Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02198

 

 

 

0001 оны 10 сарын 13 өдөр                          Дугаар 183/ШШ0001/00199                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, 00-00 тоотод оршин суух, Х овогт Г.Д /РД:УУ00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Мишээл экспо барилгын их дэлгүүрийн 0 давхар, 00 тоот хаягт байрлах, К.Э.Б.С ХХК /РД:0000000/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                                                      

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие “Констракшн энд буйлдинг суплайс” ХХК-нд 0017.04.03-ны өдөр Худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтээ компанийн захиралд илэрхийлсний дагуу компанийн санхүүжилтээр 0019.04.08-нд 10 хоног, 0019.11.18-аас 10 хоног тус тус сургалтанд хамрагдаж, барилгын төсөвчний гэрчилгээ авсан. 0019.04.08-нд  4 сартай жирэмсэн байсан ба 0019.08.06-ны өдөр жирэмсний амралтаа авч, 0019.09.07-ны өдөр төрсөн. Барилгын төсөвчний сургалтанд суусан тул компани барилгын төсөвчнөөр ажиллах шаардлага тавьж байсан боловч надтай уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, жирэмсний амралт авах хүртэл хөдөлмөрийн гэрээнд заасан  худалдааны зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Компанийн зүгээс барилгын төсөвчний ажлыг гүйцэтгэх, эсвэл худалдааны зөвлөхийн ажлаас  чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан. Би арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 0019.11.01-ний өдөр  фэйсбүүк чатаар захирал  руу хүсэлтээ явуулсан. Шинэ ажилд томилсон тушаалыг гаргаад надад мэдэгдэнэ гэсэн үүнээс хойш санхүүгийн ажилтантай 0019.10.06-ны өдөр  цалинтай ээж тэтгэлэгт хамрагдах зорилгоор хүүхэд асрах чөлөөний маягтыг авахаар холбогдоход ажлаас халагдсан тушаал гарсныг мэдэгдсэн.  Миний бие 0000.01.01-ний өдрөөс хойш ажилдаа орохоор төлөвлөсөн байсан тул уг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй, нялх хүүхэдтэй байсан тул ажлаас халсан тушаалыг садангийн ахаар 0000.00.00-ны өдөр авхуулсан. Ажлаас халсан тушаал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул ажилд буцаан томилж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь 0017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00/00 дугаартай тушаапаар тус компанид худалдааны зөвлөхөөр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа компанийн зардлаар барилгын төсөвчний сургалтад суусны дагуу компанийн захирлын 0018.03.06-ны өдрийн 00/00 дугаартай тушаалаар барилгын төсөвчний албан тушаалд Г.Дг томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 0019.08.06-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. 0019 оны 10 сараас ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Компанийн удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгосон боловч 0019 оны 11 сарын 01-нд тус компанийн захирлын утсаар холбогдон, өөрийн мэргэжлийн дагуу барилгын менежментийн чиглэлээр хотын төвд  ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүсэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж явуулсан. Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй ирүүлснээс хойш 1 сарын дараа буюу 0019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн захирлын 00/00 дугаартай тушаалаар Г.Дг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн зүгээс дахин өөр ажилд томилох талаар санал болгосон, хуурч мэхэлсэн дарамталсан зүйл байхгүй. Г.Дгийн өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь

 Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч К.Э.Б.СХХК-нд холбогдуулан  худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 0000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах  өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ

  Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл,нэхэмжлэгчийн тайлбар,  хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хавтаст хэргийн 49 дүгээрт хуудаст авагдсан хүсэлт нь хөдөлмөрийн гэрээ цуцлах зорилгоор явуулаагүй, өөр ажилд шилжих зорилгоор ажил олгогчийн шаардаж, дарамталсны дагуу ажлаас өөрийн хүсэлтээр гарах агуулга бүхий хүсэлтийг ажил олгогчид бичиж өгсөн. Уг хүсэлтийг явуулахдаа 0 ширхэг хүсэлтийг ажил олгогчид илгээсэн. Нөгөө хүсэлт нь шилжүүлэн ажиллуулах хүсэлт байсан бөгөөд уг мэйлээ нэхэмжлэгч устгасан болохоор шүүхэд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийлгүүлэх боломжгүй, мөн бичгийн 0 ширхэг хүсэлт бас алга болсон байна. Ажил олгогчийн ийм агуулгатай хүсэлт явуулахыг дарамталсан тул уг хүсэлтийг явуулсан. 0019 оны 11, 10 сард хүүхэд нь хатгалгаа авсан, 0000 оны 00 дугаар сарын 00-нд хүүхэд өвчтэй байсан тул тушаалыг гардаж авч чадаагүй. Өөр ажилд шилжүүлэн томилуулан гээд өмнөх ажлаасаа гарах хүсэлтээ явуул гэсний дагуу явуулсан гэтэл хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас халсан. 0000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орохоор төлөвлөсөн тул Үндсэн хуульд заасан хөдөлмөр эрхээ энэ хугацаанаас эхэлсэн гэж тооцож, ажилгүй байсан хугацааны олговрыг 0000.01.01-ээс эхэлж тооцсон. Ажлаас халсан тушаалыг ажил олгогч гардуулж өгөх үүрэгтэй тул тушаалыг хүлээж авч, шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна...” гэж тайлбарлаж байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч барилгын төсөвчний сургалтад суугаагүй, гэрчилгээ аваагүй байсан тул барилгын төсөвчний ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж албажуулаагүй. 0000 оны 1 дүгээр сарын 01-ээс ажилдаа орох хүсэлтээ ажил олгогчид нэхэмжлэгч гаргаагүй, ирүүлээгүй. Ажил олгогчид нэхэмжлэгчээс  ирүүлсэн хүсэлт  нь хавтас хэргийн 49 дүгээр хуудаст авагдсан, уг хүсэлтийг  нэхэмжлэгч ажил олгогчид илгээсэн талаар өмнөх шүүх хуралдаанд өөрөө тайлбараараа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Нэхэмжлэгчийн явуулсан мэйл устсан тул үзлэг хийлгэх боломжгүй. Ажил олгогч нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Г.Д К.Э.Б.СХХК-нд худалдааны зөвлөхөөр, нэг сарын 800,000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, нэг жилийн хугацаатай ажиллахаар 0017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 17/03 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 01 дүгээр зүйлийн 01.1, 03 дугаар зүйлийн 03.1, 04 дүгээр зүйлийн 04.1-д заасантай нийцжээ. /хх 35-41/

Энэхү хөдөлмөрийн гэрээнд 0017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад  “Г овогтой Д нэг сарын цалинг 0017.04.06-аас 1,000,000 төгрөг болгон өсгөв”, 0018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Сарын үндсэн цалин 1,400,000 төгрөг болгон тооцохыг 0018.03.06-аас хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгав”,  0019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад  “нэг сарын үндсэн цалин 1,650,000 төгрөг болгон өсгөв” гэж тус тус нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан ажилтан, ажил олгогч нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх 43-44

  Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч  Г.Д К.Э.Б.СХХК-нд худалдааны зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэж байх ба ажил олгогч ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр цалин хөлс нэмэгдсэн болон хөдөлмөрийн гэрээ сунгасан өөрчлөлтийг харилцан тохиролцож баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч Г.Дгийн жирэмсний болон амаржсаны амралт авах хүртэл худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан гэх  тайлбар тогтоогдож байна.

    Хариуцагч буюу ажил олгогч Г.Дг барилгын төсөвчний албан тушаалд 0018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр томилсон 00/00 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалд бичилт хийсэн боловч уг тушаалын дагуу талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 04.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.0-д заасан нөхцөлүүд тогтоогдохгүй байх тул барилгын төсөвчний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна

     Ажил олгогч К.Э.Б.С ХХК-ийн захирлын 0019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  00/00 дугаартай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дүгээр зүйл, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн ажилтан Г.Дтай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 18 дугаар хуудас/

     Нэхэмжлэгч тал “ өөр ажилд шилжих зорилгоор ажил олгогчийн шаардсаны дагуу ажлаас өөрийн хүсэлтээр гарах агуулга бүхий хүсэлтийг бичиж өгсөн. Бичиж өгөхийг ажил олгогч дарамталсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба энэ нь талуудын маргааны зүйл болжээ.

    Энэ тохиолдолд хариуцагч байгууллагаас хүч хэрэглэсэн, хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдлээр дарамт, шахалт үзүүлэн хүсэл зоригийн илэрхийлэлд нөлөөлж ажлаас чөлөөлөх хүсэлт бичүүлсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт нэхэмжлэгчийн тайлбараас өөр дээрх үйл баримтын талаар нотолсон баримт авагдаагүй байна.

       Нэхэмжлэгч Г.Д нь “ ... Миний бие Г овогтой Д нь 0017 оны 4 дүгээр сарын 03-нд тус байгууллагад борлуулалтын менежерээр ажилд орсон ба өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү. Хүсэлт гаргасан Г.Д, 0019 оны 11 сарын 01 өдөр” гэх хүсэлтийн Зургийн нь дараад фэйсбүүкийн чатаар захиралдаа илгээсэн гэж 0000 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /х.х-ийн 59 хуудасны ар тал /

          Нэхэмжлэгч Г.Д-гийн ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч К.Э.Б.С ХХК хүлээн авч, улмаар тушаал гаргаснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасанд нийцнэ

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, .... эрхийг шүүх эдлэх ... гэж заасны дагуу хавтаст хэргийн 49 дүгээр хуудаст авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авахаар нэхэмжлэгч, хариуцагч нараас уг хүсэлт бичгээрээ байгаа эсэх, нэхэмжлэгч, хариуцагчид  цахим захиа хадгалагдаж байгаа эсэх, хүсэлт бичгээр хадгалагдаж байгаа эсэхийг тодруулахад аль аль нь байхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тул шүүх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч уг хүсэлтийг ажил олгогчид илгээсэн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар шүүх үнэлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөр өгөх үүрэгтэй тул 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр авсан өдрөөс  шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  109 дүгээр зүйлийн 109.0-т заасантай нийцэж байна.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Эхэд жирэмсний болон амаржсаны 100 хоногийн амралт олгоно”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно...” гэж заасан нь ажил олгогч эхийг төрөхөөс өмнөх буюу жирэмсний 00 хоног, төрсний дараах буюу амаржсаны дараах 00 хоног нийт 100 хоногийг амралтыг ажил олгогч шууд олгоно, харин эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгохоор хуульчилжээ. Нэхэмжлэгч 0019 оны 9 сарын 07-ны өдөр төрсөн тул амаржсаны дараах амралт хуульд зааснаар 0000 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан бөгөөд цаашид хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг ажил олгогчид нэхэмжлэгч гаргаагүй, 0000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  ажлаас гарах хүсэлтээ ажил олгогчид цахим шуудангаар илгээсэн байна.

    Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн санаачилгаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдож байна. Хариуцагч  К.Э.Б.СХХК-ийн захирлын 0019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00/00 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 заасныг зөрчөөгүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Шүүх хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн 0001 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ0001/00563 дугаар тогтоолд “Компанийн зүгээс барилгын төсөвчний ажил гүйцэтгэх, эсвэл худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг чатаар явуулсан, ... өөр ажил өгнө ... гэсэн атлаа ажлаас чөлөөлсөн ... хүүхэд асрах чөлөө авах гэж байсан ...” гэх үйл баримт, ... ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дэмжих эсэх, тушаалыг хүчингүй болгуулахдаа ажилд орохыг хүссэн эсвэл хууль бус актыг хүчингүй болгох зорилготой эсэхийг шүүх тодруулах...” гэж заасны дагуу асуулт хариултын шатанд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахаар асуусан боловч тайлбар өгөхөөс татгалзсан тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.0.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн  108 дугаар зүйлийн 108.1.0, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан К.Э.Б.С ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 0000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах  өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай

0. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.0-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.0-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ