Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/02314

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/02314 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, рашааны гудамж, 19 дүгээр байр, 32 тоотод байрлах Д.Г ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, чингисийн өргөн чөлөө, 250 тоотод байрлах М.К ХХК /РД:0000000/-д холбогдох

Гэрээний үүрэгт 2,525,638,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д, Т.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч Д.Г ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Г ХХК нь М.К ХХК-тай 1,285,000 ам.долларын үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-үндсэн гэрээг 2014 оны 8 сарын 20 өдөр, шинэчилсэн гэрээг 2015 оны 1 сарын 15-ны өдөр тус тус байгуулж, М.К компанийн захиалгаар Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 250 хаягт орших 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны ажлыг өөрийн хөрөнгөөр бүхэлд нь хариуцан гүйцэтгэсэн. Захиалагч М.К ХХК нь ажил гүйцэтгэгчийн хөрөнгөөр 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны ажлыг бүхэлд нь бүтээлгэн авч, улсын комисст хүлээлгэн өгч, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа атлаа үлдэгдэл хөлс төлбөр 591,000 ам.долларыг төлөхгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна.

Нэхэмжлэгч Д.ГХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэсэн хөлсийг цаг тухайд нь өгөхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний гачигдалд орж цонхны сийгэлт гэх доголдлыг засах захиалагчийн шаардлагыг биелүүлж чадахгүй байгааг амаар болон бичгээр тухайн үед мэдэгдэж хөлс төлбөрөө нэхэж байсан. Сийгэлттэй холбоотой силиконы ажил нь нийтдээ 50.0 мянган ам доллар бөгөөд захиалагчийн шалтаг өө хайгаад байсан сийгэлтийг засах ажлыг дахин хийж байхад ч хариуцагч М.К ХХК нь гүйцэтгэсэн өмнөх ажлын хөлсийг өгөхгүй байснаас зардлууд улам нэмэгдэж хохирч эхэлсэн тул арга буюу гадаад ажилчдаа буцаасан ба доголдлыг засах ажил дуусалгүй зогссон нь захиалагчийн өөрийнх нь буруугаас болсон. Хариуцагч М.К ХХК нь үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахаас зайлсхийж маш өндөр үнэтэй машин, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх зэргээр төлбөр төлөх санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй байсан. Манай компани бүх хөрөнгө мөнгөө дээрх барилгын ажилд оруулсан тул нэхэмжлэгч компанийн аж ахуйн үйл ажиллагаа бүхэлдээ зогсонги байдалд орсон. Талуудын хоорондох тооцоо нийлсэн актаар захиалагч М.К ХХК нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 591,996 ам.доллар төлөх өр төлбөртэй.

Иймд М.К ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсний үлдэгдэл төлбөр 591,996 долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш-/ Монгол банкны албан ёсны ханш 1 доллар 2849 төгрөг/-аар тооцож 1,683,759, 000 төгрөг, гэрээний 7.1-д зааснаар алданги 841,879,500 төгрөг нийт 2,525,638,500 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч М.К ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Д.ГХХК-ийн шүүхэд гаргасан 2,525,638,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэсэн хөлсийг цаг тухай бүрт нь өгөхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний гачигдалд орж цонхны сийгэлт гэх доголдлыг засах захиалагчийн шаардлагыг биелүүлж чадахгүй байгааг амаар болон бичгээр тухай үед мэдэгдэж хөлс төлбөрөө нэхэж байв. Сийгэлттэй холбоотой силиконы ажил нь нийтдээ 50.0 мянган ам.доллар бөгөөд захиалагчийн шалтаг өө хайгаад байсан сийгэлтийг засах ажлыг дахин хийж байхад ч гүйцэтгэсэн өмнө ажлын хөлсийг өгөхгүй байсан тул доголдлыг засах ажил дуусалгүй зогссон нь захиалагчийн өөрийнх нь буруугаас болсон гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын харилцан тохиролцож байгуулсан 2014.08.20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2015.01.15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх заалтад: ... гүйцэтгэгч нь барилгын гадна фасадны угсралтын ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэн улсын комисст хүлээлгэх өгөх хүртэлх бүх зардлыг хариуцан захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй талаар тусгасан. Өөрөөр хэлбэл захиалагчаас төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран барилгын гадна фасадны угсралтын ажлын бүх зардлын Д.ГХХК нь урьдчилсан байдлаар бие даан гаргаж, ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Талуудын 2014.08.20-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд гүйцэтгэгч тал болох Д.ГХХК нь ажлыг 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч ажлыг хугацаандаа гүйцэтгэх ямар ч боломжгүй болж, хугацааг сунгах, дахин гэрээ байгуулах талаар саналыг гаргасны дагуу дахин 2015.01.15-ны өдөр шинэчилсэн гэрээг байгуулсан. Тус гэрээнд Д.ГХХК нь гэрээнд заасан баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг арилгах ба ажлын гүйцэтгэлийн чанар, аюулгүй байдал, доголдолгүй байдлыг захиалагчийн өмнө хариуцах үүргийг хүлээхээр тусгасан. Гэтэл ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх үед илрэх боломжгүй байсан доголдлууд болох дулаан алдах, сийгэх, цонх цантах, дулааны улиралд дусаал гоожих, аль ч улиралд цонх нээгдэхгүй байх, цонх гажих зэрэг доголдлууд ихээр илэрсэн. Мөн М.К ХХК нь Д.ГХХК-д ажлын гүйцэтгэл нь их хэмжээний доголдолтой байна, ажлын гүйцэтгэлийн доголдлын улмаас М.К ХХК нь хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлүүд учирч байгаа тул нэн даруй доголдлыг арилгах, доголдлыг арилгасан тохиолдолд төлбөрийг төлөх тухай шаардлагыг албан бичгээр удаа дараа хүргүүлж байсан боловч доголдлыг арилгаагүй болно. Д.ГХХК нь ажлын гүйцэтгэлд гарсан их хэмжээний доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэлдээ ажлын гүйцэтгэлийн доголдол нь богино хугацаанд засварлах боломжтой 50,000 ам.долларын засвар үйлчилгээ хийхэд шийдэгдэх хэмжээний жижиг доголдол гэх байдлаар тайлбарласан нь огт үндэслэлгүй юм. М.К ХХК-ийн Д.ГХХК-иар хийж гүйцэтгүүлсэн ажлыг улсын комисс хүлээж авахаас өмнө нь тус компанийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдлууд илэрч байсан. Тухайлбал: Шилэн фасадны хамгийн чухал хэсэг болох барилгын орох, гарах шилэн хаалганд доголдол учирч, шилэн хаалга суурилуулагдаагүй, суурилуулсан шилэн хаалга нь стандартын шаардлага хангахгүй байсан тул М.К ХХК-ийн зүгээс байгууллагын үйл ажиллагаа түргэн шуурхай эхлүүлэхийн тулд шилэн хаалга нийлүүлж, угсарч суурилуулах ажил хийж гүйцэтгэдэг Техно Стандарт ХХК-тай 3 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, чанаргүй гүйцэтгэсэн хаалгыг солиулахад нийт 60,000 еврогийн нэмэлт зардал гаргасан. Д.ГХХК нь ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахгүй байсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр М.К ХХК-ийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 250 хаягт орших, 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны болон цонхны ажил нь доголдолтой, зайлшгүй засвар үйлчилгээг түргэн шуурхай хийлгэх шаардлагатай талаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан тул М.К ХХК-ийн зүгээс Ажил гүйцэтгэлийн доголдол хохирлыг арилгуулахад гарах Хохирлын үнэлгээ болон Алдагдсан боломжийн үнэлгээний тайланг тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээний хараат бус үйл ажиллагаа явуулдаг Итгэлт Эстимэйт ХХК-д хандан үнэлгээ хийлгэсэн. Хохирлын үнэлгээний тайланд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 250 хаягт орших, 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны болон цонхны ажлын доголдлыг арилгахад нийт 858,001,981 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон, энэхүү ажил гүйцэтгэлийн доголдлоос шалтгаалан М.Кийн алдагдсан боломжийг үнэлж үзэхэд алдагдсан боломжийн үнэлгээ нийт 1,313,753,284 төгрөг буюу олох боломжтой байсан их хэмжээний орлогыг алдсан албан үнэлгээ гарсан. Өөрөөр хэлбэл Д.ГХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй, ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас М.М.К ХХК нь 858,001,981 төгрөгийн засварын ажил хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд 1,313,753,284 төгрөгийн олох ёстой байсан ашгаа алдсан байгаа юм. Иймд нэхэмжлэгч Д.ГХХК нь өөрсдөө гэрээний үүргээ зөрчиж, доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагчид нийт 858,001,981 төгрөгийн засварын нэмэлт зардал гаргах шаардлага үүссэн, мөн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас 1,313,753,284 төгрөгийн олох ёстой ашгаас алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Д.ГХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь талуудын 2015.01.15-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр төлөх үүргээ М.К ХХК нь биелүүлээгүй гэж шаардлага гаргасан байх ба энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байна. Талуудын харилцан тохиролцож байгуулсан 2015.01.15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх хуваарьт заасан сүүлийн төлбөр төлөгдөх хугацаа нь улсын комисс авснаас хойш 1 жилийн дараа төлөгдөхөөр заасан байх ба Улсын комисс М.М.К ХХК-ийн захиалгатай 33 автомашины дулаан зогсоолтой Зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг 2016.07.22-ны өдөр хүлээн авсан тул сүүлийн төлбөр төлөгдөх хугацаа нь 2017.07.22-ны өдөр байсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, энэ хугацаанд ямар нэгэн байдлаар шаардлага гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Хариуцагч М.К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 2,525,638,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Д.ГХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус Д.ГХХК-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэгч Д.ГХХК нь ... М.К ХХК-тай 1,285,000 ам.долларын үнийн дүн бүхий Ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 8 сарын 20 өдөр, шинэчилсэн гэрээг 2015 оны 1 сарын 15-ны өдөр тус тус байгуулж, Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 250 хаягт орших 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны ажлыг хариуцагч Д.ГХХК өөрийн хөрөнгөөр бүхэлд нь гүйцэтгэсэн. Захиалагч нь ажил гүйцэтгэгчийн хөрөнгөөр 12 давхар барилгын гадна фасадны ажлыг бүхэлд нь бүтээлгэн авч, улсын комисст хүлээлгэн өгч, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа атал, ажлын үлдэгдэл хөлс 591,000 ам.долларыг төлөөгүй байна. Захиалагч ажлыг доголдолтой гээд ажил хүлээлцэх акт үйлдээгүй, гэвч нэхэмжлэгчийн хийсэн ажлыг Улсын комисс хүлээн авч, хариуцагч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ажлын хөлсөө шаардаж байсан, доголдлыг арилгавал төлнө гэдгээ хариуцагч илэрхийлдэг байсан. Сүүлдээ хэрүүл зодоондоо тулсан. Ажлын доголдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, үнэлгээний компаниар тогтоосон тайлан доголдлыг нотлох баримт биш. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй тул хийсэн ажлын хөлсөө гаргуулахаар үндсэн үүрэгт 1,683,759, 000 төгрөг, гэрээний 7.1-д зааснаар алданги 841,879,500 төгрөг нийт 2,525,638,500 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч М.К ХХК нь ... Д.ГХХК-ийн ажлын гүйцэтгэл нь их хэмжээний доголдолтой байсан, үүний улмаас М.К ХХК нь хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлүүд учирч байгаа тул нэн даруй доголдлыг арилгах, доголдлыг арилгасан тохиолдолд төлбөрийг төлөх тухай шаардлагыг албан бичгээр удаа дараа хүргүүлж байсан боловч доголдлыг арилгаагүй. Д.ГХХК гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй, ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас М.К ХХК нь 858,001,981 төгрөгийн засварын ажил хийлгэх нэмэлт зардал гаргах шаардлага үүссэн, мөн 1,313,753,284 төгрөгийн олох ёстой байсан ашгаа алдсан. Нэхэмжлэгч Д.ГХХК нь өөрсдөө гэрээний үүргээ зөрчиж, доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй, талуудын харилцан тохиролцож байгуулсан 2015.01.15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар төлбөр төлөх хуваарьт зааснаар улсын комисс авснаас хойш 1 жилийн дараа төлөгдөхөөр заасан. Улсын комисс М.К ХХК-ийн захиалгатай 33 автомашины дулаан зогсоолтой Зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг 2016.07.22-ны өдөр хүлээн авсан, төлбөр төлөгдөх сүүлийн хугацаа нь 2017.07.22-ны өдөр байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, энэ хугацаанд ямар нэгэн байдлаар шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.ГХХК нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээг хариуцагч М.К ХХК-тай байгуулж, гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу Д.ГХХК нь Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 250 хаягт орших 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны угсралтын ажлыг 5 сарын хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх бүх зардлыг Д.ГХХК хариуцан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр, захиалагч буюу М.К ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч түүний хөлсийг төлөхөөр, гэрээт ажлын нийт үнэ 2,300,000 ам.доллар байхаар,

2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх шинэчилсэн гэрээ гэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Д.ГХХК нь гэрээт ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-нд дуусгахаар, 2014 оны гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хоцорсон алдангид нийт үнийн дүнгийн 5 хувь болох 115,000 ам.долларын алдангийг ажил гүйцэтгэгч Д.ГХХК-ийн ажлын хөлснөөс суутган, шинэчилсэн гэрээний ажлын хөлс нийт 1,285,000 ам.доллар байхаар, ажлын хөлсийг гэрээт ажил дууссанаас хойш 3 сарын хугацаанд захиалагч М.К ХХК төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 11-18 хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа Иргэний хуулийн 343.1-д заасан агуулгатай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Ажил гүйцэтгэх шинэчилсэн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заанаар ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг 2015 оны 6 дугаар сарын 01-ний дотор Захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Захиалагч буюу М.К ХХК нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгч буюу Д.ГХХК хүлээлгэн өгөөгүй гэж маргасан боловч хариуцагчийн татгалзал бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, уг барилга байгууламжийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комиссын 283/2016 дугаартай акт гарсан уг өдрийг ажлын үр дүнг М.К ХХК хүлээн авсанд шүүх тооцох нь зүйтэй гэж үзлээ. /х.х-ийн 36-37 хуудас/

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дах хэсэгт Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан байна. М.К ХХК нь ажил гүйцэтгэгч буюу Д.ГХХК-нд хөлс төлөх үүрэгтэйгээс гадна гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй. Хэдийгээр хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгч ажлыг хийж дуусгаагүй, ажлын үр дүн доголдолтой гэж маргаж байгаа боловч ажлын үр дүнг буюу тухайн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан байхад ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг Захиалагч хүлээн аваагүйг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д ажил хүлээлцэх явцад илэрсэн алдаа дутагдлыг засварлах хугацааг талууд тодорхойлж протоколд тусгана гэж заасан бөгөөд ажлын үр дүнг хүлээлцэхэд илэрсэн доголдлыг өөрсдөө тодорхойлон, засварлах хугацааг тогтоож, протоколд тусгахаар тохиролцсон боловч уг үүргээ Захиалагч мөн биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дах хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан ба 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, М.К ХХК-ийн захиалгатай 33 автомашины дулаан зогсоолтой, Зочид буудал, худалдаа, үйлчилгээний барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх тул уг барилга байгууламжийг зориулалтаар ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг Захиалагч хүлээн авсан гэж үзнэ. /х.х-ийн 36 хуудас/

Хариуцагч М.К ХХК нь ажлын үр дүн доголдолтой байсан гэж шүүхэд мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00-00-000/000 дугаар албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг албан бичигт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө-00 тоот хаягт байрлах М.К ХХК-ийн үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар ашиглаж байгаа барилгын гадна фасад нь дулаан алдагдал ихтэй, цаашдаа дулаан алдагдал нэмэгдэх байдалтай байна гэж дурдсан байна. /х.х-ийн 43 хуудас/

Харин гүйцэтгэсэн ажил хууль болон гэрээнд заасан баталгаат хугацааны дотор ажлын дутагдлыг Захиалагч илрүүлсэн бол уг ажлын үр дүнг зохих хэмжээнд болгохын тулд засвар, үйлчилгээ, засан сайжруулалт хийхэд хэдий хэмжээний зардал гарах, гарсан талаарх бичгийн нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч Итгэлт эстимэйт ХХК-иар гүйцэтгүүлсэн хохирлын үнэлгээний тайлан, алдагдсан боломжийн үнэлгээний тайлан гэх тайлангуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг тайланг зөвхөн хариуцагчийн захиалгаар Итгэлт эстимэйт ХХК гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байх тул эдгээр тайлангуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно./х.х-ийн 63-122 хуудас/

Ажлын үр дүнгийн доголдлыг нотлохоор хариуцагч М.К ХХК-иас ирүүлсэн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00-00-000/000 дугаар албан бичигт барилгын гадна фасадны ажлын гүйцэтгэлд шилэн хаалганд доголдол үүссэн талаар дурдаагүй байх тул хаалга сольсон гэх холбогдох зардлыг шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс суутган тооцох үндэслэлгүй байна. /х.х-ийн 45-62 хуудас/

Хариуцагч М.К ХХК-иас Д.ГХХК-нд илгээсэн 2018.10.23-ны өдөр 18/202 дугаар албан бичигт ... танай хийж гүйцэтгэсэн ажлын талаар 2018 оны 3 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан хүсэлт тавьсны дагуу зохих шалгалтыг хийлгүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулан авсан. Энэхүү дүгнэлтээр гадна фасад нь дулаан алдагдал ихтэй болох нь тогтоогдоод байна. Түүнчлэн 2018 оны 7 сараас эхлэн орсон удаа дараагийн ширүүн борооны улмаас давхар хоорондын завсар болон заагаар, түүнчлэн цонхоор борооны ус нэвчин орж багагүй хохирлыг амсаад байх тул дор дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой эсэхээ ... хариу мэдэгдэнэ үү. Үүнд:

1.    Гадна фасадны гажилттай хийгдсэн хэсгүүдийг солих

2.    Гадна фасадны силиконыг бүрэн шинэчлэн /хуучин силиконыг хуулуулж шинээр шахах/

3.    Цонхны түгжээ болон резинүүдийг бүгдийг шинэчлэн солиулах

Гэрээгээр гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой илэрсэн зөрчлийг өөрсдийн зардлаар бүрэн арилгах үүргийг Баталгааны хугацаанд хүлээсэн болохыг анхааруулж байна... , /х.х-ийн 38 хуудас/

Мөн хариуцагч М.К ХХК-иас Д.ГХХК-нд 2020.01.21-ний өдрийн 20/10 дугаар албан бичигт ... чанаргүй гүйцэтгэсэн ажлын дутагдлаас шалтгаалан хүйтэн сэрүүний улиралд дулаан алдах, сийгэх, цонх цантах, дулааны улиралд дусаал гоожих, аль ч улиралд цонх нээгдэхгүй байх зэргээр хэвийн үйл ажиллагаа яьуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтайгаар тодорхой цаг, хугацааг өнгөрүүлж байна. Иймд танай компанийн зүгээс дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, засварлаж ажил үйлчилгээг хэвийн явуулах боломжийг хангаж өгнө үү. Үүнд:

 

1. Гадна фасадны гажилттай хийгдсэн хэсгүүдийг солих

2. Гадна фасадны силиконыг бүрэн шинэчлэн /хуучин силиконыг хуулуулж шинээр шахах/

3. Цонхны түгжээ болон резинүүдийг бүгдийг шинэчлэн солиулах

Энэхүү үүссэн алдаа дутагдал нь гэрээнд заагдсан Баталгааны хугацаанд бий болсон болохыг анхаарч үзнэ үү... /х.х-ийн 20 хуудас/ гэжээ

Дээрх 2018.10.23-ны өдөр 18/202, 2020.01.21-ний өдөр 20/10 дугаар тус тус албан бичигт тус барилгын хаалганд доголдол үүссэн талаар дурдаагүй байх тул хаалга нийлүүлж, угсарч суурилуулах гэрээний дагуу гарсан зардлыг нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс суутгах үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг улсын комисс хүлээн авч, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн тул Захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаар ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэг үүссэн байх тул хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар улсын комисс ажлыг хүлээн авснаас хойш шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч татгалзлаа тайлбарладаг.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд М.К ХХК-иас Д.ГХХК-нд 2020.01.21-ний өдөр илгээсэн 20/10 дугаар албан бичигт ... Захиалагчийн хувьд дээр дурдсан засварыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгүүлэн хүлээс авсан нөхцөлд гэрээний үлдэгдэл төлбөр тооцоог шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна... гэж албан бичиг хүргүүлсэн нь хариуцагч бусад хэлбэрээр төлбөр төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул уг өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. /х.х-ийн 20 хуудас

Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна.

Хариуцагч М.К ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 591,996.09 ам.долларыг нэхэмжлэгч Д.ГХХК-нд төлөх үлдэгдэл тооцоотой болох нь талуудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /х.х-ийн 19 хуудас/

Дээрх тооцоо нийлсэн актаас хойш хариуцагч М.К ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4,571.68 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 25,000 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,596.31 ам.доллар төлсөн болох нь Хаан банк ХХК болон бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байх тул үндсэн үүрэгт 553,828.10 /591,996.03-4,571.68 - 25,000 -8,596.31 / ам.долларыг хариуцагч төлөх үүрэгтэй байна. /х.х-ийн 149-151 хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Захиалагч тал төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй тохиолдолд үлдэгдэл үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө... гэж заасан бөгөөд барилга байгууламжийг улсын комисс 2016.07.22-ны өдөр хүлээн авч, байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, гэрээний дагуу гэрээний ажил дууссанаас хойш 3 сарын хугацаанд М.К ХХК нь ажлын хөлсийг Д.ГХХК-нд төлөх үүрэг үүссэн, үүрэг үүссэнээс хойш хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохиролцсон 276,914.05 /553,828.10 үндсэн үүргийн 50 хувь/ ам.долларын анзыг шаардах эрхтэй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл үндсэн үүрэгт 553,828.10 ам.доллар, анз 276,914.05 ам.доллар нийт 830,742.15 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш 1$=2849.71 төгрөгөөр тооцоход 2,367,374,212 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,264,288 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Валютын ханшийн статистик мэдээ нь Монгол банкны цахим хаягт бүх хүнд нээлттэй, нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэж байх тул түүнийг дахин нотлох шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.К ХХК-иас нийт 2,367,374,212 /хоёр тэрбум гурван зуун жаран долоон сая гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.ГХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158,264,288 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,786,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,994,821 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.ГХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ