Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00268

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00268

 

                               

  Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01896 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн хариуцагч Ж.З, В.Өнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 107,704,484.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Золжаргалын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ж.З, В.Өнараас 107,407,484,77 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж.З, В.Өнар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 102,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлдэн авч, зээлийн барьцаанд ...3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхгүй 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүг 687 хоног хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 93,156,132,51 төгрөг, зээлийн хүү 14,403,927,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,424,37 төгрөг, нийт 107,407,484,77 төгрөг төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 12,000,000 төгрөг төлсөн гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Г Б ХХК-аас лизингээр орон сууц худалдаж авсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын цаг үеийн эрсдэлээс шалтгаалан зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж 26,000,000 төгрөг болсон. Орон сууцаа өгөх хүсэлгүй тул төлөх ёстой сар бүрийн төлөлтийг хурдан хугацаанд төлж барагдуулна гэжээ.

3. Шүүх: Иргэний тухай хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.З, В.Өнараас зээлийн гэрээний үүрэгт 95,704,484.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.З, В.Өнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ...  үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийн төлсөн 766,672.42 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.З, В.Өнараас улсын тэмдэгтийн хураамжид 636,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.Золжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Бодит байдалд хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гэрээний үүргээ боломжит байдлаар биелүүлсээр байсан. Ковид-19 цар тахлын улмаас 2020-2021 онд ихээхэн хүндрэлтэй цаг үеийг туулж байна. Монгол улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрээс улбаалж иргэд, аж ахуйн нэгжүүд олон хоног ажил хөдөлмөр бизнесийн  үйл ажиллагаагаа тасалдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдал нь хэнд ч ойлгомжтой, нийтэд илэрхий үйл баримт юм. Хариуцагч нар ковид цар тахлын үед зээлийн төлөлтийг боломжит байдлаар төлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад зээлийн төлөлтийг төлж байсан зэрэг нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэх шүүхийн дүгнэлттэй нийцэхгүй. Шүүх дээрх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үнэлж чадаагүй.

4.2 Шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцааны хөрөнгө нь хариуцагч нарын байнга амьдардаг орон сууц бөгөөд үүргийн гүйцэтгэлийг биелүүлсээр байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, хариуцагч нарын амьдралын баталгаа болсон орон сууцанд халдсан гэж үзэх үндэслэл болж байна.

4.3 Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг өнөөдрийг хүртэл төлсөөр байхад шүүх үүргийн гүйцэтгэлийг заавал албадан хангуулахаар шийдвэр гаргасан нь хүнлэг бус бөгөөд хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Гэрээний үүрэг зөрчигдөж, хугацаа хэтэрсэн үндэслэлээр гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар 2018 оны 3 дугаар сараас хойш зээл төлөлтийг удаа дараа хугацаа хэтрүүлж зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл үүсэж байсан. Цар тахлын үед банк нэмэгдүүлсэн хүү бодохгүй арга хэмжээ авч ажилласан. Хариуцагч нар зарагдах боломжгүй банкны эх үүсвэрийн зээлийг бага хувийн хүүтэй авсан ба банкнаас зээлийн хүүг нэмээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч “Голомт банк” нь зээлийн гэрээг цуцалж 107,407,484.77 төгрөг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.З, В.Өнар эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч тал 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс 102,000,000 төгрөг жилийн 8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд  ...3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

           Талуудын маргаанд хамаарах гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байх тул шүүх уг гэрээний үүргийн зөрчлийн талаарх зохигчийн шаардлага, татгалзлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой байна.

          4. Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд хариуцагч нь үндсэн зээл, хүүг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх боловч уг зөрчлийн улмаас нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцэхгүй байна. 

           Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүг 687 хоног хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 93,156,132.51 төгрөг, зээлийн хүү 14,403,927.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,424.37 төгрөг, нийт 107,407,484.77 төгрөг төлөөгүй” гэж тайлбарласан.

5. Зээлийн гэрээний нөхцөл, зээл буцаан төлөх хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн шаардлагаар гэрээг цуцлах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй талаар заасан.

          5а. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 24,936,721 төгрөг төлжээ. /хх 21,22/ Тэрээр хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан зээлийн хүү 14,403,927.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,424.37 төгрөгөөс  дийлэнх хэсгийг буюу 12,000,000 төгрөгийг төлсөн байна.

             Үндсэн зээлийн үлдэгдэлтэй холбогдох шаардлагын хувьд, 93,156,132,51 төгрөгийг 15 жилийн хугацаанд хуваарийн дагуу хүүгийн хамт төлөх үүрэгтэй, орон сууц барьцаалсан зээл байх тул гэрээний үүргийн зөрчлийг энэ дүнгээр тодорхойлж ноцтой зөрчилд хамааруулах боломжгүй байна.

5б. Мөн нэхэмжлэгч нь үүргийн зөрчил арилгахыг шаардсан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн баримтгүй байна.

            2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэлд зөрчлийг арилгасан байвал зохих хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэж бичсэн нь ойлгомжгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээргүй байна. Гэвч хариуцагч уг мэдэгдэх хуудсыг авснаас хойш хариуцагч үүргийн зөрчлийг зохих хэмжээнд буюу бүрэн арилгаагүй ч 12,000,000 төгрөгийг төлсөн байна.

             Үүний зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цаашид гэрээг цуцлах ноцтой зөрчил буюу гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзэв.

           6. Энэ магадлал нь хариуцагчийг гэрээний хуваарьт заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд үүргийн зөрчил цаашид арилахгүйн улмаас гэрээг цуцлах хуульд заасан нөхцөл бий болсон тохиолдолд нэхэмжлэгч тал дахин шүүхэд хандах эрхийг хөндөхгүй болно. 

         Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г Б ХХК-ийн хариуцагч Ж.З, В.Өнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 107,704,484.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,472 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                              А.МӨНХЗУЛ