Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2022/00002

 

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.Н, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2021/00442 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-40 тоотод оршин суух, ДЙ........... регистрийн дугаартай, Ц овгийн С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах, ........ регистрийн дугаартай, “АХТҮГ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

“АХТҮГ” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13.126.500 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэл төлсөн бичилтийг хийхийг даалгах тухай тодруулсан шаардлагатай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э би Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 тоот захирамжаар Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 тоот захирамжаар даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 тоот тушаалаар тус газарт ахлах мэргэжилтнээр томилогдсон боловч 1 сар гаруй хугацаанд ямар ч ажил хийх үүрэг өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэж дарамталж, ажилгүй байлгасаар өдийг хүрчихээд өөрөө даргын ажлаасаа чөлөөлөгдөж, одоо миний томилогдсон ахлах мэргэжилтний ажлыг хийж байна. Намайг захиргааны санаачилгаар ажлаас халсан гэж хэлсэн мөртлөө одоог хүртэл надад ажлаас халсан тушаал өгөөгүй. Би ажлаас халсан тушаалаа авъя, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдье, шүүхэд хандъя гэхээр намайг ажлаас халаад өг гэсэн өргөдлөө бичээд ир гэж доромжилсон. С.Э би хөдөлмөрийн гэрээ хийгээд ажил үүрэг хуваарилж өг, ажлын байрны тодорхойлолт гаргаж өг, үүрэг даалгавар өгч хийх ажлыг зааж өгсөн бол хийх байсан. Гэтэл надад ямар ч ажил үүрэг хуваарилж өгч, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажлаас халсан гэдэг л хариу өгдөг. Тэр ч бүү хэл надтай хамт ажиллаж байсан хамт олныг минь С.Э-той чинь хална шүү гэдэг дарамтыг үзүүлдэг байсан. Би ажлаас халсан тушаал гарсныг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн боловч одоо хүртэл уг тушаалыг гар дээрээ хүлээж аваагүй болно. Намайг ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй мөртлөө шүүхэд гаргаж өгсөн байсан. Уг тушаалд намайг үндэслэлгүйгээр гүтгэж ажлаас халах үндэслэл болгосон байгааг би зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш шүүх хуралдаан болох 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэлх хугацааны цалин буюу нөхөн олговор нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариу тайлбартаа: Манай байгууллагын дарга байсан С.Э нь ажил үүргээ муу гүйцэтгэж байсан учир дээд албан тушаалтнууд өөртэй нь тохиролцон албан тушаал бууруулан батлагдаагүй ахлах мэргэжилтэн гэсэн шинэ орон тоо гapган ажиллуулахаар болсон. Манай байгууллагын бүтэц орон тоог Eсөнбулаг сумын Иргэдийн хурлаас баталдаг. АХТҮГ-т ахлах мэргэжилтний орон тоо байхгүй, Есөнбулаr сумын Засаг даргатай хэрэв тухайн хүнийг боломжийн ажиллавал тухайн орон тоог нэмж батлуулахаар ярилцсан байсан. Гэтэл тухайн хүн манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй тул нэмж батлаагүй. Манай байгууллага 2019 оны 10 дугаар сард аж ахуйн тооцоот болж, бүтэц өөрчлөгдсөн. Энэ бүтэц өөрчлөгдөхөд тухайн хүн ажлын бүтээмжээ харуулсан бол тухайн орон тоог батлуулж болох л байсан байх. Гэтэл тухайн хүн байгаагүй тул одоог хүртэл ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулахаар удаа дараа дуудсан боловч ирж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, хөдөлмөрийн харилцаанд орох боломж гаргаагүй. Ногоон байгууламжийн хайс гагнаж, янзлах үүрэг өгсөн. Гэвч ажил үүрэг гүйцэтгээгүй хамт ажилла гэсэн ажилтан нар хагас дутуу янзалсан. Маргааш нь буюу 8 дугаар сарын 21-ний өдөр ландфиллийн талбай дээр ажиллах үүрэг чиглэл өгсөн боловч авто гражийн хашаанд манаачийн гэрт жолооч Г.О-ийг уруу татан архи уугаад сууж байсан. Ажлаа хий гэсэн шаардлага тавихад өмнөөс үг хэлээр доромжлон чаддаг юм бол чи ажлаас халчих гэж байгууллагын удирдлагыг зодох гэж дайрсан. Гэтэл тухайн хүн нэхэмжлэлдээ намайг гүтгэсэн шинжтэй нэлээд зүйлс оруулсан байraад гомдолтой байна. Хүний нөөцийн ажилтан Д.Б-д цагдаа дуудах үүрэг өгcөн боловч адилхан эр хүн байгууллагын удирдлага байсан хүн учир болиулсан. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажил таслаад явсан. Ажлын таван өдрийн ажил тасалж, алга болсны дараа 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын удирдлага руу Н.С Дэлгэр суманд адуу хайгаад явж байна чөлөө өгөөч гэсэн зурвас бичсэн. Ер нь дарга байхдаа ч ажлаа хийдэггүй алга болчихдог байсан. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өрхийн эмнэлгийн магадлагаа ирүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өвчний магадлагаа сунгуулна гэсэн. Хүний нөөцийн ажилтан удаа дараа залгаж, яагаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгаанаа хэлж яриад цааш ажиллах талаар ярилцаж шийдэлд хүрье гэхэд дахиж очихгүй гэсэн хариулт өгсөн. Тухайн өдрөөс хойш хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй. Дээд албан тушаалтнаас үүрэг, даалгаврын дагуу 8 дугаар сарын 21-ний өдөр ажилд томилох тушаалыг гарган гэрээ байгуулах гэсэн боловч архи уусан, ирээгүй байсан тул гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй. Томилсон тушаалтай танилцаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай байгууллагаас хуулбарлаж авсан байдаг. Улмаар нэг холбогдож, С.Э нь намайг Есөнбулаг сумаас томилж, чөлөөлсөн тул танайхаас тушаал авах шаардлагагүй. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Д-аас нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгээд авчихна гэсэн тайлбар хэлж байсан. Ингээд л манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаанд орохгүйгээр замаа бодож байна гэж ойлгосон. С.Э нь хэсэг хугацааны дараа Өмнөговь аймагт цэвэр усны газарт түгээлтийн жолоочоор ажиллаж байгаа намайг ажлаас чөлөөлчих гэж хэлсэн. Тодруулж дахин асуухаар залгахад утсаа аваагүй. Ер нь л өөрийн хэрэгтэй ганц нэг үедээ залгачихаад бусад үед залгахаар авдаггүй байсан. Тухайн хүн бүтэн жил 10 сар гаруй ажлаа хаяад өөр газар ажилд орсон гэж явчихаад гэнэт сүүлд мэдсэн юм яриад одоо шүүхэд хандаж байгаа нь учир дутагдалтай. Ийм нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг нягтлан үзэж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овгийн С.Э-г хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.705.354 /арван хоёр сая долоон зуун таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг 79 /далан ес/ мөнгө гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, үлдэх 421.145 /дөрвөн зуун хорин нэгэн мянга нэг зуун дөчин тав/ төгрөг 21 /хорин нэг/ мөнгөний цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12.705.354 төгрөг 79 мөнгөнөөс хуульд заасан зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э нь хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 288.435 /хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2021/00442 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Э нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилд томилогдсон боловч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалын орон тоо байдаггүй, энэ орон тоон дээр нэг ч өдөр ажиллаж, нэг ч өдрийн цалин авч байгаагүй, шүүх ажилгүй байсан хугацааны цалинг дарга хийж байсан үеийн цалингаар бодож олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож, С.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын давж заалдах гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2021/00442 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хангасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлж хэрэглэсэн үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ажил олгогч хуулийн этгээд нь хэлбэрээ өөрчлөх нь ажилтнаас үл хамаарах үйл баримт болно. Мөн хуулийн этгээдийн зөвхөн нэршил, хэлбэр нь өөрчлөгдсөнөөс үйл ажиллагаа нь өөрчлөгдөөгүй, эрх залгамжлагдсан болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон болно. Нэхэмжлэгчийг ажилд томилоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж ажлаас халсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын 7.17 дугаар заалтыг үндэслэн тооцож нөхөн олговрыг бодсон тул маргах үндэслэлгүй гэж бодож байна гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан тус газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэлх хугацааны цалин буюу нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын зүгээс С.Э-той хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй, ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй, ажлын үүрэг чиглэлийг биелүүлээгүй, жолооч Г.О-тэй хамт архи уусан. Ажил хийлгэх шаардлага тавихад үг хэлээр доромжилж, байгууллагын удирдлагыг зодох гэж дайрсан, 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл ажлын 5 өдөр ажил тасалсан, 1 жил 10 сар гаруй хугацаанд ажлаа хаяад өөр газар ажилд орсон гэж явчихаад гэнэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Э нь надад ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардуулаагүй, уг иргэний хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Намайг ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй мөртлөө шүүхэд гаргаж өгсөн байсан. Уг тушаалд намайг үндэслэлгүйгээр гүтгэж ажлаас халах үндэслэл болгосон байгааг би зөвшөөрөхгүй байна. Би ажлаас халсан тушаалаа авья, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдье, шүүхэд хандъя гэхээр намайг ажлаас халаад өг гэсэн өргөдлөө бичээд ир гэж доромжилсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажил үүрэг хуваарилж, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөд, хийх ажлыг маань зааж өгсөн бол би хийх байсан гэж тайлбарлажээ.

 

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч АХТҮГ-ын даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-г тус байгууллагын ахлах мэргэжилтнээр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар түр томилж, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу ТҮ-6-2 шатлалаар цалинжуулж, хоолны мөнгийг ажлын өдөрт 2.000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэжээ.

 

Энэ нь АХТҮГ-ын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаал, С.Э нь тухайн албан тушаалд томилогдсон тухай талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй бөгөөд ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байхаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, 24.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил олгогч нь ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй болохыг тус тус заажээ.

 

Ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон, С.Э-той хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй  байна.

Тиймээс ажил олгогч С.Э-той хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтныг ажиллах боломж нөхцлөөр хангаж ажиллуулах үүргээ биелүүлээгүй атлаа ажилтныг ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй гэх ажил олгогчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, байгууллагын удирдлагыг хэл амаар доромжилж, танхайн сэдэлттэй үйлдэл гаргасан, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажил тасалсан зэргээр сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн байх бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

Ажил олгогч буюу хариуцагч нь ажилтан С.Э сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж үзэж байгаа тохиолдолд, нэхэмжлэгч С.Э ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар тухайн үйл явдал баримт буюу фактыг нотлох үүрэг хариуцагч байгууллагад оногдох боловч хариуцагч энэ байдлыг нотолж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгч нь тайлбартаа С.Э-г ажлаас чөлөөлсөн тушаалыг манай байгууллагаас гаргаж байгаагүй, энэ огноо, дугааргүй тушаалыг хэн хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй гэж маргаж байгаа боловч уг баримтыг анхан шатны шүүх тухайн үеийн байгууллагын дарга, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлөн оролцож байсан Н.С-ын гарын үсэг, тухайн байгууллагын тамгаар баталгаажсан, хариуцагч байгууллагын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн, С.Э-г ажлаас халах ажил олгогчийн хүсэл зоригийг илэрхийлсэн, С.Э-г тухайн байгууллагад ажиллах боломжгүй болгох үр дагаварыг бий болгосон эрх зүйн акт байна.

Мөн хариуцагч нь АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалын орон тоо байдаггүй, энэ орон тоонд нэг ч өдөр ажиллаж цалин авч байгаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч АХТҮГ-ын даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар С.Э-г тус байгууллагын ахлах мэргэжилтнээр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар түр томилсон тушаал, болон уг албан тушаалаас чөлөөлсөн тушаал, АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ТБАГУТҮГ/ даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц, орон тоо, ажлын норм, нормчлол, цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалаар баталсан 2019 оны ажил, албан тушаалын жагсаалтын 4 дэх заалтад “Дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн” гэсэн орон тоог баталсан зэргээс Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт ахлах мэргэжилтэн гэдэг орон тоо байхгүй гэдэг нь үгүйсгэгдсэн байна.

 

Ажил олгогч нь С.Э-д ахлах мэргэжилтнээр томилогдсоноос нь хойш цалин хөлс олгоогүйн улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг тооцохдоо анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а дугаар зүйлд зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бодитой тогтоож, маргааны зүйл, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлон дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-г хариуцагч АХТҮГ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2021/00442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 288.435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                              ШҮҮГЧИД                            Б.Н 

                                                                                                                                Т.Ж