Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00314

 

 

 

 

 

 

 

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02507 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч П- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 43,517,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 61,626,317 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 43,517,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х- ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн захирал Э.Б- нь Австрали Улсад үйл ажиллагаа явуулдаг Эйч уай гейн фийдс прайвет лимитед /HY gain feed pvt ltd/ компаниас хурдан морины тэжээл худалдан авахаар болж, уг тэжээлийг Монгол Улсад тээвэрлэн хүргэх шаардлага үүссэн. Энэхүү шаардлагын улмаас нэхэмжлэгч нь П- ХХК-тай холбоо тогтоож, хэд хэдэн хувилбараар Монгол Улс руу морины тэжээлийг тээвэрлэх боломжийн талаар и-мэйл болон фэйсбүүк чатаар ярилцаж эцсийн хувилбарыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчаас мэйлээр ирүүлсэн үнийн санал болон нөхцөлийн дагуу талууд харилцан тохиролцсон. Энэхүү нөхцөлийн дагуу П- ХХК Австрали Улсын Мелбурн хотоос морины тэжээлийг Хорсе повер сидней ХХК-ийн чингэлгээр 55 хоногийн хугацаанд тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэх үүргийг, Хорсе повер сидней ХХК нь ачааг Монгол Улсад хүлээн авсны дараа тээвэрлэлтийн хөлс 4,822 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тухайн үед хариуцагч П- ХХК нь морины тэжээл үйлдвэрлэгч Эйч уай гейн фийдс прайвэт лимитед компанитай шууд мэйлээр холбогдож ачааг тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг тус компаниас гаргуулан авч, тухайн бичиг баримтуудын хүрээнд ачааг тээвэрлэх боломжтой гэж үзсэн. Талууд тээврийн нөхцөл, үнэ дээр тохирсон учир 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 тонны чингэлэгтэй морины тэжээл Австрали Улсын Мелбурн хотоос хөдөлж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын Владивосток хотод ирсэн. Үүний дараа хариуцагч нь бидэнд болон үйлдвэрлэгчид ОХУ-ын гаалийн байгууллагаас морины тэжээлийн мал эмнэлгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан тухай мэдэгдсэн. Эйч уай гейн фийдс прайвэт лимитед компани Автсралын эрх бүхий байгууллагаас уг гэрчилгээг гаргуулан авч нэхэмжлэгч нь шуудангаар гэрчилгээг П- ХХК-ийн агентад хүргүүлсэн боловч тус улсын гаалийн байгууллага гэрчилгээг эс зөвшөөрч тодорхой загварын дагуу гаргаж өгөхийг хариуцагчаас шаардсан. Гэвч Австралын эрх бүхий байгууллагаас шаардсан загварын дагуу гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хариуцагч нь ОХУ-ын гаалийн байгууллага уг гэрчилгээг тухайн загвараар шаарддаг болохыг мэдэгдээгүйгээс морины тэжээл өнөөдрийг хүртэл тус улсад саатуулагдаад байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П- ХХК-ийн ажилтан Э.Ану-Үжин фэйсбүүкээр голдоо боомт дээр усан онгоцоо сэлгээд бас шалгалтад орсноос болоод маш олон хоногийн хугацаа тэнд алдчихсан юмаа. Орос дээр шаардахгүй байсан гэрчилгээ гэнэт Оросын гаалиас нэхээд байгаа, бид Орос талд цаг алдмааргүй байгаа, мөн өмнө нь шаардагдаж байгаагүй бичиг баримт гээд цаад гааль нь хүлээж авдаггүй нэг тийм байдалд орчихоод бид аль болох бүгдийг нь зохицуулах болно, Оросуудын хүнд суртал маш олон удаа манай итгэмжлэлийг буцааж байна, бас мал эмнэлгийн бичиг шаардах гэх мэт тухтай процессуудаа ярьж амжихгүй байна. Бид яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа үнэхээр уучлаарай, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ... бид ямартай ч хохирлыг заавал барагдуулна, бид нар аль болох л хурдан шийдэх болно, хохирлыг барагдуулахаа амлаж байсан. Гэтэл одоо ачаа Монгол Улсад тээвэрлэгдэн ирээгүйд П- ХХК шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй гэж үзэж, бидэнд учирсан хохирлыг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тээвэрлэлтийн хөлс нь 4,822 ам.доллар, тээвэрлэлтийн хугацаа нь 55 хоног байна гэж тохиролцсон. Мөн гэрээний нөхцөлүүдийг цахим шуудангаар явуулсан. Нэхэмжлэгч талын захирал нь Австрали Улсад байгаа учраас хоёр тал гарын үсгээ зурах боломжгүй байсан. Гэхдээ хариуцагч тал гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж зааснаар хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд илгээмжийн гэрээ байгуулагдсан. П- ХХК морины тэжээлийг Австрали Улсын Мелбурн хотоос ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч 55 хоногийн хугацаанд тээвэрлэн Монгол Улсад авчирж, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.8, 3.1.9 дэх хэсэгт үнийн санал өгөхдөө захиалга хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, тухайн тээвэртэй холбоотой тээвэрлэгч болон гаалийн байгууллагын зүгээс шаардаж байгаа дүрэм журам нормыг танилцуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл дүрэм, журам нормыг огт танилцуулаагүй. Мөн тус гэрээний 3.1.12-т тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж заасан. Бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгөөгүй. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/94 гэсэн албан бичигт Монгол Улс руу тээвэрлүүлэх өөр боломжуудыг судлан автомашинаар тээвэрлэж болох боломжийг олсон бөгөөд тээврийн зардал нэмэгдэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна гэж дурдсан байгаа. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Иймд хариуцагч П- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчид учирсан хохирол 19.930 австрали.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 43.517.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П- ХХК-ийн хувьд тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Уг үйл ажиллагааны хүрээнд Х- ХХК-ийн захирал Э.Б-ийн захиалгын дагуу морины тэжээлийг Австрали Улсаас тээвэрлэн Монгол Улсад оруулж ирэх зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Талуудын хооронд илгээмжийн гэрээ биш Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 407 дугаар зүйлд илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл П- ХХК нь тээвэрлэгч биш, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл Х- ХХК-ийн ачааг Монгол Улсад тээвэрлэж ирэх байгууллагатай зуучилж өгөх үндсэн үүргийг хүлээж байгаа. Манай зүгээс зуучлалын гэрээгээр хүлээсэн хэлцэлд зуучилж өгөх үндсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ачаа ямар шалтгааны улмаас саатсан гэдэгтэй маргахгүй байна. Өөрөөр хэлбэл мал эмнэлгийн гэрчилгээ гэдэг зүйлийг ОХУ-ын Владивосток хотын гаалийн байгууллагаас шаарддаг. Уг гэрчилгээ байхгүй бол хил дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг Х- ХХК-ийн захирал Э.Б-д мэдэгдсэн. Морины тэжээл ОХУ-ын Владивосток хотод ирээгүй байхад гаалийн байцаагч дагалдах баримт бичиг, ачааны шинж чанарыг хараагүй байхад мал эмнэлгийн бичгийг шаардана гэдгийг мэдэх вэ, өөрөөр хэлбэл Австрали Улсаас хөдлөхөөс өмнө мал эмнэлгийн бичиг шаардлагатай гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй. Дагалдах бичиг баримтад тухайн морины тэжээлийн химийн орц найрлагыг заасан байдаг. Бид тус улсын гаалийн байгууллагаас шаардаж байсан бичгийг цаг тухайд нь мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл Австралиас хөдлөхөөс өмнө мал эмнэлгийн гэрчилгээ шаардлагатай гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй. Харин тухайн ачааг тээвэрлэхэд шаардлагатай үндсэн баримт бичгийн жагсаалтыг урьдчилан танилцуулж болно. Гэвч нэмэлтээр шаардаж байгаа баримт бичгүүдийг урьдчилан мэдэгдэх боломжгүй. ОХУ-ын гаалийн байгууллага албан бичиг гаргаж өгөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. П- ХХК-ийг хангалттай хүчин чармайлт гаргасангүй гэж тайлбарлаж байна. Эхлээд мал эмнэлгийн гэрчилгээ шаардлагатай гэж байгаад дараа нь автозамаар тээвэрлэх боломжтой гэх хариуг өгсөн гэж тайлбарлаж байна. Бид хангалттай хүчин чармайлт гаргасан. Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар сард уг ачаа Австрали Улсын Мелбурн хотоос хөдөлсөн. Бид мал эмнэлгийн гэрчилгээг авах талаар бүх арга хэмжээг авсан. Үнэхээр өөр арга замыг судалж авто замаар тээвэрлэх боломжтой гэдэг эцсийн хариуг Х- ХХК-д өгөөгүй. Харин өөр замаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэх хариуг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч тал бол өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж байна. Өнөөдрийг хүртэл ачаа Австрали Улсын Мелбурн хотод саатсан хэвээр байгаа. Хэрвээ авто замаар тээвэрлэх боломжтой бол бид аваад ирсэн байгаа. Тухайн бичгийг гаргаж өгөх боломжгүй гэж үзсэн бол ачааг илгээгч тал буцаан татан авах боломж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бид импортын мэдэгдлээ өгнө үү гэх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан. Гэвч Х- ХХК-ийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аваагүй. ОХУ-ын гаалийн байгууллагаас ийм албан бичиг шаардлагатай гэж бичгийн хэлбэрээр өгөөгүй. Харин Трансконтинер буюу тухайн ачааг тээвэрлэж байгаа компани ОХУ-ын гаалийн байгууллагатай холбогдож байсан и-мэйл чат хавтаст хэрэгт авагдсан. Анх манай компанийн зүгээс гэрээний нөхцөлүүдийг мэйлээр явуулсан. Гэвч Х- ХХК танилцаж гарын үсэг зураагүй. Үүнийгээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч П- ХХК-ийг малын тэжээлийг дараад Монгол Улс руу оруулж ирэхгүй байгаа мэтээр тайлбарлаж байна. Энэ тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж байна. Үүргийн зөрчилд хэн буруутай вэ, яаж зөрчсөн бэ, юуг үүргийн зөрчилд хамааруулах вэ гээд хариуцагчаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хохирол нэхэмжилж байна. Иргэний эрх зүйн харилцаанд хохирол нэхэмжилж байгаа бол гэм буруутай этгээд нь хэн бэ, гэдэг зүйл гарч ирнэ. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

3.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 61,626,317 төгрөг гаргуулах тухай.

3.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Талуудын байгуулсан гэрээний 3.2.7-д зуучид тээвэр зохион байгуулахад шаардагдах бичиг баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс үүдэн гарсан аливаа нэмэгдэл зардлыг зуучлуулагч тал хариуцна гэж заасан. Манай зүгээс хохирол шаардаж байгаа үндэслэл бол зуучлуулагч энэ ачааг тээвэр зохион байгуулахад шаардагдах, тухайн улсын хил гаалиас нэмэлтээр шаардаж буй баримтыг гаргаж өгөөгүйгээс үүдэж П- ХХК-д өнөөдрийн байдлаар 61,626,317 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мал эмнэлгийн гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс болоод гаалийн зөрчлийн талбайд тухайн ачааг битүүмжилсэн. Улмаар чингэлэгт ачаа хил дамжин ирэх боломжгүй болж, ОХУ-ын Владивосток хот дахь гаалийн байгууллага болон эрх бүхий байгууллагаас Владивосток портод битүүмжлэгдсэн ачааны хадгаламжийн зардал болон торгуулийг манай байгууллагаас нэхэмжилж, зөрчлийг арилгахыг шаардсан. Тухайн улсын гаалийн дүрэм журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэг нь худалдан авагч болон илгээгч талын хууль болон Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан болон гарах хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа. Мөн дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор тээвэрлэгч нарын зүгээс манай компанийн үйлчилгээ үзүүлж буй зуучлуулагч нарын ачааг саатуулан барьж, Владивосток дахь хадгаламжийн зардлыг төлсний дараа бусад ачааг тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ гэх шаардлагыг хүргүүлээд байгаа тул манай компани хариуцагчийн нэрийн өмнөөс хадгаламжийн зардлыг төлж өөрсдийн үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлага үүссэн болно. Улмаар гаалийн зөрчлийн талбайд гарсан битүүмжлэгдсэн ачааны хадгаламжийн зардал 7,960,000 төгрөг, худалдааны боомт дээр гарсан битүүмжлэгдсэн ачааны хадгаламжийн зардал 27,480,282 төгрөгийг П- ХХК төлсөн ба энэ нь Хорсе повер сидней ХХК тээвэрлэлт хийхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүй үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор бидэнд учирсан хохирол гэж үзэж байна. Түүнчлэн П- ХХК нь өнөөдрийг хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд дараах тээврийн зардлыг урьдчилан төлсөн. Үүнд далайн тээврийн зардал 3,175 ам.долларыг Австрали дахь Кларк глобал ложистик ХХК-д, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч Алтанбулаг боомт хүртэл төмөр замын тээвэрлэлтээр хүргэгдэх байсан ба ОХУ дахь Транс контейнэр тээвэрлэлтийн компанид 1,950 ам.доллар, Владивосток хотын портоос Алтанбулаг боомт хүртэлх автомашины тээврийн зардал 7,600,000 төгрөгийг тус улс дахь тээвэрлэгч Мон-Экс ХХК-д, ОХУ-ын Владивосток хот дахь тээвэрлэгч агент Мон-Экс ХХК-ийн нэхэмжилсэн хорио цээрийн байгууллага дахь үйлчилгээний нэмэлт зардал 3,980,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд Х- ХХК-аас нийт 61,626,317 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч П- ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө биелүүлээгүйгээс болоод хохирол учирч байгаа юм. Бид тээврийн зардлын ачааг Монгол Улсад ирсний дараа төлнө гэж тохирсон, үүн дээр маргахгүй гэж бодож байна. Х- ХХК-ийг бичиг баримт гаргаж өгөөгүй гэж буруутгаж байна. Мал эмнэлгийн гэрчилгээ юунаас болоод гаргаж өгөөгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. ОХУ-ын гаалийн байгууллагаас албан шаардлагыг бичгээр П- ХХК авч өгөөгүйгээс болоод гаргаж өгч чадаагүй. Төрийн эрх бүхий байгууллагаас шаардлага тавихад танай компани шаардлагаа биелүүлээгүйн улмаас ийм нөхцөл байдал үүсч байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нотлох баримтын хувьд сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлээр илэрхийлэгдэж байгаа дүн гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа. Гэтэл гадаад валютаа монгол төгрөг рүү хөрвүүлж байгаа бол Монгол банкны ханшийн лавлагааг албан ёсоор гаргаж өгөх ёстой байсан. Хариуцагч талын гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэвлэсэн цаас гаргаж өгсөн ба ноториатаар баталгаажаагүй. Интернетээс хэвлэж авсан баримт шиг харагдаж байсан. Түүндээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгээгүй. Тэгэхээр уг баримтыг үндэслэж шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Харин манай тал албан ёсоор ам.долларын ханшийн лавлагаагаа гаргаж өгсөн байгаа. Нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь эргэлзээтэй. Кларк глобал ложистик ХХК-ийн нэхэмжлэхэд гарын үсэг, тамга аль аль нь байхгүй. Мөн ОХУ-аас ирсэн нэхэмжлэх дээр мөн гарын үсэг, тамга байхгүй. Ийм эргэлзээтэй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. П- ХХК бидэнд зөвлөгөөгөө өгөх үүрэгтэй боловч өгөөгүй. Анх явуулсан баримт бичгийн хүрээнд болно, ямар ч асуудалгүй гэсэн хирнээ дараа нь нэмэлтээр гэсэн зүйл гаргаж ирээд тайлбарлаад байдаг. Энэ талаар мөн ямар ч баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Шүүх: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П- ХХК-аас 43,517,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, Х- ХХК-д холбогдох учирсан хохиролд 61,626,317 төгрөг гаргуулах тухай П- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,535 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,082 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П- ХХК-иас 375,535 төгрөгийг гаргуулж, Х- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн д>гаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж эвасныг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1.Тээвэр зуучийн үйл ажиллагааны хүрээнд П- ХХК нь Э.Б-ийн захиалгын дагуу Хорсе повер сидней ХХК-ийн нэр дээрх ачааг Австрали Улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон оруулж ирэх тээврийн үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дүгнэхдээ Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзжээ. П- ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б-ийн мэйл хаягт тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний нөхцөлийг хавсралтаар илгээсэн ба тус гэрээний агуулгаас үзэхэд зууч нь үйлчлүүлэгчийн захиалгын дагуу түүний ачааг Монгол Улсын нутаг дэвсгэрт орж, гарах импорт, экспорт тээвэрт зуучийн үүрэг гүйцэтгэх, тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, нэмэлт зардал хураамжийг үйлчлүүлэгчээс хүлээн авч тээвэрлэгчид төлөх, тухайн тээврийг зохион байгуулах> зэрэг харилцааг зохицуулсан болох нь тодорхой харагдах ба уг хүрээнд гэрээ байгуулах саналыг нөгөө талд хангалттай, тодорхой илэрхийлсэн. Дээрхээс үзвэл талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа нь нэг тал нь ачаа барааг тээвэрлэх харилцаанд зуучлуулах нөгөө тал нь түүний ачаа барааг тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэх буюу тээвэрлэгч, зуучлуулагч талыг холбож өгөх үндсэн үүргийг бий болгож байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах, худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ. Харин Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан байхын тулд илгээгч нь ачаа илгээх ажлыг гүйцэтгэх, өөрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх, захиалагчийн зардлаар гүйцэтгэсэн байх зэрэг шинжийг хангасан байх ёстой. Гэтэл дээрх тохиолдолд П- ХХК нь ачааг илгээх ажлыг биечлэн болон бусдаар гүйцэтгүүлээгүй ба өөрийн нэрийн өмнөөс ачаа барааг илгээгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан чингэлэгт ачааны тээврийн баримт бичгээр нотлогдох юм. Үүнд ачаа илгээх үүрэг хүлээсэн буюу тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн этгээд нь илгээгч Эйч уай гейн фийдс прайвет лимитед ба хүлээн авагч нь Хорсе повер сидней ХХК болох нь тодорхойлогдоно. Иймд зохигчдын хооронд зуучлалын гэрээний онцгой төрөл болох Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

6.2. Илгээгч компанийн бүрдүүлсэн бичиг баримтын хүрээнд морины тэжээл бүхий чингэлэгт ачааг зөвхөн Австрали Улсын Мелбурн хотоос ОХУ-ын Владивосток хотын боомт хүртэл тээвэрлэхэд боломжтой гэж үзсэн ба харин ОХУ-ын Владивосток боомтоос хил дамжин өнгөрөхөд тухайн улсын гаалийн байгууллага ачааг хүлээн авч, дагалдах баримт бичгүүдийг эх хувиар нь шалгасны үндсэн дээр нэмэлт баримтыг гаргуулж бүрдүүлдэг тул П- ХХК-ийн зүгээс гаалийн байгууллагаас шаардах нэмэлт баримт бичгийг урьдчилан мэдэх боломжгүй юм. Түүнчлэн шүүх П- ХХК-г Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.1.8, 3.1.9-т заасан дүрэм, журам, нормыг танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн боловч тухайн зүйл заалтад зөвхөн тээврийн бичиг баримт бөглөх болон үнийн санал өгөх захиалгын тухайд гаалийн байгууллагаас тавигдсан дүрэм, журам нормыг танилцуулах үүрэг хүлээхээр заасан байна. Энэ нь маргаан бүхий харилцаанд буюу гаалийн байгууллагаас шаардах баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтийг хийхэд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын гаалийн байгууллагаас нэмэлтээр баримт шаардсантай холбоотойгоор энэ тухай дүрэм, журмыг танилцуулах ёстой байсан гэж гэрээнд заагаагүй үүргийг ногдуулж буй нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Тээвэр зуучлалын гэрээний 3.1.13-т Олон улсын тээвэр худалдааны зах зээлд үйлчлүүлэгчийн сонирхлыг ямагт хамгаалан тээвэрлэлтийн хамгийн тохиромжтой замналыг санал болгох гэх заалтыг бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай ба тухайн морины тэжээлийг тээвэрлэх хамгийн боломжит замнал тухайн цаг үед /ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн хорио, хязгаарлалт/ нь далайн тээвэр болон төмөр замын тээврийн замналыг сонгосон ба үүнийг зуучлуулагч тал зөвшөөрч тээвэрлэлтээ эхлүүлсэн. П- ХХК-ийн хувьд тухайн ачааг тээвэрлэх үйл ажиллагаанд тээвэрлэгч болон тухайн гаалийн байгууллагаас шаардсан нэмэлт баримт бичгийг цаг тухайд нь мэдэгдэх, холбоо тогтоох үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчлийг гаргаагүй болно.

6.3.Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хохирол буюу гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахын өмнөх байдалд сэргээх үүрэгтэй боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх бөгөөд илгээгчийн буруугаас Хорсе повер сидней ХХК ачааг тогтоосон хугацаандаа авч чадаагүй, барааны хадгалах хугацаа дууссанаас хурдан морины тэжээлд төлсөн төлбөр зардлыг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзжээ. Уг үндэслэлийн тухайд, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн дагуу үүргийн харилцаанд үүрэг ногдуулсан этгээд үүргээ гэм буруутайгаар зөрчсөн нь тогтоогдсон байх ёстой. Мөн П- ХХК-ийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас ачаа хугацаандаа ирээгүй байх, ачааны хадгалах хугацаа дууссан буюу ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон байх ёстой. Ачааны хадгалах хугацаа дууссан гэх боловч энэхүү нөхцөл байдлыг шүүх бодитоор тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн үйлдвэрлэгчээс тодорхойлсон албан тоотыг үндэслэн ачааны хадгалах хугацаа дууссан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тухайн барааны хадгалах хугацаа, чанарын үзүүлэлт зэрэг нь бүтээгдэхүүний хаяг, шошгын мэдээлэлд агуулагдсан байх ёстой бөгөөд одоогийн байдлаар тухайн ачааг ашиглах боломжгүй болсон гэдэг нөхцөл байдал үүсээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийт хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан ба ОХУ-ын гаалийн байгууллагаас нэмэлтээр шаардсан мал эмнэлгийн гэрчилгээ гэх баримтыг Хорсе повер сидней ХХК гаргаж өгөөгүйгээс шалтгаалан ачаа тус улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан. Энэхүү нөхцөл байдалд П- ХХК-ийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй ба зуучлуулагчид илгээсэн Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний саналд дурдсанаар зуучид тээвэр зохион байгуулахад шаардагдах баримт бичгийг цаг тухайд бүрэн гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй Хорсе повер сидней ХХК-ийн өөрийнх нь буруутай үйлдэл хамаарах юм. Түүнчлэн Хорсе повер сидней ХХК 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №01 тоот албан тоот болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа ОХУ-аас шаардсан мал эмнэлгийн гэрчилгээг манай компани болон морины тэжээл үйлдвэрлэгч компани гаргаж өгөх боломжгүй буюу зөвхөн Австрали Улсын эрх бүхий байгууллага гаргаж өгөх боломжтой юм гэж тайлбарладаг. Гэтэл шүүхийн үндэслэлд дурдсанаар ОХУ-ын гаалийн байгууллагаас албан шаардлагыг бичгээр авч холбогдох газруудад хүргүүлэх зэрэг арга хэмжээ аваагүй, хангалттай хүчин чармайлт гаргаагүй хэмээн П- ХХК-ийг буруутгаж буй нь үндэслэлгүй ба ийнхүү албан шаардлага аваагүй нь Хорсе повер сидней ХХК-ийн баримт бичгээ гаргаж өгөөгүй үүргийн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хорсе повер сидней ХХК нь мал эмнэлгийн гэрчилгээг огт гаргаж өгөх боломжгүй биш боломжтой болохоо тайлбарлаж буй боловч өөрсдөө ийнхүү хангалттай хүчин чармайлт гаргасан гэдгээ нотлоогүй. Аль ч улсын гаалийн байгууллага илгээгчийн гаалийн бүрдүүлэлт, баримт бичгийг гаргаж өгөх үүргийг хэрэгжүүлэх зорилгоор албан бичгийг нөгөө улсын эрх бүхий байгууллагад гаргаж өгөх боломжгүй болохыг бидэнд мэдэгдсэн ба хууль болон гэрээгээр зууч /П- ХХК/ нь баримт бичгийг бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Мөн Иргэний хуулийн 419 дүгээр зүйлийн 419.3 дахь хэсэгт Комисс, худалдааны төлөөлөгч нь хэлцлийн тодорхой талууд байгаа тохиолдолд хэлцлээс үүсэх бүх үүргийг хариуцна гэж үйлчлүүлэгчид урьдчилан бичгээр баталгаа гаргаж тусгай шагнал авч болно гэж зааснаар П- ХХК нь тээвэрлэгч зуучлуулагч нарын хооронд үүссэн үүргийг хариуцах талаар тусгайлан баталгаа гаргаагүй болно. Түүнчлэн шүүх Хорсе повер сидней ХХК-д нийт 43,517,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзжээ. Гэвч дээрх төлбөрийг бүтээгдэхүүний төлбөрт төлсөн эсэх, Хорсе повер сидней ХХК-д бодит хохирол учирсан эсэх нөхцөл байдлыг шүүх бодитоор дүгнээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй.

6.4.Сөрөг нэхэмжлэлийн тухайд Х- ХХК-ийн захирал Э.Б- болон илгээгч талтай холбогдон ОХУ-ын гаалийн байгууллагаас шаардсан бичиг баримтыг авахыг оролдсон боловч мал эмнэлгийн гэрчилгээг гаргаж бүрдүүлээгүй тул ачаа холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөх хүртэл ОХУ-ын портод гаалийн зөрчлийн талбай болон худалдааны боомтод битүүмжлэгдсэн юм. Иргэний хуулийн 410 дугаар зүйл, 413 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд П- ХХК нь тээвэр зуучийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн ба гэрээний үүргээ зөрчсөн гэх шүүхийн дүгнэлтийг дээр дурдсан гомдлын үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг буруутгах, гэрээний үүргээ зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. П- ХХК-ийн зүгээс ачаа ОХУ-ын Владивосток портод ирсэн даруйд гаалийн байгууллагаар шалгуулсан ба тус улс дахь гаалийн байцаагч Владимир ли, тээвэрлэгч байгууллагын ложистикийн хэлтсийн дарга Светлана зэрэг албан тушаалтнаас Хорсе повер сидней ХХК-ийн нэр дээрх ачаанд мал эмнэлгийн гэрчилгээ нэмэлтээр гаргаж өгөх шаардлагатай болохыг бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу илгээгч болон Хорсе повер сидней ХХК-ийн захирал Э.Б- нарт мэдэгдсэн боловч өнөөдрийг болтол баримт бичгийг гаргаж өгөөгүйгээс шалтгаалан П- ХХК-д их хэмжээний хохирол учирч, үйл ажиллагааны хэвийн байдх алдагдуулж байгаа юм. Хорсе повер сидней ХХК нь Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.2.7-д заасныг зөрчиж, улмаар П- ХХК-д одоогийн байдлаар 61,626,317 төгрөгийн хохирол учраад байгаа билээ. Дээр дурдсанчлан, Хорсе повер сидней ХХК нь мал эмнэлгийн гэрчилгээг огт гарга: өгөх боломжгүй биш боломжтой болохоо тайлбарлаж буй боловч өөрсдөө ийнхү хангалттай хүчин чармайлт гаргаагүй, энэхүү нөхцөл байдалд гэм буруутай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Хариуцагч тал худалдааны зуучийн гэрээ гэж тайлбарладаг. Худалдааны зуучлалын гэрээ биш, илгээмжийн гэрээ гэдгийг анхан шатны шүүх ойлгомжтой, тодорхой үндэслэлтэй тайлбарласан. Хариуцагч тал гаалийн дүрэм, журмыг судлаад боломжтой гэж үзээд тээвэрлэлтийг эхлүүлсэн байдаг. Хариуцагч нь гэрээнд заасан тодорхой үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийг хохироосон атлаа бид буруугүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр маш сайн бичигдсэн, үндэслэлийг маш тодорхой тайлбарласан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч П- ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 43,517,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс учирсан хохиролд 61,626,317 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн зуучлалын үйлчилгээний гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч П- ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, агаарын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх буюу Австрали Улсын Мелбурн хотоос морины тэжээлийг 55 хоногийн хугацаанд тээвэрлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүргэх, нэхэмжлэгч Х- ХХК нь ачааг хүлээн авсны дараа 4,822 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний зохицуулалтад нийцсэн байна. /хх-ийн 49-50, 102-108-р тал/.

 

Талууд хэрэгт авагдсан цахим шууданд /и-мэйл, фейсбүүк чат/ үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч талуудын хэн аль нь дээрх шууданд маргахгүй гэж хүсэлтээсээ татгалзсан, мөн шүүхээс зарим шууданг үзлэгээр баталгаажуулсан байх тул цахим шуудан, гэрээний санал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжтой. /хх-ийн 67-69, 111, 2хх-ийн 39-41, 44-р тал/

 

Хариуцагч П- ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь худалдааны зуучлал болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах, худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч П- ХХК-ийг худалдааны зуучлагч гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 56-р тал/

 

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн тээвэрлүүлж буй ачаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Австрали Улсын Мелбурн хотоос хөдөлж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотод ирсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь Австрали Улсын Эйч уай гейн фийдс прайвэт лимитэд компанид морины тэжээлийн үнэ болох 19,930 ам.долларыг төлсөн боловч хариуцагч П- ХХК нь анхнаасаа шаардлагатай мэдээллээр хангаагүйгээс ачаа саатаж дээрх зардлаар хохирсон гэх үндэслэлээр нийт 43,517,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч эс зөвшөөрч Оросын Холбооны Улсын гаалийн болон хорио цээрийн байгууллагаас мал эмнэлгийн гэрчилгээг эх хувиар шаардсантай холбоотойгоор ачаа саатсан, энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн боловч шаардлагатай арга хэмжээг аваагүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзаж, хадгалалтын зардлаар хохирсон гэж 61,626,317 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. /хх-ийн 62-63, 238-241-р тал/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын байгуулсан тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 3.1.8-д зууч нь тухайн тээврийг зохион байгуулах талаар тээврийн байгууллагуудтай зөвшилцөн тээврийн бичиг баримт бөглөх заавраар үйлчлүүлэгчийг хангах, 3.1.9-д үнийн санал өгөхдөө захиалга хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн тээвэртэй холбоотой тээвэрлэгч болон гаалийн байгууллагын зүгээс шаардаж байгаа дүрэм, журам нормыг танилцуулах, 3.1.12-т тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тээврийг зохион байгуулахтай холбоотой тээврийн бичиг баримт болон үйлчлүүлэгчийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүргийг зууч буюу хариуцагч П- ХХК нь нэхэмжлэгч Х- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн байх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ачаа саатсан гэж үзэхээр байна. /хх-ийн 105-р тал/. Иймд мал эмнэлгийн гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгөх нь нэхэмжлэгч Х- ХХК-ийн үүрэг, уг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ачаа саатсан гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн зүйлийн 225.2 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн хувьд дээрх хуульд зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд Австрали Улсын Эйч уай гейн фийдс прайвэт лимитэд компанид төлсөн 19,930 ам.доллар буюу 43,517,000 төгрөгөөр өөрт учирсан хохирлоо тодорхойлсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгийг зөрчихгүй.

 

Хэргийн 33 дугаар талд нэхэмжлэгч Х- ХХК нь морины тэжээлийн төлбөрт 19,930 ам.долларыг Австрали Улсын Эйч уай гейн фийдс прайвэт лимитэд компанид төлсөнтэй холбоотой тус компанийн тодорхойлолт авагдсан бөгөөд хариуцагч П- ХХК нь тус баримтыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан. Хэдийгээр хариуцагч П- ХХК нь ачаа, тээврийн баримт бичгийг дутуу шалгаж, зуучийн үйлчилгээг эхлүүлсэн байх боловч зөрчлийн талаар боломжит хугацаанд нэхэмжлэгч Х- ХХК-д мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахыг эрмэлзсэн, мөн ачааг автомашинаар тээвэрлэх боломж нөхцөлийг судлан, үнийн саналыг нэхэмжлэгч талд хүргүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хохирлын хэмжээг багасгаж, хариуцагч П- ХХК-аас 21,758,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,758,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /хх-ийн 86-р тал/

 

Нэгэнт хариуцагч П- ХХК-ийг гэрээний үүргийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн тул гэрээнээс учирсан хохиролд 61,626,317 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/02507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч П- ХХК-аас 21,758,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,758,500 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Х- ХХК-аас 61,626,317 төгрөг гаргуулах тухай хариуцагч П- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын ... хариуцагч П- ХХК-иас 375.535 төгрөгийг ... гэснийг хариуцагч П- ХХК-аас 266,742 төгрөгийг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П- ХХК-аас үндсэн нэхэмжлэлд төлсөн 375,535 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, сөрөг нэхэмжлэлд төлсөн 466,082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ