Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2021/01076

 

 

 

 

 

 

 

 

 

    2021         05           18                                  182/ШШ2021/01076

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ТБ ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч Х.А нь ТБ-ныХан-уул дүүргийн салбарын захирлаар ажиллаж байгаад 2018.12.30-ны өдөр Б/2213 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ны өдрийн 00625 дугаартай шийдвэрээр тогтоож, түүнийг Хан-уул дүүргийн салбарын захирлаар эргүүлэн тогтоож, ажилгүй бйасан хугацааны 3 сарын цалин хөлс 9.000.000 төгрөгийн цалинг олгуулахаар болсон. Нэг сарын цалин хөлсний хэмжээ 3.000.000 төгрөг болохыг тухайн үед бид өөрсдөө тооцсон байдаг. Уг шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2020.11.03-ны өдөр 755 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, хүчин төгөлдөр болсон байдаг. Нэхэмжлэгч Х.Аын зүгээс ТБ-ныгүйцэтгэх захирал Ө.Гд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг явуулсан боловч ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй. Гэхдээ 2021.03.03-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс болох 9,000,000 төгрөгийг Х.Аын дансанд шилжүүлсэн байдаг боловч ажилд эгүүлэн авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, бид шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргасан, захирамж нь хараахан гараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байтал хариуцагч ТБ ХХК нь өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгч Х.Аыг албан тушаалд нь эргүүлэн томилоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийсэнгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.04.09-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах 2021.05.18-ны өдрийг хүртэл нийт 25 сарын хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Аийг ТБ-ныХан-Уул салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй үйл баримтын талаар маргахгүй, манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрт заасан 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ат 2021 оны 03 сард түүний дансаар шилжүүлсэн талаар маргахгүй. Гагцхүү Х.А нь өөр ажил эрхэлж байгаа, ажилдаа эргэн орох сонирхолгүй байгаа гэдэг шалтгаанаар цалин хөлсийг олгох боломжгүй, тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч ТБ ХХК-нд холбогдуулж 2019.04.09-ний өдрөөс 2021 оны 01 сар хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 63,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийАн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлс гаргуулах шаардлагаа тус шүүхийн шийдвэр гаргах хүртэл тооцон нэхэмжилнэ гэж тодруулсан болно.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Х.Аыг ажилд нь эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ний өдрийн 625 дугаар шийдвэрийг хариуцагч ТБ ХХК нь өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй, ажилд аваагүй, дэвтэрт бичилт хийгээгүй байгаа боловч 2021.03.03-ны өдөр цалин хөлс болох 9,000,000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтэд хариу өгөхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлж, хохироож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.04.09-ний өдрөөс эхлэн өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагч тал нэхэмжлэгч Х.Аыг ажилд нь эгүүлэн тогтоосон, хүчин төгөлдөр шийдвэртэй үйл баримтууд болон түүнд 9,000,000 төгрөгийн цалин хөлс олгосон талаар маргахгүй, гэхдээ нэхэмжлэгч Х.А нь өөр ажил хийж байгаа, ажилдаа эргэн орох сонирхолгүй байгаа учир ажилд нь авахгүй байгаа, тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ний өдрийн 625 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Аыг ТБ ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,000,000 төгрөгийг ТБ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгож, 2018.12.31-ний өдрөөс 2019.04.09-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ТБ ХХК-нд даалган шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.14-ний өдрийн 1096 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020.11.03-ны өдрийн 755 дугаар тогтоолоор хянагдаж, хүчин төгөлдөр болжээ.

          Өөрөөр хэлбэл дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Х.Аыг ажилд нь эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”,

69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно” гэж заасан.

 

          Хариуцагч ТБ ХХК нь нэхэмжлэгч Х.Аыг ажилд нь эгүүлэн тогтоосон дээр дурдсан шийдвэр, магадлал, тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар биелүүлж, нэхэмжлэгч Х.Аыг ажилд нь эгүүлэн авч, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй байна.

 

          Гэтэл хариуцагч ТБ ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Х.Аын гаргасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 2020.12.09-ний өдрийн хүсэлтэд хариу өгөөгүй байх боловч 2021.03.03-ны өдөр түүний цалин хөлс болох 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн, харин ажилд нь эгүүлэн авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх зэргээр шийдвэрийг бүхэлд нь биелүүлэхгүй байгаа шалтгааны улмаас нэхэмжлэгч Х.А нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2021.05.13-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.            

 

Тиймээс нэхэмжлэгч Х.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2019.04.09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч ТБ ХХК-иас шаардах эрхтэй.

Нөгөө талаар хариуцагч ТБ ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Х.Аыг Хан-Уул дүүрэг салбарын захирлын ажилд нь эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Х.А нь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.

 

Ийнхүү хариуцагч ТБ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйлдлийнхээ үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч Х.А өөр ажил эрхэлж байгаа, ажилдаа эргэн орох сонирхолгүй байгаа” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Харин дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгч Х.Аын 1 сарын дундаж цалин хөлсийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул шүүх түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн 1 сарын дундаж цалин хөлсийг 3,069,090 /2018 оны 12 сард 2,463,000 төг + 11 сард 3,060,000 төг + 10 сард 3,684,272 төг = 9,207,272 төг : 3/ төгрөг гэж тооцлоо.

 

Иймд нэхэмжлэгч Х.Аын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.04.09-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2021.05.18-ны өдрийг хүртэл 24 сар /3,069,090 төг * 24 сар = 73,658,160 төг/, 7 өдөр /3,069,090 төг : 21,5 хон = 142,748 төг * 7 өдөр = 999,236 төг/-ийн ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нийт олговорт 74,657,396 /73,658,160 төг + 999,236 төг/ төгрөгийг хариуцагч ТБ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгох нь зүйтэй.

 

Дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч Х.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-нд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2‑т заасантай нийцнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч талын тодруулсан шаардлагыг шүүх хуралдаан дээр танилцан, хугацаа авах шаардлагагүй, хуралдаан дээр тайлбараа хэлэх боломжтой гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 2021.01.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид 472,950 төгрөг, 2021.05.13-ны өдөр 206,950 төгрөг, нийт 679,900 төгрөгийг төлсөн байх тул уг 679,900 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ТБ ХХК-иас 74,657,396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Х.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-нд үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 679,900 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Аад олгож, хариуцагч ТБ ХХК-иас 531,237 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА