Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01588

 

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/01829 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ийн хариуцагч Н.О-од холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5 743 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хулангоо, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Н.О-ыг Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, цалин хөлс, өмгөөллийн зардлыг Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэхийг дурдаж шийдвэрлэсэн. Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Н.О- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг төлсөн. Г.Г- нь 2020 оны 05, 06, 07 дугаар сард хөдөлмөрийн чадвараа түр алдаж, ажил хийгээгүй, цалин хөлсөө бүтэн авах боломжгүй болсон. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид нийт 1 797 474 төгрөгийг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хөл дээрээ явах боломжгүй байсан учир өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарсан. Ингээд өмгөөлөгч авч, хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Н.О-оос нэхэмжлэгч Г.Г-ийн эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд 2020 оны 05, 06, 07 дугаар саруудад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийн зөрүү 3 648 075 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, өвчин намдаах эм худалдан авсан 95 000 төгрөг, нийт 5 743 057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Гэм буруугийн талаар маргахгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Харин нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, тооцоололд маргаж байна. Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг шаардах эрхтэй. 2020 оны 05, 06, 07 дугаар саруудад хөдөлмөрийн чадвараа бүтэн алдсан гэж 3 сарын цалингаа бүтэн нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 сард ээлжийн амралт авсан ба 7 сарын эхний 10 хоногт хөдөлмөрийн чадвараа алдсан, харин дараагийн 10 хоногт ээлжийн амралт нь эхэлсэн гэж үзэхээр байна. Иймд Г.Г-ийн хөдөлмөрийн чадвар алдсан хоног нь 2 сар, 10 хоног байна. Дундаж цалин хөлсийг гарт олгох дүнгээс тооцно гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж гэж авсан 1 797 474 төгрөгийг хасах ёстой. Ингээд зөрүү 236 807 төгрөгийг төлнө. Харин өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, өвчин намдаах эм худалдан авсан гэх 95 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь, хариуцагч Н.О- эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны бүх үе шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэг болон хохирол учруулсан талаар маргаагүй байхад өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хохирогчийн эрхийг зөрчигдөхөөс хяналтын прокурор, улсын яллагч хамгаалж, учирсан хохирлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргасан байдаг. Г.Г- 2 000 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан нь түүний өөрийнх нь сайн дурын сонголт байсан тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардал биш. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 748 185 төгрөг төлөх байсан боловч 1 000 000 төгрөг төлсөн. Энэ нь цаашид гарах эм тариа, эмчилгээний зардалд урьдчилан тооцоолж 251 815 төгрөг илүү төлсөн гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Наранцэцэг дүгнэлтдээ: Талууд хоорондоо харилцан тохиролцож хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.О-оос 3 255 172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 2 487 885 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.О-оос 67 033 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас 3 255 172 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 2 991 752 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү гэх 1 200 172 төгрөг үндэслэлгүй. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Цалингийн хүснэгт-ээс үзвэл, Г.Г-т 2020 оны 02 дугаар сард 685 063 төгрөг, 03 дугаар сард 873 029 төгрөг, 4 дүгээр сард 883 045 төгрөг буюу дунджаар сарын 813 712 төгрөг гарт олгогдсон байна. Үүнийг Г.Г-ийн олж байсан орлого гэж үзэхээр байна. Ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй 2 cap 10 хоногт тооцож үзвэл, нийт 2 005 894 төгрөг болж байх бөгөөд үүнээс түүний тэтгэмжид авсан 1 797 474 төгрөгийг хасвал 208 420 төгрөг болж байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т тус тус заасны дагуу дээр дурдагдсан суутгал, шимтгэлүүд нь Г.Г-ийн авах, захиран зарцуулах эрх бүхий түүний орлого биш болох нь тогтоогдож байна. Өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Н.О- Г.Г-ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан гэдгийг эрүүгийн хэргийн шүүхээр тогтоосон юм. Түүнээс биш эд хөрөнгөд нь гэм хор учруулаагүй. Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлд тусгайлан заасан. Гэтэл Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага хүлээх үндэслэл зөвлөмжид эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэх талаар тусгасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл бол гэм хорын ерөнхий зохицуулалт бөгөөд Н.О-ын хувьд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан байна. Үүнийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тодорхой, нарийвчлан зохицуулсан. Өмгөөлөгчийн хөлс дээрх зүйлд заасан зайлшгүй зардалд хамаарахгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал юм. Түүнчлэн өмгөөлөгч н.Тамирт 2 000 000 төгрөгийн хөлс төлсөн гэх Мөнгөн шилжүүлгийн баримт нь эргэлзээгүй нотлогдсон үйл баримт биш юм. Өмгөөлөгчийн хөлс нь тухайн үнийн дүндээ тохирох татвар, хураамж төлснөөр баталгааждаг. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох тухай Хууль зүй, дотоод хэргийн Сайдын тушаал байдаг. Энэ тохиолдолд эргэлзээтэй байдаг бөгөөд шилжүүлэгчийн зүгээс уг дүнг бүхэлд нь тухайн эрүүгийн хэргийн өмгөөллийн хөлсөнд тооцсон эсэх, дараа нь зарим хэсгийг буцаан авсан эсэх зэрэг эргэлзээг дагуулж байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Н.О-од холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 4 279 349.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 5 743 057 төгрөг гэж нэмэгдүүлснийг /хх 39/ хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 18, 79-80/

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/420 дугаар тогтоолоор /хх 10-12/ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Н.О- нь Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай нь тогтоогдсон, энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.3 дахь хэсэгт зааснаар дахин нотлохгүй. Хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан өөрийн гэм буруугийн талаар маргаагүй. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 55-69/, Цалингийн карт /хх 71/ гэсэн баримтуудаар нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсан үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг анхан шатны шүүх зөв тогтоосон байх тул тэрээр өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

 

Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүгийн хэмжээ болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн өмгөөллийн хөлс, өвчин намдаах эм худалдаж авсан гэх зардлын хэмжээ нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Н.О-оос гэм хорын хохиролд нийт 3 255 172 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510 дэх хэсгийн заасан зохицуулалттай нийцсэн гэж дүгнэв.

 

Иймд шүүхийн шийдвэрээс 2 991 752 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гарт олгогдох цалин нь түүний олох ёстой байсан орлого, тэрээр өмгөөлөгч авах шаардлагагүй байсан, өмгөөлөгчид мөнгө төлсөн баримт нь эргэлзээтэй, анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 02, 03, 04 дүгээр саруудад авсан цалин хөлсний хэмжээнээс 1 сарын дундаж цалин хөлсийг тооцож, хөдөлмөр эрхлээгүй 2 сар 10 хоногийн цалин хөлс 2 997 646 төгрөгөөс түүнд олгосон 1 797 474 төгрөгийн тэтгэмжийг хасч 1 200 172 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О- нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас түүнд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн картад тодорхой тусгагдсан байгаа нийгмийн даатгалын шимтгэл, ашиг, хоол зэрэг суутгагдаагүй дүнг түүний цалин хөлс гэж ойлгох нь зүйтэй. Иймд гарт олгогдох цалинг түүний олох ёстой байсан орлого гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүл мэндийн хувьд биечлэн оролцох боломжгүй болсноор тэрээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгч Д.Тамиртай 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 8/ байгуулжээ. Уг гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөгийг төлсөн /хх 9/, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /хх 10-12/ байх тул уг зардлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчид бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон тул өмгөөллийн хөлс төлсөн нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, эмчилгээний зардалд 95 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт шүүх хуралдааны оролцогч нарыг тусгахдаа хариуцагчийг Г.Г- гэж дурдсан нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй. Энэ нь шийдэлд нөлөөлөөгүй тул залруулга хийх алдаа гэж дүгнээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/01829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 106 868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН