Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2021/00368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “З-А” ХХК-д  холбогдох

Уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01,02,03,04,05,06 саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2019 оны 07 дугаар сараас эхэлж, -Цээл сумын нутагт орших уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд орсон. Тухайн үед захирал Б.Г нь цалинг сарын 1,500,000 төгрөгөөр өгнө гэж ажилд оруулсан юм. Тухайн үедээ цалинг чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийнэ гар дээр чинь 1,500,000 өгнө гэж тохирсон юм. 2019 ондоо тохирсон ёсоороо цалингаа өгч байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд ковид-19 гээд цалингаа өгч чадаагүй өдий хүрсэн юм. Ингээд Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт ажлаасаа бууж ирсэн юм. Ингээд Алтайн-Хүдэр ХХК-иас мөнгө орж ирэхээр цалинг чинь өгнө гэж явсаар өдий хүрсэн. Одоо ажлаас чинь чөлөөлсөн, өөр хүн авна гээд ажил хийлгэхгүй байгаа юм. Ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя гэхээр чи тэр тушаалаар яах гэсэн юм гээд өгөхгүй байгаа юм. Иймд Д.Быг З-А ХХК-нуулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 1,2,3,4,5,6 саруудад ажилласан хугацааны цалин 9,000,000 төгрөгийг гаргуулж, 2020 оны 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З-А ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б-ыг 2019 оны 07 дугаар сард цэргийн хүн байна гэж итгэл үзүүлэн тээвэрлэлт хариуцсан менежерээр ажилд авсан. Ажиллаж байх хугацаандаа цалинг нь тогтмол өгч байсан. 2020 оны 01 дүгээр сараас ковид-19 гээд манай компаниас үл шалтгаалан тээвэрлэлтийн ажил зогссон бөгөөд 03-р сард огт ажилдаа ирээгүй. Тухайн үед цалин нэхсэн боловч итгэл алдаж, дугуй, аккумлятор, аппаратур зэрэг 10,250,000 төгрөгийн эд зүйл дутагдуулсан байсан. Энэ талаар удаа дараа хэлэхэд сураггүй алга болсон. Эхнэрээс нь асуухад Улаанбаатар хотод ажилд орсон сураг сонсогдсон. Д.Б нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан туг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох нэхэмжлэлээ уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01,02,03,04,05,06 саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэж тодруулсан болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч З-А ХХК-н тус захирлын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгчийг Д.Б-ыг Цээл сумын нутагт байрлах уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд томилж, нэг сарын үндсэн цалинг 400,000 төгрөг байхаар тусгажээ.

Ажил олгогч З-А ХХК-с  2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажилтан Д.Б-той уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ[2] байгуулжээ.  

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргасангүй.

Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт тодорхойлжээ.

Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэдэг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүх харьяалж, хянан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг зааж, шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 01-06 дугаар саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй.

Учир нь 2020 оны 01-06 дугаар саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь ажлаас буруу халсантай холбоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасан ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор биш.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 01-06 дугаар саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрсөн ажилтан буюу ажил олгогчийн давж заалдсан гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийг баталжээ.

“Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийн 1 дэх заалтад “Монгол Улсын хуульд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор  хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг  мөрдөнө” гэжээ.

Хууль, журмын дээрх заалтын дагуу ажилтан Д.Б-ын ажил олгогч З-А ХХК-с  2020 оны 01-06 дугаар саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах тухай гомдол нь хөдөлмөрийн маргаан таслах комиссоор буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой. Энэ журмыг хэрэглэх боломжгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар, энэхүү үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхаар мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.

Иймд нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 01-06 дугаар саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Харин нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох ажлаас буруу халсан гэж үзэж буй гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

Ажил олгогч З-А ХХК нь ажилтан Д.Б-ыг ажлаас халсан эсхүл өөр ажилд шилжүүлсэн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй.

Энэ тохиолдолд ажилтан нь ажлаас халсантай адилтган үзэж буй гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гаргах шаардлагатай.

Нэхэмжлэгч Д.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын уурхайд буй З-А ХХК-нд, аж ахуй, баримт бичгийг хүлээлгэн өгч нотломж[3] үйлдсэн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тодорхойлжээ.

Хариуцагч З-А ХХК нь 2020 оны 07 дугаар сарыг дуустал нэхэмжлэгч Д.Бын  нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдол гаргах хуулийн дээрх заалтад дурьдсан хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймд шүүхээс ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлын үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь ажлаа буруу халсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч З-А ХХК-нзахирал Б.Г нь намайг ажлаас чинь чөлөөлсөн гэж хэлээд ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүйг ажлаас халсантай адилтган үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж ажил хүлээлцүүлсэн”,

Хариуцагч З-А ХХК нь хариу татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч Д.Быг ажлаас халсан шийдвэр гараагүй, одоо ч ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой, тухайн үед ажлаа хаяад явсан, цар тахлаас үүдэн сул зогсолт гарсан, эд хөрөнгө дутагдуулсан” гэж тус тус тодорхойлжээ.

Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигчийн цуглуулж, гарган өгсөн эсхүл хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт хийдэг.

Д.Бын нэхэмжлэлтэй “З-А” ХХК-д  холбогдох иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанг ажлаас халсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь хариуцагч З-А ХХК-с  ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж, хэргийн материалд хавсаргах хүсэлтийг[4] 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргажээ.  

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШЗ2020/02592 дугаар шүүгчийн захирамжаар[5] бичмэл нотлох баримт гаргуулах тухай дээрх хүсэлтийг хангаж, хариуцагч З-А ХХК-с  нэхэмжлэгч Д.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Уг шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч З-А ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар албан бичгээр[6] нэхэмжлэгч Д.Быг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаагүйг хариу мэдэгджээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2020 он 10 дугаар сарын 12-ны өдөр өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2020 оны 01 дүгээр сараас цалин хөлс өгөөгүй учир 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа бууж, Говь-Алтай аймагт ирсэн” гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Үүнээс үзэхэд хариуцагч З-А ХХК-нзахирал Б.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч Д.Б нь өөрөө ажлаа хаяад явсан” гэсэн тайлбар батлагдаж байна.

Зохигчийн дээрх тайлбараас үзэхэд ажлаас халсантай адилтган үзэх “ажил олгогч нь ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй” гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Ажилтны ажил хүлээлгэн өгсөн гэж тодорхойлж буй Таян нуурын уурхайд байгаа З-А ХХК-нэд, аж ахуй, баримт бичгийг хүлээлгэн өгсөн нотломж[7] нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэх үйл баримтыг нотолсонгүй.

Энэ тохиолдолд шүүх дээрх нотломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч З-А ХХК-нзахирал Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах компанийн албан байранд уулзахдаа хамтран ажиллахгүй гээд ажил үүрэг үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүйг ажлаас халсантай адилтган үзнэ” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б нь ажлаас буруу халагдсан/ажлаас халсантай адилтган үзэх нөхцөл байдал/ гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч З-А ХХК-нуулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг хэсэгт тус тус заасны дагуу зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж байгаад дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

Зохигч хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээрх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажил олгогчийн эрх, үүрэг, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан ажилтны эрх, үүрэг тус тус хэвээр хадгалагдаж буйг тэмдэглэх нь зүйтэй.    

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ыг шүүх хянан шийдвэрлэнэ,

69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”,

36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажлаас буруу халагдсаны улмаас урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрх үүснэ.

Нэхэмжлэгч Д.Б-ын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь ажлаас буруу халагдсантай холбоогүй, шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох дээрх агуулга бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрсөн ажилтан буюу ажил олгогчийн давж заалдсан гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ажилтны гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой байгаатай холбогдоно.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлсний үндсэн дээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “З-А” ХХК-д  холбогдуулан уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Харин ажлаас буруу халсан үеийн олговорт хамаарахгүй нэхэмжлэгч Д.Бын “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 01-06 саруудын цалин хөлс 6,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “З-А” ХХК-д  холбогдуулан цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх байжээ.

Гэвч шүүхээс нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “З-А” ХХК-д  холбогдуулан цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул уг шаардлагыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 01-06 саруудын цалин хөлс 9,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “З-А” ХХК-д  холбогдуулан уулын баяжуулах Таян нуурын хүдэр тээвэрлэлтийг хариуцсан кемп менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.  Нэхэмжлэгч Д.Б нь  хариуцагч “З-А” ХХК-д  холбогдох 2020 оны 01-06 саруудын цалин хөлс 6,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ

 

 

[1] Хавтаст хэргийн 5 хуудас

[2] Хавтаст хэргийн 6 хуудас

[3] Хавтаст хэргийн 125-127 хуудас

[4] Хавтаст хэргийн 17 хуудас

[5] Хавтаст хэргийн 23-25 хуудас

[6] Хавтаст хэргийн 27 хуудас

[7] Хавтаст хэргийн 125-127 хуудас