| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 105/2020/1091/Э |
| Дугаар | 1061 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1061
2020 8 20 2020/ДШМ/1061
Т.Тт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
шүүгдэгч Т.Т,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Түмэннаст даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006021471149 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 1993 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн хорих ялыг тэнссэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийг хасч, 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 129 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 1 хоногийн хорих ялаас чөлөөлж, 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хүчингүй болгож шийдвэрлэсэн;
Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 205 тоот нийтийн байрны 1 тоотод хохирогч Н.Мийг унтаж байхад түүний цээжин тус газар хутгаар хатгаж, цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Тыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Тыг 6 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тын 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Т бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... гэмт хэрэгт холбогдохоос өмнө удаа дараа согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн өмнө нь дөрвөн удаа ял шийтгэл эдэлж байсан. Хувийн зан араншингийн хувьд нийгэмшээгүй, гэмт үйлдэл, эрх зүйн зөрчил үйлдэхгүй байх талаар ухамсар төлөвшил бүрэн гүйцэт суугаагүй байна” гэж үзэж миний эрх зүйн байдлыг минь санаатайгаар дордуулж байна гэж би бодож байна. Миний хувьд 2017 оны хуулийн тэгшитгэлээр суллагдаж гарснаас хойш эхнэр, хүүхэдтэй болж барилгын засал чимэглэл, өрлөг, шаврын заслыг хувиараа хийж амьдралаа залгуулж, барилгын салбарт ажиллан өөрийнхөө хувьд засал хүмүүжлээ олон амьдарч явсан билээ. Би өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа бөгөөд мэргэжил чадвараа ашиглан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү.” гэв.
Прокурор М.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Т нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Хохирогч Н.Мийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг боловч шүүгдэгчийн зүгээс хохирол барагдуулсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээ 5 жил, дээд хэмжээ 12 жил байгаа учир шүүгдэгч Т.Тт 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 205 тоот нийтийн байрны 1 тоотод хохирогч Н.Мийг хэвтэж байхад түүний цээжин тус газарт хутгаар хатгаж, цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Мийн “... гэртээ сууж байтал миний найз Т.Т эхнэртэйгээ усанд явж ирэхдээ 1 шил архи аваад ирсэн. Тухайн үед манай дүү Болд байсан ба бид 4 архиа хувааж уусан. Архиа уучихаад ямар ч маргаан болоогүй, би тэд нарт хандаж одоо унтаж амарцгаая гэж хэлсэн чинь Т.Т нь “айлд байх ямар дарамттай юм бэ” гэж хэлээд цээжин тус газарт хутгалчихсан. Би тухайн үед хэвтэж байсан. Хутгалчихаад би хутгыг нь барьж аваад байж байтал гаднаас нийтийн байрны жижүүр орж ирээд салгасан” /хх 13-14/.
гэрч В.Отгонбаатарын “... сууж байсан чинь нийтийн байрны 1 тоот өрөөнд хүмүүс орилолдоод эхэлсэн. Очоод хаалгыг нь тогшиход хаалга онгорхой байсан. Тэгээд ороод үзэхэд 2 залуу хоорондоо зодолдож байсан ба 1 залуу нь дээр нь гарчихсан гартаа варены шил бариад доороо байгаа залуугийнхаа толгойг цохиж байсан. Би шууд гүйж очоод болиулаад тэнд байсан хүний утсаар 103 дуудсан. Толгой руугаа цохиулсан залуу нь цээжин тус газартаа хутгалуулсан байсан. Тэр өрөөнд тэр 2 залуугаас гадна 1 эмэгтэй, бас 1 эрэгтэй байсан. Тэр эрэгтэй нь юу ч мэдэхгүй согтуу тасарчихсан унтаж байсан. Эмэгтэй нь ”одоо яана аа” гээд орон дээр чарлаад сууж байсан. ...” /хх 17-18/,
гэрч Ц.Жавзандуламын “... 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Н.М, Т.Т, Болдоо нартай хамт хамт 2 шил 0,5 литрийн “Их Монгол” нэртэй архи хувааж уучихаад Т.Т, Н.М бид 3 үсээ засуулаад дахиж 1 шил архи аваад гэртээ хувааж ууж байтал Т.Т нь Н.М руу хандаж “бид хоёрыг дандаа дарамталдаг, бидний мөнгийг ашиглах гээд байдаг” гээд уурлаж байгаад тэр 2 нэг нэгийгээ заамдаж авсан байсныг би дундуур нь орж салгаад Н.М нь газар зассан орон дээрээ хэвтээд унтаж байсан бөгөөд Т.Т нь уурлаад ширээн дээрээс урт цагаан, цэцэгний зурагтай хутга аваад Н.Мийг зүүн талын мээмний доод тал руу түүнийг хэвтэж байхад нь 1 удаа хутгалсан. Үүнийг би хараад эхний удаад ноцолдоод авч чадаагүй, Т.Т нь дахиад Н.Мийг 1 удаа хутгалахаар нь би Т.Ттай ноцолдож байгаад хутгыг нь аваад үүд рүү шидсэн. Тэгж байтал Н.М нь босч ирээд Т.Ттай барилцаж аваад гараараа Т.Тын зүүн талын хацар луу 2 удаа цохиход манай нөхрийн хацарнаас нь цус гарсан байсан. Н.Мийн зүүн талын мээмний доод талаас цус гоожиж байхаар нь би нийтийн байрны эзний дүү Отгоо гэх залууг дуудаад тусламж дуудсан. Т.Т, Н.М, Болдоо нар нилээн согтуу байсан. ...” /хх 19-22/,
Т.Тын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед Н.М бид 2 хоёулаа архи уусан байсан. Н.М нь манай эхнэр Жавзандуламыг “хоол хий, хувцас угаа” гээд дарамтлаад, Жавзандулам бид хоёрыг сал гээд дарамт үүсгээд байхаар би ширээн дээрээс мах хэрчих гээд тавьсан байсан хутгийг аваад, М урдаа дэр барьсан байсан бөгөөд урдаас нь хутгаа явуулж байснаа л санаж байна. Тэгтэл Н.М газар суугаад “ийшээ орсон байна ш дээ” гээд хартал түүний зүүн талын хөхний доод талаас цус гоожиж байсан. Тухайн үед манайд Н.Мийн дүү унтаж байсан, манай эхнэр Жавзандулам харж байсан. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... “ /хх 89-90/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5205 дугаартай “... Н.Мийн биед цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, баруун даланд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх 27-28/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Тыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Гэхдээ хэргийн үйл баримтад унтаж байхад нь хутгалсан гэж дүгнэсэн нь буруу байх тул хэвтэж байхад нь гэж өөрчлөв.
Мөн Т.Тын хутгаар Н.Мийн цээжин тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгч Т.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэл бүхий байх тул түүний “... нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын агуулгыг ойлгомжтой байдлаар өөрчлөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1145 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.“ гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ