Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 133/2021/00067/и |
Дугаар | 133/ШШ2021/00375 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 133/ШШ2021/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхбат даргалж, шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц А К ХЗХ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Ц
Хариуцагч: Д.Б нарт холбогдох
Зээл 1,189,382 төгрөг, зээлийн хүү 471,202.25 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 1,690,584.25 төгрөг гаргуулах тухай тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц А К ХЗХ нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Цтай гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай гэрээг байгуулан олгосон. Т.Ц нь 2020 оны 03 дугаар сард 147,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 46,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 66,000 төгрөг, нийт 259,000 төгрөг төлсөн. Зээл хугацаа хэтэрсэн өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 1,189,382 төгрөг, зээлийн хүү 471,202.25 төгрөг, нийт 1,660,584.25 төгрөгийг төлөөгүй. Мөн эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Т.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, нийт 2,596,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Ингээд ковидын улмаас ажил түр зогссон тул уг зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон. Одоо үндсэн зээлийн төлбөр 941,000 төгрөг байгаа. Миний хувьд одоогийн байдлаар хөл хорионы улмаас ажил зогссон тул хүү төлөх боломжгүй бөгөөд барьцаа хөрөнгө болох истана машиныг өгөөд зөрүү мөнгийг нь Цаст-Алтай Капитал хадгаламж зээлийн хоршооноос авах хүсэлтэй байна гэсэн хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: НөхөрТ.Ц-н Ц А К ХЗХ-ны зээлийн материалд хамтран зээлдэгчээр орсон болно. Уг зээлийг төлүүлэхэд миний зүгээс хамтран орсон учир орлоготой болсон үед төлөх хүсэлтэй байна. Одоогоор ковидтой холбоотой орлоготой болох үйл ажиллагаа, ажил хийхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Т.Ц, Д.Бнарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 1,189,382 төгрөг, зээлийн хүү 471,202.25 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 1,690,584.25 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.
Хариуцагч Т.Ц нь 1,200,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хүлээн зөвшөөрсөнгүй .
Харин хариуцагч Д.Б нар нь нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг орлоготой болсон үед төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
Шүүх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тохиолдолд хэргийн оролцогчийг эвлэрүүлэхийг эрмэлздэг бөгөөд энэ нь шүүхийн хөндлөнгийн байх зарчимд харшилдаггүй.
Нэхэмжлэл, хариу тайлбарын агуулгаас үзэхэд хэргийн оролцогч нь эвлэрэх боломжтой гэж үзэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/2021ШЗ/00857 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл -ээс үзэхэд хариуцагч Т.Ц нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх байр суурийг илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргажээ.
Энэхүү өргөдлийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзалтыг хийсэн боловч талууд эвлэрээгүй нь тус уулзалтын тэмдэглэлд тусгагджээ.
Удаа дараагийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүх хуралдааны үеэр зохигч эвлэрээгүй тул шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад хариуцагч Д.Ц-т холбогдох Нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30/ЗГ дугаар зээлийн гэрээг хариуцагч Т.Ц, Д.Б нартай бичгээр байгуулж, мөн өдрөө Говь-Алтай аймгийн тойргийн нотариатчаар гэрчлүүлжээ.
Уг зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь 1,200,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тусгажээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Учир нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТЗ401/427 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд байна.
Зохигч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 30 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г бичгээр байгуулж, урьд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 02-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгажээ.
Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зээлдэгч нь зээл 1,199,400 төгрөг, хүү 213,211,33 төгрөг, нийт 1,412,611.33 төгрөгийг зээлдүүлэгчид 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ.
Дээрх зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт, өөрчлөлтийг талууд бичгээр үйлдэж, гарын үсгээр албажуулсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэжээ.
Нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны дүрмийн 9.6 дахь хэсэгт Гишүүнээр элсэх хүсэлтийг тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Шийдвэр гэрч, хувь хөрөнгийг доод хэмжээг бүрэн оруулснаар гишүүний эрх, үүрэг үүснэ гэжээ.
Хариуцагч Д.Ц-ыг нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тус хоршооны гишүүнээр элсүүлжээ.
Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч З.Ц-гийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн лавлагаанд хариуцагч Д.Ц-ыг нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны гишүүнээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг тодорхойлжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хариуцагч Д.Ц-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Харин нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хариуцагч Д.Б-г тус хоршооны гишүүн болохыг гэрчилсэн баримтыг хэрэгт гарган өгсөнгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан Манай хоршоо нь зөвхөн гишүүндээ зээл олгодог гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлсэнгүй.
Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн бус этгээд болох хариуцагч Д.Б болон нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гишүүн бус этгээдэд зээл олгохыг хадгаламж, зээлийн хоршоонд хориглосон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
Хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаардаг тул нэхэмжлэгч Ц А К ХЗХ болон хариуцагч Д.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон уг гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заажээ.
Нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь зээлийн мөнгөн хөрөнгө 1,200,000 төгрөгийг хариуцагч Д.Б-д бус харин хариуцагч Т.Ц т 20210 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон нь кассын орлогын ордероор нотлогдож байна.
Хариуцагч Д.Ц нь зээл 1,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс хариуцагч Д.Б-д өгөлгүйгээр өөрөө захиран зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 477 дугаар уулзалтын тэмдэглэлд тусгагджээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хүчин төгөлдөр бус хэлцлээр хариуцагч Д.Б-д мөнгөн хөрөнгө шилжүүлэн өгөөгүй байх тул хариуцагч Д.Б-с 1,690,584.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэдийгээр зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ болон уг гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хариуцагч Д.Б-д холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч Т.Ц-т холбогдох хэсэг нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс зээлийн гэрээний агуулга, зориулалтыг хангаж байна.
Учир нь хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны гишүүнийхээ тухайд тухайн хоршооноос зээл авах боломжтой, иймдээ ч зээл хүссэн өргөдлийг бичгээр гаргаж, улмаар зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулжээ.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц А К ХЗХ болон хариуцагч Т.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр юм.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хариуцагч Т.Цаас зээлийн мөнгөн хөрөнгө, түүнийг хүүг гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд уг шаардах эрх нь дуусгавар болоогүй, хэрэгжүүлэх боломжтой байна.
Зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч Д.Ц нь зээл 1,199,400 төгрөг, хүү 213,211.33 төгрөг, нийт 1,412,611.33 төгрөгийг нэхэмжлэгч Ц А К ХЗХ -д төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Т.Ц нь зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 147,000 төгрөг, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 46,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 66,000 төгрөг нийт 259,000 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтаар талаар зохигч маргасангүй.
Иймд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тооцож, хариуцагч Д.Цогбаатараас зээл (1,199,400-10,018)=1,189,382 төгрөг, хүү (213,211.33-101,982)=111,229.33 төгрөг, нийт 1,300,611.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц А К ХЗХ -д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Т.Ц-ын өмгөөлөгч М.Э-н зээлийн хүүг багасгах агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг хариуцагч Т.Ц-ыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.
Иймд хариуцагч Т.Ц-аас эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц А К ХЗХ -д олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Т.Ц-аас шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 1,330,611.33 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц А К ХЗХ -нд олгов.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.
Хуулийн дээрх заалтад дурьдсан хэтэрсэн хугацааны хүү нь зээлдэгч зээлээ буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр хугацаа хэтрүүлснээс үүсдэг бөгөөд үүгээрээ гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүүгээс ялгаатай. Гэрээний хугацаан дахь хүүг зээлийн дүнгээс тооцдог бол хэтэрсэн хугацааны хүү нь төлөгдөөгүй үлдсэн зээлийн дүнгээс тооцдог.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дуусснаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй.
Гэтэл нэхэмжлэгч Ц А К ХЗХ нь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан зээлийн хүү 471,202.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний хугацаан дахь төлөгдөх хүү, хэтэрсэн хугацааны хүүг тус тус ялгамжтай тодорхойлж, үнийн дүнг тус бүрээр нь тусгаагүй, хугацаа хэтэрсэн зээлийн хүүг хэдий хугацаагаар, чухам ямар хэмжээний зээлийн үлдэгдлээс тооцон шаардаж буй тооцооллыг нэхэмжлэлдээ хавсаргаагүй байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн хүү 471,202.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэсэн нэхэмжлэлийг бүрдүүлбэрийг хангаагүй байжээ.
Хэтэрсэн хугацааны зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхой бус, үнийг дүнг тодорхойлоогүй, холбогдох тооцооллыг хавсаргаагүйн улмаас зохигчийн маргаж, эвлэрэхгүй байх шалтгаан болжээ.
Иймд нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан гаргасан хэтэрсэн хугацааны хүү (471,202.25-111,229.33)=359,972.92 төгрөг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн үнийн дүн 359,972.92 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,449 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц А К ХЗХ -нд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Д.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Цогбаатарт олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Т.Ц-т шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б болон хариуцагчийн өмгөөлөгч М.Э нар нь шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
Иймд шүүхээс хариуцагчийн эзгүйд түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жалайр овгийн Түдэвхүүгийн Цогбаатараас 1,330,611/нэг сая гурван зуун гучин мянга зургаан зуун арван нэг/ төгрөг 33/гучин гурав/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Ц А К ХЗХ -д олгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц А К ХЗХ болон хариуцагч Л.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30/ЗГ дугаар Зээлийн гэрээ болон 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны хариуцагч Д.Б-с 1,690,584/нэг сая зургаан зуун ерөн мянга таван зуун наян дөрөв/ төгрөг 25/хорин тав/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдох хэтэрсэн хугацааны хүү 359,972/гурван зуун тавин есөн мянга есөн зуун далан хоёр/ төгрөг 92/ерөн хоёр/ мөнгө гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц А К ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,159/дөчин нэгэн мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-аас 36,239/гучин зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөг, улсын орлогоос 11,449/арван нэгэн мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц А К ХЗХ -нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ