийн байгууллагаас шаардсан албан ёсны шаардлагыг бидэнд ирүүлээч гэхэд ирүүлдэггүй. Барааны хадгалах хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь уг морины тэжээлийн үнэ 16.960 австрали доллар, боомт хүртэлх тээвэрлэлтийн хөлс 720 австрали доллар, эрүүл ахуйн гэрчилгээний үнэд 150 австрали доллар нийт 19.930 австрали долларыг Э  компанид төлсөн. Морины тэжээлийн хадгалах хугацаа нь үйлдвэрлэснээс хойш 6 сар учир 2020 оны 4 дүгээр сард хадгалах хугацаа дуусч, хариуцагч П  ХХК-ийн буруугаас уг бүтээгдэхүүнийг бид ашиглах боломжгүй болсон. Иймд хариуцагч П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчид учирсан хохирол 19.930 австрали доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 43.517.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У  шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З , өмгөөлөгч Т.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:П  ХХК-ийн хувьд тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Уг үйл ажиллагааны хүрээнд Х ХХК-ийн захирал Э.Б-ийн захиалгын дагуу морины тэжээлийг Австрали Улсаас тээвэрлэн Монгол Улсад оруулж ирэх зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал талуудын хооронд Иргэний хуулийн 408 дугаар зүйлд заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна. Харин манайх илгээмжийн гэрээ биш, Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 407 дугаар зүйлд илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл П  ХХК нь тээвэрлэгч биш, тээвэр зуучын үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл Х ХХК-ийн ачааг Монгол Улсад тээвэрлэж ирэх байгууллагатай зуучилж өгөх үндсэн үүргийг хүлээж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар илгээмжийн гэрээ байгуулагдсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манай зүгээс зуучлалын гэрээгээр хүлээсэн хэлцэлд зуучилж өгөх үндсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ачаа ямар шалтгааны улмаас саатсан гэдэгтэй маргахгүй байна. Өөрөөр хэлбэл мал эмнэлгийн гэрчилгээ гэдэг зүйлийг ОХУ-ын Владивосток хотын гаалийн байгууллагаас шаарддаг. Уг гэрчилгээ байхгүй бол хил дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг Х ХХК-ийн захирал Э.Б-д мэдэгдсэн. Морины тэжээл ОХУ-ын Владивосток хотод ирээгүй байхад гаалийн байцаагч дагалдах баримт бичиг, ачааны шинж чанарыг хараагүй байхад мал эмнэлгийн бичгийг шаардана гэдгийг мэдэх вэ, өөрөөр хэлбэл Австрали Улсаас хөдлөхөөс өмнө мал эмнэлгийн бичиг шаардлагатай гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй. Дагалдах бичиг баримтад тухайн морины тэжээлийн химийн орц найрлагыг заасан байдаг. Бид тус улсын гаалийн байгууллагаас шаардаж байсан бичгийг цаг тухайд нь мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл Австралиас хөдлөхөөс өмнө мал эмнэлгийн гэрчилгээ шаардлагатай гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй. Харин тухайн ачааг тээвэрлэхэд шаардлагатай үндсэн баримт бичгийн жагсаалтыг урьдчилан танилцуулж болно. Гэвч нэмэлтээр шаардаж байгаа баримт бичгүүдийг урьдчилан мэдэгдэх боломжгүй. ОХУ-ын гаалийн байгууллага албан бичиг гаргаж өгөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. П ХХК-ийг хангалттай хүчин чармайлт гаргасангүй гэж тайлбарлаж байна. Эхлээд мал эмнэлгийн гэрчилгээ шаардлагатай гэж байгаад дараа нь автозамаар тээвэрлэх боломжтой гэх хариуг өгсөн гэж тайлбарлаж байна. Бид хангалттай хүчин чармайлт гаргасан. Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар сард уг ачаа Австрали Улсын Мелбурн хотоос хөдөлсөн. Бид мал эмнэлгийн гэрчилгээг авах талаар бүх арга хэмжээг авсан. Үнэхээр өөр арга замыг судалж авто замаар тээвэрлэх боломжтой гэдэг эцсийн хариуг Х ХХК-д өгөөгүй. Харин өөр замаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэх хариуг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч тал бол өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж байна. Өнөөдрийг хүртэл ачаа Австрали Улсын Мелбурн хотод саатсан хэвээр байгаа. Хэрвээ авто замаар тээвэрлэх боломжтой бол бид аваад ирсэн байгаа. Тухайн бичгийг гаргаж өгөх боломжгүй гэж үзсэн бол ачааг илгээгч тал буцаан татан авах боломж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бид импортын мэдэгдлээ өгнө үү гэх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан. Гэвч Х ХХК-ийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аваагүй. ОХУ-ын гаалийн байгууллагаас ийм албан бичиг шаардлагатай гэж бичгийн хэлбэрээр өгөөгүй. Харин Трансконтинер буюу тухайн ачааг тээвэрлэж байгаа компани ОХУ-ын гаалийн байгууллагатай холбогдож байсан и-мэйл чат хавтаст хэрэгт авагдсан. Анх манай компанийн зүгээс гэрээний нөхцлүүдийг имэйлээр явуулсан. Гэвч Х ХК танилцаж гарын үсэг зураагүй. Үүнийгээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч П ХХК-ийг малын тэжээлийг дараад Монгол Улс руу оруулж ирэхгүй байгаа мэтээр тайлбарлаж байна. Энэ тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж байна. Үүргийн зөрчилд хэн буруутай вэ, яаж зөрчсөн бэ, юуг үүргийн зөрчилд хамааруулах вэ гээд хариуцагчаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хохирол нэхэмжилж байна. Иргэний эрх зүйн харилцаанд хохирол нэхэмжилж байгаа бол гэм буруутай этгээд нь хэн бэ, гэдэг зүйл гарч ирнэ. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр П  ХХК-ийн и-мэйл хаягаас гэрээний заалт болон үнийн саналыг явуулсан. Бид үүнийг дуугуй хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байна. Уг гэрээний 3.2.7 дахь хэсэгт зуучид тээвэр зохион байгуулахад шаардагдах бичиг баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс үүдэн гарсан аливаа нэмэгдэл зардлыг зуучлуулагч тал хариуцна гэж заасан. Манай зүгээс хохирол шаардаж байгаа үндэслэл бол зуучлуулагч энэ ачааг тээвэр зохион байгуулахад шаардагдах, тухайн улсын хил гаалиас нэмэлтээр шаардаж буй баримтыг гаргаж өгөөгүйгээс үүдэж П ХХК-д өнөөдрийн байдлаар 61.626.317 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мал эмнэлгийн гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс болоод гаалийн зөрчлийн талбайд тухайн ачааг битүүмжилсэн. Улмаар чингэлэгт ачаа хил дамжин ирэх боломжгүй болж, ОХУ-ын Владивосток хот дахь гаалийн байгууллага болон эрх бүхий байгууллагаас Владивосток портод битүүмжлэгдсэн ачааны хадгаламжийн зардал болон торгуулийг манай байгууллагаас нэхэмжилж, зөрчлийг арилгахыг шаардсан. Тухайн улсын гаалийн дүрэм журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэг нь худалдан авагч болон илгээгч талын хууль болон Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан болон гарах хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа. Мөн дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор тээвэрлэгч нарын зүгээс манай компанийн үйлчилгээ үзүүлж буй зуучлуулагч нарын ачааг саатуулан барьж, Владивосток дахь хадгаламжийн зардлыг төлсний дараа бусад ачааг тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ гэх шаардлагыг хүргүүлээд байгаа тул манай компани хариуцагчийн нэрийн өмнөөс хадгаламжийн зардлыг төлж өөрсдийн үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлага үүссэн болно. Улмаар гаалийн зөрчлийн талбайд гарсан битүүмжлэгдсэн ачааны хадгаламжийн зардал 7.960.000 төгрөг, худалдааны боомт дээр гарсан битүүмжлэгдсэн ачааны хадгаламжийн зардал 27.480.282 төгрөгийг П  ХХК төлсөн ба энэ нь Х ХХК тээвэрлэлт хийхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүй үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор бидэнд учирсан хохирол гэж үзэж байна. Түүнчлэн П  ХХК нь өнөөдрийг хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд дараах тээврийн зардлыг урьдчилан төлсөн. Үүнд далайн тээврийн зардал 3175 ам.долларыг Австрали дахь Кларк глобал ложистик ХХК-д, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч Алтанбулаг боомт хүртэл төмөр замын тээвэрлэлтээр хүргэгдэх байсан ба ОХУ дахь Транс контейнэр тээвэрлэлтийн компанид 1950 ам.доллар, Владивосток хотын портоос Алтанбулаг боомт хүртэлх автомашины тээврийн зардал 7.600.000 төгрөгийг тус улс дахь тээвэрлэгч М ХХК-д, ОХУ-ын Владивосток хот дахь тээвэрлэгч агент М  ХХК-ийн нэхэмжилсэн хорио цээрийн байгууллага дахь үйлчилгээний нэмэлт зардал 3.980.000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд Х ХХК-иас нийт 61.626.317 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг дэмжиж өмгөөлөгч Э.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө биелүүлээгүйгээс болоод хохирол учирч байгаа юм. Бид тээврийн зардлын ачааг Монгол Улсад ирсний дараа төлнө гэж тохирсон, үүн дээр маргахгүй гэж бодож байна. Х ХХК-ийг бичиг баримт гаргаж өгөөгүй гэж буруутгаж байна. Мал эмнэлгийн гэрчилгээ юунаас болоод гаргаж өгөөгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. ОХУ-ын гаалийн байгууллагаас албан шаардлагыг бичгээр П ХК авч өгөөгүйгээс болоод гаргаж өгч чадаагүй. Төрийн эрх бүхий байгууллагаас шаардлага тавихад танай компани шаардлагаа биелүүлээгүйн улмаас ийм нөхцөл байдал үүсч байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтын хувьд сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлээр илэрхийлэгдэж байгаа дүн гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа. Гэтэл гадаад валютаа монгол төгрөг рүү хөрвүүлж байгаа бол Монгол банкны ханшийн лавлагааг албан ёсоор гаргаж өгөх ёстой байсан. Хариуцагч талын гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэвлэсэн цаас гаргаж өгсөн ба ноториатаар баталгаажаагүй. Интернетээс хэвлэж авсан баримт шиг харагдаж байсан. Түүндээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгээгүй. Тэгэхээр уг баримтыг үндэслэж шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Харин манай тал албан ёсоор ам.долларын ханшийн лавлагаагаа гаргаж өгсөн байгаа. Нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь эргэлзээтэй. К  ХХК-ийн нэхэмжлэхэд гарын үсэг, тамга аль аль нь байхгүй. Мөн ОХУ-аас ирсэн нэхэмжлэх дээр мөн гарын үсэг, тамга байхгүй. Ийм эргэлзээтэй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. П ХХК бидэнд зөвлөгөөгөө өгөх үүрэгтэй боловч өгөөгүй. Анх явуулсан баримт бичгийн хүрээнд болно, ямар ч асуудалгүй гэсэн хирнээ дараа нь нэмэлтээр гэсэн зүйл гаргаж ирээд тайлбарлаад байдаг. Энэ талаар мөн ямар ч баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Х  ХХК П ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 43.517.000 төгрөг, П  ХХК Х ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 61.626.317 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Х ХХК нь Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг Э  компаниас хурдан морины тэжээл худалдан авч, тэжээлийг Монгол Улсад тээвэрлэн хүргэх шаардлага үүссэнээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг П ХХК-тай холбоо тогтоож, морины тэжээл буюу ачааг тээвэрлэх боломжийн талаар и-мэйл болон фэйсбүүк чатаар ярилцаж эцсийн хувилбарыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчаас мэйлээр ирүүлсэн үнийн санал болон нөхцөлийн дагуу тохиролцсн байх ба хариуцагч П ХХК Австрали Улсын Мелбурн хотоос морины тэжээлийг чингэлгээр 55 хоногийн хугацаанд тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэх үүргийг, нэхэмжлэгч Х ХХК ачааг Монгол Улсад хүлээн авсны дараа тээвэрлэлтийн хөлс 4822 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээж, чингэлэгтэй ачаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мелбурн хотоос хөдөлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд үүрэг хариуцлагыг тодорхойлсон ба гэрээнд зааснаар хариуцагч нь тухайн гэрээг зохион байгуулах талаар тээврийн байгууллагуудтай зөвшилцөн тээврийн бичиг баримт бөглөх заавраар үйлчлүүлэгчийг хангах, үнийн санал өгөхдөө захиалга хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн тээвэртэй холбоотой тээвэрлэгч болон гаалийн байгууллагын зүгээс шаардаж байгаа дүрэм журам нормыг танилцуулах, тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх, Олон улсын тээвэр худалдааны зах зээлд үйлчлүүлэгчийн сонирхлыг ямагт хамгаалан тээвэрлэлтийн хамгийн тохиромжтой замыг санал болгоно гэх заалтуудыг бүрэн биелүүлээгүй, хангалттай хүчин чармайлт гаргаагүй, гэрээний үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан гэж, гэрээнээс учирсан хохиролд 43.517.000 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч П  ХХК ачаа Австрали Улсын Мелбурн хотоос хөдөлж ОХУ-ын Владивосток хотын гааль дээр ирэхэд тухайн байгууллагаас мал эмнэлгийн гэрчилгээг нэмэлтээр шаардаж, байхгүй бол хил дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг Х ХХК-ийн захирал Э.Б-д мэдэгдсэн, Австрали Улсаас хөдлөхөөс өмнө мал эмнэлгийн бичиг шаардлагатай гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй, дагалдах бичиг баримтад тухайн морины тэжээлийн химийн орц найрлагыг заасан байдаг ба тус улсын гаалийн байгууллагаас шаардаж байсан бичгийг цаг тухайд нь мэдэгдэж байсан. ОХУ-ын гаалийн байгууллага албан бичиг гаргаж өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хариуцагч тал хангалттай хүчин чармайлт гаргасан байхад гэрээний үүргээ зөрчсөн гэж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Түүнчлэн хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.7 дахь хэсэгт зуучид тээвэр зохион байгуулахад шаардагдах бичиг баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс үүдэн гарсан аливаа нэмэгдэл зардлыг зуучлуулагч тал хариуцна гэж зааснаар нэхэмжлэгч энэхүү ачаа тээвэр зохион байгуулахад шаардагдах, тухайн улсын хил гаалиас нэмэлтээр шаардаж буй баримтыг гаргаж өгөөгүйгээс П ХХК-д 61.626.317 төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал анх явуулсан баримт бичгийн хүрээнд болно, ямар ч асуудалгүй гэж ачааг явуулсан хирнээ дараа нь нэмэлтээр гэсэн зүйл гаргаж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, тэр талаар нотолсон баримтгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлзэв.

 

Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирлоо хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийг тээвэр зохион байгуулахад шаардагдах бичиг баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс хохирол учирсан гэж тодорхойлж, нэхэмжлэгч тал талуудын хооронд илгээмжийн гэрээ, хариуцагч зуучлалын гэрээ байгуулагдсан гэж тус тус тайлбарлан маргаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т ...Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж,

Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-т ...Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

Ачаа, илгээмжийг нэг газраас нөгөө газарт яаралтай бөгөөд найдвартай хүргэх, хэрэгцээ гарсан үед илгээмжийн асуудлыг зохицуулах, тухайн тээвэрлэлтэд ямар тээвэрлэлт зохицох, ямар замаар тээвэрлэх зэргийг мэдээгүй байгаагийн зэрэгцээ ачаа, илгээмжийг хүлээн авагчид хүрэх хүртэл олон гэрээ байгуулах шаардлагатай болдог ба илгээгч энэ талаар нарийн мэдлэгтэй тул бусдад ашигтай гэрээг хариу төлбөртэйгөөр байгуулж, өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах замаар ачаа, илгээмжийн тээвэрлэлтийг зохион байгуулах этгээд байх юм.

 

Илгээмжийн гэрээний үндсэн шинж нь ачааг илгээх, өөрийн нэрийн өмнөөс, захиалагчийн зардлаар, ачаа илгээх ажлыг тус тус гүйцэтгэх ба илгээмжийн гэрээ байгуулснаар илгээгч нь ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах үүргийг хүлээдэг.

 

Түүнчлэн ачааг илгээх зохион байгуулалтад тээврийн хэрэгсэл ба замыг тогтоох, тээвэрлэлтийг гүйцэтгэх этгээд, эсхүл компанийг сонгон авах, ачааг илгээхэд шаардлагатай тээвэрлэлтийн гэрээг болон бусад гэрээг байгуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх этгээд эсхүл компанид зааварчилгаа өгөх үүрэг хамаарч байна.

 

Тээвэрлэлт нь гэрээний үндсэн үүрэг байхаар талууд тохиролцсон бол илгээгч нь тээвэрлэгч болох ба Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.8-д ...Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө... гэж зааснаар илгээгч буюу П ХХК тээвэрлэгч байх бөгөөд талууд гэрээндээ тээвэрлэлт буюу морины тэжээлийг Австрали Улсын Мелбурн хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүргэхээр тохирчээ.

 

Иймд хариуцагч П ХХК Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1-т ...Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй... гэж зааснаар гэрээний үндсэн үүрэг болох тээвэрлэлт буюу ачааг хүргэх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 410 дүгээр зүйлийн 410.1-т заасан зуучлалын гэрээний үндсэн шинж нь гурвалжин харилцаа үүссэн байх явдал ба нэг талаас зуучлагч болон зуучлуулагч нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээ байхад нөгөө талд нь зуучлалаар гуравдагч этгээдтэй байгуулсан үндсэн гэрээ байдаг. Өөрөөр хэлбэл зуучлагчийн үйл ажиллагаа нь бусад нөхцөл байдалтай холбогдон үндсэн гэрээг байгуулах шалтгаан болсон байх нь хангалттай ба зарчмын хувьд үндсэн гэрээ нь зуучлуулагч ба гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан байх, зуучлагч нь үндсэн гэрээ байгуулагдахад шаардагдах яриа хэлэлцээрийг бусад этгээдтэй хийх, нөгөө талтай холбоо тогтоох буюу суурийг тавьсан байхыг шаарддаг байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, үйл баримт, гэрээнд заасан эрх, үүрэг, хариуцлага, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд тэдний хооронд зуучлалын гэрээ бус харин илгээмжийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний үндсэн шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-т заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хоёр талын эрх бүхий этгээдүүд дээрх гэрээнд гарын үсэг зураагүй боловч ачааг тээвэрлэх боломжийн талаар и-мэйл болон фэйсбүүк чатаар ярилцаж эцсийн хувилбарыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчаас мэйлээр ирүүлсэн үнийн санал болон гэрээний нөхцлүүдийг зөвшөөрсөн байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээний нэг тал нөгөө талд гэрээ байгуулах саналаа илэрхийлж, 195.2-т заасан гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцлийг тохирсон байх ба мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т ...Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ... гэж зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчид гэрээний нөхцлийн талаар тохирсон, Хорсэ повер сидней ХХК нь Австрали Улсын Э  /HY gain feed pvt ltd/ компаниас морины тэжээл авч, П ХХК Монгол Улсад хүргэх үүргийг, ачааг Монгол Улсад хүлээн авсны дараа тээвэрлэлтийн хөлсийг төлөх үүргийг Х ХХК хүлээсэн талаар талууд маргаагүй, харин гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс ачаа, илгээмж хугацаандаа ирээгүйгээс хохирол учирсан гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон болно.

 

Х ХХК, П ХХК-ийн ажилчид ачааг явуулах талаар и-мэйл /зурвас/-ээр харилцан тохирч, улмаар П  ХХК Австрали Улсын Э   /HY gain feed pvt ltd/ компанийн морины тэжээл худалдан авсан илгээсэн бичиг баримтыг үзэж, ОХУ-ын Владивосток дахь тээвэрлэгч агентаар шалгуулж, боломжтой гэх хариуг авсны дараа ачааг илгээсэн байх боловч гаалийн байгууллагаас мал, эмнэлгийн гэрчилгээг шаардсанаар ачаа тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжгүй болсон, ачаа одоо хүртэл ирээгүй гэж хариуцагч тайлбарлаж байх ба улмаар барааны хадгалах хугацаа дуусчээ.

 

Хариуцагч П ХХК морины тэжээл үйлдвэрлэгч Э  компанитай шууд мэйлээр холбогдож ачааг тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг тус компаниас гаргуулан авч, тухайн бичиг баримтуудын хүрээнд ачааг тээвэрлэх боломжтой гэж үзэж, талууд тээврийн нөхцөл, үнэн дээр тохирч 20 тонны чингэлэгтэй морины тэжээлийг хүргэх үүргийг хүлээсэн боловч тухайн тээвэртэй холбоотой тээвэрлэгч болон гаалийн байгууллагын зүгээс шаардаж байгаа дүрэм журам нормыг танилцуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч тал ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтыг дутуу судалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч буюу захиалагч Х  ХХК, илгээгч буюу хариуцагч П ХХК-ийг Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 3.1.8тухайн гэрээг зохион байгуулах талаар тээврийн байгууллагуудтай зөвшилцөн тээврийн бичиг баримт бөглөх заавраар үйлчлүүлэгчийг хангах, гэрээний 3.1.9үнийн санал өгөхдөө захиалга хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн тээвэртэй холбоотой тээвэрлэгч болон гаалийн байгууллагын зүгээс шаардаж байгаа дүрэм журам нормыг танилцуулах, гэрээний 3.1.12 тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх, гэрээний 3.1.13-т Олон улсын тээвэр худалдааны зах зээлд үйлчлүүлэгчийн сонирхлыг ямагт хамгаалан тээвэрлэлтийн хамгийн тохиромжтой замыг санал болгоно гэх заалтуудыг бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж хохирол нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9-д ...Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ... гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй... гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хохирол буюу гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахын өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх бөгөөд илгээгчийн буруугаас Х ХХК ачааг тогтоосон хугацаандаа авч чадаагүй, барааны хадгалах хугацаа дууссанаас хурдан морины тэжээлд төлсөн төлбөр зардлыг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй байна.

 

Морины тэжээлийн үнэ, тээврийн зардал, мал эмнэлгийн гэрчилгээнд нийт 19.930 австрали.долларыг нэхэмжлэгч Х ХХК төлсөн болох нь Австрали Улсын Э  /HY gain feed pvt ltd/ компанийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хариуцагч тал ОХУ-ын Владивосток дахь гаалийн байгууллагаас бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ шаардсан нь манай буруугаас болоогүй гэх боловч морины тэжээл үйлдвэрлэгч компанийн илгээсэн холбогдох бичиг баримтыг ОХУ-ын Владивосток дахь тээвэрлэгч агентаар шалгуулж боломжтой гэх хариуг авсны дараа ачааг илгээснээс харахад нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар тус улсын гаалийн байгууллагаас мал эмнэлгийн бичгийг шаардсан даруйд морины тэжээл үйлдвэрлэгч Австрали улсын компани өөрийн улсын эрх бүхий байгууллагаас гэрчилгээг авч, DHL шуудангаар П  ХХК-ийн агентад хүргүүлснийг эс зөвшөөрч тодорхой загварын гэрчилгээг шаардсан гэх ба тухайн тохиолдолд илгээгч буюу тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж буй П ХХК гаалиас хүсэж буй тодорхой загварын гэх гэрчилгээ нь ямар байхыг тодруулах, улмаар гаалийн байгууллагаас албан шаардлагыг бичгээр авч, холбогдох газруудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг аваагүйгээс ачаа саатсан, нэхэмжлэгч хариуцагчийг хангалттай хүчин чармайлт гаргаагүй гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нэхэмжлэгч Х  ХХК учирсан хохирлоо нэхэмжилсэн, хариуцагч П ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, үгүйсгэж байгаагаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас 43.517.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ачаа тээвэр зохион байгуулахад шаардагдах тухайн улсын хил гаалиас нэмэлтээр шаардаж буй бичиг баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийг буруутгах, гэрээний үүрэг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул П  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Пролог солюшн ХХК-иас 43.517.000 /дөчин гурван сая таван зуун арван долоон мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х  ХХК-д олгож, Х ХХК-д холбогдох учирсан хохиролд 61.626.317 төгрөг гаргуулах тухай П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375.535 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466.082 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П  ХХК-иас 375.535 төгрөгийг гаргуулж, Х  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН