Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2006

 

 

Б.Н, Б.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н, Б.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ерөнхий боловсролын “Үй цай” сургуульд холбогдох

 

7 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Н.Анхилуун нь 2016-2017 оны хичээлийн жилд Үй цай бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон. 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжлүүлээд 2-р ангид элсэн орсон боловч хэд хэдэн шалтгааны улмаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хичээлдээ явах боломжгүй болж, өөр сургууль руу шилжих болсон. Тухайн жилийн сургалтын төлбөр болох 3 500 000 төгрөгийг бүрэн төлсөн байсан. Бидний зүгээс сургуулийн удирдлагад хүүхэд шилжиж байгаатай холбогдуулан үлдсэн төлбөрөө гаргуулах хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй тул сургалтын үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр ангийн сургалтын үндсэн төлбөр нь 3 500 000 төгрөг, бэлтгэл ангийн төлбөр нь 900 000 төгрөг юм. Бид нарт төлбөр нь 4 400 000 төгрэг гэж төлүүлсэн. Охиноо сургуулиас нь гаргах ноцтой асуудлууд их байсан. Энэ сургууль нь хүүхдэд ээлтэй орчинг огт бүрдүүлээгүй, маш их шахалт дарамттай. Хэдийгээр хятад хэл сурах нь сахилга бат их шаардах байсан ч хагас цэрэгжилтийн байдалтай дарамттай сургууль байдаг. Жишээ нь 7-р ангийн хүүхэд тархины хорт хавдартай болсон, сургуулиас хандив цуглуулж авсан. 6-р ангийн хүүхэд бөөрний дутагдалтай болоод сургуулиасаа гарах болсон. Манай хүүхдийн анги дээр өглөөний 0745 цагт хонх дуугардаг. Хонх дуугарахаас хэдэн минутын өмнө 10-1 хүртэл тоолоод хаалгаа барьдаг. Тэгээд үлдсэн хүүхдүүдээс 500.0 төгрөг авдаг. Хүүхдүүд бол 6, 7 настай хүүхдүүд нь оройны 16:30, 18:30 цагаас тардаг. Эцэг, эх нь 1 цагаас 2 цагийн хугацаанд сургууль руу оруулахгүй байгаа учраас өвөл ч байсан хэзээ тарах нь мэдэгдэхгүй гадна нь хүлээдэг. Манай охины ангид 30-40 хүүхэд хичээллэдэг. Энэ олон цагийн хугацаанд хичээллэж байхдаа хүүхдүүдэд ус өгдөггүй. Хүүхдүүдийг нойл орохыг зөвшөөрдөггүй тул хүүхдүүд багшаасаа айгаад огт ус уудаггүй, гаднаас хоол унд орохыг хориглодог. Эцэг, эх нь нэг өдрийн 2 000 төгрөгөөр тооцоод сар бүр хоолны мөнгө өгдөг. Гэхдээ хүүхдүүд нь хоолондоо цаддаггүй. Сургуулиасаа дандаа пирошки ундаа зэрэг зүйлийг авч иддэг. Хүүхдүүд байнга өлсгөлөн, ам цангасан, уруул ам нь омголтсон, толгой нь байнга өвдсөн, халуурсан бүлээрсэн хүүхдүүд байнга байж байдаг. Хүүхдүүд орой тарахаас гадна олон цагийн даалгавартай учраас даалгавраа хийсээр байгаад орой 10:00 цагтай уралдаж унтдаг. Хүүхдийн насанд тохироогүй маш их ачаалалтай байдаг. 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 1, 2 улиралд огт амрахгүй байж байгаад 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хичээллэж байгаад 45 хоног амраад цагаан сарын дараагаас 06 сар хүртэл хичээллэдэг. Манай охины ангийн багш нь маш ёс суртахуунгүй, ангийн багш нар нь хүүхдүүдээ зоддог, янз бүрийн хараалын үг хэллэг хэрэглэдэг, хүүхдэд хүнд ном бариулаад 1, 2 цагаар гарыг нь өргүүлээд зогсоодог. Ном өргөөд гараа өргөж зогсдоггүй хүүхэд гэж нэг ч байхгүй. Хүүхдийн дэвтэрийг маш их урдаг, хүүхдүүд бол сургууль дээр маш их түгшүүртэй байдаг. Зургийн хичээл орж байхад ангийн нэг хүүхэд нь ам нь цангаад ус уух хооронд чи наад усаа нэг амьсгаагаар гудар гэдэг. Эцэг эхчүүд нь байнга энэ тухай ярьдаг боловч хэн ч зориглож хэлдэггүй. Би хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хүүхдэд ээлгүй, дарамттай орчинд хүүхдээ сургахыг хүсээгүй учраас хүүхдээ шилжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон. Миний охин бэлтгэл ангид огт суугаагүй. Хоёрдугаар ангид орсны дараа эцэг эхчүүдтэй ярилцаж байгаад нэгдүгээр ангийн төлбөр нь 3 500 000 төгрөг болохыг мэдсэн. Нэгдүгээр ангийн бэлтгэл ангийн 900 000 төгрөг болон хоёр дугаар ангийн төлбөр болох 3 500 000 төгрөг нийт 4 400 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин З.Анхзол нь 2016-2017 оны хичээлийн жилд Үй цай бүрэн дунд сургуульд шилжиж элсэн орсон. Тухайн жилдээ нэгдүгээр ангид бүрэн суралцаад, 2017-2018 онд хоёрдугаар ангидаа элсэж суралцсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хичээлд яваагүй. Энэ сургуулийн хичээлийн цаг нь өглөө 07:30 минутаас эхэлдэг. Албан ёсны хичээл тарах цаг нь 15:30 гэж хэлсэн боловч тэр цагтаа тардаггүй. Бид нар үр хүүхдүүдээ авмаар байна, ардаа бас ажилтай байдаг, тарах ёстой цагийг хэлэх юм бол тэр цагт нь ирээд хүүхдүүдээ авмаар байна. Мөн дээрээс хүүхдүүд шингэний дутагдал маш их орж байна. Энэ талаар анги удирдсан багшид нь ус сайн уулгах талаар хэлдэг. Хүүхэд маань өдөрт бараг 08-10 цаг тухайн сургууль дээр байж байна. Анги удирдсан багш болох н.Гэрэлтуяа нь хүүхдүүдийг маш их гадуурхдаг. 10 дугаар сарын 18-ны өдөр эцэг эхийн хурал хийсэн. Энэ хурал дээр болохгүй байгаа зүйлийг хэлсэн. Тэр хурал дээр миний хэлсэн нэг шаардлага бол их хүүхдүүдийг хүлээлгэж байна. Маргааш нь миний хүүхэд З.Анхзолыг авч үлдсэн. Аав нь хүүхдээ сургуулиас нь авахад ээж нь өчигдөр сургуулиас хүүхэд оройтуулдаг гэх зүйл ярьсан, сургуулийн эцэг, эхийн хурал дээр ийм зүйл ярихаар ямар байна гэх мэтчилэн хүүхдэд заналхийлээд хариугаа авч байгаа юм уу, багш нь хариуцлагагүй үйлдэл гаргасан. Сургууль багш нар, эцэг эхчүүдийн 3 талт харилцаа байгаагүй учраас хүүхдээ сургуулиас гаргасан. Үй цай бүрэн дунд сургуулиас хоёрдугаар ангийн сургалтын төлбөр 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Үй цай бүрэн дунд сургуулийн төлбөр 3 500 000 төгрөг байсан. Нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 4 400 000 төгрөг байсан. Үүнтэй холбоотой Н.Анхилуун, З.Анхзол гэх хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа эхлээд суралцаж байсан хүүхдүүд байдаг. З.Анхзол нь бэлтгэл бүлэгтээ хамрагдсан сургалтын төлбөр 4 400 000 төгрөг байсан дээр маргадаггүй. Харин Н.Анхилуун нь бэлтгэл бүлэгтээ хамрагдаагүй тул нэгдүгээр ангийн сургалтын төлбөрийг илүү төлбөр төлсөн байгаа учраас илүү төлбөрөө буцааж авна гэдэг. Илүү төлбөр төлсөн нь сургуулиас шалтгаалаагүй. Өөрөө төлбөрөө төлчхөөд сургалтандаа суугаагүй явсан байгаа тул энэ мөнгийг буцааж олгох боломжгүй. 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар батлагдсан суралцагч элсүүлэх журам гэж байдаг. Энэ журмын 1.6-т Үй цай бүрэн дунд сургуулийн онцлогыг харгалзан шинээр элсэж байгаа болон шилжиж ирсэн суралцагчдыг хичээлд сууж эхэлсэн өдрөөс эхлэн сургалтын гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн байгаа. Мөн дүрмийн 3.5-т бэлтгэл бүлэг эхэлснээс хойш гарсан тохиолдолд бэлтгэл бүлгийн сургалтын төлбөр буцаан олгогдохгүй. Мөн дүрмийн 3.7-т бэлтгэл бүлгийн суралцах хугацаа нь бэлтгэл болон нэгдүгээр ангийн сургалтын төлбөрийг 100 хувь хийснээр энэ ангид элсэн орсонд тооцно гэж байгаа. Бэлтгэл бүлэгтээ биечлэн суугаагүй боловч төлбөрөө төлснөөрөө нэгдүгээр ангид нь элсүүлсэн асуудал байгаа. Нэгдүгээр ангид бүтэн суралцсан асуудал дээр нэхэмжлэгч нар аль аль нь маргадаггүй. Хоёрдугаар ангидаа нэхэмжлэлд дурдагдсан асуудлаар гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ асуудлаар үдийн цай, хоол нь бага, дарамт шахалт их байдаг зэрэг гомдол гаргасан асуудлаар мэргэжлийн байгууллагад хандаад явдаг. Үүнээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгууллагын актаар тогтоогдсон асуудлаар зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэвэр ноогдуулсан боловч түүнд нь холбогдуулж захиргааны хэргийн шүүхэд бид хандсан. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0104 шийдвэрээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлд дурдагдсан гомдол нь үндэслэлгүй гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа. Эцэг, эхийн хүсэлтээр хүүхэд сургуулиас гарч байгаа нь сургалтын төлбөрийг буцааж өгөх, гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Үүнийг дотоод журмын 6 дугаар зүйлээр зохицуулсан байдаг.

Сургалтын гэрээний тухайд бол улсын бүртгэлд бүртгүүлсэн сургуулийн дүрэм, дотооддоо боловсруулсан сургуулийн дотоод журам дээр сургалтын гэрээг бичгээр байгуулна гэсэн зохицуулалт байхгүй. Хичээл эхлэх болгонд эцэг, эхчүүдийн хурлыг зарлаж, эцэг, эхчүүдэд дотоод журам, сургалтанд мөрдөгдөж байгаа хичээлийн төлөвлөгөө, сургалтын төлбөртэй холбоотой асуудлуудыг танилцуулж, протокол хөтөлж гарын үсэг зуруулж авдаг. Үүн дээр нэхэмжлэгч Б.Н, Б.А нар танилцаж гарын үсэг зурсан байдаг. Энэ хурлууд дээр сургалтын төлбөр, сургуулийн дотоод журам, хичээлд сууж эхэлснээр сургалтын гэрээ байгуулагдсанд тооцно. Дундаас гарч байгаа тохиолдолд цаанаа анги дүүргэлт гэсэн асуудал байдаг. Дахиад шинээр хүүхэд авах боломжгүй байдаг тул сургалтын төлбөрийг өгөхгүй гэх талаас нь тайлбарлаж байсан. Үүнийг нэхэмжлэгч нар өөрсдөө мэдэж байгаа. Гэрээнээс татгалзаж байгаа, өгсөн авсан зүйлээ буцаана гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Ерөнхий боловсролын "Үй цай" сургуулиас 2 722 223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д, 2 501 854 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.А-д тус тус олгож, Б.Н-н нэхэмжлэлээс үлдэх 1 677 777 төгрөгийг, Б.А-ийн нэхэмжлэлээс үлдэх 998 146 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ерөнхий боловсролын "Үй цай" сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 54 979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д, 58 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Үй цай сургуулийн 1в ангийн эцэг, эхийн хурлаар тус сургуулийн дотоод журам, сургалтын төлбөрийн талаар хэлэлцсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар энэхүү хуралд оролцож, гарын үсэг зурсан болох нь баримтаар тогтоогдож байна. Мөн тус сургуулийн суралцагч элсүүлэх журмын 1.6-д Үй цай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, түүний онцлогийг харгалзан шинээр элсэж байгаа болон шилжиж ирсэн сурагчдыг хичээлд сууж эхэлснээр сургалтын гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан ба ...нэхэмжлэгч нарын сургуулийн дотоод журам, сургалтын төлбөрийн талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна" гэж эцэг, эхчүүдийн сургуулийн дотоод журам, сургалтын төлбөртэй танилцсаны үндсэн дээр хүүхдээ сургуульд суралцуулсан болохыг зөв тодорхойлсон. Эцэг, эхчүүдэд сургуулийн дотоод журмыг хурлын үеэр танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч Б.Н-ийн охин Н.Анхилуун нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, нэхэмжлэгч Б.А-ийн охин З.Анхзол нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн эцэг, эхийн хүсэлтээр сургуулиас шилжсэн буюу сургалт эхэлснээс хойш 1 сарын дараа хүүхдүүдээ шилжүүлсэн байна. Дотоод журмын зохицуулалтаас үзвэл эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ сургалтын төлбөр буцаан олгох боломжгүй цаг хугацаанд шилжүүлсэн байна. Иймд сургуулийн дотоод журмын энэхүү зохицуулалтын дагуу сургалтын төлбөрийг буцаан төлөх боломжгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх "...Талууд хөлсөөр ажиллах гэрээгээр харилцан тохиролцож, ажлын хөлс буюу 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг урьдчилж төлсөн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээ цуцлагдсан байх тул урьдчилж авсан сургалтын төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй" гэж дүгнэсэн нь буруу бөгөөд шүүх "...Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацаа үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үздэг" хэмээн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүндэтгэн үзэх шалтгаануудыг нэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч нарын сургалтын гэрээг цуцлах болсон шалтгаан нь шүүхийн үзсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд шүүх ч энэ талаар "...нэхэмжлэгч нарын гэрээ цуцлах болсон нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй" гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч Б.Н-д 2 722 223 төгрөг, Б.Ад 2 501 854 төгрөгийг "Үй Цай" сургуулиас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь Ерөнхий боловсролын “Үй цай” сургуульд холбогдуулан 4 400 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.А нь Ерөнхий боловсролын “Үй цай” сургуульд холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээ хариуцагч “Үй цай” бүрэн дунд сургууль олон цагаар хичээллэдэг, биеийн тамирын заалгүй, 00 хүрэлцээгүй, хоол нь  амт чанаргүй, багш нар ёсгүй нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд муу нөлөөтэй учир гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлаа гэрээний үүргээ зөрчөөгүй, сургуулийн дотоод журмын 6.4-т сургалтын төлбөр буцаан олгохгүй гэж тохирсон гэж мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н нь охин Н.Анхилууныг Ерөнхий боловсролын “Үй цай” сургуулийн бэлтгэл бүлгийн сургалт явагдаж дууссаны дараа 1 дүгээр ангид элсүүлэн суралцуулж, 2017-2018 оны хичээлийн жилд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл 2в ангид суралцуулсан байх ба бэлтгэл бүлгийн сургалтын төлбөрт 900 000 төгрөг, 2 дугаар ангийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг, нэхэмжлэгч Б.А нь охин З.Анхзолыг Ерөнхий боловсролын “Үй цай” сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл суралцуулсан байх ба 2 дугаар ангийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг төлсөн тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2017-2018 оны хүүхдийн сургалтын төлбөрийг төлж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Н.Анхилуун, З.Анхзол нар нь Үй цай бүрэн дунд сургуулийн 2 дугаар ангид суралцаж эхэлсэн тул талуудын хоорондын үүргийг хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд тодорхойлсоныг буруутгах боломжгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт тус сургуулийн дотоод журмыг эцэг эхийн хурлаар танилцуулсан, сургалтын төлбөрийг хэлэлцүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзвэл хариуцагчаас үзүүлж буй ажил үйлчилгээ гэрээ байгуулагдмагц шууд биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул уг гэрээг цуцлах асуудалд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалт хэрэглэгдэх учиртай.

 

Дээрх шалтгаанаар нэхэмжлэгч Б.Н хариуцагч “Үй цай” бүрэн дунд сургуулиас охин Н.Анхилууныг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс, нэхэмжлэгч Б.А хариуцагч “Үй цай” бүрэн дунд сургуулиас охин З.Анхзолыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өөр сургуульд шилжүүлсэн үеэс талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч нарыг бага насны хүүхдийн эрүүл мэнд, тэдгээрийн эрх ашиг, сургуулийн цагийн хуваарь, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөрийг харгалзан  үзэж гэрээг цуцалсаныг буруутгахгүй Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлах боловч нэхэмжлэгчийн хүүхдүүд уг сургуулийн сургалтын үйлчилгээг тодорхой хугацаанд авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүх хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчийн урьдчилж төлсөн сургалтын төлбөрөөс /2017-2018 оны хичээлийн жилийн/ суралцсан хугацааны төлбөрийг хасаж, хариуцагч “Үй цай” бүрэн дунд сургуулиас 2 722 223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д 2 501 854 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Нэхэмжлэгч Б.Н-н охин Н.Анхилуун бэлтгэл бүлэгт суралцалгүй “Үй цай” бүрэн дунд сургуулийн 1 дүгээр ангид суралцсан байх ба тус сургуулийн суралцагч элсүүлэх журмын 3.8-д заасны дагуу хоцрогдол арилгах зорилгоор уг төлбөр авсныг буцаан гаргуулах үндэслэлгүй талаар зөв дүгнэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 535 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ