Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2021/00019   

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00071 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Х.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 51.003.353 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2017 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 51.003.353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Манай компанийн зүгээс уг 51.003.353 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлж өгөхийг удаа дараа хэлсэн боловч төлж өгөхгүй байна. Иймд хариуцагч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 51.003.353 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Э” ХК-ийн тус сургуульд холбогдох 51.003.353 төгрөг гаргуулах тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Э/370 дугаар бүхий нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус сургууль 2018 оноос одоо хүртэл жил бүрийн төсөвт батлагдан сар бүрийн төсвийн хуваарьт тусгагдсан халаалтын зардлыг 100 хувь “Э” ХК-д шилжүүлж ирсэн ба өөр зориулалтаар зарцуулаагүй болно. 2017 онд гарсан халаалтын өр төлбөрийн талаар аймгийн Засаг дарга, Төрийн сан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын тухайн үеийн хуралдаанууд, БСШУСЯ болон Сангийн яам, Эрчим Хүчний Зохицуулах хороонд цаг алдалгүй хандан мэдэгдэж ирсэн ба тухай эрх бүхий байгууллагуудаас батлагдсан тарифаар нь биш, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тухай чиг үүрэг бүхий албан хариуг хүргүүлж байсан. Жил бүрийн төсвийн хэмнэсэн бүх боломжит зардлуудыг эрх бүхий байгууллагын зөвшөөрсний дагуу халаалтын өрөнд шилжүүлж ирсэн.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00071 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас 3.846.613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 47.156.740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “1. Хариуцагч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2017 онд байгуулсан “Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу дулааны эрчим хүч худалдаж авсан боловч тухайн жилийн эцсийн байдлаар 28.463.472 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн тооцоо гарсан. Манай компани 2018 оны 4 дүгээр сарны 07-ны өдрийн Э/91 дүгээр албан бичгээр уг 28.463.472 төгрөгийн төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлж өгөөгүй. Ингэснээр манай компани уг 28.463.472 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд зохигчид эвлэрснээр шүүх холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00557 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь шүүхийн шатанд өгсөн амлалтаа умартаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөх 28.463.472 төгрөгийн төлбөрийг төлж өгөөгүй тул тус компани шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд хүрсэн. Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн бүх дансны зарлага хийх хөдөлгөөнийг царцааж байсан. Тэгтэл төлбөр төлөгч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 34.000.000 төгрөгийн төлбөрийг 2017-2018 оны өр төлбөрт зориулж төлж өгсөн. Ингэснээр төлбөр авагч талын хүсэлтийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байсан түүхтэй юм.

2. Хариуцагч Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь дахиад “Байгууллага, аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай компаниас 2018, 2019, 2020 онуудад дулааны эрчим хүч худалдаж авсан боловч мөн адил төлбөрөө гэрээний дагуу бүрэн гүйцэт төлөөгүйн улмаас өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 51.003.353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00071 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 51.003.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

 

            1. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нарын хооронд  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Байгууллага аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай байгуулагдаж, халаалтын улирлын 7 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 16387,2 м2 талбайд 1430 төгрөгөөр тооцож сард 23.433.696/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 28.463.472 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний 6.1 дэх заалт болон Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00557 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна. Шүүхийн хүчин төгөлдөр уг шийдвэр биелэгдсэн нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 06/411 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нотлогджээ.

 

2. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нарын хооронд  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай байгуулагдаж, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 16387,2 м2 талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 25.432.624/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Тариф батлах тухай” 228 дугаар тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг Төсөвт байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай” 109 дүгээр тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр,  дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч “Э” ХК-аас хариуцагч байгууллагад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 125 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллах тул үнийн зөрүүг 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдэж Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 203.460.992 /16387м2 х 1552 х8 сар/ төгрөгийн төлбөрийг төлөхөөс 190.759.300 төгрөгийг төлсөн байх бөгөөд зөрүү 12.701.692 төгрөгийг төлөөгүй, гэрээний 5.1 дэх заалт болон Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

 

3. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нарын хооронд  2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  1 жилийн хугацаатай байгуулагдаж, халаалтын улирлын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 16387,2 м2 талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 25.432.624/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тариф батлах тухай” 53 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсан ба 2 дугаар хавсралтад Төсөвт байгууллага,үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн "Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" 206 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр,  дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр буюу 7 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 сарын халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 178.028.368 /16387м2 х 1552 х8 сар/ төгрөгийн төлбөрийг төлөхөөс 178.234.220 төгрөгийг төлсөн гэх боловч хэргийн 57 дугаар хуудаст авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Э” ХК-руу шилжүүлсэн 34.000.000 төгрөг нь 2017-2018 оны өр барагдуулалт байхад 2019 оны төлбөрт суутгаж бодсон нь үндэслэлгүй байна. Тиймээс хариуцагч буюу дулааны эрчим хүч хэрэглэгч нь 2019 онд 34.000.000 төгрөгийг төлөөгүй нь гэрээний 5.1 дэх заалт болон Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

 

4. Хэрэгт авагдсан “Э” ХК болон Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нарын хооронд  2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдаж, халаалтын улирлын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 16387,2 м2 талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 25.432.624/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тариф батлах тухай” 53 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд борлуулах дулааны тарифыг нэгдүгээр, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх тарифыг хоёрдугаар хавсралтаар баталсан ба 2 дугаар хавсралтад Төсөвт байгууллага,үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллагын халаалтын тариф (НӨАТ-гүй) м2-ийг 1411 төгрөгөөр /НӨАТ-тэй 1552 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" 170 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр,  дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас авах төлбөрийг бодсон хүснэгт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын байдлаар халаалтын хугацаанд дулааны эрчим хүчний төлбөрт нийт 101.730.496 /16387м2 х 1552 х4 сар/ төгрөгийн төлбөрийг төлөх байсан тооцоо гарсан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төлбөл зохих халаалтын үнийг 89.021.006 төгрөг гэж тооцоолж, түүнээс 4 сарын хугацаанд төлсөн 79.006.200 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үнийн зөрүүг 10.014.806 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн ба хариуцагч нь 2020 оны эхний 4 сард сар бүр төлөх халаалтын төлбөрөө гэрээнд зааснаар бүрэн төлөөгүй нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.5 заалт, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад тус тус нийцээгүй, хэрэглэгч үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогджээ.   

 

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, 2020 оны гэрээний 4.3-т зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэхээр талууд төлбөр тооцооны нөхцөлөө тохирсон байхад “талууд гэрээний биелэлтийг дүгнээгүй” гэх шалтгаанаар нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж хэрэглээгүй байна.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тус тусдаа гаргасан тооцооны баримтууд, санхүүгийн анхан шатны баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хариуцагчийн дээрх үндэслэлээр тогтоогдсон, хариуцагчийн төлбөл зохих дулааны эрчим хүчний үнийг 2017 оны 28.463.472 төгрөг, 2018 онд 12.701.692 төгрөг, 2019 онд /34.000.000 төгрөгийг 2017, 2018 оны дээрх төлбөрийн үлдэгдэлд шилжүүлсэн учир/ 34.000.000 төгрөг, 2020 онд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллыг үндэслээд, түүний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд /89.021.006-79.006.200/ 10.014.806 төгрөг, нийт төлбөрт /28.463.472+12.701.692-34.000.000+34.000.000+10.014.806/ 51.179.970 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 51.003.353 төгрөгийг гаргуулж, “Э” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны  өдрийн 130/ШШ2021/00071 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас 51.003.353 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.967 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас 412.967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.734.00 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж “Э” ХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ