Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1923

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01397 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХХК, Б.Б нарт холбогдох

 

Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М-ын  нь “Б” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тус компанийн барихаар төлөвлөсөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Очирт аппартмент үйлчилгээтэй 132 айлын орон сууцны А блокод 79.92 м.кв 3 өрөө орон сууц захиалж, төлбөрөө 100 хувь төлсөн. Гүйцэтгэгч “Б” ХХК нь уг орон сууцыг 2015 оны III, IV дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байсан боловч дээрх хугацаанд ашиглалтад оруулж өгөөгүй төдийгүй, барилга барихаар төлөвлөсөн газар дээр очиж үзэхэд дөнгөж суурь тавиад нэг хоёр давхар цутгалт хийсэн байдалтайгаар үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Цаашид хэзээ ямар байдлаар барилгыг барьж ашиглалтад оруулах нь тодорхойгүй байгаа нь бидний эрх ашгийг хохироож байгаа тул орон сууц захиалгад өгсөн 60 000 000 төгрөг, гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэдэгт маргадаггүй. Мөн энэ гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг хүлээн авсанд маргахгүй, харин нэхэмжлэлээр шаардсан алданги 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд орон сууц, ажлын үр дүнг биш, мөнгө нэхэмжилж байгаа нь гэрээнээс сайн дураараа татгалзаж, гэрээг цуцалж байгаа хэлбэр байна. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ юм. Захиалагч нь гэрээнээс сайн дураараа татгалзаж, гэрээгээ цуцалсан тохиолдолд, үүнтэй холбоотой гэрээнээс үүсэх үүргийг шаардах эрхгүй. Анз нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах арга юм. Захиалагч тал гэрээгээ сайн дураараа цуцалсан тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу өгсөн, авснаа буцаах үүрэгтэй. Тийм учраас манайх 60 000 000 төгрөгийг төлөх талаар маргахгүй, алдангиас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Нэхэмжлэгч орон сууцыг шаардсан бол өөр асуудал болно. Мөнгө нэхэмжилж байгаа тул гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа тул алдангид шаардсан 30 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК, Б.Б нараас           90 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-ын д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Басмаа констракшн ХХК, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 607950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-ын д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Манайх 60 000 000 төгрөгийг төлөх талаар маргахгүй, алдангиас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Мөнгө нэхэмжилж байгаа учраас гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа тул алдангид шаардсан 30 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М-ын  нь хариуцагч “Б” ХХК, Б.Б нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 003/015 тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч “Б” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Очирт Апартмент” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын /А блок/ байрнаас 79,92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж 2015 оны III-IV улиралд ашиглалтад оруулах, нэхэмжлэгч Б.М-ын  нь орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 3 өрөө орон сууцыг 2015 оны III-IV улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид орон сууцны төлбөрт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 35 000 000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

            Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Шүүх талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, нэхэмжлэгчид хариуцагчаас шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойшхи хугацааны анз шаардаагүй, харин нөгөө тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд гэрээг цуцлах, уг гэрээг цуцлах хүртэл хугацаанд хариуцагчаас гэрээний 4.2-т заасны дагуу тус гэрээний нийт үнэ буюу гүйцэтгээгүй үүрэг 60 000 000 төгрөгийн 50 хувь буюу 30 000 000 төгрөгийн анзыг шаардсаныг шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд талууд гэрээнээс татгалзсан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алданги шаардах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Талууд орон сууц захиалан бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тодорхой хугацааны турш хийж гүйцэтгэх урт хугацааны гэрээнд хамаарах тул гэрээ хэрэгжсэнээс хойшхи хугацаанд шүүх гэрээг цуцалж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байтал шүүх гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь анх орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Б” ХХК-тай байгуулсан тул орон сууцны үнэ 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.М-ын д олгож, Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлалгүй орхигдуулсныг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 90 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-ын д олгож, Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ