Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2021/01829

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         08          12                                        182/ШШ2021/01829

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.О-д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,743,057 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Ч, иргэдийн төлөөлөгч Ж.Н, гэрч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гнь Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолоочоор ажилладаг. Тэрээр 2020.04.20-ны өдөр хамт ажилладаг залуустай хариуцагч Н.Оын гэрт очиж архи ууж, нэхэмжлэгчийн хувьд архи их уудаггүй тул согтоод унтсан байдаг. Гэтэл хариуцагч Н.О нэхэмжлэгч Г.Г-гунтаж байхад нь олон удаагийн үйлдлээр зодож, хөлийг нь хугалж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, эрүүгийн журмаар ял шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Н.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, цалин хөлс, өмгөөллийн зардлыг Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Энэ шийтгэх тогтоолд зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байгаа. Харин хариуцагч Н.О нь эрүүгийн хэргийн явцад 1,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн.

Энэ байдлаас шалтгаалж нэхэмжлэгч Г.Гнь 2020 оны 05, 06, 07 сард ажиллаагүй, хөдөлмөрийн чадвараа түр алдаж, цалин хөлсөө бүтэн авах боломжгүй болсон боловч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид нийт 1,797,474 төгрөгийг авсан, энийг байгууллагаас нь бодож өгсөн цалингийн тооцооноос харж болно. Хариуцагч Н.О нь нэхэмжлэгч Г.Ганхөлөгөөс уучлалт гуйгаагүй, ирж уулзаагүй, ерөнхийдөө холбоогүй болсон. Эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгч Г.Г хөл дээрээ босож явах боломжгүй байсан учир өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарсан. Ингээд өмгөөлөгч авч, хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн байдаг.  Хариуцагчийн гэм буруу нэгэнт тогтоогдсон байгаа, энэ талаар маргахгүй байна. Тиймээс хариуцагч Н.Ооос 2020 оны 05, 06, 07 сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд нийтдээ 3,648,075 төгрөг /2020 оны 02, 03, 04 сарын цалингийн дундаж 1,216,025*3сар/, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өвчин намдаах эм худалдан авсан 95,000 төгрөг, нийт 5,743,057 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эрүүгийн хэргийн талаар болоод гэм буруугийн талаар маргахгүй, шийтгэх тогтоол нэгэнт хүчин төгөлдөр болсон. Харин нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, тооцоолол дээр маргаантай. Бид цалин хөлсний зөрүүг төлөх боломжтой, энэхүү зөрүүг тооцвол 236,807 төгрөг болж байна. Учир нь Иргэний хуулийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг шаардах эрхтэй. 2020 оны 05, 06, 07 сард хөдөлмөрийн чадвараа бүтэн алдсан гэж нэхэмжлэгч 3 сарын цалингаа бүтэн нэхээд байгаа нь ойлгомжгүй. Бид сүүлд байгууллагаас нь цалингийн тооцооллыг дахин гаргуулсан. Тэр баримтаас үзвэл 2020 оны 07 сарын ээлжийн амралт авсан гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл 7 сарын эхний 10 хоногт хөдөлмөрийн чадвараа алдсан, харин дараагийн 10 хоногт ээлжийн амралт нь эхэлсэн гэж үзэхээр байгаа. Тэгэхлээр нэхэмжлэгч Г.Г-нхөдөлмөрийн чадвараа алдсан хоног нь 2 сар, 10 хоног гэж ойлгогдож байна. Дундаж цалин хөлсийг тооцохдоо бохир дүнгээс бус харин яг гарт олгох дүнгээс тооцно гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн 1,797,474 төгрөгийг хасах ёстой. Ингээд зөрүүг 236,807 төгрөг гэж бид тооцож байна. Энэ мөнгийг төлнө.

Харин өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, өвчин намдаах эмний 95,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Г.Гнь тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон, заавал өмгөөлөгч авах, тэр тусмаа 2.000.000 төгрөгийн хөлс төлөх шаардлагагүй байсан. Яагаад гэвэл хариуцагч Н.О эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны бүх үе шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэг болон хохирол учруулсан зэрэгтэйгээ маргаагүй байхад өмгөөлөгч авах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хохирогчийн эрхийг зөрчигдөхөөс хяналтын прокурор, улсын яллагч С.Энхтуул хамгаалж, учирсан хохирлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргаж байсан байдаг. Тиймээс Г.Г-г2.000.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан нь түүний өөрийнх нь сайн дурын сонголт байсан, ИХ-ийн 505.1-д заасан зайлшгүй зардал биш байна. Түүнчлэн бид эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 748.185 төгрөг төлөх байсан боловч 1.000.000 төгрөгийг төлсөн. Нэг ёсны цаашид гарч болох эм тариа, эмчилгээний зардалд урьдчилан тооцоолж 251.815 төгрөгийг илүү төлсөн гэж ойлгож байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ж.Нг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талууд хоорондоо харилцан тохиролцож хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Н.Оод холбогдуулж 2020 оны 05, 06, 07 сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс болох 3,648,075 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөг, өвчин намдаах эм худалдан авсан 95,000 төгрөг, нийт 5,743,057 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Н.О нь Н.Г-гзодож, хөлийг нь хугалж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас  нэхэмжлэгч Г.Гнь 3 сар ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдсан, хөл дээрээ босож явж чадахгүйгээс болж өмгөөлөгч авч эрх, ашгаа хамгаалуулах шаардлагатай болсон, мөн эмчилгээ хийлгэх, эм тариа худалдан авах зэргээр хохирсон тул авч чадаагүй цалин, өмгөөллийн хөлс, эмний мөнгийг нэхэмжлэх эрхтэй, энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой гэж тайлбарлав.

 

          Хариуцагч тал бид нэхэмжлэгч Г.Г-г зодож, биед нь хүндэвтэр гэмтэл чруулсан гэм буруутай үйлдлийнхээ талаар маргаагүй, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 236,807 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа, харин өмгөөллийн хөлс, өвчин намдаах эмний мөнгийг төлөх үндэслэлгүй, учир нь хариуцагч Н.О эрүүгийн хэргийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр байхад нэхэмжлэгч өмгөөлөгч авах шаардлагагүй байсан, өөрийн эрхээ хэрэгжүүлсэн явдал нь зайлшгүй зардалд хамаарахгүй, мөн эмчилгээний зардалд 748,185 төгрөг төлөх байсан боловч 1,000,000 төгрөгийг төлж, цаашид гарч болох эм тариа, эмчилгээний зардалд урьдчилан 251,815 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна гэж мэтгэлцсэн.

 

          Харин иргэдийн төлөөлөгч нь “...нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой...” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх энэ эрхийн талаар зохигчдод тайлбарласан, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан 1,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй, зохигчид хоорондоо эвлэрч хэлэлцээгүй болно.

 

             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Н.О нь 2020.04.20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Баруун тасганы **тоотод худлаа баашиллаа гэх шалтгаанаар Н.Г-н баруун хөл рүү өшиглөж, улмаар хохирогчийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, мултрал, баруун шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн ташуу талд хугарал, баруун тохойд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг тогтоож, хариуцагч Н.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ...Г.Гнь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрлөж чадаагүй хугацааны цалин хөлс, цалингийн зөрүү, өмгөөлөгчийн зардал зэргийг жич нэхэмжлэх эрхтэй”-г дурдан шийдвэрлэжээ.

 

          Мөн энэхүү шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Н.О нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,000,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн” талаар дүгнэсэн байх бөгөөд зохигчдын хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

          Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолд нэгэнт дүгнэгдсэн, хариуцагч Н.Оын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Г-нэрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хариуцагч Н.О нь хохирол төлсөн үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

 

          Нэхэмжлэгч Г.Гнь Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолоочоор ажилладаг байх бөгөөд түүний үндсэн цалин 587,385 төгрөг дээр бусад нэмэгдэл тооцогдож, 2020 оны 04 сард 1,280,476 төгрөг, 03 сард 1,297,277 төгрөг, 02 сард 1,070,332 төгрөг, нийт 3,648,085 төгрөг, 1 сард 1,216,028 төгрөг /3,648,085 төг : 3 сар/ - ийн дундаж цалин хөлсийг авч байсан, тэрээр дурдсан гэмт хэргийн улмаас ажиллах боломжгүй болж 2020.04.20-ны өдрөөс 2020.07.19-ний өдрийг хүртэл 2 сар, 10 хоног акттай, цалин хөлсөө бүрэн авч чадаагүй байх боловч мөн хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид 1,797,474 төгрөг авсан байна.

 

          Мөн нэхэмжлэгч Г.Гнь 2020.05.11-ний өдөр өмгөөлөгчөөр Д.Тамирыг сонгож, түүнтэй эрх туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмгөөллийн хөлсөнд 2020.05.12-ны өдөр “Г.Г-нөмгөөллийн хөлс” гэсэн агуулгаар 2,000,000 төгрөгийг түүний эгч Г.Эрдэнэцэцэг төлсөн, ийнхүү өмгөөлөгч Д.Тамир нь нэхэмжлэгч Г.Г-нэрх ашгийг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэх 2020.06.02-ны өдрийн шүүх хуралдаанд түүнийг төлөөлж оролцжээ.

 

          Түүнчлэн нэхэмжлэгч Г.Гнь 2020.06.02-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш буюу 2020.06.15-ны өдөр Рефлекс /Reflex/ нэртэй мэдрэлийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч 55,000 төгрөг төлсөн байна.

         

          Энэхүү үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, нэхэмжлэгч Г.Г-ннийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний 2020.04.20-ны өдрөөс 2020.07.20-ны өдрийг хүртэлх цалингийн тооцоо, Рефлекс /Reflex/ эмнэлгийн мэдрэл-булчингийн цахилгаан шинжилгээний баримт, кассын орлогын баримт, 2020.05.11-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХААН банкны 2020.05.12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, нэхэмжлэгч Г.Г-н2020 оны цалингийн карт,

          гэрч Г.Э-н“...миний дүү байнга эмнэлэгт очиж, хөлдөө боолт хийлгүүлдэг, хөл нь байнга хавдартай, өвчтэй, өөрөө явах чадвар байгаагүй, хэрэг явдал болсноос хойш Н.О нэг ч удаа дүү дээр маань ирээгүй, уучлаарай гэх үгийг ч хэлээгүй, тийм учраас эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон.        

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх, мөн гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Г.Г-тИргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,

 

497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,

 

510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Оын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Г-нэрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч, тэрээр өмгөөлөгч авсан, эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч, өөрөөсөө 2,055,000 төгрөг /2,000,000+55,000/-ийн бодит, эд хөрөнгийн зардал гаргасан, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас 2 сар, 10 хоногийн цалин хөлсний зөрүүд 1,200,172 төгрөг /дээр нэгэнт дүгнэсэн, 1 сарын дундаж цалин хөлс болох 1,216,028 төг * 2 сар = 2,432,056 төг. 1,216,028 төг : 21,5 өд = 56,559 төг * 10 хон = 565,590 төг. Нийт 2,432,056 төг + 565,590 төг = 2,997,646 төг. Энэхүү 2,997,646 төгрөгөөс тэтгэмжид авсан 1,797,474 төгрөгийг хассан болно/ - ийг авч чадаагүй хохирсон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зайлшгүй, бодит зардал төдийгүй эд хөрөнгөд учирсан хохиролд хамаарч байна.

                                                                                            

Хариуцагч Н.О нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д зааснаар нэхэмжлэгч Г.Г-нэрүүл мэндийг өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй, тэрээр сэргээх боломжгүй бол нэхэмжлэгч Г.Ганхөлөгөөс нэгэнт гарсан зардал буюу эмчилгээ, өмгөөллийн хөлс, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй, түүний гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч Г.Г-н эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “Эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлэх бөгөөд хариуцагч Н.Оын нэхэмжлэгч Г.Г-гзодож, биед нь гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Г-н бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх, эрүүл амьдрах боломж түр хугацаанд алдагджээ.

 

Нөгөө талаар, хариуцагч Н.О нь гэм буруутай үйлдэл гаргаагүй байсан бол нэхэмжлэгч Г.Гнь эрүүл саруул байж, ажил хөдөлмөрөө эрхлэн, хэвийн амьдарч байх байсан, тэрээр түр хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй, бусдын асаргаанд орж, эмчилгээ хийлгэж, өмгөөлөгч авч, түүнд хөлс төлж, өөрөөсөө зардал гаргах, эд хөрөнгийн хохирол хүлээх шаардлагагүй байсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Н.О нь баримтаар тогтоогдсон хэмжээний хохирлыг хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч Г.Г-тнөхөн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч талын гаргасан “...өмгөөллийн хөлс, өвчин намдаах эмний мөнгийг төлөх үндэслэлгүй, хариуцагч Н.О эрүүгийн хэргийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, өөрийн эрхээ хэрэгжүүлсэн явдал нь зайлшгүй зардалд хамаарахгүй, мөн эмчилгээний зардалд 748,185 төгрөг төлөх байсан боловч 1,000,000 төгрөгийг төлсөн, 251,815 төгрөгийг илүү төлсөн” гэх тайлбар болоод цалин хөлсний зөрүүний талаарх тооцоолол үндэслэлгүй байна.

 

Тиймээс хариуцагч Н.Ооос баримтаар тогтоогдсон хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 1,200,172 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, Рефлекс /Reflex/ эмнэлэгт үзүүлсэн 55,000 төгрөг, нийт 3,255,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-толгон, нэхэмжлэлээс үлдэх 2,487,885 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч талын гаргасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний тооцоолол үндэслэлгүй, Тавин ус эмийн сангийн 2020.07.28-ны өдрийн 40,000 төгрөгийн баримтаар нэхэмжлэгч Г.Гнь ямар эмчийн зааврыг үндэслэн, ямар эмийн бүтээгдэхүүн авсан нь тодорхойгүй байх тул энэхүү баримт, нэхэмжлэгч талын тооцооллоор 2,487,885 төгрөгийн шаардлага нотлогдохгүй, үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2., 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                   ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ооос 3,255,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-толгон, нэхэмжлэлээс үлдэх 2,487,885 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Гнь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Ооос 67,033 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

      ШҮҮГЧИД                                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                                                        Б.ЦОЛМОН