Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00152

 

 

“Д Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                                                         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02314 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М К” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 2,525,638,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч П.Цэцгээ, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, Т.Энхбулгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь “М К” ХХК-тай 1,285,000 ам.долларын үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 250 хаягт орших 12 давхар зочид буудал, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын гадна фасадны ажлыг өөрийн хөрөнгөөр бүхэлд нь хариуцан гүйцэтгэсэн.

          Захиалагч “М К” ХХК барилгын гадна фасадны ажлыг бүхэлд нь бүтээлгэн авч, улсын комисст хүлээлгэн өгч, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа атлаа үлдэгдэл хөлс төлбөр 591,000 ам.долларыг өдий хүртэл төлөхгүй нэхэмжлэгч компанийг хохироож байгаа тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

          Нэхэмжлэгч “Д Г” ХХК-ийн зүгээс ажлыг гүйцэтгэсний хөлсийг цаг тухайд нь өгөхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний гачигдалд орж цонхны сийгэлт гэх доголдлыг засах захиалагчийн шаардлагыг биелүүлж чадахгүй байгааг амаар болон бичгээр тухайн үед мэдэгдэж, хөлс төлбөрөө шаардаж байсан. Доголдлыг засах ажил дуусалгүй зогссон нь захиалагчийн өөрийнх нь буруугаас болсон.

          Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахаас зайлсхийж, өндөр үнэтэй машин авахыг санал болгосон ч уг машин нь зах зээлд өндөр үнээр зарагдах ямар ч боломжгүй тул уг саналаас татгалзсан. Сүүлдээ бүр үлдэгдэл төлбөрийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх замаар барагдуулах санал тавьсан.

          Талуудын хооронд тооцоо нийлэх актаар ажлын хөлсний үлдэгдэл 591,996 ам.доллар байгаа ба гэрээний дагуу уг төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас 591,996 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,849 төгрөгөөр тооцож 1,683,759,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2014 оны гэрээний 2.7, 2015 оны гэрээний 2.7-д тус тус зааснаар 0.5 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуульд нийцүүлэн 841,879,500 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

          Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 1,683,759,000 төгрөг, алданги 841,879,500 төгрөг, нийт 2,525,638,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талуудын харилцан тохиролцон байгуулсан 2014 оны 08 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 01 сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д “...гүйцэтгэгч нь ... барилгын гадна фасадны угсралтын ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх бүх зардлыг хариуцан захиалагч талд хүлээлгэн өгөх” үүрэгтэй талаар тусгасан.

Талуудын 2014 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч тал ажлыг 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон боловч ажлыг хугацаандаа гүйцэтгэх ямар ч боломжгүй болж, хугацааг сунгах, дахин гэрээ байгуулах талаар санал гаргасны дагуу дахин 2015 оны 01 сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан. Тус гэрээнд “Д Г” ХХК нь гэрээнд заасан баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг арилгах ба гүйцэтгэлийн чанар, аюулгүй байдал, доголдолгүй байдлыг захиалагчийн өмнө хариуцах үүргийг хүлээхээр тусгасан. Гэтэл ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх үед илрэх боломжгүй байсан доголдлууд болох дулаан алдах, сийгэх, цонх цантах, дулааны улиралд дусаал гоожих, аль ч улиралд цонх нээгдэхгүй байх, цонх гажих зэрэг доголдлууд илэрсэн. Доголдлыг арилгасан тохиолдолд төлбөрийг төлөх тухай албан бичгээр удаа дараа хүргүүлж байсан боловч доголдлыг арилгаагүй болно.

“М К” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэлийн доголдол арилгуулахад гарах хохирлын үнэлгээ, алдагдсан боломжийн үнэлгээ зэргийг тусгай зөвшөөрөлтэй “Итгэлт эстимэйт” ХХК-д хандан хийлгэсэн. Барилгын гадна фасадны болон цонхны ажлын доголдлыг арилгахад нийт 858,001,981 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Энэхүү ажлын доголдлоос шалтгаалан 1,313,753,284 төгрөг буюу олох ёстой байсан орлогыг алдсан албан ёсны үнэлгээ гарсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М К” ХХК-аас 2,367,374,212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д Г” ХХК-д олгож, үлдэх 158,264,288 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,786,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “М К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,994,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д Г” ХХК-д буцаан олгосон.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          а. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Талуудын хооронд 2015 оны 01 сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 6.1, 6.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь ажлын үр дүн бэлэн болсон талаар захиалагчид мэдэгдээгүй ба 2016 оны 07 сарын 22-ны өдөр ажлын гүйцэтгэлийг улсын комисст өгсөн нь гэрээний заалт биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь гэрээний оролцогч биш учир захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэггүй бөгөөд гэрээнд заасан ажлын үр дүнг тухайн үед ашиглах боломжтой гэж дүгнэсэн бичиг баримт үйлдсэн.

          Гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах талаар захиалагчид мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн шүүхийн дүгнэснээр “биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг” гүйцэтгэгч хүлээлгэн өгөөгүй. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнгийн биет байдлыг тухайн үед мэдэх боломжгүй байдаг. Комисс хэн нэг гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнгийн биет байдлын доголдлыг тэр дор нь илрүүлж, ашиглалтад хүлээн авахаас татгалзах боломжгүй. Уг асуудлыг Иргэний хуулийн 350, 352, 353 дугаар зүйлд зохицуулсан байхад шүүх эдгээр заалтыг хэрэглэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын биет байдлын доголдлын талаар захиалагч нь удаа дараа мэдэгдэл хүргүүлж, гэрээнд зааснаар өөрийн хөрөнгөөр засч өгөхийг 2018 оны 10 сарын 23-ны өдөр, мөн оны 12 сарын 18-ны өдрүүдэд шаардсан албан бичиг, баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхэд өгсөн. Шүүх эдгээр баримтыг нэрлэн зааж, агуулгыг бичсэн атлаа тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай гэж үзээгүй, үнэлээгүй. Нэхэмжлэгч нь шилэн фасадны ажилд доголдол үүссэн талаар маргаагүй бөгөөд доголдлын хэмжээ нь хариуцагчийн татгалзаж байгаа шиг их хэмжээтэй биш гэж л маргадаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар захиалагчийн гаргасан доголдлын талаарх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж тооцох үндэслэлтэй. Талуудын хооронд 2014 оны 08 сарын 20, 2015 оны 01 сарын 15-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т “гүйцэтгэгч нь ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэнэ” гэж заасныг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь зохицуулалттай холбон тайлбарласан нь ойлгомжгүй. Шүүх “захиалагч нь биет байдлын доголдолгүй үр дүнг хүлээн авсан”, “ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн аваагүй” гэх зэргээр зөрчилтэй дүгнэлт хийсэн. Мөн гэрээний 6.3-т заасныг зөвхөн захиалагчид хамааруулан тайлбарлаж, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй нэхэмжлэгчийг зөвтгөсөн. Хууль тогтоомжийн хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

          Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргасан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангийн дүгнэлтийн үндэслэл болж байгаа ажлын доголдлыг баримтаар няцаагаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Баттогоо, нэхэмжлэгч талаас гэрчээр оролцсон “Д Г” ХХК-ийн орлогч захирал, компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээд болох БНХАУ-ын иргэн Ли Гүй Мин нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудын үнэлгээг шийдвэрт тусгахгүй зориуд орхигдуулсан байна.

          Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй тодорхой, хүндэтгэн үзэх үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулсан тул шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар шүүхэд 2 удаа бичгээр хүсэлт гаргасан боловч тэмдэглэл гараагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3 дахь заалтыг шүүх ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаад зогсоогүй 2021 оны 10 сарын 20-ны өдрөөр огноолсон шийдвэрийг 2021 оны 11 сарын 16-ны өдөр гардуулсан нь хурлын тэмдэглэл, дүрс бичлэгийг шүүхийн шийдвэрт тааруулан өөрчилсөн байж болзошгүй гэх хардлага төрүүлж, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна.

          Гэрээний талуудын эрх бүхий этгээдүүд болох Ч.Баттогоо, Ли Гүй Мин нар ажлын үр дүнгийн доголдлын талаар 2017 оны 02 сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд бичлэг илгээх, харилцан ярилцах зэргээр харилцсан баримтад үзлэг хийлгэхээр гаргасан хүсэлтийг хангаагүй нь маргаантай байдлыг тодруулах ач холбогдол бүхий байдлыг нотлуулах хариуцагчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрсөн гэж үзнэ. Бодит байдал дээр Ч.Баттогоо, Ли Гуй Мин нар вичат ашиглан өөрсдийнхөө буртгэлтэй дугаараас өөрсдийн дуу хоолойгоороо харилцаж, Монгол хэлээр чөлөөтэй ойлголцож, Ли Гуй Мин нь доголдлыг засаж, арилгах, захиалагчийг хохироож байгаа талаараа хүлээн зөвшөөрч, засахаа илэрхийлэн харилцаж байсан. Энэ талаар баримтаар нотлогдож байхад тус вичатад үзлэг хийгээгүй ба вичатад өөрийн дуу хоолойгоор Монгол хэлээр ярьж ойлголцож байсан гэрч Ли Гүй Мин нь шүүх хуралдаанд Монгол хэлээр ярьж, ойлгож чадахгүй гэж мэдүүлсэн байдаг.

          б. Шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

          Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлснийг шүүх өөрийн үзэмжээр, нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар тайлбарлаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2015 оны 01 сарын 15-ны өдрийн гэрээний хавсралт 1-д зааснаар нэхэмжлэгч нь ажлыг 2015 оны 06 сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, ажлын хөлсийг гэрээний хавсралт 2-т зааснаар “барилгыг хүлээн авснаас хойш 1 жилийн дараа” төлөхөөр талууд тохиролцсон үйл баримтын тухайд зохигч маргаагүй юм. Талууд гэрээндээ ажил гүйцэтгэх завсрын хугацааг зааж, ажлын хөлсийг тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажилд нь уялдуулан төлөхөөр тохиролцсон боловч гүйцэтгэгч “Д Г” ХХК нь гэрээ болон түүний хавсралтаар тохиролцсон хугацааг хэтрүүлж, гэрээний нийт үргэлжлэх хугацаанд болон одоо ч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй нь хэргийн баримтаар хангалттай нотлогдсон болно.

          Барилгын ажлыг улсын комисс 2016 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авснаас хойш 1 жилийн дараа буюу 2017 оны 07 сарын 22-ны өдрөөр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэн, түүнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан хугацаа өнгөрсөн. Гэтэл шүүх захиалагч талаас гүйцэтгэгчид хандан “доголдлоо арилгаж, үр дүнг хүлээлгэн өгсөн тохиолдолд гэрээгээр тохиролцсон хөлсийг төлнө” гэсэн бичгийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх гэж байгаа бол ажлын хөлс төлөх үүргийг захиалагч ямар зорилгоор хойшлуулсан болон ямар ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд өрийг хүлээн зөвшөөрсөн болохоо хангалттай бүрэн хэмжээгээр илэрхийлсэн хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж дүгнээгүй нь буруу байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол баримтаа бүрдүүлэн, уг хугацааг сэргээхийг шүүхээс хүсэх боломжтой байсан.

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байдаг. Энэ гэрээний үндсэн шинж нь дараалалтай үүрэгт хамаардаг бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй бол хөлс шаардах боломжгүй байх зарчим нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 дах зохицуулалтаар тайлбарлагдана. Түүнчлэн энэ гэрээний харилцаанаас үүссэн маргаанд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой бөгөөд хариуцагчийн зүгээс хуулийн энэ заалтыг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдлоо гэрээнд заасны дагуу өөрийн хөрөнгөөр арилгаж, хүлээлгэн өгөхгүй бол захиалагч хөлс төлөхөөс татгалзаж болно гэж тайлбарлагдана. Энэ зохицуулалтын дагуу захиалагч нь гэрээний зүйлийн үр дүнгийн доголдлыг арилгуулахаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар шаардаж байсан нь хэрэгт хангалттай баримтаар тогтоогдсон болно. Гэтэл шүүхээс доголдлыг арилгуулахыг шаардаж байсан албан бичгийг үүргийг бусад хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          Шүүх Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх хугацааны талаарх зохицуулалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийн шаардлагыг хангах бас нэг үндэслэл болсон гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг бодит байдал дээр одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй, доголдлыг арилгалгүй хугацаагаа хэтрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон байхад шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзээгүйн дээр түүний үр дагавар зохицуулсан мөн хуулийн 224 дүгээр заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Түүнчлэн “талууд гэрээгээр анз тооцохоор тохиролцсон” гэж дүгнэхдээ ч хуулийн дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх зохицуулалттай хамааралтай хэрэглэгддэгийг анхаарсангүй. Гэрээний талууд харилцан хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхээс шалтгаалан анзын хэмжээг тохиролцохдоо “Алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй” гэж гэрээний 4.7-д заасан, энэ заалт нь талуудын хэн алинд нь хамааралтай болохыг маш тодорхой бичсэн.

          Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний 7-д талуудын хариуцлагыг тодорхойлсон тохиролцоог өөрийн үзэмжээр, дураараа тайлбарлан, зөвхөн хариуцагчид холбогдуулан алданги гаргуулахдаа гэрээний 4.7-д заасныг хэрэглээгүй үндэслэлээ тайлбарлаагүй. Хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын эрхэд бүдүүлгээр халдсан юм. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчээс хариуцлага шаардаж, шүүх түүнийг дэмжиж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн зохицуулалт болон шударга ёсонд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гэрээний зүйлийн биет байдлын доголдлыг гүйцэтгэгчийн зардлаар арилгуулахаар заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ ч хуулийн энэ заалтад нийцсэн болно. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгийн доголдлыг өөрийн зардлаас арилгах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгаанаа “захиалагч ажлын хөлс төлөөгүйгээс доголдлыг арилгах боломжгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг шүүх зөв гэж дүгнэж байгаа нь буруу. Захиалагчид доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх, доголдолтой бол өөрийн зардлаар доголдлыг арилгах хуулиар тогтоосон үүрэгтэй мөнгө хөлс өгөхгүй бол доголдлыг арилгахгүй гэж байгаа нь хууль, гэрээний үүргийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

          Дээрх байдлаас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

 

          5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

          а. Хариуцагчийн зүгээс ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэж маргаж байгаа бол  үүнийг нотлох үүргээ анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй атлаа одоо шинжээч томилох ёстой байсан, ажлын зураглал байх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Бодит байдалд ажил доголдолтой байгаагүй. Учир нь 2015 онд гэрээ байгуулагдаж, улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш хариуцагч уг ажлын үр дүнг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн гэрч н.Баттогоо нь “тухайн талбайг ашиглаж байгаа, хүлээж авснаас хойш маш их гомдолтойгоор ашиглаж байна” гэдгийг хэлдэг.

          Түүнчлэн, хариуцагчийн байр суурь зөрчилддөг. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт “...ажлын үр дүнг хүлээж аваагүй...” гэдэг атлаа доголдолтой байсан гэж тайлбарладаг. Гэтэл хүлээж аваагүй зүйлээ доголдолтой эсэхийг нь мэдэх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 өөр агуулгатай тайлбар гаргадаг бөгөөд тайлбараа нотолсон баримт хэрэгт байхгүй. Мөн нэхэмжлэгч гэрээнд дурдаж буй хаягт байрлах гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгөх бүхий л ажлыг хариуцахаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд 2016 оны 07 сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөхөд талууд оролцсон. Улсын комисст хүлээлгэж өгнө гэдэг нь тухайн барилгыг ашиглалтад оруулах, үйл ажиллагаа явуулах боломжтой, ямар нэгэн доголдол илрээгүй болохыг тогтоож, ашиглалтад оруулж байгаа үйл ажиллагаа юм.

          б. Иргэний хуульд ажлыг хүлээлгэж өгөх журмын талаар хэрхэн зохицуулсныг анхаарах ёстой. Иргэний хуулийн 343, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаас үзэхэд ажлын үр дүнг хүлээж авах нь захиалагч талын үүрэг. Ажлыг хүлээж авч, улсын комисст хүлээлгэж өгөөд, үйл ажиллагаа явуулж байгаа атлаа хүлээж авсан акт үйлдэхгүй гээд зугтаагаад байдаг. Төлбөр мөнгөний асуудал ярихаар тээврийн хэрэгсэл зэргийг тооцож өгнө гэж ярьдаг атлаа шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад мөнгө өгөхгүй, доголдолтой зэрэг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Ажлыг хүлээж авах үүрэг нь хариуцагч талд байгаа. Нөгөөтэйгүүр, ажлын үр дүнгийн талаар маргаж буй бол тухайн тайлбараа нотлох үүрэг хариуцагч талд бий. Мөн хариуцагчийн зүгээс хөрөнгийн үнэлгээчний гаргасан дүгнэлтийг дурдаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн зах зээлийн тодорхой үнэ цэнийг тодорхойлон гаргасан баримт бичгийг хөрөнгийн үнэлгээ гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээ нь хөрөнгийн үнэ цэнийг тогтоохоос биш доголдол, алдагдлыг тогтоох эрхтэй этгээд биш юм. Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлд барилгын салбарын ажилтан гэж ямар этгээдийг хэлэх, тухайн барилгад доголдол илэрвэл хэрхэн тогтоох, хэрхэн арилгаж зардлыг тогтоох талаар заасан. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээ, алдагдсан боломжийн үнэлгээ зэрэг нь барилгын ажилтай ямар ч хамааралгүй. Мөн барилгын ажилтай холбоотой дүгнэлт гаргах, тусгай мэдлэг эзэмшсэн этгээд уг дүгнэлтийг гаргаагүй тул үүнд үндэслэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн барилгад засвар хийсэн талаар ярьж байна. Засвар хийх гэдэг нь шинэ хаалга солих, өөр загварын хаалга хиймээр санагдахыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан баримтуудаар хаалга хийсэн эсэх нь ч мэдэхгүй байгаа. Барилгын мэргэшсэн төсөвчингийн зүгээс тухайн барилгад засвар хийх шаардлагатай хэсгийг тогтоож, дүгнэлт гаргаж, дараа нь хэдэн төгрөгийн зардал гарсныг тогтоох ёстой болохоос засвар хийсэн гэж тайлбарласны дагуу засвар хийсэн байна гэж шүүхээс дүгнэх боломжгүй. Нотлох баримтаар тогтоогдсоны үндсэнд хаалгыг солих асуудал яригдана. Хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол дээрх байдлаар няцаагдаж байна.

          Мөн Иргэний хуульд зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдвал тухайн тасалдсан хугацаанаас дахин хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2020 оны 01 сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагаас өгсөн албан бичигт ...гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна... гэж бичсэн байгаа. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн.

          Хариуцагчийн зүгээс удаа дараа албан бичиг хүргүүлж байсан гэж хэлж байна. Албан бичиг өгнө гэдэг нь албан бичиг өгнө л гэсэн үг болохоос доголдолтой байсан эсэхийг түүгээр тогтоохгүй. Мөн Вичатанд үзлэг хийх хүсэлт гаргасан тухай дурдаж байна. Гэрээний талууд ярьж байгаа эсэх, эсхүл гуравдагч этгээд ярьж байгаа эсэхийг бид тогтоох боломжгүй. Түүнчлэн, чатад үзлэг хийснээр хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал харагдахгүй. Өөрөөр хэлбэл, барилга доголдолтой байсан эсэхийг мэргэжлийн хүн тогтоох болохоос 2 хүний яриагаар тогтоохгүй. Аливаа гэрээ, хэлцэл хуульд нийцсэн байх ёстой. Хуульд нийцээгүй байдлаар гэрээг өөрчлөх эрхийг олгож байгаа асуудал хуульд нийцэхгүй. Тэгэхээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлөх хугацааг өөрийн хүссэн хэмжээгээр хойшлуулах эрхийг Иргэний хуульд заагаагүй. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөлд хамаарна. Мөн өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан алдангийг багасгах нөхцөлийг ч гэрээнд тусгах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нөгөө талд учирсан хохиролд хариуцлагаа хүлээх ёстой болохоос өөрийн хариуцлагаа багасгаж болохгүй гэж Иргэний хуульд заасан. Тиймээс энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Гэрээнд захиалагч төлбөрөө төлөхгүй тохиолдолд ямар алданги хүлээх талаар 7.1-д тодорхой заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба уг гэрээний заалтад хориг, хязгаар тавьсан зүйл байхгүй. Тиймээс алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээ бол маш шударга гэрээ гэж ойлгож байгаа. Гүйцэтгэгч ажил гүйцэтгэж, захиалагч тухайн ажлыг хүлээн авч, өөртөө хөрөнгө бий болгосныхоо төлөө буцаагаад төлбөр төлж буй харилцаа юм. Гэтэл бодитойгоор үр дүн бий болж, өөрт нь олгогдсон байхад хүлээлцсэн баримт байхгүй тул мөнгө төлөхгүй гэж байгаа нь шударга бус юм. Энэ агуулгаараа шүүх хүлээлцсэн баримт байхгүй тул ажил хийгээгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч “Д Г” ХХК нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 1,683,759,000 төгрөг, алданги 841,879,500 төгрөг, нийт 2,525,638,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг улсын комисс хүлээн авсан, ажлын хөлсний үлдэгдлийг өгөхгүй хохироож байна, тооцоо нийлсэн актаар ажлын хөлсний үлдэгдлийг баталгаажуулсан...” гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-4/

 

  1. Дээрх шаардлагыг хариуцагч “М К” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ “...баталгаат хугацааны дотор ажлын доголдол илэрсэн, доголдлыг арилгах талаар мэдэгдсэн боловч арилгаагүй, бусад этгээдээр ажлын доголдлыг арилгуулж нэмэлт зардал гаргасан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 33-35/

 

  1. Маргааны талууд ийнхүү нэг үйл баримтын талаар харилцан адилгүй тайлбар гарган мэтгэлцэж байгаа тохиолдолд тухайн гүйцэтгэсэн ажилд доголдол байсан эсэх, доголдлыг арилгуулах талаар захиалагч шаардлага гаргасан эсэх, ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлынхаа доголдлын талаар хариу өгч байсан эсэх, ажил гүйцэтгэгчийн зүгээс доголдлыг арилгасан эсэх, захиалагчийн зүгээс доголдлыг бусдаар арилгуулсан эсэх нөхцөл байдлыг тодруулж, энэ талаарх үйл баримтыг нотлох зорилгоор хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ. Тодруулбал:

 

а/. Анхан шатны шүүхийн “... барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх тул уг барилга байгууламжийг зориулалтаар ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан гэж үзнэ...” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...хөрөнгө мөнгөний гачигдалд орж цонхны сийгэлт гэх доголдлыг засах захиалагчийн шаардлагыг биелүүлж чадахгүй байгааг амаар болон бичгээр тухайн үед мэдэгдэж, хөлс төлбөрөө шаардаж байсан. Доголдлыг засах ажил дуусалгүй зогссон нь захиалагчийн өөрийнх нь буруугаас болсон...” гэж дурдсанаас үзэхэд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолгүй болохыг эргэлзээгүй нотлох баримт болохгүйгээс гадна талууд 2014 оны гэрээгээр баталгаат хугацааг 60 сар, 2015 оны гэрээгээр 36 сар байхаар тус тус харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор зохицуулсныг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

б/. Анхан шатны шүүхийн “...мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 02-07-100/209 дугаар албан бичигт барилгын гадна фасадны ажлын гүйцэтгэлд шилэн хаалганд доголдол үүссэн талаар дурдаагүй байх тул хаалга сольсон гэх холбогдох зардлыг шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс суутган тооцох үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

          Учир нь хэрэгт авагдсан шилэн хаалганы доголдлыг бусдаар арилгуулсантай холбоотой гэх гэрээнүүд цаг хугацааны хувьд улсын байцаагчийн дүгнэлт гарсан 2018 оны 03 сарын 09-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул засварлагдсан доголдол байвал улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдах боломжгүй юм.

 

в/. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан тухайн үед “М К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Ч.Баттогоо болон “Д Г” ХХК-ийн орлогч захирлаар ажиллаж байсан гэх Ли Гүй Мин нарын хоорондоо Ви Чат /We Chat/ ашиглаж ажлын доголдолтой холбоотой асуудлаар харилцаж байсан дуу бичлэгт үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг “...дүрсгүй, дуу авиа бүхий яриа нь ... Ч.Баттогоо ... Ли Гүй Мин нарын дуу хоолой болохыг үзлэгээр тогтоох боломжгүй...” үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

Учир нь Ви Чат /We Chat/ аппликейшн нь тухайн этгээд өөрийн утасны дугаар, нэр, нууц үгийг ашиглан нэвтэрч ордог, “үзлэгийн объект нь Ч.Баттогоогийн өмчлөлийн гэх 88880065 дугаар бүхий Ай Фоне /iPhone/ маркийн гар утас” гэж хариуцагч тал тайлбарлаж, шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ч.Баттогоо болон Ли Гүй Мин нар хоорондоо Ви Чат /We Chat/ ашиглаж харилцаж байсан талаар мэдүүлэг өгсөн /хх 219-арын нүүр, 221-арын нүүр/ зэргээс үзэхэд шүүх хэргийн оролцогчоос гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхисноос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журам зөрчигджээ.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хэргийн баримтаар ажил гүйцэтгэгч доголдолгүй ажил гүйцэтгэсэн, улмаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдлийг шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэх боломжгүй, доголдолтой холбоотой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02314 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 11,994,821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

 

                           ШҮҮГЧИД                                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР