Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01618

 

 

 

 

 

 

 

 

 

П.Уүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01857 дугаар шийдвэртэй, П.Уүгийн нэхэмжлэлтэй Ц.Өагт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 8,760,000 төгрөг, хохиролд 19,175,270 төгрөг, нийт 27,935,270 төгрөг гаргуулах тухай,

хохиролд 23,013,625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цагаанхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Уү Ц.Өагтай 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр Ц.Өаг нь өөрийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааганы гудамж, 62/1 дүгээр байрны 8 тоот орон сууцыг П.Уүгийн өмчлөлд шилжүүлэх, П.Уү нь үнэд 40,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба П.Уү нь 5,000,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр болсон.

Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 26,502,545 төгрөгийг банкны зээл болон хариуцагчид төлсөн.

Гэвч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан хэлцлийн 4-т зааснаар худалдагч тал орон сууцны өмчлөлийн гэрчилгээг П.Уүгийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн орон сууцны цоож, түлхүүрийг сольж өөрийн эзэмшилдээ авсан.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөг, банкны зээлд төлсөн 21,502,545 төгрөг, нийт 26,502,545 төгрөгийг гаргуулж өгнө үү. Банкны зээлд төлсөн 1,432,725 төгрөгийг орхигдуулж нэхэмжилсэн байх тул уг мөнгөн дүнгээр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 27,935,270 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 09 сараас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 45 сар тус орон сууцанд амьдарсан гэж үзэж 1 сарын түрээсийн төлбөрийг банканд төлж байсан 477,225 төгрөгөөр тооцож, нийт 21,475,125 төгрөг нэхэмжилжээ. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны зээлд сар бүр 477,225 төгрөгийг төлж байсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлдээ дурдаж буй төлбөрийг төлж байгаагүй гэдэг нь үндэслэлгүй.

Худалдагч тал нь худалдаж буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч 2016 оны 9 дүгээр сараас 2020 оны 6 сарын 30 хүртэл П.Уүгийн орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талууд түрээсийн гэрээ байгуулаагүй, орон сууцыг түрээслэх талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, худалдах, худалдан авах гэрээнд гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд түрээс төлнө гэсэн тохиролцоо байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчаас тус байранд засвар хийсэн 900,000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Хариуцагч өөрөө худалдах, худалдан авах гэрээг зөрчсөн атлаа ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр гэж, мөн байранд засвар хийсэн гэх төлбөрийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Өаг нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, Лааганы гудамж, 62/1 дүгээр байр, 8 тоотод байрлах 22.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 08 сард түрээслүүлэхээр зар өгөхөд зарын дагуу П.Уүтэй танилцсан. Анхнаасаа байраа тухайн хүнээс мөнгө зээлээд, зээлсэн мөнгөний хүүд нь суулгана гэж зар өгсөн байсан. Би П.Уүгээс 5,000,000 төгрөг зээлж, зээлийн хүүд П.Уү орон сууцанд амьдрахаар тохиролцож байгаад сүүлд худалдаж авахаар болсон.

Ингээд тохиролцсон ёсоор П.Уү нь миний нэр дээр байгаа Худалдаа хөгжлийн банкны зээлийг сар бүр төлөхөөр болж 2016 оны 9 сараас орон сууцад амьдарч банкны зээлийг сар бүр төлсөн нь үнэн. П.Уү нь зээл төлөхдөө хугацаа хэтрүүлж төлдөг байсан. П.Уүгийн нэр дээр зээл гаргах боломжгүй байсан.

Надаас шалтгаалсан зүйл байхгүй. 2020 оны 4 дүгээр сараас банкны зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Би 2020 оны 4 сараас өөрөө зээлээ төлсөн. П.Уү нь орон сууцыг надад хүлээлгэж өгөөгүй, өөр хүмүүст орон сууцыг түрээсэлсэн байсан. Тэр хүмүүс нь 7 дугаар сард орон сууцыг чөлөөлж өгсөн.

Би засвар хийсэн орон сууцыг П.Уүд хүлээлгэн өгсөн байхад П.Уү нь хүн амьдрах аргагүй муухай болгосон байсан Өөрөө засвар хийгээд 2020 оны 7 сарын сүүлээр тус орон сууцад эхнэр хүүхдийн хамт амьдарч байна.

2016 оны 9 сараас хойш манай байранд амьдарчхаад одоо ийм мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би сар бүрийн 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны зээлд 477,225 төгрөг төлдөг бөгөөд зээлийн хугацаа дуусаагүй. П.Уү нь орон сууцад 2016 оны 09 сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл оршин суусан тул уг хугацаа буюу 45 сарын төлбөр 21,475,125 төгрөг, 2016 оны 10 сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх СӨХ-н төлбөр 638,500 төгрөг, засвар хийсэн төлбөр 900,000 төгрөг, нийт 23,013,625 төгрөгийг П.Уүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар хариуцагч Ц.Өагаас 27,935,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уүд олгож,

нэхэмжлэгч П.Уүд холбогдох хохиролд 23,013,325 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Өагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Уүгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 328,350 /290,470+37,880/ төгрөг, хариуцагч Ц.Өагаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 273,100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Өагаас 297,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уүд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу П.Уү нь Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны зээлийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Худалдаа хөгжлийн банкинд орон сууцны зээл авах талаар хүсэлт ч гаргаагүй, зээл авч орон сууцны төлбөрийг төлөх хүсэл зорилго байхгүй байсан нь Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/7017 тоот албан бичгээр нотлогдож байна.

Гэрээнээс татгалзсан шалтгаан нь П.Уү банкны зээлээ төлөөгүй 3 сараар хэтрүүлж цаашид төлж чадахгүй гэсэн болохоор би өөрөө зээлээ төлөх болсон, би орон сууцыг буцааж авсан.

П.Уү одоог хүртэл зээлээ төлөөд явж байсан бол би орон сууцыг буцааж авахгүй байсан. П.Уү өөрөө л зээлээ төлөөгүй гэрээнээс татгалзсан буруутай. П.Цагаанхүүгийн ярьж байгаа шиг надад бусдад төлөх өр байхгүй, энэ талаар хэрэгт баримт ч байхгүй.

П.Уү банкинд зээл авах тухай хүсэлт гаргаагүй, банкны зээлийг 3 сараар дараалан төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, орон сууцны үлдэгдэлд зээл авч орон сууц худалдан авсан төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн талаарх баримтыг шүүх үнэлээгүй.

Талууд тус орон сууцыг 3 жил ашигласан гэдэгт маргаагүй, П.Уү орон сууцад 3 жил үнэ төлбөргүй оршин суусан байхад шүүхийн шийдвэрээр би түүнд өртэй үлдэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Би П.Уүд 3 жилийн хугацаанд орон сууцыг түрээслүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа.

Анхан шатны шүүх талуудын тайлбарыг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шалгах учиртай. Гэтэл шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг төл бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Уү нь хариуцагч Ц.Өагт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 8,760,000 төгрөг, банкинд зээл төлөх замаар төлсөн 19,175,270 төгрөг, нийт 27,935,270 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 23,013,625 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

П.Уү, Ц.Өагт нар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ц.Өаг нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааганы 62/1 дүгээр байрны 8 тоотод байрлах, 22,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг П.Уүгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч П.Уү нь гэрээний үнэд 40,000,000 төгрөгийг Ц.Өагт төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх9/

 

Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, Ц.Өаг нь орон сууцны эзэмших эрхийг П.Уүд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн, П.Уү нь урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг Ц.Өаг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талууд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “хэлцэл” гэх нэртэй баримт үйлдэж, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү хэлцлээр Ц.Өагийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны зээлийн хугацаа хэтэрсэн бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 3,410,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансанд П.Уү нь Ц.Өагийн өмнөөс төлөх,

Ц.Өагийн сар бүр банкинд төлөх зээлийн үүрэг болох 477,700 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш П.Уү нь төлөхөөр, 

2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг П.Уүд шилжүүлэх талаар харилцан тохиролцсон байх ба хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

П.Уү нь Ц.Өагийн зээлд Худалдаа хөгжлийн банкинд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3,410,000 төгрөг, 350,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр төлөлт хийж, нийт 22,935,270 төгрөгийг төлжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Өаг нь уг хэлцлийн 4-т заасан 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны өмчлөх эрхийг П.Уүд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, 2020 оны 06 дугаар сард орон сууцны цоожийг сольсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул худалдан авагч П.Уү нь эсрэг талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан үр дагавар болох гэрээний үнэд шилжүүлсэн 27,935,270 төгрөгийг буцаан гаргуулахыг нэхэмжлэгч П.Уү нь Ц.Өагаас шаардах эрхтэй.

 

Хэлцлийн 5-т “уг хугацаанд гэрээний аль нэг тал гэрээг цуцлахгүй ба орон сууцыг худалдсан тал цуцалсан нөхцөлд худалдан авагч талд урьдчилгаанд авсан бүх мөнгийг буцаан өгч, байрны түрээсийн төлбөр авахгүй байхаар талууд харилцан тохиролцов” гэж тохиролцсон байх бөгөөд дээрх заалтаас “уг хугацаанд гэрээний аль нэг тал гэрээ цуцлахгүй байх” гэсэн хэсэг нь хүчин төгөлдөр бус байгааг дурдах нь зүйтэй. Харин орон сууц худалдагч тал гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч талд урьдчилгаанд авсан бүх мөнгийг буцаан өгч, байрны түрээсийн төлбөр авахгүй гэсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр юм.

 

Иймд сөрөг нэхэмжлэлээс түрээсийн төлбөрөөр тооцсон хохирол шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Хэлцлийн 6-т “худалдан авагч тал жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон зээлийг цаг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд түрээсийн төлбөрт харилцан тооцно” гэсэн тохиролцоо нь гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд хэрэглэхээр тохиролцсон тохиролцоо биш болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,626 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА