Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00271

 

   Б.Н, Б.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2006 дугаар магадлалтай,

Б.Н,ын нэхэмжлэлтэй,

Ү д холбогдох,

7.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч  Л.Загдаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч  Л.Загдаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Н.Анхилуун нь 2016-2017 оны хичээлийн жилд Үй цай бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон. 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжлүүлээд 2-р ангид элсэн орсон боловч хэд хэдэн шалтгааны улмаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хичээлдээ явах боломжгүй болж, өөр сургууль руу шилжих болсон. Тухайн жилийн сургалтын төлбөр болох 3.500.000төгрөгийг бүрэн төлсөн байсан. Бидний зүгээс сургуулийн удирдлагад хүүхэд шилжиж байгаатай холбогдуулан үлдсэн төлбөрөө гаргуулах хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй тул сургалтын үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр ангийн сургалтын үндсэн төлбөр нь 3.500.000 төгрөг, бэлтгэл ангийн төлбөр нь 900.000 төгрөг юм. Бид нарт төлбөр нь 4.400.000 төгрөг гэж төлүүлсэн. Охиноо сургуулиас нь гаргах ноцтой асуудлууд их байсан. Энэ сургууль нь хүүхдэд ээлтэй орчинг огт бүрдүүлээгүй, маш их шахалт дарамттай. Энэ олон цагийн хугацаанд хичээллэж байхдаа хүүхдүүдэд ус өгдөггүй. Хүүхдүүдийг нойл орохыг зөвшөөрдөггүй тул хүүхдүүд багшаасаа айгаад огт ус уудаггүй, гаднаас хоол унд орохыг хориглодог. Би хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хүүхдэд ээлгүй, дарамттай орчинд хүүхдээ сургахыг хүсээгүй учраас хүүхдээ шилжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон. Миний охин бэлтгэл ангид огт суугаагүй. Хоёрдугаар ангид орсны дараа эцэг эхчүүдтэй ярилцаж байгаад нэгдүгээр ангийн төлбөр нь 3.500.000 төгрөг болохыг мэдсэн. Нэгдүгээр ангийн бэлтгэл ангийн 900.000 төгрөг болон хоёр дугаар ангийн төлбөр болох 3.500.000 төгрөг нийт 4.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин З.Анхзол нь 2016-2017 оны хичээлийн жилд Үй цай бүрэн дунд сургуульд шилжиж элсэн орсон. Тухайн жилдээ нэгдүгээр ангид бүрэн суралцаад, 2017-2018 онд хоёрдугаар ангидаа элсэж суралцсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хичээлд яваагүй. Энэ сургуулийн хичээлийн цаг нь өглөө 07:30 минутаас эхэлдэг. Албан ёсны хичээл тарах цаг нь 15:30 гэж хэлсэн боловч тэр цагтаа тардаггүй. Мөн дээрээс хүүхдүүд шингэний дутагдал маш их орж байна. Энэ талаар анги удирдсан багшид нь ус сайн уулгах талаар хэлдэг. Сургууль багш нар, эцэг эхчүүдийн 3 талт харилцаа байгаагүй учраас хүүхдээ сургуулиас гаргасан. Үй цай бүрэн дунд сургуулиас хоёрдугаар ангийн сургалтын төлбөр 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Ү  шүүхэд гаргасан тайлбартаа: Үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Үй цай бүрэн дунд сургуулийн төлбөр 3.500.000 төгрөг байсан. Нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 4.400.000 төгрөг байсан. Үүнтэй холбоотой Н.Анхилуун, З.Анхзол гэх хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа эхлээд суралцаж байсан хүүхдүүд байдаг. З.Анхзол нь бэлтгэл бүлэгтээ хамрагдсан сургалтын төлбөр 4.400.000 төгрөг байсан дээр маргадаггүй. Харин Н.Анхилуун нь бэлтгэл бүлэгтээ хамрагдаагүй тул нэгдүгээр ангийн сургалтын төлбөрийг илүү төлбөр төлсөн байгаа учраас илүү төлбөрөө буцааж авна гэдэг. Илүү төлбөр төлсөн нь сургуулиас шалтгаалаагүй. Өөрөө төлбөрөө төлчхөөд сургалтандаа суугаагүй явсан байгаа тул энэ мөнгийг буцааж олгох боломжгүй. 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар батлагдсан суралцагч элсүүлэх журам гэж байдаг. Энэ журмын 1.6-т Үй цай бүрэн дунд сургуулийн онцлогыг харгалзан шинээр элсэж байгаа болон шилжиж ирсэн суралцагчдыг хичээлд сууж эхэлсэн өдрөөс эхлэн сургалтын гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн байгаа. Мөн дүрмийн 3.5-т бэлтгэл бүлэг эхэлснээс хойш гарсан тохиолдолд бэлтгэл бүлгийн сургалтын төлбөр буцаан олгогдохгүй. Мөн дүрмийн 3.7-т бэлтгэл бүлгийн суралцах хугацаа нь бэлтгэл болон нэгдүгээр ангийн сургалтын төлбөрийг 100 хувь хийснээр энэ ангид элсэн орсонд тооцно гэж байгаа. Хоёрдугаар ангидаа нэхэмжлэлд дурдагдсан асуудлаар гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ асуудлаар үдийн цай, хоол нь бага, дарамт шахалт их байдаг зэрэг гомдол гаргасан асуудлаар мэргэжлийн байгууллагад хандаад явдаг. Үүнээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгууллагын актаар тогтоогдсон асуудлаар зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэвэр ногдуулсан боловч түүнд нь холбогдуулж захиргааны хэргийн шүүхэд бид хандсан. 2018 оны 02дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0104 шийдвэрээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэрээнээс татгалзаж байгаа, өгсөн авсан зүйлээ буцаана гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Ерөнхий боловсролын "Үй цай" сургуулиас 2.722.223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд, 2.501.854 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Анхмаад тус тус олгож, Б.Нандин-Эрдэнийн нэхэмжлэлээс үлдэх 1.677.777 төгрөгийг, Б.Анхмаагийн нэхэмжлэлээс үлдэх 998.146 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ерөнхий боловсролын "Үй цай" сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 54.979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Анхмаад, 58.505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2006 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.535 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Загдаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2006 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нар Үй цай сургуулийг гэрээний үүргээ зөрчсөн гэж буруутгаж байгаа зөрчлийн асуудлаар нэхэмжлэгч Б.Н Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж гомдол гаргасан байдаг. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус сургуульд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэвэр ногдуулсан боловч уг шийтгэвэр нь бодит байдалд нийцээгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон. Энэхүү шийдвэр одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэд гагцхүү өөрсдийн хүслээр тус гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэдэг. Нэхэмжлэгч нарын хүүхдүүдээ сургуулиас шилжүүлэх болсон шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Энэ талаар анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нарын гэрээ цуцлах болсон нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн ч нэхэмжлэгч Б.Нд 2,722,223 төгрөг, Б.Анхмаад 2,501,854 төгрөгийг тус тус “Үй Цай” сургуулиас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл болгосон тус журамд сургалт эхэлснээс хойш 1 сарын дараа хүүхдээ шилжүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан төлөхгүй байхаар зохицуулсан байхад үүнд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь 2017-2018 оны хичээлийн жилийн сургалт эхэлснээс хойш 1 сарын дараа хүүхдүүдээ шилжүүлсэн. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэх ёстой байтал энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 тоот шийдвэр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2006 тоот магадлалын нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “Үй цай” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Н 4.400.000 төгрөг,  Б.А3.500.000 төгрөг тус тус нэхэмжлэхдээ шаардлагаа гэрээнээс татгалзсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...сургуулийн дотоод журамд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

“Үй цай” сургуулийн 2 дугаар ангид нэхэмжлэгч Б.Нандин-Эрдэнийн охин Н.Анхилуун 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Б.Анхмаагийн охин З.Анхзол 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл суралцсан ба нэхэмжлэгч нар тухайн жилийн сургалтын төлбөрт тус бүр 3.500.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх, хариуцагч төлбөрийг буцаан олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасантай нийцжээ.  

Тус дунд сургууль олон цагаар хичээллэдэг, бие засах газар хүрэлцдэггүй, хоол амт чанаргүй, сургууль, сургалтын нөхцөл байдал хүндрэлтэй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж хүүхдүүдийг өөр сургуульд шилжүүлснийг буруутгах боломжгүй  байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан  төлсөн төлбөрөөс суралцсан хугацааны төлбөрийг хасч,  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт  Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1.-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2006 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Загдаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 98.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ