Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2021/00442

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: С.Э-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: АХТҮГ ААТҮГ-т холбогдох

“Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,126,500 төгрөг гаргуулах гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон  2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэл төлсөн бичилтийг хийхийг даалгах тухай тодруулсан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э би Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 тоот захирамжаар Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 тоот захирамжаар даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 тоот тушаалаар тус газарт ахлах мэргэжилтнээр томилогдсон боловч 1 сар гаруй хугацаанд ямар ч ажил хийх үүрэг өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэж дарамталж, ажилгүй байлгасаар өдийг хүрчихээд өөрөө даргын ажлаасаа чөлөөлөгдөж, одоо миний томилогдсон ахлах мэргэжилтний ажлыг хийж байна. Намайг захиргааны санаачилгаар ажлаас халсан гэж хэлсэн мөртлөө одоог хүртэл надад ажлаас халсан тушаал өгөөгүй. Би ажлаас халсан тушаалаа авъя, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдье, шүүхэд хандъя гэхээр намайг ажлаас халаад өг гэсэн өргөдлөө бичээд ир гэж доромжилсон. С.Э би хөдөлмөрийн гэрээ хийгээд ажил үүрэг хуваарилж өг, ажлын байрны тодорхойлолт гаргаж өг, үүрэг даалгавар өгч хийх ажлыг зааж өгсөн бол хийх байсан. Гэтэл надад ямар ч ажил үүрэг хуваарилж өгч, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажлаас халсан гэдэг л хариу өгдөг. Тэр ч бүү хэл надтай хамт ажиллаж байсан хамт олныг минь С.Энхцолмонтой чинь хална шүү гэдэг дарамтыг үзүүлдэг байсан. Би ажлаас халсан тушаал гарсныг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн боловч одоо хүртэл уг тушаалыг гар дээрээ хүлээж аваагүй болно. Намайг ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй мөртлөө шүүхэд гаргаж өгсөн байсан. Уг тушаалд намайг үндэслэлгүйгээр гүтгэж ажлаас халах үндэслэл болгосон байгааг би зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болох ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш шүүх хуралдаан болох 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэлх хугацааны цалин буюу нөхөн олговор нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч: “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариу тайлбартаа: Манай байгууллагын дарга байсан С.Э нь ажил үүргээ муу гүйцэтгэж байсан учир дээд албан тушаалтнууд өөртэй нь тохиролцон албан тушаал бууруулан батлагдаагүй ахлах мэргэжилтэн гэсэн шинэ орон тоо гapган ажиллуулахаар болсон. Манай байгууллагын бүтэц орон тоог Eсөнбулаг сумын Иргэдийн хурлаас баталдаг. Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт ахлах мэргэжилтний орон тоо байхгүй, Есөнбулаr сумын Засаг даргатай хэрэв тухайн хүнийг боломжийн ажиллавал тухайн орон тоог нэмж батлуулахаар ярилцсан байсан. Гэтэл тухайн хүн манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй тул нэмж батлаагүй. Манай байгууллага 2019 оны 10 дугаар сард аж ахуйн тооцоот болж, бүтэц өөрчлөгдсөн. Энэ бүтэц өөрчлөгдөхөд тухайн хүн ажлын бүтээмжээ харуулсан бол тухайн орон тоог батлуулж болох л байсан байх. Гэтэл тухайн хүн байгаагүй тул одоог хүртэл ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулахаар удаа дараа дуудсан боловч ирж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, хөдөлмөрийн харилцаанд орох боломж гаргаагүй. Ногоон байгууламжийн хайс гагнаж, янзлах үүрэг өгсөн.  Гэвч ажил үүрэг гүйцэтгээгүй хамт ажилла гэсэн ажилтан нар хагас дутуу янзалсан. Маргааш буюу 08.21-ний өдөр ландфиллийн талбай дээр ажиллах үүрэг чиглэл өгсөн боловч авто гражийн хашаанд манаачийн гэрт жолооч Г.О-г уруу татан архи уугаад сууж байсан. Ажлаа хий гэсэн шаардлага тавихад өмнөөс үг хэлээр доромжлон чаддаг юм бол чи ажлаас халчих гэж байгууллагын удирдлагыг зодох гэж дайрсан. Гэтэл тухайн хүн нэхэмжлэхдээ намайг гүтгэсэн шинжтэй нэлээд зүйлс оруулсан байraад гомдолтой байна. Хүний нөөцийн ажилтан Д.Б-д цагдаа дуудах үүрэг eгcөн боловч адилхан эр хүн байгууллагын удирдлага байсан хүн учир болиулсан. 08 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажил таслаад явсан. Ажлын таван өдрийн ажил тасалж, алга болсны дараа 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын удирдлага Н-н утас руу Дэлгэр суманд адуу хайгаад явж байна чөлөө өгөөч гэсэн зурвас бичсэн. Ер нь дарга байхдаа ч ажлаа хийдэггүй алга болчихдог байсан. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өрхийн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өвчний магадлагаа сунгуулна гэсэн. Хүний нөөцийн ажилтан удаа дараа залгаж, яагаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгаанаа хэлж яриад цааш ажиллах талаар ярилцаж шийдэлд хүрье гэхэд дахиж очихгүй гэсэн хариулт өгсөн. Тухайн өдрөөс хойш хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй. Дээд албан тушаалтнаас үүрэг, даалгаврын дагуу 08 дугаар сарын 21-ны өдөр ажилд томилох тушаалыг гарган гэрээ байгуулах гэсэн боловч архи уусан, ирээгүй байсан тул гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй, томилсон тушаалтай танилцаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай байгууллагаас хуулбарлаж авсан байдаг. Улмаар нэг холбогдож, С.Э нь намайг Есөнбулаг сумаас томилж, чөлөөлсөн тул танайхаас тушаал авах шаардлагагүй. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Д-с нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгээд авчихна гэсэн тайлбар хэлж байсан. Ингээд л манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаанд орохгүйгээр замаа бодож байна гэж ойлгосон. С.Э нь хэсэг хугацааны дараа Өмнөговь аймагт цэвэр усны газарт түгээлтийн жолоочоор ажиллаж байгаа намайг ажлаас чөлөөлчих гэж хэлсэн. Тодруулж дахин асуухаар залгахад утсаа аваагүй. Ер нь л өөрийн хэрэгтэй ганц нэг үедээ залгачихаад бусад үед залгахаар авдаггүй байсан. Тухайн хүн бүтэн жил 10 сар гаран ажлаа хаяад өөр газар ажилд орсон гэж явчихаад гэнэт сүүлд мэдсэн юм яриад одоо шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай, ийм нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг нягтлан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч хариуцагч “ АХТҮГ ААТҮГ-т холбогдуулан тус газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэлх хугацааны цалин буюу нөхөн олговор нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах  нэхэмжлэл[1] гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь  хариуцагч “АХТҮГ ААТҮГ-т холбогдох нэхэмжлэлээ “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,126,500 төгрөг гаргуулах гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон  2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэл төлсөн бичилтийг хийхийг даалгах тухай тодруулсан болно.

Хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариу тайлбартаа[2] “С.Э нь хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй, ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй, ажлын үүрэг, чиглэлийг биелүүлээгүй, жолооч Г.О-г уруу татан архи уусан. Ажлаа хийлгэх шаардлага тавихад үг хэлээр доромжилж, байгууллагын удирдлагыг зодох гэж дайрсан, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл ажлын 5 өдөр ажил тасалсан, 1 жил 10 сар гаруй хугацаанд ажлаа хаяад өөр газар ажилд орсон гэж явчихаад гэнэт сүүлд мэдсэн юм шиг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар[3] нэхэмжлэгч С.Э-г өөрийнх нь хүсэлтийн дагуу “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/цаашид “ТБАГУТҮГ” гэх/-ын даргын ажлаас чөлөөлжээ.

Улмаар “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар[4] Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-г ахлах мэргэжилтнээр 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаатайгаар түр томилж, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу ТҮ-6-2 шатлалаар цалинжуулж, хоолны мөнгийг ажлын өдөрт 2,000 төгрөгөөр тооцож олгохыг зөвшөөрчээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна”, 14.1.1 дэх хэсэгт “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал”

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилладаг бөгөөд түүний хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагддаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажилтан С.Э-той хөдөлмөрийн гэрээ байгуулах нь тухайн үеийн нэрээр ажил олгогч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын үүрэг юм.

Ажил олгогч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Энхцолмонг ахлах мэргэжилтнээр томилсон атлаа уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй үйл баримтад ажилтан буруугүй.

Ажилтны буруугаас хадөлмөрийн гэрээ байгуулагдаагүй буюу “С.Э хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй” гэх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

Энэ тохиолдолд зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн тэдгээрийн эрх, үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тодорхойлох боломжтой гэж шүүх дүгнэв.

“Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргын огноо, дугааргүй “С.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалаар[5] Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7, байгууллагын дотоод журмын 9.3, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар бүлгийн 2.3 дахь заалтуудыг үндэслэн ахлах мэргэжилтэн С.Э-г 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халжээ.

Хэдийгээр ажилтан С.Э-г ахлах мэргэжилтний ажлаас халсан дээрх тушаал огноо, дугааргүй хэдий боловч тухайн үед ажил олгогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох дарга Н.С-д гарын үсэг зурж, тэмдэг дарж, албажуулсан зэргээс үзэхэд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах хүсэл зориг, санаачилга ажил олгогчид байжээ.  

Энэхүү санаачилга нь “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталснаар давхар батлагдаж байна.

Энэ тохиолдолд шүүх “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргын огноо, дугааргүй “С.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай” тушаалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иймд ажил олгогч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ нь ажлаас буруу халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай ажилтан С.Э-гийн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.

Уг заалтаар нь ажлаас халсан шийдвэрийг гомдол гаргах харилцааг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд үүнээс бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгээр зохицуулагдана.

Нэхэмжлэгч С.Э нь “ажлаас халсан шийдвэрийг гардуулаагүй, иргэний хэргийн материалтай танилцахдаа мэдсэн” гэж,  хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ нь “С.Энь 1 жил 10 сар гаруй хугацаанд ажлаа хаяад өөр газар ажилд орсон гэж явчихаад гэнэт сүүлд мэдсэн юм шиг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ. 

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж хариуцагч маргаж буй энэ тохиолдолд нотлох үүрэг ажил олгогчид үүснэ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

Ажил олгогч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан шийдвэрээ ажилтан С.Э-д хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

Ийм байхад нэхэмжлэгчийг хариуцагчид холбогдуулан ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтний ажлаас халсан үндэслэлээ “ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, байгууллагын удирдлагыг хэл амаар доромжилж, танхайн сэдэлттэй үйлдэл гаргасан” буюу сахилгын зөрчил гаргасан гэж тушаалдаа тодорхойлжээ.

Уг тушаалыг  нэхэмжлэгч тал эс зөвшөөрч “сахилгын зөрчил гаргаагүй байхад ажлаас хууль бусаар халсан, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрээ гардуулаагүй” гэж маргаж байна.

Энэ тохиолдолд ажлаас халсан шийдвэр нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэйг нотлох нь ажил олгогчийн үүрэг юм. Учир нь ажил олгогч нь өөрийн санаачилгаар бие даан ажилтны оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргах эрх хэмжээтэй болно.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын дээрх ажлаас халсан шийдвэрт тусгагдсан сахилгын зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.

Иймд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-г хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/цаашид “ААТҮГ” гэх/-ын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараах журмыг баталж мөрдүүлнэ”, 48.3.1 дэх хэсэгт “ажил, албан тушаалын жагсаалт” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц, орон тоо, ажлын норм, нормчлол, цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалын[6] 1 дүгээр хавсралтаар 2019 оны ажил, албан тушаалын жагсаалтыг баталжээ.

Уг жагсаалтын 4 дэх заалтад “Дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн” гэсэн орон тоо тусгагдсан байгаагаас үзэхэд “ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй.

Хэрэв батлагдаагүй орон тоонд ажилтныг ажилд томилсон гэж үзвэл үүсэх эрсдэл, хариуцлагыг уг шийдвэрийг гаргасныхаа хувьд ажил олгогч этгээд хариуцах бөгөөд уг шалтгаан нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл биш.     

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталжээ.

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын а-д ажлаас буруу халсны олговрыг тодорхойлохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заажээ.

Хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч С.Э-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод[7] тусгагдсан 2018 оны 5,6,7 дугаар сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 676,978+772,525+347,636=1,797,139:3=599,046.33 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 1599,046.33:21,5= 27,862.62 төгрөг байна.

Нэхэмжлэгч С.Э-гийн ажилгүй байсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан “нийтээр амрах баярын өдөр”, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан “долоо хоног бүрийн амралтын өдөр”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан “ээлжит сонгуулийн санал авах өдөр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасанорон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан “Ээлжит сонгуулийн санал авах өдөр”-ийг тус тус хасч тооцоход 2019.08.23-2020.06.30 хооронд ажлын 212 өдөр, 2020.11.01-2021.10.28 хооронд ажлын 244 өдөр, нийт ажлын 456 өдөр байна.

Иймд нэхэмжлэгч С.Э-гийн нэг өдрийн дундаж цалин хөлс 27,862.62 төгрөгийг  ажилгүй байсан 456 ажлын өдрөөр үржүүлсэн дүн болох 12,705,354.79 төгрөгийг хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулахаар шийдвэрлэв.

Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,705,354.79 төгрөг нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй дүн болохыг дурьдах нь зүйтэй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”

46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу  нэхэмжлэгч С.Э-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,705,354.79 төгрөгөөс зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “АХТҮГ ААТҮГ-т даалгав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “хуулийн этгээдийн хувийн хэрэг” гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг тус тус ойлгоно гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 133/ШЗ2021/01301 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу[8] Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 669 дүгээр[9] албан бичиг болон 2021 оны 09 дүгээр сарын 701 дүгээр албан бичгээр хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ-ын хувийн хэргийн материалыг бүхэлд нь зохих журмын дагуу хуулбарлан ирүүлжээ.

Уг хувийн хэргийн материалд 3244849 регистрийн дугаартай “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” гэсэн нэртэй хуулийн этгээдийн анх үүсгэн байгуулсан бүртгэл, уг бүртгэлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн мэдээлэл бүрэн тусгагджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ын  4 дэх хэсэгт заасны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах”,

Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 2-ын  2 дахь хэсэгт зааснаар Засаг дарга нь “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” тус тусын эрх хэмжээтэй.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэрээр 3244849 регистрийн дугаартай “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” гэсэн нэртэй хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж,     Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын шийдвэрээр уг хуулийн этгээдийн удирдлагыг томилж, чөлөөлж, үүнтэй холбогдуулан хуулийн этгээдийн хэлбэр, удирдлагын бүртгэлд тус тус өөрчлөлт орж байжээ. Тодруулбал: 

Нэг. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор[10] “Алтайн Жавхлан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтын дагуу өөрийн үйл ажиллагааны орлогогүй болж, орон нутгийн төсвөөс санхүүжилт авч байгааг харгалзан “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” төсөвт байгууллага болгон өөрчилжээ.

Уг шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Алтайн Жавхлан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь хэлбэрээ “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ болгон өөрчилсөн бүртгэл хийж, улсын бүртгэлийн гэрчилгээ[11] олгожээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар[12] С.Э-г “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргаар томилжээ.

Энэхүү томилгооны үндсэн дээр Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Энхцолмонг “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын даргаар томилсныг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг[13] дахин олгожээ.

Хоёр. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар тогтоолоор[14] “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ-ын хэлбэрийг “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ болгон өөрчилжээ.

Уг шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ТБАГУТҮГ нь хэлбэрээ “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮ болгон өөрчилсөн бүртгэл хийж, улсын бүртгэлийн гэрчилгээ[15] олгожээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар[16] Н.С-ыг  “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ-ын даргаар томилжээ.

Энэхүү томилгооны дагуу Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.С-ыг “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ-ын даргаар томилсныг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ[17] олгожээ.

Гурав. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар[18] Т.Л-г “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ-ын даргаар томилжээ.

Энэхүү томилгооны үндсэн дээр Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Т.Л-г “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” ААТҮГ-ын даргаар томилсныг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг[19] дахин олгожээ.

Дээр дурьдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно” гэж заасны дагуу хэлбэрийн хувьд өөрчлөгджээ.

“Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” гэсэн оноосон нэртэй хуулийн этгээд нь хэлбэрээ өөрчилсөн учраас регистрийн дугаар нь өөрчлөгдөөгүй нь хуулийн этгээдийн хувийн хэргийн материалаас харагдана.

Энэхүү хуулийн этгээдийн хувийн хэргийн материал нь бүхэлдээ иргэний хэргийн материалд нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШЗ2021/00644 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж[20] болон тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШЗ2021/01192 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж[21] тус бүрийн үндэслэл болсон хариуцагч хуулийн этгээдийн эрх зүйн байдал болон эрх залгамжлагдсан эсэхэд шүүх нотлох баримтад тулгуурласан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нөхцөл бүрдсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд байдаг тул хэлбэрийн өөрчлөлт нь хуулийн этгээдийн ажил олгогч байх шинжийг үгүйсгэхгүй.

Ажил олгогч хуулийн этгээд нь хэлбэрээ өөрчлөх нь ажилтнаас үл хамаарах үйл баримт тул уг шалтгаанаар хууль бусаар халагдсан ажилтны “урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай” гомдлыг хангахгүй орхих эрх зүйн үндэслэл биш гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч С.Э нь хариуцагч “АХТҮГ ААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд  улсын тэмдэгтийн хураамж 218,235 төгрөгийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт  288,435 төгрөгийг хариуцагч АХТҮГ ААТҮГ-с гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар”  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,705,354/арван хоёр сая долоон таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг 79/далан ес/ мөнгө гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, үлдэх 421,145/дөрвөн зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин тав/ төгрөг 21/хорин нэг/ мөнгөний цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,705,354 төгрөг 79 мөнгөнөөс хуульд заасан зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “АХТҮГ ААТҮГ-т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э нь хариуцагч “АХТҮГ ААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Алтай хотын тохижилт үйлчилгээний газар”  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 288,435/хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 1-2 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 42-43 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 15 тал

[4] 1 хавтаст хэргийн 16 тал

[5] 1 хавтаст хэргийн 17 тал

[6] 1 хавтаст хэргийн 249-250 тал

[7] 1 хавтаст хэргийн 19 тал

[8] 1 хавтаст хэргийн 39-40 хуудас

[9] 1 хавтаст хэргийн 44 хуудас

[10] 1 хавтаст хэргийн 113 хуудас

[11] 1 хавтаст хэргийн 114 хуудас

[12] 1 хавтаст хэргийн 86 хуудас

[13] 1 хавтаст хэргийн 95-96 хуудас

[14] 1 хавтаст хэргийн 193 хуудас

[15] 1 хавтаст хэргийн 79-80 хуудас

[16] 1 хавтаст хэргийн 192 хуудас

[17] 1 хавтаст хэргийн 169-170 хуудас

[18] 1 хавтаст хэргийн 176 хуудас

[19] 1 хавтаст хэргийн 167-168 хуудас

[20] 1 хавтаст хэрийн 4-9 хуудас

[21] 1 хавтаст хэргийн 10-14 хуудас