Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00102

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00102

 

С.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02233 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ц-ийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С.Ц нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Т ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Т ХХК-д шилжин ажилласан. 2017 оны 10 дугаар сараас эхлэн хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шинэчилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч, үргэлжлүүлээд амаржсаны амралт авч улмаар 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүний нөөцийн захирал болон хүний нөөцийн менежер н.Л нарт хандаж хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж байгаа талаар мэдэгдэж ажилд орох хүсэлтээ и-мэйлээр цахим шуудангаар хүргүүлсэн. Үүний хариуд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүний нөөцийн хэлтсийн захирал н.Хишигжаргал гэх хүн компанийн бүтцэд өөрчлөлт орсон талаар мэдэгдэж, биечлэн ирж уулзах талаар ярьсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзахад нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал цомхотгосон талаар амаар мэдэгдсэн. Тухайн үед тушаал болон бүтцийн өөрчлөлтийн жагсаалт болон холбогдох нотлох баримтын талаар огт танилцуулаагүй. Нэхэмжлэгчид албан тушаалын зэрэг буурсан, хүний нөөцийн менежер гэдэг албан тушаалыг танилцуулсан. Тухайн ажлын байрыг өмнө ажиллаж байсан ажлын байртай адил чанарын гэдэг нөхцөл байдлыг хангах талаар мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн. Энэ хугацаанд тухайн хүний нөөцийн менежерийн албан тушаалын цалин хөлс болон зэрэг дэвийн талаарх мэдээллийг огт гаргаж өгөхгүй байсан. Ингээд нэхэмжлэгч хүний нөөцийн хэлтсийн дарга гэдэг албан тушаалтай адил чанарын буюу цалин хөлс ажлын байрыг санал болгоно гэж хүлээлгэсээр байсан. Энэ талаар талуудын харилцсан и-мэйлд байдаг. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Багануур мах ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг санал болгосон. Энэхүү албан тушаалд ажиллахыг нэхэмжлэгч С.Ц хүлээн зөвшөөрч, хэзээ ажилд орох талаар н.Э гэх удирдлагатай утсаар ярилцахад тухайн албан тушаал нь шууд ажиллах боломжгүй, тухайн ажлын байр болон компанитай холбоотой маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байгаа учраас тухайн маргаан хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар буюу тодорхойгүй үйл явдлаар тогтоосон хугацаагаар хүлээх шаардлагатай гэж мэдэгдсэн. Ингээд С.Ц-ийн ажлын байраар хангах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлж нэхэмжлэгч С.Ц нь хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаад ажиллах боломжтой байсан боловч өнгөрсөн 8 сарын хугацаанд нэхэмжлэгчийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хүүхэд асрах чөлөөтэй байсан албан тушаалыг цомхотголд оруулсан. Тухайн албан тушаалыг хасагдсан эсэх талаар нотлох баримт гаргаж өгөх танилцуулахгүй хүлээлгэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Таван богд трейд ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчиж С.Цг ажлаас халаагүй, мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд мэдэгдэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс хуульд заасан журмын дагуу надад урьдчилж мэдэгдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байхад орон тоо цомхотгосон талаар мэдэгдээгүй байна гэдэг үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр бүтэц орон тоо өөрчлөгдөж өмнө нь ажиллаж байсан ажлын байр нь хасагдсан хэдий ч энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлалгүйгээр С.Цг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэл сонирхол компанид байсан учраас адил чанарын ажлын байр санал болгохыг илүүд үзсэн. Нэхэмжлэгчийг ажилдаа эргэж орох талаар хүсэлт гаргахаас өмнө түүнчлэн компанийн бүтэц орон тооны хувьд нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүсэлт гаргамагц, 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрыг цомхотгосон зүйл байхгүй. Хариуцагч Т ХХК-ийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 01/Б-01 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэ нь С.Цг хүсэлт гаргахаас өмнө шийдэгдсэн асуудал байсан юм. Компани үйл ажиллагааны зорилгодоо хүрэх арга замаа өөрөө тодорхойлж, хууль зөрчихгүйгээр бүтэц орон тоогоо баталсан учраас тайлбар нь үндэслэлгүй. С.Ц 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж ормоор байна гэдгээ и-мэйлээр мэдэгдсэн. Энэ талаар и-мэйл хүлээж авсан ажил олгогч нар бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн талаар тайлбарлаж уулзалт товлосон байдаг. Уулзалт товлохоос өмнө нэхэмжлэгчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллах боломжтой цалин урамшуулал нь адил чанарын өөрийнхөн өмнө хийж байсан ажлын байртай төстэй ажлын байрыг санал болгосон. Энэ нь хэрэгт авагдсан тушаал, мэдэгдлээр нотлогдож байгаа. Т ХХК-д хүний нөөцийн менежерээр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллах талаарх мэдэгдлийг өгсөн. Хэрэв уг ажлын байрыг хүлээн авахгүй бол хөдөлмөрийн харилцааг цуцалж, сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно гэж мэдэгдэл дээрээ заасан. Ингээд нэхэмжлэгч С.Ц мэдэгдлийг хүлээн авч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүй, ямар ч байсан уг ажлын байранд ажиллахгүй, миний хүлээлгэнд хүрсэн ажлын байр биш байна гэж үзэж ажиллахгүй талаараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч санал болгосон ажлын байранд ажиллахыг зөвшөөрөөгүй нөгөө талаас мөн нэг сарын тэтгэмж аваад ажлаас гарахыг хүлээн зөвшөөрөөгүй тул талууд ярилцаад дахиад өөр адил чанарын ажлын байр гарахуйц С.Цд мэдэгдэхээр тохиролцсон. Энэ үед улс орон даяар цар тахал гарч урт болон богино хугацааны хөл хорио хэд хэд удаа тогтоосон. Т ХХК-ийн хувьд ихэнх ажилчдаа зайнаас ажиллуулж, зарим ажилтнуудыг сул зогсолтод зогссон. 2021 оны 06 дугаар сард группийн удирдлагууд махны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, шинээр ажлын байрууд бий болох үед Хүний нөөцийн менежер Лхагва нэхэмжлэгчтэй холбогдож Багануур мах маркет ХХК-д хүний нөөцийн албаны дарга хэмээх адил чанарын ажлын байр 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр санал болгосон байдаг. Энэ ажлын байр нь ажилтнаа яаралтай авч үйл ажиллагаагаа нэн даруй эхлэх шаардлагатай байгаа тухайгаа тайлбарлаж 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхлэхийг хүссэн ч С.Цг ажлын саналыг хүлээн авлаа гэж хариуг 19 хоногийн дараа өгсөн. Хэрэв 07 дугаар сарын 01-ний өдрөөс шууд ажиллаж эхэлсэн бол цалингаа аваад явж байх улмаар талуудын хооронд маргаан үүсэхгүй байх байсан. Гэтэл 20 хоногийн дараа зөвшөөрсөн хариу өгөх үед үйлдвэрийг худалдаж авах боломжгүй болсон. Учир нь худалдаж авахаар яригдаж байсан Багануур мах маркет ХХК-ийн бүх өмч хөрөнгө Ж.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болох нь илэрсэн. Худалдаж авахаар гэрээ хэлцлийн үед огт мэдэгдэхгүй байж байгаад гэнэт битүүмжлэгдсэн хөрөнгө байгаа гэдгийг олж мэдээд уг худалдан авах гэрээг шууд дуусгавар болсон тул ажиллах боломжгүй болсон нөхцөл байдлыг С.Цд тайлбарлахад цуцлах уу, эргэж орон тоо гарахыг хүлээх үү гэж хэлэхэд нөхцөл байдлыг ойлгож, уг махны үйлдвэр багануурт байхгүй ч гэсэн цаашид өөр газар барих юм уу худалдах авах байдлаар үргэлжлэх боломжтой учраас үйлдвэрийн үйл ажиллагааг эхлэхийг хүлээнэ гэдэг байдлаар талууд зөвшилцөж, хүлээсэн байсан, энэ нь үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч С.Цг ажлаас халаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын зүгээс санал болгосон ажлын байранд ажиллахгүй, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авахгүй гэж аль алийг нь зөвшөөрөөгүй бөгөөд адил чанарын ажлын байр бий болохыг тохирч хүлээж байсан атлаа ажилгүй байсан хугацааны цалин шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хүлээхийг хүлээн зөвшөөрч байсан атлаа хүлээлгэсэн хугацааны цалин гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хүлээлгэсэн нөхцөл байдалд дан ганц ажил олгогч буруутай биш, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шууд ажилдаа ажиллах боломжтой ажлын байрыг санал болгосон, дараа нь 3 сард уулзаж өөр ажил санал болгож байсан эдгээр оролдлогууд байсан учраас дан ганц ажил олгогч буруутай биш юм. Мөн нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж байгаа учраас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Цг Т ХХК-ийн Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 43,724,912 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг Т ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 376,575 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

а/ Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/Б-01 тоот тушаалын хавсралтын 4 дэх хүснэгтийн дээд хэсэгт 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал мөрдөх албан тушаалын нэршил байх бөгөөд Хүний нөөцийн газар гэх хэсэгт хоосон байгаа нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал хугацаанд уг орон тоо хасагдсан байгааг нотолж байна. Шүүх энэ баримтыг бүрэн ойлгож үнэлээгүй нь нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдэх гол үндэслэл болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Шүүхийн дүгнэсэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/Б-84 тоот тушаалын хавсралт №2 нь хавтаст хэргийн 76 дугаар талд нотлох баримтаар авагдсан байна. Уг хавсралт №2-т хүний нөөцийн газарт 3 менежер, 2 сонгон шалгаруулалтын мэргэжилтэн, 1 жолооч ажиллахаар заасан байна. Хэрэгт авагдсан эдгээр баримтыг шүүх олж харалгүй Хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй, харин нэхэмжлэгчийн оронд Г.Г гэх нэртэй албан хаагч ажиллаж байна хэмээн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн байхаас гадна нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн болохыг харуулж байна.

б/ Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ...хэрэв орон тоо нь хасагдсан ... бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасан байхад үүнийг Таванбогд трейд гэдэг компанид л ажлын байр санал болгох ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хуулиар хориглоогүй бөгөөд талуудын маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны эзгүйд компани бүтэц орон тоогоо цөөрүүлэх, хасах зэргээр өөрчилж болохыг хууль хориглоогүй бөгөөд ийнхүү цөөрүүлсэн бол тухайн хүний чөлөөний хугацаа дуусахад өөр ажил олж өгнө гэж компанид үүрэг болгосон. Хэрэгт авагдсан мэдэгдэл, уулзалт, мэйлд үзлэг хийсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр компани энэ үүргээ биелүүлсэн болох нь нотлогдоно. Таван Богд нь групп компани учраас Т ХХК дээр ажлын байр байхгүй тул аль нэг охин компанид орон тоо гарах бүрд удаа дараа нэхэмжлэгч талд санал болгож байсан бөгөөд Т ХХК дээр ч төслийн нэгжид төслийн ерөнхий менежерийн удирдлага дор ажиллах Хүний нөөцийн албаны дарга гэх ажлын байр санал болгож байсан. /хх-76 хуудас/ Нэхэмжлэгч С.Ц нь охин компанид ажиллахгүй, зөвхөн Т ХХК-д ажиллана гэж маргаж байгаагүй бөгөөд санал болгосон ажлын байрны цалин, зэрэг дэвийг хүлээн зөвшөөрөхгүй учраас татгалзаж, санаанд нь таарах өөр ажил гарч ирэхийг хүлээж байсан. Т ХХК дээр төслийн нэгжид санал болгосон ажлын байрны хувьд мэдэгдэлд заасан хугацаанд С.Ц хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй учраас уг төсөл буюу Багануур мах маркет ХХК-ийг худалдаж авах ажиллагаа түр зогссоны улмаас хүлээлт үүссэн. Төслийн нэгжид санал болгосон Багануур мах маркет ХХК-тай холбоотой төсөлд ажилласан бол ажлын байр Т ХХК-ийн оффис дээр, цалин урамшуулал ижил, хөдөлмөрийн гэрээний нөхцөл заалтууд яг ижил байх байсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар сарын 106.2 дахь хэсэгт заасан өөр ажил олж өгөх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Т ХХК дээр төслийн нэгжид Багануур мах маркет ХХК-ийг худалдаж авахтай холбоотой санал болгосон ажлын байрны хувьд 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар дурдсаар байтал хариу өгөхгүй удсанаас хөдөлмөрийн гэрээ байгуулж чадаагүй. Мэдэгдлийг хүлээж авсан болох нь мэйлд үзлэг хийсэн баримтаар тогтоогдох бөгөөд С.Ц сүүлд тус төслийн менежер н.Этай харилцаж байсан вайбэрт ирсэн мэссэжний тэмдэглэлээр нотлогдоно. С.Ц нь 07 дугаар сарын 19-ний өдөр ажиллахыг зөвшөөрсөн хариу ирүүлэх үед уг төсөл түр зогссон байсан. Гэхдээ 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулчихсан байсан хүмүүс нь цалингаа авч байсан бол 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш батлагдсан орон тоон дээр нэмж хүн авахгүй, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй зогсоосон байсан.

в/ Т ХХК-д Хүний нөөцийн хэлтсийн дарга гэх орон тоо хасагдсан болох нь хавтаст хэргийн 84-85 дугаар талд нотлох баримтаар авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/Б тушаалын хавсралт №3-т 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал мөрдөх албан тушаалын нэршилд Хүний нөөцийн хэлтсийн дарга гэх албан тушаалыг хассан байгаа хүснэгтээр нотлогдоно. Ийнхүү С.Ц-ийн өмнө нь ажиллаж байсан ажлын байр нь хасагдсан байхад хасагдсан орон тоог бий болгож, түүнийг ажилд нь эргүүлэн авахыг шүүхээс даалгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд биелэх боломжгүй шийдвэр байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь компаниас санал болгосон ажлын байранд ажиллахгүй, мөн тэтгэмж авч хөдөлмөрийн харилцааг дуусгахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлээд компанитай тохиролцож өөр ажлын байр бий болохыг хүлээж байсан атлаа тохиролцож хүлээсэн хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг шаардлагыг нь шүүх үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэж байгааг буруу гэж үзэж байна. Шүүх С.Ц-ийн санаанд бүрэн тохирох ажил албан тушаал гарч ирэхгүй бол компани хэдий хугацаагаар ч хамаагүй санал болгосоор байх үүрэгтэй, энэ хугацаанд нь урьд авч байсан цалинг нь олгох ёстой гэсэн агуулгаар маргааныг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн хүүхэд асрах чөлөөний хугацаанд компаниас С.Ц-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар төлж байсан атал нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Ажиллах боломжгүй ажлын байрыг санал болгосон. Ажил олгогчийн зүгээс тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, хүлээлгэсээр байгаа нь нэхэмжлэгчийн ажиллаж хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Багануур мах маркет ХХК-д орох саналаа мэдэгдээгүй тул уг төсөл зогссон гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. С.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын саналыг хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдөр байсан тул 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариугаа өгсөн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. С.Ц нь Т ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан тус компанийн Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө авсан болох нь хэргийн 4-7, 45, 114-115 дахь талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, С.Ц-ийн нийгмийн даатгалын дэвтэр, хүү А.Ц-ийн төрсний гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

4. Нэхэмжлэгч С.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа орох ажилтны хүсэлтийг хариуцагч байгууллага шийдвэрлэхгүй түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэх талаар маргаантай байна.

 

5. Т ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 01/Б-295 дугаар тушаалаар батлагдсан Компанийн бүтэц, зохион байгуулалтын хураангуй зураглал-д хүний нөөцийн газарт 7 орон тоо байх-аар, Компанийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх бүтэц зохион байгуулалт-д хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын 1 орон тоо, мөн тушаалын хавсралт №3-т С.Цг Т ХХК-ийн хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллуулах-аар заасан байна. Хэргийн 100-105 дахь тал авагдсан тушаал, түүний хавсралтын хуулбар болох бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Мөн хариуцагчийн байгууллагын захирлын 2020 оны 01/Б-01, 2020 оны 01/А-18 дугаар тушаалуудаар 2020 оны бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэршлийг баталсан байна. Уг тушаалуудын хавсралт №1-д компанийн бүтэц, зохион байгуулалтын хураангуй зураглалаар хүний нөөцийн газарт 7 орон тоо байхаар баталсан, тушаалуудын хавсралт №2-т компанийн 2020 оны бүтэц зохион байгуулалтаар хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын 1 орон тоо баталж, тушаалуудын хавсралт №3-т Г.Гэрэлмааг Т ХХК-ийн хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллуулахаар батлагдсан болох нь хэргийн 81-87, 93-99 дэх тал авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Мөн хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/Б-01 дугаар тушаалаар 2021 оны Бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэршлийг батлахдаа хүний нөөцийн газрын орон тоог 6 болгож хүний нөөцийн газрын хэлтсийн даргын албан тушаал хасагдсан болох нь хэргийн 88-92 дугаар талд авагдсан уг тушаал, түүний хавсралтын хуулбар болох бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

6. Нэхэмжлэгч С.Ц-ийн ажиллаж байсан хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал хасагдсан болох нь хэргийн 88-92 дугаар талд дахь 01/Б-01 дугаар тушаал, түүний хавсралтаар тогтоогдсон байхад орон тоо хэвээр батлагдсан гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журам нийцэхгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. /4а/

 

6. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хүний нөөцийн газрын хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон учир уг албан тушаалд томилох боломжгүй. Иймд адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус зохицуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалахаар заасан тул хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч С.Ц-ийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд хэрэв түүний ажиллаж байсан ажил, албан тушаал хасагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар түүнд ажил олж өгөх үүрэгтэй болно.

 

8. Хариуцагч байгууллага өөрийн компанид хамаарах Т ХХК-д ажлын байр олж өгч хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан нь түүний Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь Т ХХК, Т ХХК гэсэн хоёр бие даасан хуулийн этгээд байх бөгөөд ажилтан С.Цг өөр компани буюу Т ХХК-д шилжин ажиллах талаар санал гаргасныг С.Ц зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй тул ажилтны өмнө адил чанарын ажил, албан тушаалд томилох үүргээ хэрэгжүүлсэн гэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч С.Цд Багануур мах маркет ХХК-д ажиллахыг санал болгосон боловч тухайн ажлын байранд ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллагыг ажил санал болгох үүргээ зохих ёсоор биелүүлсэн буюу адил чанарын ажил албан тушаал санал болгож байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Ц Т ХХК-ийн ажилтан байхдаа хүүхэд асрах чөлөө авсан тул ажилтныг ажилдаа эргэн ороход Т ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж түүнийг ажлын байраар хангах үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ажил өгөх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4б/

 

9. Нэхэмжлэгч С.Ц 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орох хүсэлтээ хариуцагч Т ХХК-д гаргасан байх тул уг өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцвол 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүртэл ажлын 176 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 43,724,912 төгрөг /1 өдрийн цалин 248,437 төгрөг (3,583,391+4,259,518+8,181,283= 16,024,192:3 сар =5,341,397:21,5 хоног) х 176 хоног байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4в/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт 43,724,912 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх болон нэхэмжлэгч С.Цг Т ХХК-ийн Хүний нөөцийн газарт хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалтай адил чанарын албан тушаалд томилох үүргээ биелүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай. гэж өөрчлөн найруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ