Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2021/01857

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         08         17                                       182/ШШ2021/01857

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: П.У-гийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Ц.Ө-т холбогдох,   

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 8,760,000 төгрөг, хохиролд 19,175,270 төгрөг, нийт 27,935,270 төгрөг гаргуулах тухай хэргийг, хариуцагчийн гаргасан хохиролд 23,013,625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч Ү.А, хариуцагчийн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.        

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Ө нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааганы гудамж, **** дүгээр байрны ** тоотод байрлах, 22,3 м.кв талбайтай орон сууцныхаа банкны зээлийг төлж чадахгүй болсонтой холбоотой зарах гэж байсан. Тийм учраас нэхэмжлэгч П.У хариуцагч Ц.Өтай тохиролцоод 2016.10.24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг бэлэн өгсөн, мөн хариуцагч Ц.Ө нь уг байраа Худалдаа, хөгжлийн банкнаас зээлээр авсан ба, зээлийн төлөлт нь хугацаа хэтэрсэн байсан, энэ нь 3,760,000 төгрөг болсныг өмнөөс нь төлж, зээлийн төлөлт нь хэвийн болсон. Ингээд хариуцагч Ц.Өт нийтдээ 8,760,000 төгрөгийг төлөөд, үлдэх мөнгийг банкны зээлээр төлөхөөр болж, зээл гарахаар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон юм. П.У нь Худалдаа хөгжлийн банкин дээр очиж зээл судлуулахад орлого нь хүрээгүй учир зээл авах боломжгүй болсон. Улмаар 2016.10.24-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ажилтны зөвлөснөөр П.У болон Ц.Ө хоёр дахин хэлцэл байгуулсан. Яагаад гэвэл П.У байрыг авах сонирхолтой, харин Ц.Ө байраа зарах сонирхолтой байсан юм. Энэ хэлцлээр Ц.Өийн нэр дээр байгаа байрыг П.У худалдаж авна, мөн Ц.Өийн банканд төлөх ёстой зээлд 477.000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөх, харин хариуцагч Ц.Ө нь 2017.10.10-ны дотор тус байрны өмчлөлийг П.Угийн нэр дээр шилжүүлж өгөх тохиролцоо хийсэн. Үүний дагуу нэхэмжлэгч тал зээлийг сар бүр тасралтгүй төлж, мөн 2016.09.23-ны өдрөөс 2019.12.30-ны өдрийг хүртэл байранд амьдарсан. Энэхүү зээлд хариуцагчийн өмнөөс 2016.11.10-ны өдрөөс эхлэн 2020.03.03-ны өдрийг хүртэл нийт 19.175.270 төгрөгийг банкинд төлсөн байгаа. Ингээд улс орон даяар ковид өвчний улмаас хямарч, би байрны сар бүрийн зээлийг төлөхөд нэмэр болох болов уу гэдэг үүднээс 2019.12.31-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэл Болортуяа гэж хүүхдийг тус байранд суулгасан, эхний удаа надад 250,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, мөн л өвчний нөхцөл байдлаас хамаарч, төлбөр төлж чадахгүй гэдгээ хэлсэн, тэгээд байрнаасаа гарсан. Энэ хугацаанд хариуцагч нь байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч П.У нь байрны мөнгөө төлөх зорилгоор 2017 оны 8 сард Турк улс явж ажилласан учир гэрчилгээгээ шилжүүлж авч чадаагүй. Дараа нь төлөөлөгч болох би Худалдаа хөгжлийн банкны эдийн засагчтай уулзаж, байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авах гэтэл Ц.Ө уг орон сууцыг барьцаанд тавьж, хүнээс 20,000,000 төгрөг зээлж, түүнийгээ төлж чадалгүй тухайн орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч ирж уулзсан. Тийм учраас би хариуцагчид энэ байрыг битүүмжилсэн байна, би өөрийн болгоогүй байрны лизинг төлөөд байж чадахгүй, гэрчилгээгээ шилжүүлэх шаардлага тавьсан. Тэгэхэд хариуцагч нь та зээлээ төлөөд явж бай, би 20,000,000 төгрөгийн зээлээ төлөөд дуусч байгаа, дуусахаараа танд гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч шилжүүлээгүй. Гэтэл 2020 оны 01 сард банкны эдийн засагч нь орон сууцны зээлийг төлөх талаар над руу залгасан, би ч тухайн орон сууцыг өөрийн нэр дээр авч чадаагүй байна, Ц.Өтай уулзаж энэ асуудлыг шийдвэрлэмээр байна гэдгээ хэлсэн, Ц.Ө өөрөө олдохгүй байсан, би түүнийг эрэн сурвалжлуулж олсон. Тиймээс би 2020 оны 01, 02 сард нь зээлийг төлж, 03 сараас нь төлөхөө больсон. Харин Ц.Ө нь 20,000,000 төгрөгөө төлж дууссаны дараа намайг 6 сая төгрөг нэмээд өгчих тэгээд гэрчилгээгээ шилжүүлье гэсэн, би тэгэх боломжгүй гэж хэлсэн, хариуд нь Ц.Ө тэгвэл би байраа авна гэж хэлээд байранд амьдарч байсан Болортуяагаас түлхүүрийг нь авах гэж оролдсон байсан. Энэ нь 2020 оны 06 сард юм. Энэ талаар Болортуяа надад хэлээд би түүнээс түлхүүрийг аваад, маргааш нь Улаанхүүгийн хүүхдүүдийг оруулах гэтэл хариуцагч Ц.Ө нь байрны хаалганы голыг сольж, байраа 2020.06.08-нд бодитоор өөрөө авсан. Тийм учраас цаашид бидний тохиролцоо биелэгдэх боломжгүй болсон. Тиймээс би мөнгөө авах талаар түүнд шаардлага тавьсан боловч өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд би худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаад түүнд бэлнээр төлсөн байрны урьдчилгаа 5,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлд төлсөн 3,760,000 төгрөг, 2016.11.10-ны өдрөөс эхлэн 2020.03.03-ны өдрийг хүртэл 4 жил гаруй хугацаанд сар бүр 477,000 төгрөгөөр зээл төлсөн нийт 19,175,270 төгрөг, бүгд 27,935,270 төгрөгийг Иргэний хуулийн 225.1, 204.1, 205.1, 227.1-д зааснаар хариуцагч Ц.Өаас нэхэмжилж байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ө нь 2014 онд н.Гэрэлдэлгэр гэдэг хүнээс Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааганы гудамж, **** дүгээр байр, ** тоотод байрлах 22.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 52,000,000 төгрөгөөр худалдан авч, байрны урьдчилгаанд 22,400,000 төгрөгийг төлж, үлдсэн 29,600,000 төгрөгийн Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулан авч, төлснөөр тус байрны өмчлөгч болсон байдаг. Тус байрыг 2016 оны 08 сард түрээслүүлэхээр зар өгөхөд зарын дагуу Ц.Өийн нагац ахын найз н.Отгонжаргал гэдэг хүнээр дамжуулаад П.Утэй танилцсан. Анхнаасаа байрыг тухайн хүнээс мөнгө зээлээд, зээлсэн мөнгөний хүүд нь суулгана, аль эсвэл түрээсээр суулгаад түрээсийн төлбөрөөр банкныхаа зээлийг төлнө гэж байсан.

 Нэхэмжлэгчийн хувьд эхэндээ түрээсэлнэ гэж байгаад гэнэтхэн тус байрыг худалдаж авахаар болоод урьдчилгаанд нь 5,000,000 төгрөг, хариуцагчийн төлж чадаагүй, хугацаа хэтэрсэн байсан банкны зээлд 3,760,000 төгрөгийг тус тус төлж хэлцэл байгуулсан. Тус орон сууц нь банкны барьцаанд байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээ банкинд байгаа гэдгийг хэн аль нь мэдэж байсан, мэдсээр байж хэлцлийг хийсэн, угаасаа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх боломжгүй байсан, хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгч тал банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрөө төлөх байсан боловч зээл олгохгүй гэсэн, тийм учраас байранд амьдраад хариуцагчийн өмнөөс зээлийг төлөх, энэ нь байрны төлбөр болохоор тохирсон. Харин нэхэмжлэгч тал 2020 оны 02 сараас эхлэн банкны лизингийн төлбөрийг төлөхгүй гээд гэрээнээс татгалзаж, тухайн сараас эхлэн лизингийн төлбөрийг төлөөгүй, угаасаа зээлийг хугацаа хэтрүүлж төлдөг байсан. Тийм учраас нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж бидний зүгээс үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч тал байрыг Болортуяа гэж хүнд түрээсэлж, өөрсдөө орлого олсон, 2020 оны 06 сард байрны хаалганы голыг хариуцагч Ц.Ө сольж, байраа авсан талаар маргахгүй, тэр үнэн. Бидний зүгээс урьдчилгаанд авсан 5,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлд төлсөн 3,760,000 төгрөг, нийт 8,760,000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байгаа. Харин сар бүрийн зээлд төлсөн 19,175,270 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч манай байранд амьдарч, бусдад түрээсэлж орлого олсон байдаг, тийм ч учраас бид байраа түрээсэлж байсан бол бидэнд орох байсан орлого гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч тал нь маргааны зүйл болсон байранд 2016 оны 09 сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл 45 сарын хугацаанд амьдарч, бусдад түрээсэлж, ашиглаж, орлого олсон. Энэ хугацааны ашиглалтын зардал, цахилгааны төлбөрөө төлсөн байдаг боловч СӨХ-ны төлбөрт 638,500 төгрөгийг төлөөгүй, энэ нь 2016 оны 10 сараас 2020 оны 07 сарын хугацааг хамаарч байгаа. Гэтэл энэ төлбөрийг төлөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Мөн хариуцагч Ц.Ө өмнө нь байраа түрээсэлж, орлого олдог, түүгээрээ зээлээ төлдөг байсан. Тийм учраас нэхэмжлэгчийг 45 сарын хугацаанд байранд амьдарсан гэж үзээд сар бүр зээл төлдөг хэмжээ болох 477,225 төгрөгөөр 45 сарыг тооцож 21,475,125 төгрөгийг өөртөө орох байсан орлого гэж үзэж байгаа. Мөн байрыг авахад бохир заваан байсан учир засвар хийсэн. Засвар хийхэд 900,000 төгрөгийн зардал хариуцагчаас гарсан. Ингээд нийт 23,013,625 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Сөрөг шаардлага нь гурван зүйлээс бүрдэж байна, шаардлага тус бүрт нь тайлбар хэлье.

Нэгдүгээрт: 2016 оны 09 сараас 2020.06.30-ны өдрийг хүртэл 45 сар тус орон сууцанд амьдарсан гэж үзэж нэг сарын түрээсийн төлбөр банканд төлж байсан 477,225 төгрөг гэж тооцоолон нийт 21,475,125 төгрөг нэхэмжилж байгааг манай зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд анхнаасаа ямар ч түрээсийн гэрээ, түрээслэх тохиролцоо байгаагүй. Харин ч шүүхэд ирсэн баримтаас харахад тухайн орон сууц нь барьцаанд байгаа гэдгийг болон хугацаа хэтрэлттэй гэдгийг хэн аль нь мэдэж байсан, мэдсээр байж хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Харин ч талуудын хэн аль нь байраа зарах, худалдан авах чин хүсэл зориг байсан учраас дараагийн тохиролцоог хийсэн нь харагдана. Өөрөөр хэлбэл, 2016.10.24-ний өдрийн хэлцлээр нэхэмжлэгч П.У нь орон сууцыг зээлтэй нь худалдаж авна, сар бүрийн банкны лизингийн төлбөрийг 1 жилийн хугацаанд тасралтгүй төлнө, тэгээд 1 жилийн дараа хариуцагч Ц.Ө нь байрны өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон нь хэлцлийн 3, 4, 5, 6 дахь заалтуудаар маш тодорхой илэрхийлэгдэж байна. Уг зээлийн төлбөр нь түрээс биш орон сууц худалдаж авч байгаа мөнгөө цувуулж өгч байгаа хэлбэр. Харин хариуцагч Ц.Ө нь өнөөдрийг хүртэл байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Мөн талуудын тохиролцоонд хэрэв Ц.Ө гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаанд өгсөн бүх мөнгийг буцаан өгч, байрны түрээсийн төлбөр авахгүй байх асуудал багтсан. Гэвч Ц.Ө байраа хүчээр буцаан авсан, ингээд гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Нэхэмжлэгч П.У байрны лизингийн төлбөрийг хэлцэл байгуулснаас хойш тасралтгүй 2020 оны 3 сар хүртэл төлсөн. Тийм учир нэхэмжлэгч тал нэг жил биш 4 жил гаруй хугацаанд лизингийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэсэн учир түрээс авах заалт үйлчлэхгүй, түрээс төлөх үүрэггүй.

Хоёрдугаарт: Байрны засвартай холбоотойгоор 900,000 төгрөг нэхэмжилж, хоёр нотлох баримт гаргаж өгсөн. Энэ хоёр нотлох баримтыг үзвэл нэг нь Зуун айл худалдааны төвөөс 804,000 төгрөгөөр барилгын материал худалдаж авсан мэт хувь хүний тамга, тэмдэгтэй, нөгөөх нь засвар хийж байгаа тухай гэрэл зураг байгаа. Энэ баримтаар засварын материалыг хэн хүлээж аваад байгаа нь тодорхойгүй. Тэгээд ч нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь нотлогдохгүй, байр нь анх ямар байсан, нэхэмжлэгч амьдраад байрыг нь яаж муутгасан эсэх нь тодорхойгүй. Тийм учраас энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Гуравдугаарт: СӨХ-ийн төлбөртэй холбоотой 638,500 төгрөгийг мөн төлөхгүй. Хэдийгээр бид байранд амьдарсан боловч, амьдарсан хугацааны дулаан, цахилгааны төлбөрийг төлж явсан. Бидэнд өмчлөх эрхийн гэрчилгээгээ хариуцагч шилжүүлж өгөөгүй, бид өмчлөгч биш учир СӨХ-ны төлбөрийг төлөөгүй юм, төлөх талаар ч гэрээгээр ямар нэгэн тохиролцоо байхгүй. Тэгээд ч СӨХ-ны өмнөөс хариуцагчид шаардлага гаргах эрх байхгүй, энэ төлбөрийг төлсөн талаар баримтгүй байна. Анхнаасаа гэрээ биелэгдэх боломжгүй үйл баримтанд хариуцагч өөрөө буруутай, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, байрныхаа хаалганы голыг солиод хүчээр байраа эзэмдэн авсан. Хариуцагч Ц.Өт бодит байдлаар ямар нэгэн хохирол учирсан гэж бодохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Ц.Өт холбогдуулж худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 8,760,000 төгрөг, хохиролд 19,175,270 төгрөг, нийт 27,935,270 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Ц.Ө нь нэхэмжлэгч П.Уд холбогдуулж, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу орох байсан орлого, өөрөөс нь гарсан зардалд нийт 23,013,625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг бэлнээр, түүний өмнөөс Худалдаа хөгжлийн банкны хугацаа хэтрүүлсэн зээлд 3,760,000 төгрөг, нийт 8,760,000 төгрөг төлж, үлдсэн төлбөрөө банкнаас зээл авч төлөх байтал зээл бүтээгүй учраас дахин тохиролцож, энэхүү байрны зээлийг хариуцагчийн өмнөөс үргэлжлүүлэн төлөх, хариуцагч нь 1 жилийн дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх байсан боловч шилжүүлээгүй, 2020.06.08-ны өдөр байрны хаалганы голыг сольж, байраа өөрийн эзэмшилдээ авсан, тийм учраас би 2020.03.03-ны өдрөөс хойш зээлийг төлөөгүй, иймд гэрээнээс татгалзаж, түүний өмнөөс төлсөн зээл, байрны урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч өөрөө барьцаанд байгаа байрны өмчлөх эрх шилжих боломжгүй байгааг мэдсээр байж хэлцэл хийсэн, зээлийн төлбөрийг дандаа хугацаа хэтрүүлж төлж байсан, байраа буцаан авсан талаар маргахгүй, урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн зээлд төлсөн 3,760,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин сар бүр хариуцагчийн өмнөөс төлж байсан зээлийг төлөхийг зөвшөөрөхгүй, бид байраа өмнө нь түрээсэлж, байрны зээлээ төлдөг байсан, хэрэв түрээсэлж байсан бол бидэнд тийм хэмжээний орлого орох байсан гэж мэтгэлцсэн.

 

Хариуцагч Ц.Ө нь маргаан зүйл болсон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Лааганы **** дүгээр байрны ** тоотод байрлах, 22,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг анх 2014.04.25-ны өдөр н.Гэрэлдэлгэр гэх хүнээс худалдан авч, 2014.05.30-ны өдөр уг байрны өмчлөгч болсон байх ба, 2014.06.03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 29,600,000 төгрөгийг, жилийн 18%-ийн хүүтэй, 2029.06.09-ний өдрийг хүртэл 15 жилийн хугацаатай, сар бүр 477,255 төгрөг төлж байхаар зээлж авсан,

мөн энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014.06.03-ны өдрийн барьцааны гэрээгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Лааганы **** дүгээр байрны ** тоотод байрлах, 22,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Худалдаа, хөгжлийн банкинд барьцаалсан талаар зохигчид маргасангүй.

 

Хариуцагч Ц.Ө энэхүү байраа худалдах зорилгоор нэхэмжлэгч П.Утэй тохиролцож, зохигчдын хооронд 2016.09.23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч П.У нь хариуцагч Ц.Өийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Лааганы **** дүгээр байрны ** тоотод байрлах, 22,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг банкны зээлээр төлөх, хариуцагч Ц.Ө нь байрыг нэхэмжлэгч П.Угийн өмчлөлд шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч П.У нь 5,000,000 төгрөгийг 2016.08.28-ны өдөр хариуцагч Ц.Өийн ээж гэх Д.Ц-дбэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч Ц.Ө нь орон сууцыг нэхэмжлэгч П.Уд 2016.09.23-ны өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч П.У нь үлдэгдэл 35,000,000 төгрөгийг зээлээр төлөхийн тулд Худалдаа хөгжлийн банкинд хүсэлт гарган зээл судлуулсан ч олгох боломжгүй талаар хариу өгсөн гэх боловч Худалдаа хөгжлийн банкны 2021.08.17-ны өдрийн 5/7017 дугаар албан бичгээр “...П.У нь тус банкинд орон сууцны зээлийн хүсэлт гаргаж байгаагүй болно” гэсэн хариу ирүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал Худалдаа, хөгжлийн банк ХХК-нд орон сууцны зээл судлуулах хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран байрны үлдэгдэл 35,000,000 төгрөгийг зээлээр төлөх боломжгүй болсон байх боловч нэхэмжлэгч П.Угийн байр худалдан авах хүсэл сонирхол хэвээр, мөн хариуцагч Ц.Өийн байраа зарах хүсэл сонирхол хэвээр байсан учир тэд 2016.10.24-ний өдөр дахин хэлцэл хийж, энэхүү хэлцлээр нэхэмжлэгч П.У нь хариуцагч Ц.Өийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлд 3,410,000 төгрөгийг 2016.10.24-ний өдөр төлөх, мөн Ц.Өийн сар бүр банкинд төлөх 477,700 төгрөгийг 2016.10.10-ны өдрөөс хойш түүний нэрийн өмнөөс төлөх, уг зээлийн төлөлт нь орон сууц худалдан авсны төлбөрт тооцогдохоор, харин хариуцагч Ц.Ө нь 2017.10.10-ны өдрийн дотор орон сууцны өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгч П.Угийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцжээ.

 

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч П.У нь 2016.10.24-ний өдөр 3,410,000 төгрөг, 350,000 төгрөг, нийт 3,760,000 төгрөгийг хариуцагч Ц.Өийн зээлд, түүний өмнөөс Худалдаа, хөгжлийн банкинд төлсөн, нэхэмжлэгч П.У нь 2016.09.23-ны өдрөөс байранд амьдарч, сар бүр зээлийн төлбөрт 477,700 төгрөгийг хариуцагч Ц.Өийн өмнөөс Худалдаа хөгжлийн банкинд төлж эхэлжээ.  

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2016.09.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2016.10.24-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, нотариатын бүртгэлийн дэвтэр, 2016.10.24-ний өдрийн хэлцэл, П.Угийн Худалдаа хөгжлийн банкны 2016.09.23-ны өдрөөс 2020.03.31-ний өдрийг хүртэлх дансны хуулга, 2016.08.28-ны өдрийн 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт, 2014.05.30-ны өдрийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014.04.25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Ц.Өийн Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Дээрх үйл баримтууд, зохигчдын гаргасан тайлбараас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Харин хариуцагч Ц.Ө нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 2016.10.24-ний өдрийн хэлцлийн 4 дүгээр зүйлд зааснаар маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Угийн нэр дээр 2017.10.10-ны өдрийн дотор шилжүүлэх байтал, энэ үүргээ биелүүлээгүй, гэм буруутай байна.

 

Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Ц.Өаас өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж байсан, “хариуцагч Ц.Ө нь бусдаас зээлсэн 20,000,000 төгрөгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлж дуусаад шилжүүлнэ, зээлээ та хэвийн төлөөд явж бай гэсэн” хариу хэлсний дагуу нэхэмжлэгч П.У нь 2020.03.03-ны өдрийг хүртэл зээлд нийт 19,175,270 төгрөг төлсөн, хариуцагч Ц.Ө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөгөө төлж дуусаад, нэхэмжлэгч П.Угээс 2020 оны 03 сард нэмж 6,000,000 төгрөг өгөхийг шаардсан, нэхэмжлэгч П.У энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч Ц.Ө нь 2020.06.08-ны өдөр орон сууцны хаалганы голыг сольж, байраа авснаар талуудын тохиролцоо цааш үргэлжлэх боломжгүй болсон талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг шүүх бодит байдалд нийцэж байна гэж дүгнэлээ.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэгч П.У байрны зээлийг хугацаа хэтрүүлж төлж байсан, 2020.03.03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүйтэй холбоотой 2020.06.30-ны өдөр байрныхаа цоожны голыг сольж эзэмдэн авсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараас илүүтэйгээр шүүх нэхэмжлэгчийн дээр дурдсан тайлбарыг үнэн, зөв гэж үзсэн, хариуцагч Ц.Ө 2020.06.08-ны өдөр байрныхаа цоожны голыг сольж, байраа авснаар талуудын тохиролцоо үргэлжлэх боломжгүй болсон, энэ үйлдэлд хариуцагч Ц.Өийг буруутай байна гэж шүүх үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.У нь маргааны зүйл болсон байранд 2016.09.23-ны өдрөөс 2019.12.30-ны өдрийг хүртэл амьдарсан, энэ хугацааны дулаан, цахилгааны төлбөрийг төлсөн, 2019.12.31-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэл н.Болортуяа гэх хүнд байрыг түрээсэлсэн байх боловч 2020.01.01-ний өдөр 250,000 төгрөг авснаас өөр төлбөрийг ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор аваагүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих учиртай.

 

Гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой боловч хуулийн дээрх зохицуулалтаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн байх, үүнд нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй байх, үүний үндсэн дээр гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн байх гэсэн урьдчилсан нөхцлүүд бүрдсэн байж, гэрээнээс татгалзах эрх үүснэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.У нь хуулийн дээрх шаардлагын дагуу хариуцагч Ц.Өт өмчлөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх шаардлага тавьж, нэмэлт хугацаа олгосон байх боловч ямар нэгэн үр дүн гараагүй, гэрээнээс татгалзах дээр дурдсан урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ба, эцэстээ хариуцагч Ц.Ө өөрийн байраа бодит байдлаар эзэмшилдээ авснаар нэхэмжлэгч П.У нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлд төлсөн 3,760,000 төгрөг, нийт 8,760,000 төгрөгөө хариуцагч Ц.Өаас буцаан шаардах эрх үүсчээ.

 

Нөгөө талаар, хариуцагч Ц.Ө нь гэрээний дагуу шилжүүлэн авсан 8,760,000  төгрөгийг нэхэмжлэгч П.Уд буцаан төлөх үүрэгтэй, тэрээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ байдал нь нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ц, хариуцагч Ц.Ө нар 2020.07.03-ны өдрөөс 2020.08.01-ний хооронд бие биедээ харилцан бичсэн захидал /мессэж/, түүнд үзлэг хийж бэхжүүлсэн 2021.08.04-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч П.У нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 2016.11.10-ны өдрөөс 2020.03.03-ны өдрийг хүртэл хариуцагч Ц.Өийн өмнөөс, түүний сар бүрийн зээлд 478,831 төгрөг, 477,000 төгрөг, 478,000 төгрөг гэх мэт тогтмол байдлаар нийт 19,175,270 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн болох нь түүний Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нэгэнт тогтоогдсон талаар дээр дүгнэсэн, энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч П.Угээс бодитоор гарсан зардал байх тул хуулийн 227.1-т зааснаар энэхүү хохирлыг хариуцагч Ц.Өаас шаардах эрхтэй, хариуцагч Ц.Ө төлөх хууль зүйн үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцоо гэрээний дагуу үргэлжилсэн тохиолдолд нэхэмжлэгч П.Угийн төлсөн 19,175,270 төгрөг нь орон сууцны төлбөрт тооцогдох учиртай байсан, харин гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч П.У нь 19,175,270 төгрөгөөр хохирсон гэж үзэх бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч П.Угийн зээл төлж хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Иймд хариуцагч талын гаргасан “19,175,270 төгрөгийг төлөхгүй гэх, зохигчдын хэн аль нь бусдын барьцаанд байгаа байрыг худалдаж, худалдан авах гэж байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжих боломжгүй гэдгийг мэдсээр байж хэлцэл хийсэн учир хүчин төгөлдөр бус” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Учир нь Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлж болох ба, энэ тохиолдолд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжиж, шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, зохигчдын хэн аль нь энэ байдлыг мэдэж, хүсэж хэлцлийг хийсэн, тийм ч учраас нэхэмжлэгч П.У нь хариуцагч Ц.Өийн өмнөөс байрны зээлийг төлж, байрыг өөрийн болгох зорилготой байсан нь харагдана.

 

Иймд хариуцагч Ц.Өаас байрны урьдчилгаанд төлсөн 8,760,000 төгрөг, зээлд төлсөн, хохирол болох 19,175,270 төгрөг, нийт 27,935,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч П.У зээлийг хугацаа хэтрүүлэн төлж байсан буруутай, тийм учраас байрныхаа цоожны голыг сольж байраа авсан, аваад байрандаа засвар хийж, өөрөөсөө зардал гаргасан, нэхэмжлэгч П.У нь миний байранд 3 жил гаруй хугацаанд амьдарч, ашигласан бөгөөд, амьдарч байх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй, мөн бид байраа түрээсэлж байсан бол нэхэмжлэгчийн зээлд төлсөн хэмжээний орлого олох байсан гэж тайлбарлан,

өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014.06.03-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Тасган-62 СӨХ-ны нэхэмжлэх, орон сууцны дотор хэсгийг харуулсан гэрэл зургууд, БГДИЗ ХХК-ийн 2021.08.04-ний өдрийн үнийн судалгаа, 2015.08.25-ны өдрийн түрээсийн гэрээ, Одкон-14 гэсэн байгууллагын зарлагын баримт, байранд засвар хийж байгаа байдлыг харуулсан гэрэл зургууд, 2021.08.07-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, шуурхай зар сонины 2020.10.20-ны өдрийн дугаар зэрэг баримтуудыг үндэслэв.

 

Харин нэхэмжлэгч тал дээрх тайлбар, баримтуудыг зөвшөөрөхгүй байх бөгөөд гэрээнээс татгалзсан гэм буруутай тал нь хариуцагч Ц.Ө өөрөө, бидний тохиролцоонд байр түрээслэх асуудал ерөөсөө яригдаагүй, Ц.Ө өөрөө гэрээнээс татгалзвал, авсан мөнгөө нэхэмжлэгчид өгөх, байрны түрээс авахгүй гэж түрээс авах эрхээсээ нэгэнт татгалзсан, жишиг болгон өгч байгаа баримтуудаар орон сууцаа яг хэдэн төгрөгөөр түрээслэх байсан нь тодорхойгүй, байранд засвар хийж өөрөөсөө зардал гаргасанд нэхэмжлэгчийн ямар гэм буруу байгаа болох нь тодорхойгүй, баримтууд нь шаардлага хангахгүй байна гэж мэтгэлцсэн.

 

Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон баримтуудаас үзвэл, маргааны зүйл болсон орон сууцтай ойролцоо нөхцөлтэй байрыг жишиг байдлаар сарын 350,000 төгрөг, 550,000 төгрөг гэх мэтээр түрээслэх, түрээслүүлэх талаар зар, жишиг үнэ байх ба, зохигчдын тохиролцсон 2016.10.24-ний өдрийн хэлцлийн 5 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахад хүргэсэн буруутай тал нь хариуцагч Ц.Ө болохыг дээр нэгэнт дүгнэсэн, энэ тохиолдолд урьдчилгаанд авсан бүх мөнгөө буцаан өгч, түрээсийн төлбөр авахгүй байхаар, 6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч П.У нь 1 жилийн хугацаанд төлөх зээлийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон, гэхдээ хэдэн төгрөгөөр түрээслэх нь тодорхойгүй, харин нэхэмжлэгч П.У нь хэлцлийн 6 дугаар зүйлд заасан зээлийг 1 жилийн хугацаанд тасралтгүй төлөх үүргээ хангалттай биелүүлсэн болох нь нэгэнт тогтоогдсон.

 

Тийм учраас зохигчдын тохиролцсон 2016.10.24-ний өдрийн хэлцлийн дагуу хариуцагч Ц.Ө нь нэхэмжлэгч П.Угээс түрээсийн төлбөр нэхэх үндэслэлгүй, нэхэмжлэгч П.У нь түүний байранд 2016.09.23-ны өдрөөс 2019.12.30-ны өдрийг хүртэл амьдарч, 2019.12.31-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртэл өөр хүн амьдруулсан талаар, мөн 2020.06.08-ны өдөр байраа бодит байдлаар эргүүлэн авсан талаар дээр нэгэнт дүгнэсэн, хариуцагч Ц.Өийг зээлийн сар бүрийн төлөлт болох 477,225 төгрөгийг 2016.09.23-ны өдрөөс 2020.06.30-ны өдрийг хүртэл 45 сараар тооцож 21,475,125 төгрөгөөр хохирсон гэж үзэхгүй болно.

 

Нэхэмжлэгч П.У нь маргааны зүйл болсон орон сууцанд амьдарсан дээр дурдсан хугацаанд өөрийн ашигласан дулаан, цахилгааны төлбөрийг цаг тухайд нь төлж байсан, харин орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийнх нь нэр дээр шилжээгүйтэй холбоотой СӨХ-ны төлбөрийг төлөөгүй, хэрэв шилжүүлчихбэл төлөөд явах талаар хүсэл зоригоо хариуцагч Ц.Өт илэрхийлж байсан ба, түүний амьдарч байсан хугацааны буюу 2016 оны 10 сараас 2020 оны 06 сар хүртэл СӨХ-ны төлбөр 638,500 төгрөг болсон нь Тасган-62 СӨХ-ны нэхэмжлэхээр тогтоогдож байх боловч хариуцагч Ц.Ө нь СӨХ-ны өмнөөс уг төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй, энэ төлбөрийг төлж, өөрөөсөө зардал гаргасан баримтгүй, зохигчид СӨХ-ны төлбөр төлөх талаар анхнаасаа гэрээгээр тохиролцоогүй байна.

 

Хариуцагч Ц.Ө нь маргааны зүйл болсон байраа 2020.06.08-ны өдөр хүлээн аваад 2020.06.30-ны өдрийн байдлаар засвар хийх зорилгоор Одкон-14 гэсэн нэртэй байгууллагаас 6033 ширхэг паркет, обой, плита, замаск, эмульс зэрэг бараа материалыг худалдан авч, 804,000 төгрөг төлсөн талаарх зарлагын баримт байх боловч эдгээр барааг хэн худалдаж авсан нь тодорхойгүй, “худалдан авагч” гэсэн хэсэгт бичигдсэн “85113502” гэсэн дугаар нь хэнийх болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч П.Угийн ямар буруутай үйлдлээс болж энэ засварыг хийж, өөрөөсөө 804,300 төгрөгийн зардал гаргасан нь тодорхойгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Өийн сөргөөр нэхэмжилсэн олох байсан орлого 21,475,125 төгрөг, СӨХ-ны төлбөр 638,500 төгрөг, байрны засварын зардал 900,000 төгрөг, нийт 23,013,325 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан түүнд орох байсан орлого, түүнээс гарсан зардал гэж үзэхгүй, хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч Ц.Ө буруутай болох нь тогтоогдсон учир нэхэмжлэгч П.Угээс дурдсан хохирлуудыг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч П.Уд холбогдох хохиролд 23,013,325 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Өийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар хариуцагч Ц.Өаас 27,935,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уд олгож,

нэхэмжлэгч П.Уд холбогдох хохиролд 23,013,325 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Өийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Угээс тэмдэгтийн хураамжид төлсөн 328,350 /290,470+37,880/ төгрөг, хариуцагч Ц.Өаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 273,100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Өаас 297,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА