Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2021/00071

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “А” ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургууль /захирал Х.Берикбол/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургуулийн захирал Х.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 51003353 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “А” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А сумын А дүгээр бүрэн дунд сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар 51003353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Манай компанийн зүгээс уг 51003353 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж өгөхийг удаа дараа хэлсэн боловч төлж өгөхгүй байна. Иймд хариуцагч А сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 51003353 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: А ХК нь Баян-Өлгий аймгийн төвийн болон зарим сумуудын нутаг дэвсгэрт дулааны эрчим хүч үйлдвэрлэж хангадаг компани. А ХК-иас Ерөнхий боловсролын А дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан 51003353 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал буюу Ерөнхий боловсролын А дүгээр бүрэн дунд сургууль манай компаниас байнгын түнш авдаг хамтран ажиллах байгууллагуудын нэг болж ирсэн. 2017 оны 02 дугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооноос улсын хэмжээнд захиргааны хэм хэмжээний акт гаргах байдлаар дулааны эрчим хүчний үнэ тарифыг баталж өгсөн байдаг. Энэхүү тогтоолыг тухай бүр манай компани зүгээс хэрэглэгч байгууллагад танилцуулж байсан. Өөрөөр  хэлбэл 2017 онд хэдийгээр зохицуулах хорооны тогтоолыг хүргүүлсэн боловч бид нар тухайн онд хуучин тарифаар тооцож халаалтын мөнгө авч байсан. 2017 оны төсвийг 2016 онд батлагдаж ирдэг байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол 2017 оны 2 дугаар сард батлагдсан учраас шинэ тарифаар авах боломжгүй байсан. Гэхдээ манай компани зүгээс хариуцагч байгууллагад 2018 оноос эхлээд шинэ тарифаар тооцоо хийнэ шүү мөн гэрээгээ 8 сараар байгуулах тул зохих байдлаар дараа 2018 оны төсвийг батлуулж аваарай гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэл хүргүүлж байсан талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэсэн хэдий боловч хариуцагч байгууллагаас мэдэгдлийг хүлээж авснаас хойш ямар нэгэн хариу ирүүлээгүй байдаг.  2017 оны эцсээр тооцоо нийлж үзэхэд 28463472 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. 2018 онд талууд хооронд гэрээгээ шинэчилж байгуулж байсан. Хариуцагч өнөөдөр уг гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн. Үүнээс үзэхэд 2018 онд 8 сарын хугацаатай 23476576 төгрөг халаалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу 8 сарын турш халаалтаа хэрэглэсэн. 2018 оны 4 сард халаалтын улирал дуусах үед хариуцагч тал манай компанид 58931564 төгрөг төлөх тооцоо гараад талууд хороондоо тооцоо нийлсэн акт үйлдсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар санхүүгийн анхан шатны баримт мөн байгаа. Уг баримтад гарын үсэг зурсан хүмүүс энэхүү баримтыг бүрэн хариуцах ёстой байдаг. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн байдлаар тооцоо гаргаж байсан уг тооцооны дагуу төлбөл зохих 58961564 төгрөгөөс хэсэгчлэн төлөөд 51003351 төгрөг төлөхгүй байгаа. Монгол улсын эрчим хүчний сайдын тушаалаар халаалтын эхлэх хугацааг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дуусах хугацааг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 8 сарын хугацаагаар тогтоосон байдаг. Энэ нь Эрчим хүчний хуулиар зохицуулагдсан байдаг. Нэхэмжлэгч байгууллага буюу А ХК нь өөрөө тариф тогтоодог этгээд биш. Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний сайд, яамны шийдвэрийн дагуу бид нар ажиллалдаг гэж ойлгож болно. Тэгэхээр хариуцагч тал юу гэж маргаж байгаа вэ гэхээр бид нарт төсөв дутуу батлагдсан тул 8 сар халаалт хэрэглэсэн боловч мөнгийг нь төлөх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн байна.  Бид нарын хувьд дураараа 5,6 сар халаалт нийлүүлээд халаалтаа тасалж болохгүй. Эрх бүхий байгууллагаас бид нарт халаалтын хугацааг заагаад өгсөн байхад бид нар дур мэдэн халаалтын улиралд халаалтыг таслах эрхгүй. Хэсэгчлээд нэгдүгээр сургуулийг тасална гэдэг ойлголт байхгүй. Хариуцагч байгууллагын халаалтыг таслах юм бол тэр хавийн бүх халаалт таслагддаг тул хуулиар хориглосон байдаг. Хариуцагч байгууллага өөрсдөө хөөцөлдөөд төсвөө батлуулж авах ёстой. Хэрэв төсөв баталж өгөх ёстой хүмүүс баталж өгөхгүй байгаад байгаа тохиолдолд төсөв батлах этгээдийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, дутуу батлагдсан төсвийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж гаргуулах боломжтой. Хариуцагч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримтаас харахад Төсвийн тухай хуульд заасны дагуу жил болгон 8 сараар төсвийн төсөөллийг явуулдаг. Яам 8 сараар шийдэж өгдөг юм байна. Харин аймгаас батлахдаа дутуу баталдаг юм уу ямар асуудал үүсдэгийг бид мэдэхгүй. Манай байгууллага бүх төсөвт байгууллагуудын төсвийг батлуулдаг эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Тухайн байгууллагын шууд захирагчид өөрсдөө хөөцөлдөөд нэгэнт 8 сараар батлагдаж ирсэн төсвөө хуваарилуулж авах ёстой. Тэгэхээр дутуу баталсан төсвөө үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байхад энэхүү эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш. Эцсийн эцэст хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн буюу гэрээний хүлээсэн эрх үүрэг байгаа бол үүргээ хариуцагч биелүүлэх ёстой. Хариуцагч тал 2017, 2018 онд гэрээ байгуулсан 2019 онд гэрээ байгуулаагүй гэж байна. Гэхдээ хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас үзэхэд байгуулагдсан гэрээ юм шиг байна. Гэтэл шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөөс өмнө өөр төрлийн балаар үйлдэл хийгээд дээрээс нь бичилт бичиж доор нь нягтлан бодогч гарын үсэг зураад гаргаж өгч байгааг бид ойлгохгүй байгаа. Хариуцагч байгууллагын үл хөдлөх хөрөнгийг эзлэхүүн өөрчлөгдөөгүй. Түүнчлэн тариф өөрчлөгдөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл 8 сарын хугацаандаа 203476576 төгрөг төлнө гэдгээ мэдэж байгаа мөртлөө 2019 оны гэрээг засварлаж өгч байгааг бид ойлгохгүй байгаа. 2020 оны гэрээг би өнөөдөр гаргаж өгсөн. Уг гэрээ мөн адил 8 сарын хугацаатай 203476576 төгрөгийн гэрээ байгуулагдсан. Тэгэхээр 2019 оны гэрээнд эргэлзэх шаардаггүй байх. Эцэст хэлэхэд хариуцагч тал жил бүр 8 сарын халаалт авч үр шимийг авч байсан боловч төсөв батлагдаагүй гэдэг үүднээс бид төлөхгүй гэж байгааг нь бид зөвшөөрөхгүй байгаа. Нэгэнт авсан бол төлөх ёстой. Төсвийн асуудал өнөөдрийн сэдэв биш тэрийг өөрсдөө зохицуулах ёстой. Өнөөдөр бид нар 8 сар хэрэглэсэн халаалтын мөнгийг төлөх гэх зарчмын асуудал ярьж байгаа. 2019,2020 оны жилийн эцсээр тооцоо нийлэхээс татгалзсан. Гэхдээ 2018 оны 04 дүгээр сарын байдлаар тооцоо нийлсэн акт байдаг урчаас 58931564 төгрөгийн өөрсдөө төлж өгнө гэж баримтжуулсан. Бид нарын шаардаж байгаа дутуу төлсөн гэх 51003353 төгрөгийг гаргуулж өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.  

Хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургуулийн захирал Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А” ХК-ийн тус сургуульд холбогдох 51003353 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б дугаар бүхий нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Тус сургууль 2018 оноос одоо хүртэл жил бүрийн төсөвт батлагдан сар бүрийн төсвийн хуваарьт тусгагдсан халаалтын зардлыг 100 хувь “А” ХК-д шилжүүлж ирсэн ба өөр зориулалтаар зарцуулаагүй болно.

2. 2017 онд гарсан халаалтын өр төлбөрийн талаар аймгийн Засаг дарга, Төрийн сан, аймгийн ИТХ-ын тухайн үеийн хуралдаанууд, БСШУСЯ болон Сангийн яам, Эрчим Хүчний Зохицуулах хороонд цаг алдалгүй хандан мэдэгдэж ирсэн ба тухай эрх бүхий байгууллагуудаас батлагдсан тарифаар нь биш, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тухай чиг үүрэг бүхий албан хариуг хүргүүлж байсан.

3.  Жил бүрийн төсвийн хэмнэсэн бүх боломжит зардлуудыг эрх бүхий байгууллагын зөвшөөрсний дагуу халаалтын өрөнд шилжүүлж ирсэн гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Б Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлаар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа. Миний бие тус сургуулийн захирлаар ажиллаж эхэлснээс хойш хамтрагч байгууллага болох А ХК-тай хамтран ажиллаж ирсэн. 2018 онд ажилд томилогдсоны дараа гэрээ хийгдсэн. 2019 онд гэрээ хийгдээгүй яагаад гэвэл бид нар харилцсан завшилдаж чадаагүй. Яагаад гэвэл 2019 онд  А ХК-ийн гэрээг хариуцдаг К.Е гэдэг хүн өөрөө биечлэн ирж албан бичиг тогтоолуудыг танилцуулж байсан. Гэхдээ бид нар бол төсвийн шууд захирагч тул Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Өнөөдөр А ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт түлш халаалтад 2017 онд батлагдсан төсөвт 150958850 төгрөг байсан боловч үүнээс 135572400 төгрөг төлөөд үлдсэн 15378400 төгрөгийг тухайн үед ажиллаж байсан захирлын буруутай үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулсан байна. Миний бие томилогдоод ажлаа авсны дараагаар энэ бүх ажиллагаатай танилцсан. Үүнээс болж манай сургуулийг өрөнд оруулсан байдаг. Гэвч миний бие гаргасан өрийг барагдуулах шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ирсэн. Нэхэмжлэгч талын түрүүний хэлж байгаа шиг ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би томилогдсоноос хойш аймгийн төрийн санд, аймгийн Засаг даргад, түүний орлогч нарт мөн аймгийн аудитын газарт тус тус хүсэлт хүргүүлж хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул сүүлд Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан. Энэ талаарх бүх баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо халаалтын үргэлжлүүлэх хугацааг багасгах асуудлыг харьяаллын дагуу шийдвэрлэх ёстой боловч тодорхой арга хэмжээ аваагүй. Бид нарын хүсэлтийн шийдвэрлэж өгөөгүй. Сүүлд нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд хандсан. Сангийн яамд бас хандсан Сангийн яамнаас албан ёсны хариу ирсэн. Уг хариуд Төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан төсвийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулна гэх үүрэг бүхий чиглэл ирсэн. Хэрэв ямар нэгэн төсвийн үргэлжлэх хугацаа, тарифт өөрчлөлт оруулах ёстой байвал Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасны дагуу төсвийн ерөнхий захирагчид хандах нь зүйтэй гэх зөвлөмж бүхий чиглэл ирсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргад сар бүр мэдэгдэж хандаж байсан. Харамсалтай нь нэг ч шийдэл авч чадаагүй. Миний бие өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хандах ёстой бүх газарт хандсан. Миний зүгээр жил болгоны төсвийн төсөөлөл дээр өр төлбөрөө тодорхой зааж тусгаж өгдөг байсан. Харамсалтай нь миний хүсэлтийг шийдэж байгаагүй. Хоёрдугаарт өр зээл үүсэж байгаа шалтгаан нь батлагдсан үнэ тарифтай биш гэж бодож байгаа. Энэ бол халаалтын үргэлжлэх хугацаатай холбоотой гарч байгаа нөхцөл байдал гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл үргэлжлэх хугацааг багасгаж баталж өгсөнтэй холбоотой энэ хэмжээнд тус сургуулийн шийдвэрлэх эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй асуудал байсан учраас бидний зүгээр мөн адил хандах газарт нь хандсан боловч мөн адил шийдвэрлүүлж чадаагүй. Хэрэв үргэлжлэх хугацааг А ХК болон тус сургуулийн хоорондох гэрээгээр зохицуулах үйл ажиллагаа байсан бол А ХК-д хандах байсан. Би хууль журам бүгдийг судлаад үүнийг Эрчим хүчний сайд, төсвийн ерөнхий зохицуулагчийн эрх хэмжээний асуудал учраас тийшээ хандсан. Гуравдугаарт Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө гэж заасанчлан 2017, 2018 онуудад байгуулсан талуудын хоорондох гэрээгээр нэг куб метр эзлэхүүний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн онуудад зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл хийгдсэн гэрээнүүдэд батлагдсан тариф үнийг дагуу хийгдсэн. Тус сургууль 2018 онд батлагдсан 190759300 төгрөгийг 100 хувь А ХК-ийн дансанд шилжүүлсэн. 2019 онд батлагдсан 173565700 төгрөгийг мөн адил 100 хувь шилжүүлсэн. 2019 онд нэмж 4668250 төгрөгийг төлсөн. Манай сургууль бүх бололцоогоо шахаж байж төлсөн байсан. мөн 2020 онд хэмнэлтүүдээс 6863267 төгрөгийг урьд оны зээлд гэж шилжүүлж өгсөн. Ингэж нийт тооцоолсноор үзэхэд 2017 оны өмнөх захирлын гаргасан буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн 15378400 төгрөгийн өрийг 2020 оны сүүлийн байдлаар 11531787 төгрөгийг барагдуулж 3846613 төгрөг үлдсэн байгаа. Үлдсэн өр зээлийн 2021, 2022 онд төлье гэдэг хүсэлт гаргаж байгаа. Бид жил болгон боломжийн хэмжээгээр өрөө төлж ирсэн. Миний хувьд А ХК-ийн тавьсан үнийн санал, тариф, үргэлжлэх хугацаанд 2018 оноос эхлэн шууд төлбөрөө хийж ирсэн. Харамсалтай нь бидний эрх хэмжээний бус асуудлаар төсөв хасагдсан учраас 2019 онд санал тавьсан. 2020 онд А ХК-д бичгээр санал хүргүүлсэн. 2020 онд бичгээр 2 удаа санал хүргүүлсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 51003353 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургуулийн захирал Х.Б нь “... тус сургууль 2018 оноос одоо хүртэл жил бүрийн төсөвт батлагдан сар бүрийн төсвийн хуваарьт тусгагдсан халаалтын зардлыг 100 хувь “А” ХК-нд шилжүүлж ирсэн ба өөр зориулалтаар зарцуулаагүй. 2017 онд гарсан халаалтын өр төлбөрийн талаар аймгийн Засаг дарга, Төрийн сан, аймгийн ИТХ-ын тухайн үеийн хуралдаанууд, БСШУСЯ болон Сангийн яам, Эрчим Хүчний зохицуулах хороонд цаг алдалгүй хандан мэдэгдэж ирсэн ба тухайн эрх бүхий байгууллагуудаас батлагдсан тарифаар нь биш, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тухай чиг үүрэг бүхий албан хариуг хүргүүлж байсан. Жил бүрийн төсвийн хэмнэсэн бүх боломжит зардлуудыг эрх бүхий байгууллагын зөвшөөрсний дагуу халаалтын өрөнд шилжүүлж ирсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын А дүгээр бүрэн дунд сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 05 сарын 15-ны өдрийн байдлаар 51,003,353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Манай компанийн зүгээс уг 51,003,353 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж өгөхийг удаа дараа хэлсэн боловч төлж өгөөгүй гэж тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Байгууллага,аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах хэрэглэх тухай” №22 дугаартай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар гэрээ байгуулж, гэрээний 7.3-т объектын нэр сургуулийн барилга, дулааны эрчим хүч авах эхлэх он,сар,өдөр  2017.01.01.-2017.12.30, үргэлжлэх хугацаа 7 сар, халаалт авах эзлэгдэхүүн 16387,2 м, нэг сард төлөх тариф 1430 төгрөг, нэг сард төлөх  23,433,696 төгрөг гэж,

-2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн   Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 07 дугаар гэрээний 1.3-т Эрчим хүчний сайдын 2020 оны 09 сарын 01-ний өдрийн  170 тоот тушаалаар аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосны дагуу халаалтын үргэлжлэх хугацаа 8/найман/ сар байна гэж байгуулж, гэрээний 7.3-т  эзлэгдэхүүн м.куб 16387,2 м2      , тариф /НӨТ-тэй үнэ/ 1552,10 төгрөг, нэг сард төлөх 25,434,573 төгрөг, халаах сар 8, халаалтын хөлс жилд 203,476,584 төгрөг гэж  тус тус гэрээ байгуулж байсан байна.

2020 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн   Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 07 дугаар гэрээний 1.5-т гэрээ нь 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 2021 оны 08 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч 2020 оны 05 сарын 15-ний өдрийн байдлаар гэж дулааны  эрчим хүчний төлбөрийг тооцоолж нэхэмжилсэн гэтэл энэхүү гэрээг хоёр тал гэрээний биелэлтийг дүгнээгүй байж  2020 оны 05 сарын 15-ний өдрийн байдлаар гэж тооцож оруулж ирсэн нь хуулинд нийцэхгүй байх тул 2020 оны дулааны  эрчим хүчний төлбөрийг 4 сар, шинэ тариф /сарын төлбөр/ 25,434,573, төлбөл зохих 89,021,006, төлсөн нь 79,006,200, өрийн үлдэгдэл 51,003,355  гэж өр авлагын тооцоо гаргаж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тариф батлах тухай” 53 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн А сумын хэрэглэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсан ба 2 дугаар хавсралтад Төсөвт байгууллага,үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2 -ийг 1411 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч “А” ХК-иас хариуцагч байгууллагад  2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллах тул үүний зөрүүг 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдэж Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлсэн байна.

Зохигчид 2017 онд дулааны эрчим хүчээр хангах нэг жилийн хугацаагаар гэрээ байгуулснаас хойш дахиж гэрээ байгуулаагүй ба  уг гэрээний 1.3-д “талууд хоорондын эрчим хүчний төлбөр тооцоонд Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлөөс баталсан тарифыг хэрэглэнэ.Хэрэв энэ тарифыг шинэчлэн тогтоосон бол мөрдөж эхлэхээр мэдэгдсэн өдрөөс эхлэн төлбөр тооцоонд мөрдөнө” гэж заасан мөн Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тариф батлах тухай” 53 дугаар тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны 228 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон хэдий боловч 2017 оны 53 дугаар тогтоолоор тогтоосон тарифын хэмжээнд өөрчлөлт ороогүй  буюу хэвээр байжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т “Тариф гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ эсхүл аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг ойлгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч “А” ХК нь Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургуулиас авах өр авлагын 2020 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны тооцоог гаргаж өгсөн ба үүнд 2017 онд халаалтын хугацааг 7 сараар тооцоод төлбөл зохих 164,035,872 төрөг, төлсөн нь 135,572,400, өрийн үлдэгдэл 28,463,472, 2018 онд халаалтын хугацааг 8 сараар тооцоод төлбөл зохих 203,476,585 төгрөг, төлсөн нь 190,759,300 төгрөг, өрийн үлдэгдэл 41,180,757, 2019 онд халаалтын хугацааг 7 сараар тооцоод төлбөл зохих 178,042,012, төлсөн нь 178,234,220, өрийн үлдэгдэл 40,988,549, 2020 онд халаалтын хугацаа 4 сараар тооцож төлбөл зохих 89,021,006 төгрөг төлсөн нь 79,006,200 өрийн үлдэгдэл 51,003,355 төгрөг гэж тооцоо гаргасан байна.

Дээрх тооцооноос үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хавтаст хэрэгт гаргаж өгсөн тооцоо хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч “А” ХК нь Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр сургууль нь 51,003,355 төгрөгийн өртэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч “А” ХК нь 51,003,355 төгрөгийн авлагатай гэх нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч А-р сургуультай тооцоо нийлсэн гэх 2018.04.03 гэх баримт гаргаж өгсөн ба уг баримтад ня-бо нар нь гарын үсэг зурсан, нэхэмжлэгч талын санхүүгийн баримт дарсан байх ба байгууллагын захирал гарын үсэг зураагүй, хариуцагч талын ямар нэгэн тэмдэг дарж баталгаажуулахгүй байх тул уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “А” ХК нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан байх ба тэрээр уригдсан тал ... манай сургууль 2018 оноос хойш тухайн он бүрд төсөвт батлагдсан дулааны зардлыг 100 хувь төлж ирсэн, өөр зориулалтаар нь зарцуулаагүй, энэ маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй тул уг ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэж тайлбар ирүүлсэн тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д зааснаар  Эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзаж байна гэж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр  155 дугаар тэмдэглэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 13-ний өдрийн 557 дугаартай “Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгч “А” ХК-ны нэхэмжилсэн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 28,463,472 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “А” ХК нь алданги 14,231,736 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгч “А” ХК-ны нэхэмжилсэн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 28,463,472 төгрөгийг төлж өгөхөөр болж хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулснаар зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан байх ба уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 28,463,472 төгрөгийг төлсөн буюу 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 06/411 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 51,003,355 төгрөгөөс 28,463,472 төгрөгийг хариуцагч А сумын Ерөнхий боловсролын А-р сургууль нь төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох зүйтэй ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрч илүү нэхэмжилсэн байна гэж тайлбарласан болно.

Хариуцагч талаас 98 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2019 оны 05 сарын 14-ны өдөр 34,000,000 төгрөг / гүйлгээний утга : халаалтын үнэ 1-р бдс-с /, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 12 сарын 27-ны өдөр 4,075,966 төгрөг, 266 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2019 оны 12 сарын 26-ны өдөр 25,879,984 төгрөг, 153 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2020 оны 11 сарын 25-ны өдөр 3,762,200 төгрөг, 192 дугаартай төлбөрийн хүсэлтээр 2020 оны 12 сарын 21-ны өдөр 3,101,067 төгрөг тус тус халаалтын төлбөр гэж нэхэмжлэгч А ХК-ийн дансанд шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын А-р сургууль нь батлагдсан төсвийн дагуу халаалтын төлбөрийг төлж байсан байх ба хариуцагч талаас халаалтын төлбөрийн талаарх гаргасан өрийн судалгаагаар нэхэмжлэгч А ХК-нд халаалтын төлбөр 3,846,613 төгрөгийн өр төлбөртэй болох нь хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн өрийн судалгаагаар нотлогдож байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч А ХК-тай байгуулсан гэрээний дагуу халаалт дулааны эрчим хүчээр хангасан, үүнийг хариуцагч төсөвт батлагдсаны дагуу халаалтын үнийг төлж байсан нь нотлогдох ба хариуцагч төсөвт халаалтын мөнгийг нэмэгдсэн тарифаар баталж өгөөгүй гэж халаалтын төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй боловч нэхэмжлэгч А ХК-ны хавтаст хэрэгт 2018 онд халаалтын хугацааг 8 сараар тооцоод төлбөл зохих 203,476,585 төгрөг, төлсөн нь 190,759,300 төгрөг, өрийн үлдэгдэл 41,180,757, 2019 онд халаалтын хугацааг 7 сараар тооцоод төлбөл зохих 178,042,012, төлсөн нь 178,234,220, өрийн үлдэгдэл 40,988,549, 2020 онд халаалтын хугацаа 4 сараар тооцож төлбөл зохих 89,021,006 төгрөг төлсөн нь 79,006,200, өрийн үлдэгдэл 51,003,355 төгрөг буюу өрийн үлдэгдлийг тооцоход 133,172,661 төгрөг гарч байгаа ба энэхүү өрийн үлдэгдэл нь яаж гарч байгаа тооцооллын талаарх нотлох баримтаа  хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгох нт зүйтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 51,003,355 төгрөгөөс төлсөн 28,463,472 төгрөгийг хасахад 22,539,883 төгрөг гарч байгаа ба хариуцагч 22,539,883 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна гэж үзэх боломжгүй байна.

Иймд   хариуцагч А сумын Ерөнхий боловсролын А-р сургууль нь халаалтын дутуу төлбөр 3,846,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 47,156,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,967 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 76496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч жил болгон төсөвт халаалтын зардлыг дутуу баталснаас өр үүсэж байгаа бөгөөд халаалтын зардлаа нэмж батлуулах саналаа удаа дараа гаргаж байсан нь хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн  2018, 2019 онуудын албан бичгүүдээр нотлогдох  боловч ямар арга хэмжээ авч ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А  дүгээр бүрэн дунд сургуулиас 3,846,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 47,156,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412967 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын А дүгээр бүрэн дунд сургуулиас 76496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б