Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01923

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01923

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ГААЦСЗДгын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогт Н.Н /РД: ..../-д холбогдох,

 

Номны нэрээр шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн ГААЦСЗД болон Н.Н нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сумаас иргэн Нямсүрэнд шилжүүлсэн 7,500,000 төгрөг нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,073,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГААЦСЗДгын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Говь-Алтай аймгийн Цогт сумын түүхт 90 жилийн ой 2014 онд болж өнгөрсөн билээ. Энэхүү ойн үеэр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс эд материал, тодорхой хэмжээний мөнгөн хандив цугларсан болно. Ойн баярын дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдан хандивын зарцуулалт, санхүүгийн баримтад шалгалт хийхэд багагүй хэмжээний зөрчил гарсны нэг нь иргэн Н.Нгийн ХААН банкинд эзэмшдэг 5020803429 тоот дансанд ойн номны үнэ нэрээр 7,500,000 төгрөг зориулалтын бусаар шилжсэн нь тогтоогдсон болно. Гэтэл манай сум 90 жилийн ойн номоо эрхлэн гаргуулахаар Монгол дата бэйс ХХК-тай хэлцэл байгуулсан бөгөөд үүний дагуу төлбөрийг шилжүүлсэн байдаг. Иймд иргэн Н.Нгээс номны үнэ нэрээр шилжигдсэн 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Говь-Алтай аймгийн Цогт сум нь 7 багтай, 3500 гаруй хүн амтай. 2014 онд Цогт сумын түүхт 90 жилийн ойн наадам болсон. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь тухайн хандивын мөнгөний зарцуулалттай холбоотой хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар ард иргэдийн дэмжлэг хандиваар цугласан мөнгөнөөс 7,500,000 төгрөг хууль бусаар иргэн Нямсүрэнгийн данс руу шилжсэн байсан. Тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан иргэн Баянтөгстэй холбогдуулан уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас уг асуудлыг иргэний хэрэг учраас шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэж мэдэгдсэн. Энэ мөнгийг буцаан гаргуулахаар шүүхэд хандсан. Ард иргэдийн цуглуулсан хандивын мөнгөнөөс сумын засаг даргаар тухайн үед ажиллаж байсан Баянтөгс нь өөрийн хамаарал бүхий этгээд Нямсүрэнд 7,500,000 төгрөг шилжүүлсэн байсан. Уг 7,500,000 төгрөгийн анхны зориулалт нь ойн номын мөнгө байсан. Манай сум ойн номын үнийг Монгол дата бэйс гэх хэвлэлийн компаниар хэвлүүлэхээр гэрээ байгуулсан байсан. 90 жилийн ой болох гэж байхад ном хэвлэгдэж бэлэн болоогүй байсан тул уг компанитай холбогдоход сумын засаг дарга нь төлбөрөө төлөөгүй гэж мэдэгдсэн. Үүний улмаас хяналт шалгаж хийж үзсэн. Холбогдох хуулгыг нь гаргаж үзэхэд номны мөнгө нь киноны мөнгө болсон байсан. Тэгээд энэ талаар сумын засаг даргаар ажиллаж байсан Баянтөгсөөс асуухад уг мөнгийг соёлын гавьяат зүтгэлтэн Дашзэвэг гуайд сумын ойтой холбоотой кино хийлгэхээр төлбөрийн урьдчилгаа болгож шилжүүлсэн гэж тайлбарласан. Тэгэхэд нь Дашзэвэг гуай руу холбогдоход тиймээ, киноны зардал болгож авсан гэж хэлсэн. Тэгээд сумын ой болоход кино бас л бэлэн болоогүй байсан. Тэгээд Дашзэвэг гуайтай дахин холбогдоход би одоо үнэнээ хэлье, танай засаг даргаар ажиллаж байсан Баянтөгс гэдэг хүн та нарыг уг мөнгийг асуувал түр битгий хэлээрэй, 10 сард шилжүүлж өгнө гэсэн, цаашид энэ тухай хааж нууж чадахгүй, харин киноны мөнгийг шийдвэрлэж өгөөрэй гэж Дашзэвэг гуай хэлсэн.

 

Ингээд уг асуудлыг нарийвчлан судлахад тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан Баянтөгсийн төрсөн дүү Мөнхбатын эхнэр Нямсүрэнгийн дансанд 7,500,000 төгрөг шилжсэн байсан. Уг 7,500,000 төгрөгийг эргүүлж өгөөч гэж шаардахад Сумын ойд зориулсан ажилд барилгын материал авчирч өгсөн гээд одоог хүртэл ард иргэдийн хандивын мөнгийг өгөхгүй байна. Баянтөгс нь сумын засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн гэр, ээжийнхээ гэрийг ачаад дүү Мөнхбаттайгаа хамт шланз машинтай ирсэн, тэгэхдээ барилгын материал авч очсон. Тэр барилгын материал нь тухайн үед сумын 90 жилийн ойн өнгө үзэмжид зориулагдаагүй. Харин төлөвлөгөөний дагуу Цогт суманд баригдах байсан 24,000,000 төгрөгийн өртөг бүхий халуун усны газар барих зорилготой байсан материал юм. Энэ үйл ажиллагаа нь сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаар ороод дэмжигдээгүй, нурж байсан. Тэгээд Цэлмүүн импекс ХХК нь тендерт ялж тухайн халуун усны газрыг барьсан. Уг ажлын барилгын материалыг Тайж чоно гэх компани нь тухайн үед сумын засаг даргын тамгын газарт ажиллаж байсан мал үржлийн тасгийн дарга Дулмаа гэдэг хүний хашаанд буулгаж байсан. Тухайн үед сумын 90 жилийн ойд холбогдуулан өнгө үзэмжийг сайжруулахаар будаг авсан байдаг. Манай засаг даргын тамгын газар хүртэл тэр барилгын материалаас өөрсдөө мөнгөө төлөөд авч байсан. Энэ талаар тухайн жилийн санхүүгийн баримтад хавсаргагдсан бөгөөд үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Бид хэд хэдэн удаа Нямсүрэнгийн данс руу бараа материалын төлбөрийг төлөөд худалдан авч байсан бөгөөд 2-3 удаа шилжүүлсэн байдаг. Тиймээс уг 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Говь-Алтай аймгийн Цогт сумын 3,500 иргэн өөрсдийн хандивлаж өгсөн мөнгөө хэний гар дээр ямар ажил болоод үлдсэн талаар чих тавин харуулдаж суугаа. Тухайн үед тамгын газрын нягтлангаар ажиллаж байсан Оюунзул нь 7,500,000 төгрөгийн гүйлгээг хийсэн байсан ба гүйлгээг төрийн сангийн эрхлэгчээр хянуулж байж шилжүүлдэг. Тухайн үед тэр баримт засвартай байсан бол төрийн сангаас уг гүйлгээг хийхгүй байх байсан. Гэтэл одоо засвартай байгаа нь эргэлзээтэй юм. Нямсүрэн гуайг манай талаас бол ойлгож байгаа. Иймд уг асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

 

Хариуцагч Н.Нгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ГААЦСЗДгын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь намайг илт гүтгэсэн шинжтэй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад Баянтөгс гэж хүн хариуцагчаар оролцвол зохих этгээд юм байна. Нямсүрэн нь ямар учраас энэ хэргийн хариуцагч болж байгаа нь ойлгомжгүй. Тухайн үедээ Цогт сумын засаг даргаар ажиллаж байсан Баянтөгсийн хариуцлага алдсан асуудал нь Нямсүрэнд ямар хамааралтай нь тодорхойгүй бөгөөд энэ хэрэгт Нямсүрэн хариуцагчаар оролцох ямар үндэслэл, шаардлага байгаа нь тодорхойгүй байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан ажлын хэсэг энэ зөрчлийг илрүүлсэн тухай тайлбарлажээ. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаад зөрчил хянаад тогтоогоод шалгадаг эрх бүхий байгууллага биш. Төрийн байгууллага нь өөрийн ажлын талаар буруу зөрүү асуудалтай байна гэж үзвэл Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудитын байгууллагаар шалгуулах шаардлагатай. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад Баянтөгсөд холбогдуулан хэрэг үүсгэсэн ба зөрчил тогтоолгох, мөнгөө гаргуулах тухай гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг санхүүгийн зөрчилд энэ хүн ямар ч хамааралгүй юм. Уг номын мөнгө нь Монгол дата бэйс ХХК-нд шилжих ёстой байсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэж тодорхойлж байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь талуудын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байхад эд хөрөнгийг шилжүүлсэн явдал байдаг. Уг асуудлыг буцаан шаардах болон шаардахгүй байх тухай хуулиар зохицуулсан.

 

Хандивын дансны мөнгө гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэ нь Төрийн байгууллагын нууцад хамаарахгүй бөгөөд Шилэн дансны тухай хуулиар энэ асуудал, хандивын дансны хэрэглээ зарцуулалт нь иргэдэд нээлттэй байх ёстой. Гэтэл санхүүгийн зөрчлийг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч болон засаг даргаар ажиллаж байсан Баянтөгс нар гаргасан байдаг. Эрүүгийн хэргийг үүсгэхээс татгалзсан шийдвэр нь Баянтөгсөд хамаарах болохоос Нямсүрэнд ямар нэг байдлаар хамааралгүй юм. Нямсүрэн нь хуучин засаг даргын дүү байсан нь түүний буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө Баянтөгс гэж хүн шилжүүлүүлсэн тухай тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа Н.Нд холбогдуулж гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Нгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа. Үүнд ГААЦСЗД болон Н.Н нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сумаас иргэн Нямсүрэнд шилжүүлсэн 7,500,000 төгрөг нь худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3,073,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Н.Н нь 2000 оноос хойш Нарантуул худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлж байгаа. 2014 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын 90 ой тохиож, ойн арга хэмжээний хүрээнд сумын барилга байгууламж, айл өрхийн хашаа хороог янзлахад 14 нэр төрлийн барилгын материал шаардлагатай байгаа тул уг барилгын материалыг нийлүүлэх, мөн тээврийн хөлсөнд 2 сая төгрөг өгөх тухай хүсэлтийг тухайн үеийн Цогт сумын засаг даргаас гаргасныг хүлээн авч 2014 оны 7 дугаар сард 14 нэр төрлийн 12,073,200 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Цогт сум руу явуулсан. Уг материалуудыг Мөнхбат өөрийн шланз машин дээр ачаад 2014 оны 8 дугаар сард тээвэрлэж явсан бөгөөд Цогт суманд очоод сумын нярав Нямжавт барилгын материалуудыг хүргэж өгсөн ба сумын нягтлан Оюунзул тухайн өдрөө утасдаад материалыг авлаа, төлбөрийг шилжүүлэх дансаа өгнө үү гэсний дагуу ХААН банкны дансаа өгөхөд тэр өдөртөө 7,500,000 төгрөг шилжиж орж ирсэн. Мөн Цогт сумын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч н.Дулмаагаас барилгын материал болох оохорны мөнгө гэж 1,500,000 төгрөгийг Чулуунбаатараар дамжуулж авсан, нийт барилгын материалын үнэд 9,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 3,073,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

Аливаа гэрээ хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байхыг шаарддаг бөгөөд үйл баримт тодорхой байх ёстой. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн дагуу тогтоогдож байна. Ингэхдээ тухайн этгээдийн өмчлөл, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлсэнээр тогтоогдоно гэж үзэж болно. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Цогт сумаас шилжүүлсэн гэх 7,500,000 төгрөгийг эрх бүхий этгээд болох Оюунзул шилжүүлсэн ба гүйлгээнд гарын үсэг зурсан байсан. Энэхүү мөнгө нь уг худалдах худалдан авах гэрээний төлбөр, уг гэрээний үүргийн гүйцэтгэл байсан учраас үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн төлбөр болохыг тогтоолгохоор шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Оюунзулын гэрчээр өгсөн мэдүүлгээс харахад өөрөө уг бүх эрхийг эдэлж байсан, уг гүйлгээг хийх 1, 2 дугаар гарын үсгийг зурах эрхтэй этгээд байна. Мөн энэхүү гэрээний явцад гэрчүүдийн мэдүүлгээс хэд хэдэн байдал тогтоогдож байгаа. Хэрвээ зориулалтын бус шилжүүлэг байсан бол уг гүйлгээг хийхгүй байх байсан. Нийт барилгын материалын үнэд Цогт сумаас 9,000,000 төгрөг авсан бай үүнээс 1,500,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулж авсан байдал нь өнөөдөр нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон.

 

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 7,500,000 төгрөгийг номны мөнгө гэж шилжүүлсэн нь Нямсүрэн намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь дээрх үйлдлийг хариуцагч Нямсүрэн хийгээгүй бөгөөд үндсэн нэхэмжлэгч Цогт сумын засаг даргын зөвшөөрлөөр хийгдсэн бөгөөд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан. Энэ гүйлгээг хийгээд гүйлгээний утга андуурч бичсэн нь хариуцагчийн зүгээс хариуцлага хүлээх ямар нэгэн үндэслэл болохгүй юм. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилогдсон шалгалтын комисс нь зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, шалгалтын комисс дотооддоо хийсэн хяналт шалгалтыг үндэслээд иргэнээс мөнгө нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн шалгалтын комисс дээр барилгын материал байгаагүй нь тайлан баримтад дурдагдсан байгаа. Үнэхээр үүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол үндсэндээ үүргийн харилцаа байхгүй гэдгээ батлах хэрэгтэй юм. Гэтэл нотлох баримт шинжлэн судлахад Нямжавын гарын үсэгтэй баримт нь байсан. Ингэснээр эдгээр хүмүүсийн хооронд үүргийн харилцаа байсан гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд бараа материалыг хүлээлгэж өгсөн. Ийм учраас худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоох нь зүйтэй. Мөн Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар тухайн эд зүйлийг шилжүүлсэн тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцохоор байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагчийн зүгээс үүргээ бүрэн гүйцэтгээгүй байхад нийт 12,073,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн байдаг. Ингээд үүнээс 3,073,200 төгрөгийг төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлэхгүй байгаа тул хариуцагч шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГААЦСЗД нь хариуцагч Н.Нд холбогдуулан Говь-Алтай аймгийн Цогт сумын 90 жилийн ойн ном хэвлүүлэхээр шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай, хариуцагч Н.Нгийн ГААЦСЗД болон Н.Н нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сумаас иргэн Нямсүрэнд шилжүүлсэн 7,500,000 төгрөг нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,073,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Н.Нгийн Хаан банкинд эзэмшдэг 5020803429 тоот данс руу 7,500,000 төгрөгийг тус банкны 5328062890 тоот данснаас шилжүүлсэн талаар маргаагүй, мөн тус сумын засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Д.Оын эзэмшлийн 5328062890 тоот дансаар дамжуулан Цогт сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зориулан цуглуулсан хандивын мөнгөнөөс 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гэрч Д.О нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ГААЦСЗД нь сумынхаа 90 жилийн ойн түүхэн номыг Монгол дата бэйс ХХК-иар эрхлэн хэвлүүлэхээр тохиролцож, номны урьдчилгаа 2,200,000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Монгол дата бэйс ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/72 тоот тодорхойлолт, Хаан банкны 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин хариуцагч Н.Н, нэхэмжлэгч ГААЦСЗД нарын хооронд ном хэвлүүлэх талаар үүрэг үүсээгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч Н.Нг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нь ... Цогт сумын засаг даргын хүсэлтээр 2014 оны 7 дугаар сарын 14 нэр төрлийн 12,073,200 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг Улаанбаатараас ачуулж, Цогт сумын нягтлан Нямжавт хүлээлгэж өгсөн гэж хариу тайлбар гаргаж, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримтыг нотлох баримтаар өгчээ. Дээрх баримт нь нэг талын баримт бөгөөд нэхэмжлэгч тухайн үед 14 нэр төрлийн 12,073,200 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг худалдан авахаар хариуцагчид санал тавьж, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, зарлагын баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

ГААЦСЗД болон Н.Н нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сумаас иргэн Нямсүрэнд шилжүүлсэн 7,500,000 төгрөг нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3,073,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхээс зохигчдын хооронд 2014 онд барилгын материал худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчийн Хаан банкин дахь дансанд Номны үнэ гэж шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн барилгын материалын зарим үнэ гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байх тул үлдэгдэл төлбөр гэх 3,073,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГААЦСЗДд олгож, хариуцагчийн ГААЦСЗД болон Н.Н нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сум засаг даргаас иргэн Н.Нд шилжүүлсэн 7,500,000 төгрөг нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3,073,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Н.Нгээс 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГААЦСЗДд олгосугай.

 

2.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н.Нгийн ГААЦСЗД болон Н.Н нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Цогт сум засаг даргаас иргэн Н.Нд шилжүүлсэн 7,500,000 төгрөг нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болохыг тогтоолгох, худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3,073,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 134,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,280 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР