Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02233

 

 

2020 оны 00 сарын 08 өдөр                   Дугаар 000/ШШ2020/02233                     Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 08 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00а байр, 00 тоотод оршин суух, Б овогт С.Ц /РД:ЧА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 05 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-0, Стадион оргил-0, Хаан банк цамхаг, 00 дугаар давхарт байрлах, Т.Т ХХК /РД:0000000/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.            

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... С.Ц нь 2003 оны 00 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Таван богд ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Таван богд групп ХХК-д шилжин ажилласан. 2007 оны 00 дугаар сараас эхлэн хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2008 оны 02 дугаар сарын 00-ний өдөр шинэчилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2009 оны 02 дугаар сарын 30-ний өдрийг дуустал ажиллаж байгаад 2020 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч, үргэлжлүүлээд амаржсаны амралт авч улмаар 2020 оны 00 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Хугацаа асрах чөлөөний хугацаа дуусгавар болж 2020 оны 00 дүгээр сарын 09-ний өдөр хүний нөөцийн захирал болон хүний нөөцийн менежер н.Л нарт хандаж хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж байгаа талаар мэдэгдэж ажилд орох хүсэлтээ и-мэйлээр цахим шуудангаар хүргүүлсэн. Үүний хариуд 2020 оны 00 дүгээр сарын 09-ний өдөр хүний нөөцийн хэлтсийн захирал н.Х гэх хүн компанийн бүтцэд өөрчлөлт орсон талаар мэдэгдэж, биечлэн ирж уулзах талаар ярьсан. Ингээд 2020 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзахад нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал цомхотгосон талаар амаар мэдэгдсэн. Тухайн үед тушаал болон бүтцийн өөрчлөлтийн жагсаалт болон холбогдох нотлох баримтын талаар огт танилцуулаагүй. Нэхэмжлэгчид албан тушаалын зэрэг буурсан, хүний нөөцийн менежер гэдэг албан тушаалыг танилцуулсан. Тухайн ажлын байрыг өмнө ажиллаж байсан ажлын байртай адил чанарын гэдэг нөхцөл байдлыг хангах талаар мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн. Энэ хугацаанд тухайн хүний нөөцийн менежерийн албан тушаалын цалин хөлс болон зэрэг дэвийн талаарх мэдээллийг огт гаргаж өгөхгүй байсан.  Ингээд нэхэмжлэгч хүний нөөцийн хэлтсийн дарга гэдэг албан тушаалтай адил чанарын буюу цалин хөлс ажлын байрыг санал болгоно гэж хүлээлгэсээр байсан. Энэ талаар талуудын харилцсан и-мэйлд байдаг. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Багануур  мах ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг санал болгосон. Энэхүү албан тушаалд ажиллахыг нэхэмжлэгч С.Ц хүлээн зөвшөөрч, хэзээ ажилд орох талаар н.Энхнаран гэх удирдлагатай утсаар ярилцахад  тухайн албан тушаал нь шууд ажиллах боломжгүй, тухайн ажлын байр болон компанитай холбоотой маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байгаа учраас тухайн маргаан хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар буюу тодорхойгүй үйл явдлаар тогтоосон хугацаагаар хүлээх шаардлагатай гэж мэдэгдсэн. Ингээд С.Цгийн ажлын байраар хангах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 00 дүгээр сарын 30-ний өдрөөс эхэлж нэхэмжлэгч С.Ц нь хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаад ажиллах боломжтой байсан боловч өнгөрсөн 8 сарын хугацаанд нэхэмжлэгчийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хүүхэд асрах чөлөөтэй байсан албан тушаалыг цомхотголд оруулсан. Тухайн албан тушаалыг хасагдсан эсэх талаар нотлох баримт гаргаж өгөх танилцуулахгүй хүлээлгэсээр өнөөдрийг хүрсэн. Ийм учраас Таван богд трейд ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү...”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ”... Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэгдүгээрт ажлын байр цомхотгосон талаар надад хуульд заасан журмын дагуу урьдчилж мэдэгдээгүй, 2009 оны 00 дүгээр сарын 09-ны өдөр ажилд орох хүсэлт гаргамагц 2020 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр миний ажлын байрыг цомхотгосон гэж дурдсан байдаг. Ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.0 дэх хэсэгт заасныг зөрчиж С.Цг ажлаас халаагүй, мөн түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.0.0 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу түүнд мэдэгдэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас хуульд заасан журмын дагуу надад урьдчилж мэдэгдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байхад орон тоо цомхотгосон талаар мэдэгдээгүй байна гэдэг үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр бүтэц орон тоо өөрчлөгдөж өмнө нь ажиллаж байсан ажлын байр нь хасагдсан хэдий ч энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлалгүйгээр С.Цг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэл сонирхол компанид байсан учраас адил чанарын ажлын байр санал болгохыг илүүд үзсэн. Нэхэмжлэгчийг ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргахаас өмнө түүнчлэн компанийн бүтэц орон тооны хувьд нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг 2020 оны 00 дүгээр сарын 09-ны өдөр хүсэлт гаргамагц, 00 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрыг цомхотгосон зүйл байхгүй. Хариуцагч Таван богд трейд ХХК-ийн хувьд 2020 оны 00 дүгээр сарын 04-ны өдөр 00/Б-00 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэ нь С.Цг хүсэлт гаргахаас өмнө шийдэгдсэн асуудал байсан юм. Тийм учраас нэгдүгээр үндэслэлийн хувьд компани үйл ажиллагааны зорилгодоо хүрэх арга замаа өөрөө тодорхойлж, хууль зөрчихгүйгээр бүтэц орон тоогоо баталсан учраас тайлбар нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаар үндэслэл нь ажил олгогч талаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эсэх, эсвэл цааш адил чанарын ажлын байраар хангаж үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхгүй 5 сар хүлээлгэсэн гэж дурдсан байдаг. Анх С.Ц 2020 оны 00 дүгээр сарын 08-ны өдөр 2020 оны 02 дугаар сарын 00-ний өдрөөс ажилдаа эргэж ормоор байна гэдгээ и-мэйлээр мэдэгдсэн. Энэ талаар и-мэйл хүлээж авсан ажил олгогч нар бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн талаар тайлбарлаж уулзалт товлосон байдаг. Уулзалт товлохоос өмнө нэхэмжлэгчид 2020 оны 02 дугаар сарын 00-ний өдрөөс ажиллах боломжтой цалин урамшуулал нь адил чанарын өөрийнхөн өмнө хийж байсан ажлын байртай төстэй ажлын байрыг санал болгосон. Энэ нь хэрэгт авагдсан тушаал, мэдэгдлээр нотлогдож байгаа. Таван богд Хот Пот ХХК-д хүний нөөцийн менежерээр 2020 оны 02 дугаар сарын 00-ний өдрөөс ажиллах талаарх мэдэгдлийг өгсөн. Хэрэв уг ажлын байрыг хүлээн авахгүй бол хөдөлмөрийн харилцааг цуцалж, сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно гэж мэдэгдэл дээрээ заасан. Ингээд нэхэмжлэгч С.Ц мэдэгдлийг хүлээн авч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүй, ямар ч байсан уг ажлын байранд ажиллахгүй, миний хүлээлгэнд хүрсэн ажлын байр биш байна гэж үзэж ажиллахгүй талаараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч санал болгосон ажлын байранд ажиллахыг зөвшөөрөөгүй нөгөө талаас мөн нэг сарын тэтгэмж аваад ажлаас гарахыг хүлээн зөвшөөрөөгүй тул талууд ярилцаад дахиад өөр адил чанарын ажлын байр гарахуйц С.Цд мэдэгдэхээр тохиролцсон. Энэ үед улс орон даяар цар тахал гарч урт болон богино хугацааны хөл хорио хэд хэд удаа тогтоосон. Таван богд ХХК-ийн хувьд ихэнх ажилчдаа  зайнаас ажиллуулж, зарим ажилтнуудыг сул зогсолтод зогссон. Ингээд С.Цд тохирсон ажлын байр хурдан шинээр гарч ирээгүй. С.Ц өөрөө хөл хорионы хувьд хөдөө явсан. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хөл хорио дуусах үед хүний нөөцийн менежер холбогдож, хотод орж ирэхээрээ уулзах талаар ярилцсан. С.Ц 3 сарын эхээр хотод орж ирсэн тухайгаа нэхэмжлэгчид хэлсэн бөгөөд хүний нөөцийн менежер Лхагваа болон С.Ц нар 3 сарын эхээр уулзахаар цаг товлосон хэдий ч С.Ц өөрөө амжиж ирж чадаагүй.  2020 оны 6 дугаар сард группийн удирдлагууд махны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, шинээр ажлын байрууд бий болох үед Хүний нөөцийн менежер Лхагва нэхэмжлэгчтэй холбогдож Багануур мах маркет ХХК-д хүний нөөцийн албаны дарга хэмээх адил чанарын ажлын байр 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санал болгосон байдаг. Энэ ажлын байр нь ажилтнаа яаралтай авч үйл ажиллагаагаа нэн даруй эхлэх шаардлагатай байгаа тухайгаа тайлбарлаж 7 дугаар сарын 00-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхлэхийг хүссэн ч С.Цг ажлын саналыг хүлээн авлаа гэж хариуг 09 хоногийн дараа өгсөн. Хэрэв 7 дугаар сарын 00-ний өдрөөс шууд ажиллаж эхэлсэн бол цалингаа аваад явж байх улмаар талуудын хооронд маргаан үүсэхгүй байх байсан. Гэтэл 20 хоногийн дараа зөвшөөрсөн хариу өгөх үед үйлдвэрийг худалдаж авах боломжгүй болсон. Учир нь худалдаж авахаар яригдаж байсан Багануур мах маркет ХХК-ийн бүх өмч хөрөнгө Ж.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болох нь илэрсэн. Худалдаж авахаар гэрээ хэлцлийн үед огт мэдэгдэхгүй байж байгаад гэнэт битүүмжлэгдсэн хөрөнгө байгаа гэдгийг олж мэдээд уг худалдан авах гэрээг шууд дуусгавар болсон тул ажиллах боломжгүй болсон. Нөхцөл байдлыг  С.Цд тайлбарлахад цуцлах уу, эргэж орон тоо гарахыг хүлээх үү гэж хэлэхэд нөхцөл байдлыг ойлгож, уг махны үйлдвэр багануурт байхгүй ч гэсэн цаашид өөр газар барих юм уу худалдах авах байдлаар үргэлжлэх боломжтой учраас үйлдвэрийн үйл ажиллагааг эхлэхийг хүлээнэ гэдэг байдлаар талууд зөвшилцөж, хүлээсэн байдаг. Энэ нь үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байгаа. Гуравдугаарт ажилгүй байсан хугацааны цалин 37,389,780 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд бол нэхэмжлэгч С.Цг ажлаас халаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын зүгээс санал болгосон ажлын байранд ажиллахгүй, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авахгүй гэж аль алийг нь зөвшөөрөөгүй бөгөөд адил чанарын ажлын байр бий болохыг тохирч хүлээж байсан атлаа ажилгүй байсан хугацааны цалин шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.  Хүлээхийг хүлээн зөвшөөрч байсан атлаа хүлээлгэсэн хугацааны цалин гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хүлээлгэсэн нөхцөл байдалд дан ганц ажил олгогч буруутай биш, 2020 оны 02 дугаар сарын 00-ний өдрөөс шууд ажилдаа ажиллах боломжтой ажлын байрыг санал болгосон, дараа нь 3 сард уулзаж өөр ажил санал болгож байсан эдгээр оролдлогууд байсан учраас дан ганц ажил олгогч буруутай биш юм. Мөн нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж байгаа учраас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                   

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Ц  нь хариуцагч Т.Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

С.Ц нь Т.Т ХХК-нд Хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн хэлтсийн даргын  ажилд томилогдон, 2009 оны 02 дугаар сарын 00-ний өдөр, ХГ-00/030 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, А.Ц төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х 4-7, 44, 003-000хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.0-д “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална” гээд 35.0.0дэх хэсэгт “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, мөн хуулийн 006 дугаар зүйлийн 006.2-т “ хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Т.Т ХХК-ийн захирлын  2009 оны 02 дугаар  сарын 00-ний өдрийн 00/Б-000дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Ц нь Т.Т ХХК-ийн хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргаар  ажиллахаар бүтэц зохион байгуулалт нь батлагдсан байх бөгөөд /х.х-ийн 96, 000 хуудас/ Т.Т ХХК-ийн захирлын  2020 оны 00 дүгээр  сарын 04-ний өдөр  “2020 оны Бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэршлийг батлах” тухай  00/Б-00 дугаар  тушаалыг баталж, Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Г гэж бүтэц орон тоог баталсан байна. /х.х-84-85 хуудас/

Дахин Т.Т ХХК-ийн захирлын  2020 оны 7 дугаар сарын 00-ний өдөр “бүтэц шинэчлэн батлах тухай” 00/Б-80дугаар тушаалыг хариуцагч нь баталсан бөгөөд хариуцагчаас газар, хэлтэс, алба болон ажил албан тушаалын нэршил, зэрэг дэвийг харуулсан дэлгэрэнгүй зураглал Хавсралт №2-ыг шүүхэд ирүүлээгүй боловч  Т.Т ХХК-ийн захирлын  2020 оны 00 дүгээр  сарын 04-ний өдөр  “2020 оны “Бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэршлийг батлах” тухай  00/Б-00 дугаар  тушаалыг хариуцагч ирүүлсэн нь  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт шүүхэд ирсэн байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 00/Б-80дугаар  тушаалын хавсралтыг нотлох баримтаар бүрдүүлэх нь хэрэгт ач холбогдолгүй байх тул шүүх өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 Нэхэмжлэгч С.Ц хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж,  2020 оны 02 дугаар сарын 00-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ ажил олгогчид и-мэйлээр илгээсэн болох нь тус шүүхийн 2020 оны 00 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үзлэгт авагдсан тэмдэглэлд  Цэцэгмаагийн цахим хаягаас 2020 оны 0 дүгээр сарын 09-ний өдөр 05 цаг 53 минутад “... Миний хүүхэд асрах чөлөөний хугацаа 2020 оны 0 дүгээр сарын 30-ний өдрөөр дуусгавар болж 2020 оны 2 дугаар сарын 00-ний өдрөөс ажилдаа эргэх орох хүсэлтээ өгсөн байгаа. ... Ажлын цагаар хүүхэд харах хүнээ зохицуулчихсан, мөн бас бус хувийн бэлтгэлээ хангасан тул 00 дүгээр сарын 25-ны өдрөөс ч орох боломжтой шүү. ... Би 02 дугаар сарын 00-ний өдрөөс ажилдаа орвол ямар хуваариар ажиллах талаар мэдээлэл ирүүлээрэй” гэх цахим захидлыг хүний нөөцийн менежер Д.Л хүний нөөц хариуцсан захирал Г.Х и-мэйл хаягт тус тус илгээсэн байна. /х.х-ийн 56,57 хуудас/

Уг цахим захидлын хариуд хүний нөөц хариуцсан захирал Г.Х цахим хаягаас 2020 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 06 цаг 00минутад “ ХНГ-ын бүтэц, орон тооны өөрчлөлтийг 00 дүгээр сарын 00-ний өдрөөс эхлэн хийхээр болсон тул ирэх 7 хоногт ирж уулзана уу...” гэсэн агуулгатай цахим захидлыг илгээжээ. /х.х-ийн 57 хуудас/

Т.Т ХХК-ийн захирлын  2009 оны 02 дугаар  сарын 00-ний өдрийн 00/Б-000дугаар тушаалаар Т.Т ХХК-ийн хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын 0 албан тушаалд нэг орон тоо батлагдсан болох нь,/х.х-ийн 96,000 хуудас/ мөн компанийн  захирлын  2020 оны 00 дүгээр  сарын 04-ний өдөр  “2020 оны Бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэршлийг батлах” тухай  00/Б-00 дугаар  тушаалыг баталж, хавсралт №3-рт Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Г гэж  хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалын  0 орон тоо хэвээр батлагдсан болох нь /х.х-ийн 85 хуудас/ тушаалуудын хуулбараар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч С.Цг 2020 оны 2 дугаар сарын 00-ний өдөр хүний нөөцийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эргэн ороход хариуцагч байгууллагын хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй, харин нэхэмжлэгчийн оронд Г.Г гэх нэртэй албан хаагч ажиллаж байсан болох нь 2020 оны 00/Б-00 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.Цг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд Г.Г томилогдон ажиллаж байсан болох нь хариуцагч компанийн захирлын 2020 оны 00 дүгээр сарын 02-ны өдрийн 00/Б-00 дугаар тушаал, хавсралтаар тогтоогдож байна. /х.х-ийн 89, 90 хуудас/

Иймээс хариуцагч компани болон тус компанийн хүний нөөц хариуцсан захирал Г.Х эс үйлдэхүй гаргаж хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад, ажилдаа 2020 оны 2 дугаар сарын 00-ний өдрөөс орох ажилтны хүсэлтийг шийдвэрлэхгүй, хөдөлмөрлөх эрхийг  нь зөрчиж,  нэхэмжлэгчийг ажилд нь ажил олгогч эгүүлэн томилоогүйн хуульд нийцээгүй байна.

Мөн хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх, эцгийн ажлын байрыг хуулиар ажил олгогч хадгалах үүрэгтэй бөгөөд түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 006 дугаар зүйлийн 006.2-т зааснаар ажил олж, ажлын байр гаргаж өгөх агуулга нь тухайн хариуцагч Т.Т ХХК нь  өөрийн компанийн ажлын байрыг ажилтанд санал болгох хуулийн зохицуулалттай. Хариуцагч компани манай компани групп компани тул нэхэмжлэгчид Таван богд Хот Пот ХХК-нд ажлын байр олж өгч хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж байгаа тайлбарыг шүүх зөвтгөх үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч  С.Ц Т.Т ХХК-ийн ажилтан байхдаа хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд ажилтныг ажилдаа эргэн ороход Т.Т ХХК хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ. Т.Т ХХК, Таван богд Хот Пот ХХК бие даасан хуулийн этгээд, ажилтан өөр компани руу шилжин ажиллах талаар зөвшөөрөөгүй, харилцан тохиролцогүй бол тухайн  Т.Т ХХК нь ажилтны өмнө Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлж, биелүүлнэ.

Нэхэмжлэгч С.Ц 2020 оны 2 дугаар сарын 00-ний өдөр  ажилд орох хүсэлтээ гаргасан бөгөөд уг хугацаанд тус компанийн Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо хадгалагдан, бүтэц орон тоо хэвээр батлагдсан болох нь компанийн 2020 оны 00/Б-00 дугаар тушаалаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.0.-д “Энэ хуулийн 36.0.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.0.-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.0.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар холбогдох шимтгэлийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч С.Ц 2020 оны 2 дугаар сарын 00-ний өдрөөс ажилд орох хүсэлтээ хариуцагч Т.Т ХХК-нд гаргасан байх тул уг өдрөөс эхлэн ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх тооцох нь зүйтэй байна. 

 Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлбол ажилгүй байсан 2020 оны 2 дугаар сарын 00-ний өдрөөс 2020 оны 00 дугаар сарын 08-ний өдөр /ажлын 076 хоног/-ийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 43,724,902 төгрөг / 0 өдрийн цалин 248,437 төгрөг (3,500,390+4,259,508+8,080,200= 06,024,092 : 3 сар =5,340,397 : 20,5 хоног) х 076 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.0, 005.2.0, 006 дугаар зүйл, 008 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                                     ТОГТООХ нь:

        0. Хөдөлмөрийн  тухай хуулийн 028 дугаар зүйлийн 028.0 дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.0 дэх хэсэгт заасныг баримтлан С.Цг Т.Т ХХК-ийн  Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 43,724,902 төгрөгийг хариуцагч Т.Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг Т.Т ХХК-нд даалгасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.0,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.0.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 376,575 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 020 дугаар зүйлийн 020.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 00хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 00хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ШҮҮГЧ                               Ц.ОЮУНБИЛЭГ