Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/01896

 

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр                    Дугаар 183/ШШ2021/01896                   Улаанбаатар хот

 

                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, өөрийн байранд байрлах,Г.Б ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, 000 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт Ж.З /РД:УЕ00000000/;

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, 000 дугаар байр, 00 тоотод оршин суух, Дамдин овогт Владимирын Өсөхбаяр /РД:СЩ00000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 107,704,484.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                                   

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Хариуцагч Ж.З, В.Өнар нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ0000000000дугаартай зээлийн гэрээ байгуулж, 102,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ0000000000 дугаарт ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр яармаг наадамчдын зам гудамж, 000 дугаар байр, 00 тоот, 78.95 м.кв улсын бүртгэлийн Ү-0000000000дугаар бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт нэгийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 687 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 93,156,132,51 төгрөг, зээлийн хүү 14,403,927,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,424,37 төгрөг, нийт 107,407,484,77 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1 дэхь хэсэгт заасны дагууГ.Б уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Ж.З В.Ө нараас 107,407,484,77 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 12,000,000 төгрөг төлсөн. Өөрөөр үүргийн зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна ...” гэв.

Хариуцагч бөгөөд хаиуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.З миний бие болон эхнэр В.Өнар ньГ.Б ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Бид Г.Б ХХК-иас лизингээр орон сууц худалдан авсан. Сүүлийн 2 жилийн Covid-19 цар тахлын цаг үеийн эрсдэлээс үүдэж сар бүр төлөх төлөлтөө төлөлгүй хугацаа хэтрүүлснээс үүдэж 26,000,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийн дүнгээр нэхэмжилсэн байна. Бид 26,000,000 төгрөгийг яаралтай төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээ татан авах боломжтой талаар уулзалт хийсэн болно. Бид орон сууцаа алдах эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа тул нэхэмжлэгчид төлөх ёстой сар бүрийн төлөлтийг хурдан хугацаанд төлж барагдуулахаар хичээн ажиллаж байгааг ойлгож хүлээн авна уу ...”  гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь 

    Хариуцагч Ж.З В.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,704,484.77 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-уул дүүргийн 4-р хороо, Яармаг Наадамчдын Зам гудамж 000 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Г.Б ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тусГ.Б ХХК-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.Б  ХХК болон хариуцагч Ж.З В.Өнар 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 102,000,000 төгрөгийг 180 сар буюу 15 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ж.З В.Ө нарын өмчлөлийн, улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000дугаартай,  Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж 000 байр, 00 тоот хаягт байршилтай, 78,95 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулжээ. /х.х-ийн 8-17 хуудас

   Талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нар   орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 451.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. /х.х-ийн 8-13 хуудас/

      Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ж.Зын зээлийн дансанд  2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэрээний зүйл болох  102,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар мөн тогтоогдож байна.  /х.х-ийн 23 хуудас/.

         Хариуцагч нар энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу Ж.З В.Өнар хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нар байна

   Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

       Хариуцагч нар 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээл эргэн төлөлтийн графикийг зөрчиж, үүргийн зөрчлөө арилгаагүй байна.

       Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 200.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэгт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заажээ. Нэхэмжлэгч Г.Б ХХК-иас гэрээний зөрчлийг арилгах мэдэгдлийг хариуцагч нарт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус мэдэгдсэн боловч хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хариуцагч нар гэрээний зөрчлөө арилгаагүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. /х.х-ийн 18-19 хуудас/

        Нэхэмжлэгч Г.Б ХХК шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн зөрчлөө арилгаж, зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх, эвлэрэх хугацаа олгох хүсэлт зохигчид гаргасныг шүүх хангаж, шүүх зохигчдын хүсэлтийг харгалзан, хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэсэн болно.        

      Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

     Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2016 оны 7 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбарыг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр барьцааны гэрээ байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй байна./х.х-ийн 14-17 хуудас/

        Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх хугацаанд нэхэмжлэгч банкинд 12,000,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул уг төлбөрийг хасаж үлдэх 95,704,484.77 /107,704,484.77-12,000,000/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

       Хариуцагч Ж.З хариуцагч В.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З-д 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар  хариуцагч нарын эзгүйд, зохигч талуудаас урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний тухай хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.З В.Ө нараас зээлийн гэрээний үүрэгт 95,704,484.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1,  дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Ж.З В.Ө нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-уул дүүргийн 4-р хороо, Яармаг Наадамчдын Зам гудамж 000 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай  үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 766,672.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.З В.Өнараас улсын тэмдэгтийн хураамжид 636,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчГ.Б ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                

                                       

                                       ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ