Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01397

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01397

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК,

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Г, түүний өмгөөлөгч З.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.М нь Б Констракшн ХХК-тай 2015 оны 02 сарын 18-ний едөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, тус компанийн барихаар төлөвлөсөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Очирт аппартмент үйлчилгээтэй 132 айлын орон сууцны А блокод 79.92 мкв 3 өрөө орон сууц захиалж, төлбөрөө 100 хувь төлсөн.

Гүйцэтгэгч БКонстракшн ХХК нь уг орон сууцыг 2015 оны III, IV дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байсан боловч дээрх хугацаанд ашиглалтанд оруулж өгөөгүй төдийгүй, барилга барихаар төлөвлөсөн газар дээр очиж үзэхэд дөнгөж суурь тавиад нэг хоёр давхар цутгалт хийсэн байдалтайгаар үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Цаашид хэзээ ямар байдлаар барилгыг барьж ашиглалтанд оруулах нь тодорхойгүй байгаа нь бидний эрх ашгийг хохироож байгаа тул орон сууц захиалгад өгсөн 60.000.000 /Жаран сая/ төгрөг, гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 30.000.000 /гучин сая/ төгрөг, нийт 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнээс татгалзах асуудал яригдаагүй. Үүргийн зөрчилтэй холбогдуулж гэрээг цуцалж байгаа асуудлаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх 003015 тоот гэрээг байгуулж, үүндээ орон сууцыг захиалан бариулах гэрээ гэж заасан байдаг. Уг гэрээний дагуу орон сууцыг баригдахаас өмнө, ажлын үр дүнг бий болоогүй байхад буюу барилгыг баригдаж эхлэхээс өмнө нэхэмжлэгч нь төлбөрөө бүрэн төлж, орон сууцыг захиалан бариулахаар гэрээнд заасан. Гүйцэтгэгч байгууллага нь үүргээ ноцтой зөрчсөн. 2014 оны 3, 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтанд оруулахаар гэрээг байгуулж хугацаа заасан нь гэрээний үүрэг юм. Энэхүү гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулж биет байдлаар нь хүлээлгэн өгнө гэсэн үүрэг хүлээсэн атлаа энэ хугацаанд ашиглалтанд оруулж биет байдлаар нь орон сууцыг нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. 2018 оны 6 сар хүртэл 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн энэ хугацаанд тухайн 2 давхар барилга баригдсан. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд цаашид үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой нөхцөлд байна. Иймээс үүргийн зөрчилтэй холбогдуулж, гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбогдуулж хохирлоо Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байна. Гэрээндээ алданги төлнө гэж заасчихсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Бконстракшн ХХК, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс 2015 оны 02 сарын 08-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэдэгт маргадаггүй. Мөн энэ гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг хүлээн авсанд маргахгүй, харин нэхэмжлэлээр шаардсан алданги 30 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл: нэхэмжлэгч нь шүүхэд орон сууц, ажлын үр дүнг биш, мөнгө нэхэмжилж байгаа нь гэрээнээс сайн дураараа татгалзаж, гэрээг цуцалж байгаа хэлбэр байна. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ юм. Захиалагч нь гэрээнээс сайн дураараа татгалзаж, гэрээгээ цуцалсан тохиолдолд, үүнтэй холбоотой гэрээнээс үүсэх үүргийг шаардах эрхгүй. Анз нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах арга юм. Захиалагч тал гэрээгээ сайн дураараа цуцалсан тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу өгсөн, авснаа буцаах үүрэгтэй. Тийм учраас манайх 60 000 000 төгрөгийг төлөх талаар маргахгүй, алдангиас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу татгалзаж байна. Нэхэмжлэгч орон сууцыг шаардсан бол өөр асуудал болно. Мөнгө нэхэмжилж байгаа тул гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа тул алдангид шаардсан 30 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч Бконстракшн ХХК, Б.Б нарт холбогдуулан, Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Мнь Г.У 2017 оны 08 сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр Бконстракшн ХХК, Б.Б нарт холбогдуулан 2015 оны 02 сарын 18-ны өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Очирт апартмент үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын байрнаас 79,92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалахад төлсөн 60 000 000 төгрөг, түүний алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг олгосон байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Мнь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Бконстракшн ХХК-тай 003\015 дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Очирт апартмент үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын байрнаас 79,92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, 1 м.кв-ийг нь 750 000 төгрөгөөр тооцож, нийт 60 000 000 төгрөгийг төлөх, хариуцагч компани нь уг барилгыг 2015 оны III-VI улиралд ашиглалтанд оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Гэрээ байгуулах үед барилга ашиглалтанд ороогүй, талууд орон сууцны шинж чанар, үнийг төлөх талаар тохиролцсон байх тул зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, хэлцэл хүчинтэй байна.

Гэрээний 1.2-т Гэрээгээр захиалагч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Очирт апартмент үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын байрны ... тоот 79,92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж төлбөрийг төлөх, гүйцэтгэгч нь уг барилгыг 2015 оны III-IV улиралд ашиглалтад оруулах-аар тохиролцсон байх тул дээрх тохиролцооны дагуу хариуцагч Бконстракшн ХХК нь 79.92 м.кв талбай бүхий орон сууцыг, 2015 оны III-IV улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагч Бконстракшн ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэлээр нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц захиалан бариулах гэрээний дагуу түүний төлсөн 60 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 30 000 000 төгрөгийг төлөх үндэсгүй гэж маргадаг.

Гэрээний гуравдугаар зүйлд Гэрээний үнэ төлбөрийн нөхцөл, төлөх хугацааг тодорхойлон зааж тохиролцсон байх бөгөөд уг гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч Б.Мнь 2015 оны 02 сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөгийг, мөн 2015 оны 02 сарын 18-ны өдөр 35 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордерийн баримт, хариуцагчийн 60 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч буй тайлбараар нотлогдож байна.

Ийнхүү хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 60 000 000 төгрөгийн талаар маргаангүй байгааг шүүх дурдах нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дөрөвдүгээр зүйлд: Гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлон заасан байх боловч гүйцэтгүүлэгчийн эрх, үүргийг тухайн гэрээндээ талууд тодорхойлон заагаагүй байна. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон алдангийг гэрээний 4.2-т зааснаар нэхэмжилсэн ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан заалтыг зөрчөөгүй байна.

Иймээс, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан заалт буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т гүйцэтгэгч нь уг гэрээний 6.2-т зааснаас бусад тохиолдолд гэрээний хугацаа хэтрүүлсэн захиалагч талд 0.3 хувь \өдөр, сар\-ийн алданги тооцож нийт үнийн дүнгээс хасч тооцно гэсэн заалтыг тус тус үндэслэл болгон хариуцагч компаниас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангид 30 000 000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь ...талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ юм. Захиалагч нь гэрээнээс сайн дураараа татгалзаж, гэрээгээ цуцалсан тохиолдолд, үүнтэй холбоотой гэрээнээс үүсэх үүргийг шаардах эрхгүй. Анз нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах арга. Захиалагч тал гэрээгээ сайн дураараа цуцалсан тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу өгсөн, авснаа буцаах үүрэгтэй. гэж тайлбарлан маргаж буй байдал нь дээр дурдсан хуулийн үндэслэлүүдээр няцаагдаж байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Бконстракшн ХХК, Б.Б нараас 90 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бконстракшн ХХК, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 607950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ