Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00260

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00260

 

Х т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02198 дугаар шийдвэртэй

Х т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Бд холбогдох

30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оргилын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани иргэн Д.Бтэй 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Занд байрлалтай нийтийн эзэмшлийн зам талбайд шороон замын ажил гүйцэтгүүлэх 823.48 м замын далан байгуулахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Бд Ундрах гэдэг хүний Хаан банкны 00000000000 тоот дансаар дамжуулан олгосон. Иргэн Д.Б нь гэрээт ажлыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч шороон замын ажил гүйцэтгэж байсан нийтийн эзэмшлийн зам талбайтай холбоотой маргаан гарч, гэнэтийн тааварлашгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээт хугацаанд замын ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, ажил тодорхой хугацаагаар хойшлогдсон. Гэрээний 1.4-т тодорхой нөхцөл шалтгааны улмаас ажлын гүйцэтгэл саатсан тохиолдолд гэрээнд заасан хугацаагаар ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулж болохоор заасан. Манай компанийн зүгээс ажлыг эхлүүлэх боломж нөхцөлийг тасралтгүй эрэлхийлж 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэгчийг ажиллах нөхцлөөр хангасан боловч гүйцэтгэгч шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөө 10:00 цагт ажил эхлүүлэхээр тохиролцсон байсан боловч орой 19 цагийн үед ирж товлосон цагт ирж ажил үүргээ гүйцэтгээгүй, мөн удаа дараа өөр ажилтай байна гэдэг шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаар ирсэн. Тухайн өдрүүдэд гүйцэтгэгчийг ажил үүргээ гүйцэтгэх нөхцлөөр хангахын тулд манай компанийн зүгээс 10,000,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгөөс 18,500,000 төгрөгийг хүлээлгийн төлбөрт тооцож суутгасан тул эргүүлэн төлөх боломжгүй гэж бидэнд мэдэгдсэн. Түүнчлэн гүйцэтгэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг өөрчлөн байгуулах боломжийг бидэнд гарган өгөөгүй гэж үзэж байна. Гүйцэтгэгчийн хувьд ямар нэг ажил хийж гүйцэтгээгүй, захиалагчийн хувьд гүйцэтгэгч талаас ямар нэг ажлын үр дүн хүлээн аваагүй байх тул гэрээний дагуу гүйцэтгэгчид хөлс төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн гэрээнд хүлээлгийн хөлстэй холбоотой ямар нэг зохицуулалт байхгүй тул гүйцэтгэгч ийнхүү хүлээлгийн хөлс нэхэмжлэх эрхгүй байна. Иймд манай компани цаашид иргэн Д.Бтэй гэрээний дагуу ажиллах боломжгүй болсон тул гэрээг цуцалж, "Ажил гүйцэтгэх гэрээ -ний урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөг, ажиллах нөхцлөөр хангахад гаргасан хамгаалалтын нэмэлт зардал 10,000, 000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн Б-ийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь гэрээнд заагдсан үүргээ манай талаас биелүүлэхээр удаа дараа өндөр зардал гарган ажлын талбай дээр техник, ажилчдын хамтаар очсон боловч захиалагч талын зүгээс ажил хэвийн явуулах нөхцөл бүрдүүлээгүй, зөвшөөрөл аваагүй зэрэг асуудалтай байснаас үүдэн ажлаа явуулж чадаагүй. Миний зүгээс захиалагч талын хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан зардал нь урьдчилгаа төлбөртэй тэнцэх хэмжээтэй болчихоод байгааг удаа дараа тайлагнаж байсан. Анхандаа захиалагч талын захирал Оргил нь санхүүгийн нэмэлт зардлууд гараад байгааг ойлгож байна, хүйтрэхээс өмнө бид асуудлаа шийдээд хоёулаа ярьсан ажлаа дуусгацгаая, гарсан нэмэлт зардлыг гэрээний үлдэгдэл төлбөр дээр нэмээд төлнө гэж байснаа одоо ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаад, цаашлаад өөрсдийн хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан хамгаалалтын зардлыг нэмж нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дугээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бэс 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 192,756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэнгийн давж заалдах гомдлын агуулга: ...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...захиалагч тал ажил хийх нөхцөл бүрдүүлээгүй болох нь гэрч Ц.Цын мэдүүлгээр тогтоогдож байна. Учир нь Ц.Ц ажлын талбайд машин техникийг оруулсан, хүмүүс ганц нэг чулуу шидэж байсан нь үнэн гэхдээ ажлаа хийх боломжтой байсан гэх тайлбараас дүгнэвэл оршин суугчдын эсэргүүцэл намжаагүй, ажил хийхээр ажлын талбайд ороход оршин суугчид чулуу шидсээр байгаа нь мөн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Тиймээс хариуцагч Д.Б өөрсдийнхөө аюулгүй байдал, машин техникээ гэмтээхгүйн тулд ажлын талбайгаас гарсан гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй гэж хэргийн бодит нөхцөл байдлыг шүүх буруу дүгнэсэн. Гэтэл оршин суугчид чулуу шидэж, техникүүдийг оруулахгүй байсан гэх цаг хугацаа нь 2020.07.01-2020.07.02-ны өдрүүдэд болсон үйл явдал бөгөөд энэ талаар талууд огт маргаагүй, харин үүнээс хойш талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг ажил хийх нөхцөл бүрдэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан байдаг. Дээрх хугацаанд хариуцагчийн зүгээс гүйцэтгэгч талыг ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхээр хичээж ажилласны үр дүнд 2020 оны 08 дугаар сард ажил хийх нөхцөл бүрдсэн. Ингээд захиалагч талын зүгээс 2020.08.21-ны өдөр 2020.08.23-ны өдрүүдэд гүйцэтгэгч талыг ажлаа хийх нөхцөл боломжоор хангаж /хамгаалалтын алба хөлсөлсөн/ өгсөн боловч гүйцэтгэгч тал ажлаа хийгээгүй, товлосон хугацаандаа ирээгүй түүнээс хойш удаа дараа шаардахад өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй болох нь гэрч Ц.Цын мэдүүлгээр тогтоогддог. Талууд 2020 оны 07 дугаар сард жил хийх нөхцөл бүрдээгүй, энэ хугацаанд ямар ч ажил хийгдээгүй талаар маргаагүй, энэ үндэслэлээр гэрээг цуцлаагүй, харин зөвхөн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажиллах нөхцлөөр хангасан боловч гүйцэтгэгч ажлаа хийж гүйцэтгээгүй асуудлаар маргасан бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэгч талыг ажлын талбайд ирсэн эсэх, ирэхдээ хэдэн техниктэй, хэрхэн яаж ирсэн талаар гэрчүүд илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл шүүх ямар үндэслэлээр зөвхөн хариуцагч талын найз нөхөд болох гэрч С нарын мэдүүлгийг үнэн, зөв гэж үнэлсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн. Шүүх нэхэмжлэгч тал гэрээ цуцалснаас хариуцагчид учирсан 19,600,000 төгрөгийн хохирлыг төлөх үүрэгтэй мэтээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагч талын зүгээс 19,600,000 төгрөгийн хохирол учирсан талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй, Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэтэл шүүх хариуцагч талын нэхэмжлээгүй, маргаагүй, талуудын хооронд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, ...нэхэмжлэгч тал хариуцагчид 19,600,000 төгрөгийн хохирол төлөх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийг хариуцагч төлөх үүрэггүй гэх агуулгаар Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан үүргийг харилцан тооцож дуусгавар болгох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч нь үүргээ зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Харин гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн буруу учир хариуцагчаас хохирол шаардах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх ба гэрээг цуцалсан асуудалд нэхэмжлэгч тал гэм буруугүй гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, урьдчилгаанд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан шаардсан атал шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэгч тал хохирол шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал хариуцагчийг эхний 2 өдөр ажил хийхээр очиход оршин суугчид хаалт бариад, чулуу шидэж, урд нь автомашин зогсоож оруулаагүй болохыг хүлээн зөвшөөрдөг. 8 дугаар сард очиход мөн энэ үйл явдал давтагдсан ба хариуцагч үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад шалгуулсан. Тодруулбал, хааж тавьсан автомашиныг том машинаар чирч холдуулсны улмаас бусдын өмчид халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулсан. Хэрэгт авагдсан сиди-нд тухайн үйл явдал баримтын талаар бичигдсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжгүй байсныг шүүхээс зөв дүгнэсэн. Гэрч Ц.Ц нь захиалагч компанийн ажилтан бөгөөд тэрээр 08 дугаар сарын 03, 04-ний өдөр трэйлер автомашин дээр экскаватор ачаад очсон гэж байгаа боловч Зайсангийн эцсийн автобусны буудлын нарийн гудамжинд том автомашин орж чаддаггүй учраас цуваад наад талын гудамжинд зогсож байсныг харснаа мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэгч талыг хэвийн ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаагүй гэж үзээд хариуцагч талын зардлыг нарийн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Х травел ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Бд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Х т ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, нэмэлт зардалд 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хаус Вилла хотхоны 823,48 м замын далан байгуулах ажлыг хийхээр тохиролцсон байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид гэрээ хэрэгжихгүй болсон нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч Х т ХХК нь ...гэрээнд заасан хугацаанд ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ч захиалагч тал ажил гүйцэтгэгчийг 2020 оны 08 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд ажиллах нөхцлөөр хангасан боловч хариуцагч шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа өгсөн боловч ажил үүргийг хийж гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг, нэмэлт зардал 10,000,000 төгрөгийн хамт гаргуулна гэж,

хариуцагч Д.Б ...манай байгууллага 2020 оны 07 дугаар сарын 01, 03, 08 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд техникүүдээ ажлын талбайд авч очсон, эхний өдөр очиход оршин суугчид замыг машинаараа хаасан байсан бөгөөд бидэн руу болон техник руу чулуу шидсэн, ажил хийх боломжгүй, ажиллах нөхцлөөр хангаагүй гэсэн зөрүүтэй тайлбарыг тус тус гарган маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Я.М, Г.С, Ц.Ц нарыг асуусан байгаа боловч гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй байна.

Гэрч Я.М ....Ажлын талбай дээр 07 дугаар сарын 01-ний өдөр юм уу 02-ны өдөр очсон нийт 4 удаа очсон. Ажлын хөлсөнд Д.Бэс 3,200,000 төгрөг авсан. 1 экскаватор, 1 ковш, 1 чиргүүлтэй машин, 4-5 сонсмол байсан. 2 удаа ажлын талбай руу нэвтэрч орсон боловч хүмүүс машин тэрэг оруулаагүй машин тэрэг рүү чулуу шидээд эвдэх гээд байсан тул 2 техникээ хол тавьсан. Би очоод ажил хийгээгүй, хийх боломж байгаагүй. Д.Бтэй 2020 оны 07 дугаар сард гэрээ байгуулсан байх сайн санахгүй байна гэж, /хх.127-130/

Гэрч Н.С ....1 хова машинаар өдрийн 600,000 төгрөгийн ажил гүйцэтгэдэг. Эхний удаа 6, дараагийн удаа 8, тэрний дараа мөн 8, хамгийн сүүлд 6 ховатай очсон. Нийт 4 удаа очсон. 2 нь миний хова, бусад нь хамт ажил гүйцэтгэдэг хүмүүсийнх байсан. 2 ховатай ороход доор нь зам хаагаад нэг харейр машин тавьсан байсан. Тэгсэн хамгаалалтын албаныхан тэр машиныг өргөөд замын хажууд тавьсан. Тэгээд бид нарыг шууд ор гэсэн. Тэгсэн чинь хүмүүс өөдөөс чулуу шидээд буцаж гарсан. Он, сарыг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан хоёр удаа 07 дугаар сарын эхээр, хоёр удаа 08 дугаар сарын сүүлээр очсон гэж,

Гэрч Ц.Ц ...Эхлээд машин техникүүдийг оруулсан юм. Тэгсэн чинь эд нар чулуу шидээд байна гээд ажлаа хийхгүй өөрсдөө гараад явцгаасан. Тэгээд дараа өдөр нь өдрийн цагаар оруулахад бэлэн болчихсон байхад алга болж байгаад бүүр шөнө 22 цагийн үед ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд та нар ажлын цагаар энэ ажлаа хий гээд дахиад тараачихсан. Ажлын талбай дээр хамгаалалтын ажил хийх гэж 10 гаран удаа ирсэн. Ажил хийх боломжтой байсан. Ажил гүйцэтгэгч компанийг 2 удаа ажил хийх нөхцлөөр хангасан, илүү ч байж магадгүй нарийн сайн санахгүй байна гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, маргааны үйл баримтыг тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Тухайлбал, талбайд хэдэн хэдний өдөр хэдэн техниктэй болон хүн хүчтэй очсон, ямар шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй, нөхцөл байдлыг нарийвчлан тодруулж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

5. Түүнчлэн хариуцагч хэдний өдрүүдэд ажлын талбайд ямар техник, хүн хүчтэй байсан, ямар хэмжээний зардал гаргасан талаар үндсэн нэхэмжлэлтэй тооцуулах талаар шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцагчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Анхан шатны маргааны үйл баримтыг талуудаас нарийвчлан тодруулж, гэрээний дагуу ямар ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан, ямар техник ашиглагдах байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гүйцэтгэгч талыг ажлын талбайд ирсэн эсэх, хэдэн техниктэй хэрхэн ирсэн талаар гэрчүүд илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад хариуцагч талын найз нөхдийн мэдүүлгийг үнэлж, зөв гэж үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжтой байна.

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, маргааны үйл баримтад дүгнэлт хийх, дээрх ажиллагааг нөхөн гүйцээж, хэргийн баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО