Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 01475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: М.Б/РД: /-д холбогдох

 

29 500 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болох “Ази-Фарма” ХХК нь “Эм, эмнэлэгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программ”-ыг хийлгэхээр Монгол Улсын иргэн М.Бтэй тохиролцон, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг /№А001/ байгуулжээ.

Гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгч нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажил эхэлж, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр буюу долоон сарын хугацааны дараа ажлын гүйцэтгэл буюу “Эм, эмнэлэгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программ”-ыг бүрэн хүлээлгэж өгөх ёстой байсан.

Захиалагч уул гэрээний 5.2, 5.3-т тус тус заасныг үндэслэн ажлын хөлсний урьдчилгаанд 2012 оны 8 дугаар сарын 27-нд 9 000 000 /есөн сая/ төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийг ажил гүйцэтгэгч буюу М.Бд шилжүүлгээр төлсөн байна.

Урьдчилгаа төлбөр хийхдээ М.Бгийн “... гэрээт ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхийн тулд шаардлагатай мэдээлэл, тухайлбал: байгууллагын үйл ажиллагааны схем, гэрээгээр хийж гүйцэтгэх программд тусгах техникийн даалгавар зэргийг танай ажилтнуудаар гаргуулж байна, ажил төлөвлөсний дагуу сайн явагдаж байгаа гэсэн аман тайлбар, амлалтад итгэж, урьдчилгаа олгох удаа дараагийн хүсэлтийг харгалзан үзэж дээрх төлбөрийг хийжээ.

Гэвч ажил гүйцэтгэгч буюу иргэн М.Б нь ийнхүү урьдчилгаа болон ажлын гүйцэтгэлээр олговол зохих хөлсийг бүрэн авсан атлаа гэрээнд заасан “Эм, эмнэлэгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программ”-ыг боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг огт биелүүлээгүй бөгөөд “А” ХХК-ийн зүгээс удаа дараа холбоо барьж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч тэрээр зугтан зайлсхийсээр өнөөг хүрчээ.

Захиалагчийн нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хариуцагчийг удаа дараа дуудахад янз бүрийн арга заль хэрэглэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлд өөрийн тайлбарыг гаргаж өгөөгүй ба шүүх хуралдааныг аль болох хийлгэхүй байх, түүнд биечлэн оролцохоос ямагт зайлсхийж байсныг нотлох хангалттай баримт хэргийн материалд авагдсан тул шүүх арга буюу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Гэвч “Ази-Фарма” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн М.Бд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2640/С дугаар шийдвэрийг хариуцагч М.Бгийн гомдлоор Давж заалдах шатны шүүх хянаад хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Иймд нэхэмжлэгч “Ази-Фарма” ХХК нь Монгол Улсын иргэн М.Бтэй 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №А001 дугаартай гэрээний дагуу

- ажлын хөлсний урьдчилгаанд авсан 13 000 000/арван гурван сая/ төгрөг,

- гэрээнд заасан 30 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг огт хүлээлгэж өгөөгүй /гүйцэтгээгүй/ тул нийт үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу 15 000 000/арван таван сая/ төгрөг,

- хариуцлагаас мултрахын тулд элдэв арга хэрэглэн шүүхээс зайлсхийж буй М.Бд холбогдох хэргийг шийдвэрлүүлэхэд мэргэжсэн хуульчийн туслалцаа шаардагдсан тул өмгөөллийн “Цогц-Эрх партнерс” ХХН-тэй байгуулсан гэрээний дагуу хууль зүйн үйлчилгээний хөлсөнд төлсөн 1.5 сая /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 29 500 000/хорин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч М.Бгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нийт 29 500 000 төгрөгийг М.Бгээс гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч Х.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болох “А” компани нь эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программ хийлгэхээр М.Бтэй 2012 оны 8-р сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан. Ажил 2012 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлээд 2013 оны 3-р сарын 4-ний өдөр дуусгавар болж программаа бүрэн хүлээлгэж өгөх байсан. Ажлын хөлсний урьдчилгаанд 8-р сарын 9-ны өдөр 9 000 000 төгрөг, 2012 оны 11-р сарын 5-ны 4 сая төгрөг нийт 13 сая төгрөг шилжүүлсэн. М.Бгийн гэрээт ажлын гүйцэтгэхэд ажил хэвийн сайн явагдаж байна гэснийг үндэслэн урьдчилгаа төлбөрийг өгсөн. Гэтэл М.Б ажлын урьдчилгаа хөлсийг авсан хирнээ программыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. М.Бг ажлаа гүйцэтгэхийг шаардахад холбоо барихгүй, алга болсон. Ингээд М.Бтэй байгуулсан гэрээний дагуу урьчилгаа төлбөр 13 сая төгрөг, гэрээний үүргийн төлбөр төлөх 30 сая төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль 16 сая төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1 сая 500 мянган төгрөг, нийт 29 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Алдангид 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч М.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

I. 2012 оны 8-р сарын 15-ны өдөр “А” ХХК болон М.Б нарын хооронд №А001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд уг ажлыг гэрээний талууд хамтран гүйцэтгэхээр тохиролцсон байдаг.

Тухайлбал гэрээний 1.2-т “зохиогчийн эрх, нууцлал, бичилтийн код нь захиалагч, гүйцэтгэгч 2 талын дундын өмчлөлд нээлттэй байх бөгөөд үүнийг гэрээний 2 талын аль аль нь эзэмших, цаашид хөгжүүлэх бүрэн эрхтэй болно.

1.4-т “мөн программыг шалгах тестлэхэд 2 тал тэнцүү үүрэгтэйгээр оролцох бөгөөд энэ нь хийгдэх программын зарчмын асуудалд 2 тал адил үүрэг, хариуцлагатайгаар оролцож буйг илэрхийлнэ”

1.5-д “программын шинэчлэлт, хөгжүүлэлтийг 2 тал цаашид хамтран хийхээр тохирсон бөгөөд үүнд энэхүү гэрээний үндсэн нөхцөлийг 2 тал баримталж ажиллана

3.11-т “Гүйцэтгэгч нь захиалгат ажил-програмын гүйцэтгэлийг Захиалагч талын ажилтнуудыг оролцуулан хамтран гүйцэтгэх бөгөөд тэдгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарь, төлөвлөгөөг гарган шууд удирдлага, зааварчилгаа сургалтаар хангаж ажиллана гэж тус тус заасан байдаг.

Дээрх гэрээний заалтуудаас 2 тал программыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон байгаа нь харагддаг бөгөөд захиалагч талын ажилтнуудын ажилдаа сэтгэлгүй хандсан буруутай үйл ажиллагаанаас болон “А” ХХК-ийн захирлын олон шат дамжлагатай хяналтаас шалтгаалан программыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгээгүй байдаг.

Энэ нь “Интерактив” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн Бгийн тайлбар хэсгээс болон тэдгээрийн хоорондоо харилцаж байсан и-мэйлээс тодорхой харагддаг /2-р хавтас 83-109-р хуудас/

Тухайлбал: Захиалагч талаас шаардпагаа тодорхойлж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлэхдээ хэт удаан байсан ба өмнө нь гаргаж өгч байсан шаардлагуудаа байнга өөрчилж байсан.

2012 оны 8 сард гаргаж өгөх ёстой байсан программын үндсэн загвар, захиалгын схемийн шаардлагыг 5 сарын дараа хугацаа хожимдуулан Бгийн мэйл рүү явуулсан байдаг. /2-р хавтас хх-92-93 хуудас/

Мөн захиалагч талын ажилтнуудыг удирдан ажиллаж байсан ахлах программист О.Ганбаатар нь цаг хугацаандаа ажпаа хийдэггүй, ажилдаа хойрго хандаж байснаас шалтгаалан ажил 1 сараар хойшлогдсон тул М.Б нь аргагүйн эрхэнд захиалагч талын удирдах албан тушаалтнуудад хандаж О.Ганбаатарын ажлын гүйцэтгэлийн талаар мэйл явуулсан байдаг. Захиалагч тал мөн О.Ганбаатарын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байсан тул 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг./2-р хавтас хх103-106-р хуудас/

Эдгээр нь давхар М.Бгийн и-мэйлд хийсэн үзлэгээр давхар нотлогдоно./1-p хавтас 106- 250 хуудас/

Иймд байдлаар захиалагч тал өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй атлаа М.Бг үүргээ биелүүлээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

II. Хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.

“Интерактив” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр М.Бг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ 35 хувийг биелүүлсэн талаарх дүгнэлтийг гаргасан байдаг ба 2 дахь шинжээчийн дүгнэлт мөн дээрх дүгнэлтийг баталсан байдаг.

Мөн М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан нь нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтаар нотлогддог төлбөрийн баримтаас М.Б нь гэрээний 5.2, 5.3-д заасны дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байна гэж үзсэн тул төлбөрийг шилжүүлсэн байдал харагдаж байна.

Нэхэмжлэгч хуулийн үйлчилгээ авсны хөлс нэхэмжилжээ. Иргэн хуулийн этгээд өмгөөлөгч авах эсэх нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл тул хууль зүйн үйлчилгээний хөлс нэхэмжилсэн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь өмгөөлөгч авах эсэх нь энэ гэрээний зүйлтэй хамааралгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д гэрээний зүйлийг эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн програм гэж тодорхойлж, 3.1-т гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэхгүй байхаар заасан байдаг ба эндээс харахад уг гэрээний зүйл нь Хөлсөөр ажиллах гэрээ болох нь харагдаж байна.

Иргэний хуулийн 367-р зүйлийн 367.4-т “Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан тус гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК-ийн зүгээс М.Б намайг, бидний хооронд байгуулсан 2012 оны 08-р сарын 15-ны өдрийн А001 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программ”-ыг боловсруулан, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаанд авсан 13 000 000 төгрөг, гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлснөөс тооцож 50 хувьтай тэнцэх алданги болох 15 000 000 төгрөг, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 1 500 000 төгрөг, нийт 29 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

А001 тоот ажил гүйцэтгэх гэрээний 3.14-т “гүйцэтгэгч нь гэрээний 3.1, 3.7, 3.9-д заасан нөхцөл болон бусад шалтгааны улмаас гэрээг бүрмөсөн цуцлах саналыг дангаар гаргавал Захиалагч талд хүлээн авсан бүх төлбөрийг, мөн гэрээний нийт үнийн дүнгээс бодож гэрээний огнооны өдрөөс эхлэн тооцсон хоногийн 0,35 хувийн алдангийн хамт бүрэн буцааж төлөх”, 5.6-д “Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ч 2 тал харилцан тохиролцож гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үндсэн дүнгээс бодож гэрээний огнооны өдрөөс эхлэн тооцсон хоногийн 0,15 хувьтай тэнцэх алдангийг төлбөрөөс хасч тооцно. Гэрээний 3.7, 3.8, 3.9-д заасан гүйцэтгэлтэй холбоотой алдангийг мөн адил нөхцөлөөр тооцож, гэрээний нийт үнийн дүнгийн 65 хувиас дээш хэсэгт хувь тэнцүүлэн ногдуулах бөгөөд Захиалагч тал гүйцэтгэх ажлын төлбөрийн холбогдох хэсгийг төлөхөөс татгалзах, улмаар хийгдсэн төлбөрийг нь гэрээний нийт үндсэн дүнгээс бодож гэрээний огнооны өдрөөс эхлэн тооцсон хоногийн 0.15 хувийн алдангийн хамт буцаан нэхэмжлэн авах эрхтэй” гэжээ.

Мөн гэрээний 3.7, 3.8, 3.9, 8.2-т тус тус зааснаар гэрээний хэрэгжилтийн хувь хэмжээнээс үл хамааран нийт дүнгээс алданги тооцох зарчмыг тусгасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан тул А001 тоот ажил гүйцэтгэх гэрээний хууль зөрчсөн заалтын дагуу алданги төлөх үндэслэлгүй байна.

Иймд энэ үндэслэлийг энэ гэрээ зөрчсөн учраас Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч Х.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Тухайн үед гэрээний дагуу ажил явж байна гэсэн учраас урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэрээнд алданги тооцох талаар зохицуулсан. Захиалагч талын ажилтан гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Захиалагч талаас ажил хийхэд шаардлагатай бүхий л нөхцөлөөр хангаж байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг оруулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Гэрээг талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуулийн дагуу байгуулсан. Программыг хүлээж аваагүй. 35 хувийн гүйцэтгэлтэй хийсэн ажлыг ажил хийсэн гэж үзэхгүй.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг, алдангид 15 000 000/арван таван сая/ төгрөгийг, хууль зүйн туслалцааны төлбөр 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, бүгд 29 500 000/хорин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч М.Б нь нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Б нь захиалагч тал өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээг талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуулийн дагуу байгуулсан гэж маргасан.

 

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч М.Бгийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршиход 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Бгийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр № А001 “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Тус гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.3, 4.7, 5-ын 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5-д зааснаар хариуцагч нь 246/хоёр зуун дөчин зургаа/ хоногийн хугацаанд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хөдөлгөөний иж бүрэн бүртгэлийн программ”/цаашид “Программ” гэх/-ыг зохион 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөд нийт 30 000 000/гучин сая/ төгрөгийг 4/дөрөв/ хуваан төлөх үүрэг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 5-ын 5.2, 5.3-т зааснаар нэхэмжлэгч нь ажлын хөлсөд хариуцагчид нийт 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн болон 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбараар тотоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ажлын хөлсөд төлсөн 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.4-т зааснаар хариуцагч нь Программ зохиох ажлыг эхлүүлэн Программын хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, дэлгэцийн зохиомж гаргах, өгөгдлийн сангийн зохиомж гаргах, код, зааварчилгаа явуулах ажлыг гүйцэтгэсэн байх боловч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг Гэрээнд заасан Программ гэж үзэх боломжгүй бөгөөд ашиглах боломжгүй болох нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн [email protected] цахим хаягт хийсэн үзлэгээр илэрсэн цахим захиа, түүний хавсралтууд, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.5, 4.6-д заасан шаардлага хангасан болон хугацаанд Программыг бүрэн зохиож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн [email protected] цахим хаягт хийсэн үзлэгээр илэрсэн цахим захиа, түүний хавсралтууд, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан Программ зохиох ажлыг гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 13 000 000/арван гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардсан хугацаанд Программын хэрэглэгчийн шаардлагын даалгаврыг гаргаагүйгээс Гэрээний 4-ийн 4.5-д заасан хугацаа хэтрэхэд нөлөөлсөн болох нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн [email protected] цахим хаягт хийсэн үзлэгээр илэрсэн цахим захиа, түүний хавсралтуудаар тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг Программ гэж үзэхгүй боловч хариуцагч нь Программын хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, дэлгэцийн зохиомж гаргах, өгөгдлийн сангийн зохиомж гаргах, код, зааварчилгаа явуулах ажил гүйцэтгэсэн байх тул алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас алдангид 15 000 000/арван таван сая/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хууль зүйн туслалцааны төлбөр 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн “Цогц-Эрх партнерс” ХХН-тэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, хууль зүйн туслалцааны ажлын хөлсөд нийт 1 224 250/1100000+124250=1224250/ /нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-р тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өмгөөллийн нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авсан нь хариуцагч Гэрээний үүргээ зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 1 224 250/нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 275 750/1500000-1224250=275750/ /хоёр зуун далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Гэрээний хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-р тогтоогдож байна.

            

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Гэрээний 3-ын 3.14, 5-ын 5.6, 8-ын 8.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Гэрээний 3-ын 3.14, 5-ын 5.6, 8-ын 8.2-т алдангийг 0.35/тэг зууны гучин тав/ хувь, 0.15/тэг зууны арван тав/ хувь байхаар заасан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан ... 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлын хөлсийг төлж байсан, хариуцагч нь ажлын хөлсийг хүлээн авч, зарим ажлыг гүйцэтгэсэн үйлдлээр зохигчид Гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, хуулийн хүрээнд байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар Гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 3-ын 3.14, 5-ын 5.6, 8-ын 8.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгээс бүгд 14 224 250/13000000+1224250=14224250/ /арван дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15 275 750/арван таван сая хоёр зуун далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А001 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгээс бүгд 14 224 250/арван дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15 275 750/арван таван сая хоёр зуун далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А001 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 3.14, 5.6, 8.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 650 төгрөгөөс 305 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 123 000 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д, хариуцагч М.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 229 071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгон, хариуцагч М.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ