Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2005

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01475 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б-д холбогдох

 

29 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программыг хийлгэхээр М.Б-тэй тохиролцон, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг /№А001/ байгуулжээ. Гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгч нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажил эхэлж, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр буюу долоон сарын хугацааны дараа ажлын гүйцэтгэл буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программыг бүрэн хүлээлгэж өгөх ёстой байсан. Захиалагч уг гэрээний 5.2, 5.3-т тус тус заасныг үндэслэн ажлын хөлсний урьдчилгаанд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэгч буюу М.Б-д шилжүүлгээр төлсөн байна. Урьдчилгаа төлбөр хийхдээ М.Б-ийн ...гэрээт ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхийн тулд шаардлагатай мэдээлэл, тухайлбал: байгууллагын үйл ажиллагааны схем, гэрээгээр хийж гүйцэтгэх программд тусгах техникийн даалгавар зэргийг танай ажилтнуудаар гаргуулж байна, ажил төлөвлөсний дагуу сайн явагдаж байгаа гэсэн аман тайлбар, амлалтад итгэж, урьдчилгаа олгох удаа дараагийн хүсэлтийг харгалзан үзэж дээрх төлбөрийг хийжээ. Гэвч ажил гүйцэтгэгч буюу М.Б нь ийнхүү урьдчилгаа болон ажлын гүйцэтгэлээр олговол зохих хөлсийг бүрэн авсан атлаа гэрээнд заасан Эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программыг боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг огт биелүүлээгүй бөгөөд “А” ХХК-ийн зүгээс удаа дараа холбоо барьж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч тэрээр зугтан зайлсхийсээр өнөөг хүрсэн. Иймд нэхэмжлэгч “А” ХХК нь иргэн М.Б-тэй 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №А001 дугаартай гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаанд авсан 13 000 000 төгрөг, гэрээнд заасан 30 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг огт хүлээлгэж өгөөгүй /гүйцэтгээгүй/ тул нийт үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу 15 000 000 төгрөг, хариуцлагаас мултрахын тулд элдэв арга хэрэглэн шүүхээс зайлсхийж буй М.Б-д холбогдох хэргийг шийдвэрлүүлэхэд мэргэжсэн хуульчийн туслалцаа шаардагдсан тул өмгөөллийн Цогц-Эрх партнерс ХХН-тэй байгуулсан гэрээний дагуу хууль зүйн үйлчилгээний хөлсөнд төлсөн 1.5 сая төгрөг, нийт 29 500 000 төгрөгийг хариуцагч М.Бгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нийт 29 500 000 төгрөгийг М.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “А” ХХК болон М.Б нарын хооронд №А001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд уг ажлыг гэрээний талууд хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 1.2, 1.4, 1.5, 3.11-т заасан заалтуудаас 2 тал программыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон байгаа нь харагддаг бөгөөд захиалагч талын ажилтнуудын ажилдаа сэтгэлгүй хандсан буруутай үйл ажиллагаанаас болон “А” ХХК-ийн захирлын олон шат дамжлагатай хяналтаас шалтгаалан программыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгээгүй байдаг. Энэ нь “Интерактив” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн М.Б-ийн тайлбар хэсгээс болон тэдгээрийн хоорондоо харилцаж байсан и-мэйлээс тодорхой харагддаг. /2-р хавтас 83-109-р хуудас/ Тухайлбал, захиалагч талаас шаардлагаа тодорхойлж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлэхдээ хэт удаан байсан ба өмнө нь гаргаж өгч байсан шаардлагуудаа байнга өөрчилж байсан. 2012 оны 8 сард гаргаж өгөх ёстой байсан программын үндсэн загвар, захиалгын схемийн шаардлагыг 5 сарын дараа хугацаа хожимдуулан М.Б-н мэйл рүү явуулсан байдаг. /2-р хавтас хх-92-93 хуудас/ Мөн захиалагч талын ажилтнуудыг удирдан ажиллаж байсан ахлах программист О.Ганбаатар нь цаг хугацаандаа ажлаа хийдэггүй, ажилдаа хойрго хандаж байснаас шалтгаалан ажил 1 сараар хойшлогдсон тул М.Б нь аргагүйн эрхэнд захиалагч талын удирдах албан тушаалтнуудад хандаж О.Ганбаатарын ажлын гүйцэтгэлийн талаар мэйл явуулсан байдаг. Захиалагч тал мөн О.Ганбаатарын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байсан тул 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг./2-р хавтас хх103-106-р хуудас/ Эдгээр нь давхар М.Бгийн и-мэйлд хийсэн үзлэгээр давхар нотлогдоно./1-p хавтас 106- 250 хуудас/ Иймд байдлаар захиалагч тал өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй атлаа М.Б-г үүргээ биелүүлээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. “Интерактив” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр М.Б-г гэрээгээр хүлээсэн үүргийнхээ 35 хувийг биелүүлсэн талаарх дүгнэлтийг гаргасан байдаг ба 2 дахь шинжээчийн дүгнэлт мөн дээрх дүгнэлтийг баталсан байдаг. Мөн М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан нь нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтаар нотлогддог төлбөрийн баримтаас М.Б нь гэрээний 5.2, 5.3-д заасны дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байна гэж үзсэн тул төлбөрийг шилжүүлсэн байдал харагдаж байна. Нэхэмжлэгч хуулийн үйлчилгээ авсны хөлс нэхэмжилжээ. Иргэн хуулийн этгээд өмгөөлөгч авах эсэх нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл тул хууль зүйн үйлчилгээний хөлс нэхэмжилсэн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь өмгөөлөгч авах эсэх нь энэ гэрээний зүйлтэй хамааралгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д гэрээний зүйлийг эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн програм гэж тодорхойлж, 3.1-т гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэхгүй байхаар заасан байдаг ба эндээс харахад уг гэрээний зүйл нь хөлсөөр ажиллах гэрээ болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан тус гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А001 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.14-т гүйцэтгэгч нь гэрээний 3.1, 3.7, 3.9-д заасан нөхцөл болон бусад шалтгааны улмаас гэрээг бүрмөсөн цуцлах саналыг дангаар гаргавал захиалагч талд хүлээн авсан бүх төлбөрийг, мөн гэрээний нийт үнийн дүнгээс бодож гэрээний огнооны өдрөөс эхлэн тооцсон хоногийн 0,35 хувийн алдангийн хамт бүрэн буцааж төлөх, 5.6-д гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ч 2 тал харилцан тохиролцож гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үндсэн дүнгээс бодож гэрээний огнооны өдрөөс эхлэн тооцсон хоногийн 0,15 хувьтай тэнцэх алдангийг төлбөрөөс хасч тооцно. Гэрээний 3.7, 3.8, 3.9-д заасан гүйцэтгэлтэй холбоотой алдангийг мөн адил нөхцөлөөр тооцож, гэрээний нийт үнийн дүнгийн 65 хувиас дээш хэсэгт хувь тэнцүүлэн ногдуулах бөгөөд Захиалагч тал гүйцэтгэх ажлын төлбөрийн холбогдох хэсгийг төлөхөөс татгалзах, улмаар хийгдсэн төлбөрийг нь гэрээний нийт үндсэн дүнгээс бодож гэрээний огнооны өдрөөс эхлэн тооцсон хоногийн 0.15 хувийн алдангийн хамт буцаан нэхэмжлэн авах эрхтэй гэжээ. Мөн гэрээний 3.7, 3.8, 3.9, 8.2-т тус тус зааснаар гэрээний хэрэгжилтийн хувь хэмжээнээс үл хамааран нийт дүнгээс алданги тооцох зарчмыг тусгасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны А001 тоот ажил гүйцэтгэх гэрээний хууль зөрчсөн заалтын дагуу алданги төлөх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тухайн үед гэрээний дагуу ажил явж байна гэсэн учраас урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэрээнд алданги тооцох талаар зохицуулсан. Захиалагч талын ажилтан гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Захиалагч талаас ажил хийхэд шаардлагатай бүхий л нөхцөлөөр хангаж байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг оруулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Гэрээг талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуулийн дагуу байгуулсан. Программыг хүлээж аваагүй. 35 хувийн гүйцэтгэлтэй хийсэн ажлыг ажил хийсэн гэж үзэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-ээс бүгд 14 224 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15 275 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-ийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А001 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 650 төгрөгөөс 305 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 123 000 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 229 071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгон, хариуцагч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар " Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр №А001 "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан болох нь тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно. Хариуцагч нь Гэрээний 1.1.4, 4.5, 4.6-д заасан шаардлага хангасан болон хугацаанд программыг бүрэн зохиож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн bауагkhuu @госкеtmail.соm цахим хаягт хийсэн үзлэгээр илэрсэн цахим захиа, түүний хавсралтууд, Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн мэдээлэл холбооны Технологийн сургуулийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хариуцагч нь гэрээнд заасан программ зохиох ажлыг гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна." гэж шүүх дүгнэсэн. Гэхдээ "гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг программ гэж үзэхгүй боловч хариуцагч нь программ хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, дэлгэцийн зохиомж гаргах, өгөгдлийн сангийн зохиомж гаргах, код зааварчилгаа явуулах ажил гүйцэтгэсэн байх тул алданги гаргуулах үндэслэлгүй байна." гэж дүгнэсэн. Шүүхийн дүгнэлтийг алдангийн талаарх хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" бол хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ болохыг шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн болно. Хариуцагч нь гэрээний 1.1.4-ийн 4.5, 4.6-д заасан шаардлага хангасан болон хугацаанд программыг бүрэн зохиож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбар болон нотлох баримтаар тогтоогдсон. Гэрээний 5.6 дугаар заалт болон 8.2-т дээр дурдсан алдангийг гэм буруутай тал хариуцахаар заасан. Хариуцагч нь нэхэмжлэгч компанид 30 000 000 төгрөгийн үнэ бүхий программыг хийж гүйцэтгэн өмчлөлд нь шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 30 сая төгрөг гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтанд ажлын гүйцэтгэлийг 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон тул алдангийг 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс тооцон 30 000 000 төгрөгийн 0,15 хувиар тооцон үзэхэд өдөрт 45 000 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 15 000 000 төгрөгийн алдангийг М.Б-с гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээний урьдчилгаанд төлсөн 13 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан 1 500 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч М.Б эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программыг гэрээнд заасан 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бүрэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээгээр тохиролцсон хөлс 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 5-7 дахь талд авагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” баримтаар /1хх-5-7/ тогтоогдож байна. Иймд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч М.Б-д 13 000 000 төгрөг урьдчилгаанд төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон /1хх-8-9/ бөгөөд энэ үйл баримтын талаар хэн аль маргаагүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6094 дүгээр шүүгчийн захирамжаар “Интерактив” ХХК-ийг шинжээчээр томилж, М.Б-ийн хийсэн ажлын гүйцэтгэл дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн маргааны үйл баримтыг тогтоох үндэслэлд хамааруулах боломжгүй юм.

 

Хариуцагч М.Б гэрээгээр тохирсон ажлыг бүхэлд нь гүйцэтгэж чадаагүй, харин тодорхой хэмжээнд ажил гүйцэтгэсэн боловч уг ажлын үр дүн бүхэлдээ ашиглагдах боломжгүй болох нь талуудын тайлбар, гэрч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг, шүүхээс М.Бгийн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх-6, 3хх6-7, 5хх-99-100/

 

Шүүх М.Б-ийн гүйцэтгэсэн ажлыг гэрээгээр тохирсон программ үзэхгүй, уг ажлын гүйцэтгэл дутуу, программыг бүрэн зохиож нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүйгээс гэрээг цуцлах эрх нэхэмжлэгчид үүссэн талаар зөв дүгнэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн 13 000 000 төгрөгийг шүүх буцаан гаргуулсан нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэрээ цуцласан болон хохирол гаргуулахтай холбоотой Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасныг баримтлаагүй нь буруу боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, хууль ёсны байх шинжийг алдагдуулаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

Талуудын байгуулсан гэрээний 5.6-д алдангийн талаарх тохиролцоо нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги тохиролцсон болохоос зохигчид гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаахтай холбоотой үүрэгт алданги төлөхөөр тохиролцоогүй байх тул шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 78-80 дахь талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Цогц-Эрх партнерс” ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд 1 224 250 төгрөг төлсөн нь тогтоогдсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ