Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2021/00023

 

  

 

 

 

 

 

 

 

 

А.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00344 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг, Толгойт 1 дүгээр байр, 8 тоотод оршин суух, АЮ.......... регистрийн дугаартай, Х овогтой А.И-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.И, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2009 онд Ардын дуу бүжгийн “А” чуулгад хөгжимчинөөр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээрээ бусдыгаа манлайлан бүсийн болон улсын уралдаанд шагналт болон тэргүүн байр эзэлж, чуулгынхаа нэр хүндийг улсад өндрөөр өргөж, амжилттай ажилласан төдийгүй 2021 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаар хүртэл шалгарсан. Тус чуулгад 12 жил ажиллах хугацаандаа өөрийн авьяас чадвараа дайчлан бусдад үлгэрлэн хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Гэтэл тус чуулгын дарга Э.О нь бусдын бусармаг үг, үйлдэл, хатгаасаар хувийн өш хонзонгоор 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн өөрийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар анхан шатны бичиг баримтаа бүрдүүлэн тушаалаа авахаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр очиж уулзахад Э.О дарга би чамайг зургаан сард ажилд эгүүлэн авъя шүүхэд хандах хэрэггүй гэсэн. Ингээд би нэхэмжлэлээ өгөхөө болиод даргад итгэж 3 сар хүлээсэн. Товлосон хугацаа болж утсаар холбогдоход Э.О цалингийн сан орон тоогоо харья, тэгээд чи юу ч гэсэн өргөдлөө өгчих, уран сайхны зөвлөлөөр шийдье гэх мэтээр тойруулж эхэлсэн. Тэр дор нь би өргөдлөө бичиж нарийн бичигт өгсөн боловч өдийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнд байдаг найзаасаа чамайг авахгүй гэсэн, чамайг өмгөөлөөд үнэхээр ганцаардаад ирлээ гэж хэлсэн. Үүнээс үзэхэд тус чуулгын дарга Э.О хэргээр миний нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар надад худал хэлж, цаг хугацаа хожих санаатай байсан гэж үзэж байна. Иймд миний гомдлыг барагдуулж, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ардын дуу бүжгийн “А” чуулга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ардын дуу бүжгийн “А” чуулгад хөгжимчин ажилтай байсан А.И нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгуулах, мөн “Алтай” чуулгын дарга Э.О нь 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд буцаан авна гэж худлаа хэлж, хүлээлт үүсгэн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан зэрэг асуудлыг нэхэмжлэлдээ дурджээ. А.И нь ажиллаж байх хугацаандаа дуудлага тасалж, мөн ажлын байранд ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн ажил тасалсан учир 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Дарга Э.О нь 03 дугаар сарын 03-ны өглөө А.И-ыг дуудан уулзахад согтуу ирсэн ба өчигдөр болсон явдалд танаас болон уран бүтээлчдээс уучлал гуйж байна. Даварсан хэрэг болжээ гэх зэрэг ярилцсан тэмдэглэлийг хавсралтаар оруулав. Мөн туслах найруулагч Ө.М ажлын байранд согтуу ирсэн байхад нь явуулсан гэх тэмдэглэлийг хавсаргав. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О нь А.И-т ямар нэгэн өш хонзонгийн сэдэлгүй, мөн ажилд буцаан авна гэж тохирсон зүйлгүй бөгөөд хүлээлт үүсгээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаанд саад учруулаагүй, тушаалыг хуулийн хугацаанд танилцуулсан. 5 дугаар сарын 24-ний өдөр А.И нь дахин ажилд орох өргөдөл шинээр өгсөн, энэхүү өргөдлийг 6 дугаар сарын 01-ний өдөр Уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Гэтэл 5 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд А.И нь ажлын байранд, ажлын цагаар согтуу ирж ажилчид, болоод багш, удирдлагад агсам тавьж, хэл амаараа доромжилсон асуудал гарсан. Ийм хүнийг цаашид ажиллуулах боломжгүй гэсэн уран сайхны зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар өргөдөл дэмжигдээгүй. Хурлын тэмдэглэлийг хавсралтаар оруулав. (Мөн найз гэх бүжиг ангийн багш Б.М-ийн хэлсэн үг тэмдэглэл дотор буйг сануулав). Мөн 5 дугаар сарын 27, 28, 29-ний өдрийн жижүүрийн тэмдэглэлийг хавсралтаар оруулав. А.И-т Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын удирдлага болоод багш, уран бүтээлчид маш олон удаа итгэл үзүүлэн дэмжин хамтран ажиллаж ирсэн ба энэ итгэл найдварыг алдаж, 2012, 2014, 2015, 2019, 2021 онуудад удаа дараа архины асуудлаас халагдаж байсныг баримтаар хүргүүлэв. Мөн А.И хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэхүү нэхэмжлэлийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлсөн тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х овгийн А.И-ын хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдох гоцлол хөгжимчин ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.И нь хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “А” чуулгад холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж ..... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.И давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие А.И нь Ардын дуу бүжгийн “А” чуулгын морин хуур хөгжимчинөөр ажиллаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/25 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандах гэсэн боловч Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О нь чамайг 6 сард ажилд эгүүлэн авъя гэхэд нь итгэж шүүхэд хандаагүй билээ. Товлосон хугацаа болж ажилд аваагүй учраас 6 сард шүүхэд өргөдөл буюу нэхэмжлэл гаргасан. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүх хурал болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга Э.О нь надад 6 сард чамайг ажилд авна гэж худлаа хэлж хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан нь үнэн учир би гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим”-д нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч А.И нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хөгжимчин А.И нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.8.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, удаа дараа ажлын цагаар архи ууж, ажилчид болоод багш, удирдлагад агсам тавьж, дуудлага тасалж, хэл амаар доромжлох асуудал гаргасан.

Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын удирдлага болоод багш, уран бүтээлчид маш олон удаа итгэл үзүүлэн дэмжиж хамтран ажиллаж ирсэн ба энэ итгэл найдварыг алдаж 2012, 2014, 2015, 2019, 2021 онуудад архины асуудлаас болж ажлаас халагдаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.И “...хариуцагч байгууллагын удирдлага ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн...” гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдоогүй,

 

Мөн “...А.И нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн иргэний үнэмлэхний хуулбар болон хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/25 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалын хуулбарыг тус тус нотариатаар гэрчлүүлж, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран сайхны зөвлөлд ажилд эгүүлэн томилуулах агуулга бүхий өргөдөл гаргасан боловч эдгээр бичгийн нотлох баримтаар ажил олгогч ажилд эгүүлэн авна гэж хүлээлт үүсгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсонгүй гэж дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эдгээр нотлох баримт нь яагаад түүний тайлбарыг нотлохгүй байна гэж дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Нэхэмжлэгч А.И нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулж дүгнэлт хийлгүйгээр гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх учиртай байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалтай тохирохгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2021/00344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.И нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.Б

 

ШҮҮГЧИД                           Ч.Э

 

                                                 Т.Ж