Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2017/0640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, Х.Д-гийн нэхэмжлэлтэй Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/27 дугаар тушаалыг гаргахдаа түүнийг үргэлжлүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтний ажилд үргэлжлүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Х.Д би 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгч 69 оноотойгоор тэнцэж Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 50 тоот тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн.

Улмаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/225 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдсон болно.

Гэтэл Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 тоот тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн юм.

Ингээд Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаалаар Баянхонгор аймгийн статистикийн хэлтэст томилогдсон Төрийн захиргааны албан хаагчдыг 3 дугаар хавсралтаар баталгаажуулсан байна.

Энэхүү тушаалыг гаргахдаа миний нэрийг хасаж миний хариуцаж байсан ажлын байранд үндэслэлгүйгээр өөр хүнийг томилсон байна.

Аймгийн статистикийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Г нь Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 тоот тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу энэхүү тушаал гарсанаас хойш 36 хоногийн дараа хамт олонд танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд энэ хугацаанд миний бие ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдэлгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан болно.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эрхийг хамгаалуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан.

Монгол улсынТөрийн албаны зөвлөл миний өргөдлийг судалж үзээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Ц 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1270 тоот албан бичгээр хариу ирүүлсэн юм.

Гэвч Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс өргөдлийн хариуг явуулахдаа миний гэрийн хаяг, утасны дугаарыг тодорхой бичиж явуулаагүйн улмаас Баянхонгор аймаг дахь Монгол шуудан ХК-ийн салбарт ирж хаяг, утас байхгүй хадгалах хоног дууссан гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд буцаажээ.

Ийнхүү буцаж очсон албан бичгийн талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс холбогдож миний хаягийг тодруулан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин битүүмжилж надад ирүүлсэн болно.

Би өөрийгөө Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Намайг Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Д нь Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдож Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байна.

Х.Д-г Үндэсний статистикийн хорооноос Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын Статистикийн хэлтсийн мэргэжилтнээр томилж, чөлөөлөөгүй, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёр нэгдэж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болсоны дараа томилогдсон.

Үндэсний статистикийн хороо нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газартай нэгдэхэд бүтцээр шилжиж очсон бүх албан хаагчдаа эргэж бүтцээр нь буцааж авсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгохоор гаргасан нь Үндэсний статистикийн хороонд энэ асуудалд хамааралгүй байна.

Монгол улсын Статистикийн тухай хуулийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай 12 дугаар тогтоолын дагуу өөрчлөлт орж Үндэсний статистикийн хороо шинээр байгуулагдсан.

Иймд нэхэмжлэгч Х.Д-гийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлээс Үндэсний статистикийн хороог хариуцагчаар татсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Д нь шүүхэд Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/27 дугаар тушаалыг гаргахдаа түүнийг үргэлжлүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтний ажилд үргэлжлүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Х.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Статистикийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилогдсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ...аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн болон сумын асуудал хариуцсан ажилтан нь төрийн захиргааны албан тушаалтан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төрийн захиргааны ангилалд хамаарах төрийн жинхэнэ албан хаагч байсан байна.

Шүүх хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6-д төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмыг зөрчиж төрийн албанд ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд Статистикийн тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Үндэсний статистикийн хороо шинээр байгуулагдсан. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/225 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Статистикийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилогдож, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын тушаалаар чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлага Үндэсний статистикийн хороонд хамааралгүй гэж мэтгэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг өөрчлөн байгуулсан боловч Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь татан буугдаж бүртгэлийн чиг үүрэг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт, статистикийн мэдээлэлтэй холбоотой чиг үүрэг Үндэсний статистикийн хороонд шилжсэн байна.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг ... холбогдох бусад сайд нарт даалгасугай гэж заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт статистикийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын нийт орон тоо нь Үндэсний статистикийн хороонд өөрчлөлт оролгүйгээр шилжсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо.

Тодруулбал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, гурван мэргэжилтний орон тоотой ажиллаж байсан бөгөөд Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал, ангилал зэрэглэл батлах тухай А/17 дугаар тушаалаар ,хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Д-гийн нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцоолон олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, 151 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг тус тус баримтлан Х.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/27 дугаар тушаалыг гаргахдаа Х.Д-г үргэлжлүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Статистикийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Дгийн нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцоолон олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ