Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2021/00344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.И-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА АДБАЧ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.И, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2009 онд Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хөгжимчин ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээрээ бусдыгаа манлайлан бүсийн болон улсын уралдаанд шагналт болон тэргүүн байр эзэлж, чуулгынхаа нэр хүндийг улсад өндрөөр өргөж, амжилттай ажилласан төдийгүй 2021 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаар хүртэл шалгарсан. Тус чуулгад 12 жил ажиллах хугацаандаа өөрийн авьяас чадвараа дайчлан бусдад үлгэрлэн хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Гэтэл тус чуулгын дарга Э.О нь бусдын бусармаг үг, үйлдэл, хатгаасаар хувийн өш хонзонгоор 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн өөрийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар анхан шатны бичиг баримтаа бүрдүүлэн тушаалаа авахаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр очиж уулзахад Э.О дарга би чамайг зургаан сард ажилд эгүүлэн авъя шүүхэд хандах хэрэггүй гэсэн. Ингээд би нэхэмжлэлээ өгөхөө болиод даргад итгэж 3 сар хүлээсэн. Товлосон хугацаа болж утсаар холбогдоход Э.О цалингийн сан орон тоогоо харья, тэгээд чи юу ч гэсэн өргөдлөө өгчих, уран сайхны зөвлөлөөр шийдье гэх мэтээр тойруулж эхэлсэн. Тэр дор нь би өргөдлөө бичин нарийн бичигт өгсөн боловч өдийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнд байдаг найзаасаа чамайг авахгүй гэсэн, чамайг өмгөөлөөд үнэхээр ганцаардаад ирлээ гэж хэлсэн. Үүнээс үзэхэд тус чуулгын дарга Э.О хэргээр миний нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар надад худал хэлж, цаг хугацаа хожих санаатай байсан гэж үзэж байна. Иймд миний гомдлыг барагдуулж, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч АДБАЧнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хөгжимчин ажилтай байсан А.И нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгуулах, мөн Алтайчуулгын дарга Э.О нь 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд буцаан авна гэж худлаа хэлж, хүлээлт үүсгэн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан зэрэг асуудлыг нэхэмжлэлдээ дурьджээ. А.И нь ажиллаж байх хугацаандаа дуудлага тасалж, мөн ажлын байранд ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн ажил тасалсан учир 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Дарга Э.О нь 03 дугаар сарын 03-ны өглөө А.Иыг дуудан уулзахад согтуу ирсэн ба өчигдөр болсон явдалд танаас болон уран бүтээлчдээс уучлал гуйж байна. Даварсан хэрэг болжээ гэх зэрэг ярилцсан тэмдэглэлийг хавсралтаар оруулав. Мөн туслах найруулагч Ө.М ажлын байранд согтуу ирсэн байхад нь явуулсан гэх тэмдэглэлийг хавсаргав. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О нь А.Ит ямар нэгэн өш хонзонгийн сэдэлгүй, мөн ажилд буцаан авна гэж тохирсон зүйлгүй бөгөөд хүлээлт үүсгээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаанд саад учруулаагүй, тушаалыг хуулийн хугацаанд танилцуулсан. 05 дугаар сарын 24-ны өдөр А.И нь дахин ажилд орох өргөдөл шинээр өгсөн, энэхүү өргөдлийг 06 сарын 01-ний өдөр Уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Гэтэл 05 сарын 27,28,29-ны өдрүүдэд А.И нь ажлын байранд, ажлын цагаар согтуу ирж ажилчид, болоод багш, удирдлагад агсам тавьж, хэл амаараа доромжилсон асуудал гарсан. Иймд хүнийг цаашид ажиллуулах боломжгүй гэсэн уран сайхны зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар өргөдөл дэмжигдээгүй. Хурлын тэмдэглэлийг хавсралтаар оруулав. (Мөн найз гэх бүжиг ангийн багш Б.М-н хэлсэн үг тэмдэглэл дотор буйг сануулав). Мөн 05 сарын 27, 28, 29-ний өдрийн жижүүрийн тэмдэглэлийг хавсралтаар оруулав. А.Ит Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын удирдлага болоод багш, уран бүтээлчид маш олон удаа итгэл үзүүлэн дэмжин хамтран ажиллаж ирсэн ба энэ итгэл найдварыг алдаж, 2012, 2014, 2015, 2019, 2021 онуудад удаа дараа архины асуудлаас халагдаж байсныг баримтаар хүргүүлэв. Мөн А.Иын хөөн хэлэлцэх хугацаа дууссан  байх тул энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлсөн тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.И нь шүүх хуралдаанд хариуцагч ГАА АДБАЧ-д холбогдох нэхэмжлэлээ гоцлол хөгжимчин ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэж тодруулсан болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Говь-Алтай аймгийн АДБАЧ нь 2021 оны 02 дугаар сард нэхэмжлэгч А.И-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ[1] байгуулжээ.

Уг хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажлын байр/албан тушаал/-ны нэрийг хөгжимчин гэж,  гүйцэтгэх ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн болон нэмэлт үүрэг гэж, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг 679,000 төгрөг гэж, хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж тус тус тохирч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар тусган талууд гарын үсэг зурснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр болжээ.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргасангүй.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Итай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөгжимчин ажлаас халжээ.

Ажил олгогч Говь-Алтай аймгийн АДБАЧ нь ажлаас буруу халсан тухай ажилтан А.И-ын гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

Ажил олгогч Говь-Алтай аймгийн АДБАЧ нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан шийдвэрээ 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажилтан А.И-т гардуулан өгсөн, ажилтан А.И нь уг шийдвэрийг мөн өдөр хүлээн авсан болохоо харилцан зөвшөөрч, уг баримтын талаар зохигч маргасангүй.

Нэхэмжлэгч А.И нь хариуцагч ГАА АДБАЧ-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуулийн дээрх заалтад дурьдсан нэг сарын хугацааг хэтрүүлжээ.

Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болохоо нэхэмжлэгч А.И хүлээн зөвшөөрч байх боловч энэхүү шалтгаанаа “2021 оны 03 дугаар сард шүүхэд гомдол гаргахаар материал бүрдүүлж байтал хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О нь 2021 оны 06 дугаар сард ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн, ажилд буцаан томилно гэсэн амлалтаа биелүүлэхгүй 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр байгууллагын уран сайхны зөвлөлд өргөдөл гаргасан”[2] гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч Говь-Алтай аймгийн АДБАЧ нь “нэхэмжлэгч А.И-ыг ажилд буцааж авна гэж тохирсон зүйлгүй, хүлээлт үүсгээгүй, хөөн хэлэлцэх хугацаанд саад учруулаагүй, тушаалыг хуулийн хугацаанд нь танилцуулсан, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дахин ажилд орох өргөдөл шинээр өгсөн, энэхүү өргөдөл 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн уран сайхны зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдээгүй”[3] гэж маргажээ.

Үүнээс үзэхэд ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар зохигч маргаж байх бөгөөд энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Учир нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах нь ажилтны эрх юм.  

Гэвч нэхэмжлэгч А.И-ын тайлбарт дурьдсан “хариуцагч байгууллагын удирдлага ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэнгүй.

Нэхэмжлэгч А.И нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар[4] болон хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалын хуулбарыг[5] тус тус нотариатаар гэрчлүүлж, 2021 оны 05 дугаар сарын  24-ний өдөр Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран сайхны зөвлөлд ажилд эгүүлэн томилуулах агуулга бүхий өргөдөл[6] гаргасан боловч эдгээр бичгийн нотлох баримтаар “ажил олгогч ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсонгүй.

Энэ тохиолдолд шүүх дээрх бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Хэдийгээр нэхэмжлэгч А.И нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаяглан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн огноотой нэхэмжлэл[7] нэртэй 1 хуудас нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан хэдий ч уг нэхэмжлэлийг шүүхэд албан ёсоор гаргаагүй гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Хэрэв нэхэмжлэгч А.И нь хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга нь ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн гэх үйл баримтыг шүүхэд нотолсон тохиолдолд уг шалтгааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг сэргээх “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах эсэхэд шүүх дүгнэлт хийнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.И-ын хариуцагч ГАА АДБАЧ-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн учир ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч А.И нь хариуцагч ГАА АДБАЧ-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.И-ын хариуцагч ГАА АДБАЧ-д холбогдох гоцлол хөгжимчин ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.И нь хариуцагч ГАА АДБАЧ-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-8 хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[3] Хавтаст хэргийн 23 хуудас

[4] Хавтаст хэргийн 3 хуудас

[5] Хавтаст хэргийн 11 хуудас

[6] Хавтаст хэргийн 30 хуудас

[7] Хавтаст хэргийн 9 хуудас