Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1979

 

 

Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01923 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Н-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 7 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг дарга болон Н.Н нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сумаас иргэн Н.Н-д шилжүүлсэн 7 500 000 төгрөг нь худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 073 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Цогт сумын түүхт 90 жилийн ой 2014 онд болж өнгөрсөн билээ. Энэхүү ойн үеэр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс эд материал, тодорхой хэмжээний мөнгөн хандив цугларсан болно. Ойн баярын дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдан хандивын зарцуулалт, санхүүгийн баримтад шалгалт хийхэд багагүй хэмжээний зөрчил гарсны нэг нь иргэн Н.Н-ийн Хаан банкинд эзэмшдэг 5020803429 тоот дансанд ойн номны үнэ нэрээр   7 500 000 төгрөг зориулалтын бусаар шилжсэн нь тогтоогдсон болно. Гэтэл манай сум 90 жилийн ойн номоо эрхлэн гаргуулахаар  “Монгол дата бэйс” ХХК-тай хэлцэл байгуулсан бөгөөд үүний дагуу төлбөрийг шилжүүлсэн байдаг. Иймд иргэн Н.Н-ээс номны үнэ нэрээр шилжигдсэн 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь намайг илт гүтгэсэн шинжтэй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад н.Баянтөгс гэж хүн хариуцагчаар оролцвол зохих этгээд юм байна. Н.Н нь ямар учраас энэ хэргийн хариуцагч болж байгаа нь ойлгомжгүй. Тухайн үедээ Цогт сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Баянтөгсийн хариуцлага алдсан асуудал нь Н.Н-д ямар хамааралтай нь тодорхойгүй бөгөөд энэ хэрэгт Н.Н хариуцагчаар оролцох ямар үндэслэл, шаардлага байгаа нь тодорхойгүй байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан ажлын хэсэг энэ зөрчлийг илрүүлсэн тухай тайлбарлажээ. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаад зөрчил хянаад тогтоогоод шалгадаг эрх бүхий байгууллага биш. Төрийн байгууллага нь өөрийн ажлын талаар буруу зөрүү асуудалтай байна гэж үзвэл Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудитын байгууллагаар шалгуулах шаардлагатай. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад н.Баянтөгсөд холбогдуулан хэрэг үүсгэсэн ба зөрчил тогтоолгох, мөнгөө гаргуулах тухай гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг санхүүгийн зөрчилд Н.Н ямар ч хамааралгүй юм. Уг номын мөнгө нь “Монгол дата бэйс” ХХК-д шилжих ёстой байсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь талуудын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байхад эд хөрөнгийг шилжүүлсэн явдал байдаг. Уг асуудлыг буцаан шаардах болон шаардахгүй байх тухай хуулиар зохицуулсан. Хандивын дансны мөнгө гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэ нь Төрийн байгууллагын нууцад хамаарахгүй бөгөөд Шилэн дансны тухай хуулиар энэ асуудал, хандивын дансны хэрэглээ зарцуулалт нь иргэдэд нээлттэй байх ёстой. Гэтэл санхүүгийн зөрчлийг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч болон Засаг даргаар ажиллаж байсан н.Баянтөгс нар гаргасан байдаг. Эрүүгийн хэргийг үүсгэхээс татгалзсан шийдвэр нь н.Баянтөгсөд хамаарах болохоос Н.Н-д ямар нэг байдлаар хамааралгүй юм. Н.Н нь хуучин засаг даргын дүү байсан нь түүний буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө н.Баянтөгс гэж хүн шилжүүлүүлсэн тухай тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа Н.Н-д холбогдуулж гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Н нь 2000 оноос хойш Нарантуул худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлж байгаа. 2014 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын 90 ой тохиож, ойн арга хэмжээний хүрээнд сумын барилга байгууламж, айл өрхийн хашаа хороог янзлахад 14 нэр төрлийн барилгын материал шаардлагатай байгаа тул уг барилгын материалыг нийлүүлэх, мөн тээврийн хөлсөнд 2 сая төгрөг өгөх тухай хүсэлтийг тухайн үеийн Цогт сумын засаг даргаас гаргасныг хүлээн авч 2014 оны 7 дугаар сард 14 нэр төрлийн 12 073 200 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Цогт сум руу явуулсан. Уг материалуудыг Мөнхбат өөрийн шланз машин дээр ачаад 2014 оны 8 дугаар сард тээвэрлэж явсан бөгөөд Цогт суманд очоод сумын нярав Нямжавт барилгын материалуудыг хүргэж өгсөн ба сумын нягтлан Оюунзул тухайн өдрөө утасдаад материалыг авлаа, төлбөрийг шилжүүлэх дансаа өгнө үү гэсний дагуу Хаан банкны дансаа өгөхөд тэр өдөртөө 7 500 000 төгрөг шилжиж орж ирсэн. Мөн Цогт сумын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч н.Дулмаагаас барилгын материал болох оохорны мөнгө гэж 1 500 000 төгрөгийг Чулуунбаатараар дамжуулж авсан, нийт барилгын материалын үнэд 9 000 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 3 073 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Н.Н-с 7 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг даргад олгож,

Монггол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н.Нгийн Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг дарга болон Н.Н нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сум засаг даргаас иргэн Н.Н-д шилжүүлсэн 7 500 000 төгрөг нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3 073 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 134 950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 280 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Учир нь сумын Засаг даргад иргэн Д.Оюунзулын эзэмшлийн 5328062890 дугаартай данснаас шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэх эрх олгогдоогүй. Иргэн Д.Оюунзулаас нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх өгөөгүй. Нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн данс руу иргэн Д.Оюунзулаас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 7 500 000 төгрөг шилжин орсон байдаг. Сумын Засаг даргад сумын 90 жилийн ойд иргэдээс хандивласан хандивын мөнгийг нэхэмжлэх эрх байхгүй. Сумын Засаг дарга бол сумынхаа улсын төсвөөс хуваарласан төсвийн мөнгийг ерөнхийлөн захиран зарцуулах эрх бүхий төрийн улс төрийн албан тушаалтан юм. Түүнээс биш бусдын мөнгийг буюу иргэн Д.Оюунзулын, иргэдээс хандивласан мөнгийг бусдаас болон хандив өргөсөн иргэдээс нь шаардаж авах эрх байхгүй. Хариуцагч Н.Н нөхөр ах дүүсийн хамт ойн арга хэмжээнд зориулж мөнгө хандивласан.

Анхан шатны шүүх "...тус сумын засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Д.Оюунзулын эзэмшлийн 5328062890 тоот дансаар дамжуулан Цогт сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зориулан цуглуулсан хандивын мөнгөнөөс 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сүхбаатар, гэрч Д.Оюунзул нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна..." гэсэн дүгнэлтийг хийснээрээ өмгөөлөгч миний давж заалдах гомдлын үндэслэлийг хангаж байгаа. Мөн "сумын 90 жилийн ойн түүхэн номыг "Монгол дата бейс" ХХК-иар хэвлүүлэхээр тохиролцож урьдчилгаа 2 200 000 төгрөгийг шилжүүлж байсан" юм бол яагаад иргэн Н.Н-ийн данс руу 7 500 000 төгрөгийг шилжүүлэв. Үүгээр Н.Н-ийн барилгын материалын үнийг буцааж өгсөн нь тогтоогдож байгаа. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баянтөгсийн өгсөн гэрчийн мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг, барилгын материалыг авч сум орон нутгийнхаа байшин барилгыг будаж засварласан байдлыг харуулсан гэрэл зургаар нотлогдож байгаа. Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэгдэх ёстой гэж үзнэ. Хариуцагч Н.Н-д үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл байхгүй. Сумд өгсөн барилгын материалын үнийхээ зарим хэсгийг буюу 7 500 000 төгрөг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй   болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга нь хариуцагч Н.Н-д холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 7 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Н.Н нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Цогт сумаас Н.Н-д шилжүүлсэн 7 500 000 төгрөг нь худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт       3 073 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Говь-Алтай аймгийн Цогт сумын түүхт 90 жилийн ой 2014 онд болсон бөгөөд ойн үеэр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс эд материал, тодорхой хэмжээний мөнгөн хандив цугларсан, ойн баярын дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдан хандивын зарцуулалт, санхүүгийн баримтад шалгалт хийхэд зөрчил гарсан нь иргэн Н.Н-ийн Хаан банкинд эзэмшдэг 5020803429 тоот дансанд ойн номны үнэ нэрээр 7 500 000 төгрөг зориулалтын бусаар шилжсэн нь тогтоогдсон тул буцаан гаргуулна” гэж тодорхойлжээ.

 

            Гэрч Д.Оюунзулаас шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...“Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баянтөгс нь тухайн үед мөнгийг ойн номны мөнгө гээд Н.Н-ийн данс руу шилжүүлчих, би хариуцлагыг хүлээлнэ гэж шилжүүлчихээд ийм асуудал гаргаад байх шаардлагагүй”...гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар болон гэрч Д.Оюунзулын мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Д.Оюунзулын эзэмшлийн Хаан банкны 5328062890 тоот данснаас 7 500 000 төгрөгийг Н.Н-д шилжүүлсэн, уг мөнгийг тус сумын ойн арга хэмжээнд зориулан цуглуулсан хандивын мөнгөнөөс шилжсэн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

           

            Нэхэмжлэгч нь сумынхаа 90 жилийн ойн түүхэн номыг “Монгол дата бэйс” ХХК-иар хэвлүүлэхээр тохиролцож, урьдчилгаанд 2 200 000 төгрөгийг шилжүүлсэнээс үзвэл зохигчдын хооронд ном хэвлүүлэх талаар үүрэг үүсээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч Н.Нгээс 7 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул 7 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргад олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын хүсэлтээр 2014 оны 7 дугаар сард 14 нэр төрлийн 12 073 200 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг Улаанбаатараас ачуулж, Цогт сумын нягтлан н.Нямжавт хүлээлгэж өгсөн гэж тайлбар гарган, уг тайлбараа нотлохоор 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасан боловч уг баримт нь нэг талын баримт, уг 12 073 200 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг сумын санхүүд орлогод авсан баримтгүй, нэхэмжлэгч талаас шилжсэн 12 073 200 төгрөгийн барилгын материалын үнэ байсан гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан барилгын материал худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

            Говь-Алтай аймгийн Цогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар сумын 90 жилийн ойн хандив, төсөл, хөтөлбөрүүдэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг бүрэлдэхүүнтэй томилж, хяналт шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар Н.Н-д үндэслэлгүйгээр 7 500 000 төгрөг шилжүүлсэн зөрчил илэрсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01923 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-с 7 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг даргад олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Монгол Улсын” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ