Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02294

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Дэ.Энхцэцэг, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах *******ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 500 тоотод оршин суух Дааган овогт************** /РД:УЖ67073015/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 500 тоотод байрлах УндакХХК /РД:5330726/ нарт холбогдох,

гэм хорын хохирол 228.350.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 228.420.200 төгрөг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бөртэ, Г.Анужин, хариуцагч нарын төлөөлөгч Ч.Энхтөвшин, иргэдийн төлөөлөгч Т.Дүүрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******-ийн гүйцэтгэх захирал П.Нямдаваа нь *******тай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулан картаар үйлчлэгч байгууллага болж *******ны Пос терминал машиныг ашиглах болсон. Гэвч П.Нямдаваа нь ажил үйлчилгээ явуулалгүйгээр 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 33 удаагийн үйлдлээр 228.350.000 төгрөгийг БНХАУ-ын иргэдтэй хуйвалдан Канад улсад бүртгэлтэй иргэдийн олон улсын төлбөрийн картыг ашиглан өөрийн хувийн дансанд шилжүүлж, түүнийгээ Улаанбаатар хотод байрлах АТМ бэлэн мөнгөний машинуудаас гаргасан авсан байдаг. Ийнхүү*******-ийн захирал П.Нямдаваа нь банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.2-т бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны төлбөр тооцоог банкнаас ашиглахаар пос төхөөрөмжийг ашиглан карт эзэмшигчдэд үйлчлэх, мөн гэрээний 4.2.12-т хүчингүй, хуурамч, гээгдсэн болон хулгайд алдагдсан картаар үйчлүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, уг картыг хураан авч банканд нэн даруй яаралтай мэдэгдэх гэснийг зөрчиж банкны итгэлийг эвдэн хуурамч картаар гүйлгээ хийсэн. Уг гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3-д заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2014250001675 дугаартай эрүүгийн хэрэг нээсэн. Уг хэрэгт хамтран үйлдсэн БНХАУ-ын иргэд хилээр оргон зайлсны улмаас эрүүгийн хэрэг түдгэлзэж, улмаар шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар сэргээн шалгаж, БНХАУ руу даалгавар явуулсан боловч мөрдөн шалгах ажиллагаа удааширч үр дүнд хүрээгүй. Шинэ Эрүүгийн хуулийн 17.3-д заасан залилах, 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байсан ч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн. Ийнхүү 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоолоор хэргийг хаасан. Уг тогтоолд хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн талаар зөвлөж, иргэний хариуцагч хохирлыг барагдуулж дуустал битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болохыг тогтоосон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс эхлэн хаах хүртэл 3 жилийн хугацаанд хэргийг шалгаад гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлсэн боловч тэрээр одоо хүртэл нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулаагүй. 2014 оны 06 сарын 22-ны өдөр Мөрдөн байцаалтын ажлыг дуусгаж, хэргийн тэмдэглэлд П.Нямдаваа нь хэргийн материалтай уншиж танилцлаа , үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна, ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан. Хариуцагч нь анхнаасаа гэмт хэргийн зорилгоор тус пос терминал машиныг өөрийн*******-ийн нэр дээр авч БНХАУ-ын иргэдтэй хуйвалдсан.Өөрөөр хэлбэл пос терминал машиныг гэрээнд зааснаар ашиглах нөхцөл үүсээгүй байхад үүнийгээ нуун дарагдуулж, гэмт хэргийн зорилгоор тус пос терминал машиныг ашигласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.2, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоол, картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээний 1.2, 4.2.12-т зааснаар *******анд учирсан хохирлыг******* болон П.Нямдаваа нар нь төлж барагдуулах үүрэгтэй. Энэхүү хохирлыг учруулахад П.Нямдаваа нь хамтран оролцсон учир уг хохирлыг түүнээс шаардах үндэслэлтэй.Дээрх гүйлгээний талаар бид Олон улсын виза интернэшнл байгууллагад гомдол гаргасан ч луйврын гүйлгээ байсан учир манай данснаас суутгасан мөнгийг эргүүлэн авч чадаагүй. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу *******анд учирсан 228.350.000 төгрөгийн хохирлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00376 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулахад төлсөн 70.200 төгрөгийн хамт******* болон П.Нямдаваа нараас гаргуулж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад битүүмжлэгдсэн иргэн П.Нямдаваагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 500 тоот хаягт байрлах газар, хувийн сууц, гараж, 55-00 УБЛ улсын дугаартай Рэнж ровер маркийн автомашин,*******-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 60000 м.кв газар эзэмших эрх зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн байггуллагаас П.Нямдаваад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэм буруутай эсэх тогтоодоогүй учраас хэргийг хаасан. Хэргийн улмаас *******анд П.Нямдаваагийн зүгээс ямар ч хохирол учруулаагүй. П.Нямдаваа нь Хятадуудаас авсан 10 сая төгрөгийг *******анд төлсөн, мөн өөрийн худалдаж авсан 1.000.000 төгрөгийн пос терминал машиныг цагдаагийн байгууллагад хураалгасан байгаа. П.Нямдаваа нь*******-ийн захирлаар ажиллаж байсан учир компани төлөөлж картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээг 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******тай байгуулсан. Улмаар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 33 удаагийн гүйлгээг БНХАУ-ын иргэд хийсэн. Тэдний карт хуурамч гэдгийг огт мэдээгүй ба прокуророос тэдгээр Хятад иргэдийг олж тогтоож чадаагүй,*******-ийг иргэний хариуцагчаар татаж шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэрх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчмаас үүдэлтэй тул гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна. Прокурорын тогтоол нь хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэснийг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй. Хариуцагч нар нь гэм буруутай эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Мөн ******* ХХК-ийн данснаас ямар улсын банк 33 удаагийн гүйлгээний төлбөрийг суутгаж авсан талаарх санхүүгийн баримт алга байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу хариуцагч П.Нямдаваа болон******* нараас хэд хэдэн төгрөг нэхэмжлэл байгаа нь тодорхойгүй байна. Иймд хариуцагч П.Нямдаваа болон*******-д холбогдуулан 228.350.000 төгрөгийн хохирол болон эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг нэхэмжилсэн *******ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Т.Дүүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* нь хариуцагч П.Нямдаваатай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр картын төлбөр тооцоо гүйцэтгэх хамтран ажиллах гэрээг байгуулж ПОС машин ашиглуулсны дагуу 33 удаагийн үйлдлээр 228.350.000 төгрөгийн дутагдлыг П.Нямдаваа болон******* учруулсан гэж нэхэмжилж байна. Хятад хүмүүс *******ны ПОС машиныг П.Нямдаваагаар авхуулж, тухайн ашигласан карт нь Канад улсын иргэний хуурамч карт байна. Иймд нэхэмжлэгч *******анд учирсан хохирлыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч П.Нямдаваад холбогдуулан картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирол 228.350.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 228.420.200 төгрөг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөн гэм хорын хохирол 228.350.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 228.420.200 төгрөг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж, хамтран хариуцагчаар УндакХХК-ийг оролцуулжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч УндакХХК-д холбогдох 218.350.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 10.072.000 төгрөг төгрөг гаргуулах, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах болон хариуцагч П.Нямдаваад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, хариуцагч УндакХХК нь нэхэмжлэгч *******ХХК-ийн картын системд нэгдэн орж, бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааныхаа төлбөр тооцоог банкнаас авсан ПОС терминал электрон төхөөрөмжийг ашиглан карт эзэмшигчид үйлчлэх, *******ХХК нь ПОС терминал электрон төхөөрөмжөөр ирүүлсэн нэгтгэл гүйлгээг үндэслэн төлбөрийг ажлын 2 өдрийн дотор картаар үйлчлэгч байгууллагын дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. / 1 дүгээр хавтас, хуудас-17-20/

Дээрх картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасан төлбөр тооцооны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч УндакХХК-ийн захирал П.Нямдаваа нь дээрх картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээний дагуу *******наас авсан ПОС терминал төхөөрөмжийг ашиглан ямар нэгэн бараа үйлчилгээ явуулаагүй атлаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг орон сууцны барилга барихад хамтран ажиллахаар тохиролцсон гэх БНХАУ-ын 4 иргэний олон улсын картыг УндакХХК-ийн ПОС терминал төхөөрөмжид уншуулан 33 удаагийн гүйлгээ хийж, компанийн дансанд орсон 228.350.000 төгрөгийг өөрөө болон БНХАУ-ийн иргэдийн хамт авч ашиглажээ.

Дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх, мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх, энэ хэрэгт битүүмжилсэн болон захиран зарцуулах эрхийг хязгаарлсан 5500 УБЛ улсын дугаартай Ландровер маркийн тээврийн хэрэгсэл, Ү-2206022066, Г-2206006636, Ү-2206025402,*******-ийн 5330726 дугаарын регистрийн дугаартай 0209022 дугаарт тус тус бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 500 тоот хаягтай, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 60000 м.кв газар, хувийн сууц, граж үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хохирол нөхөн төлтөл цуцлахгүй байхаар тус тус шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /1 дүгээр хавтас, хуудас-8-9/

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч П.Нямдаваа болон******* нарыг дээрх хуурамч картуудаар гүйлгээ хийсний улмаас карт эзэмшигчээс гүйлгээтэй холбоотой маргаан үүсгэж, тухайн гүйлгээнүүдийг хуурамч луйврын гүйлгээ гэж үзэн Виза Олон улсын байгууллага дахь *******ны дундын данснаас 33 удаагийн үйлдлээр 228.350.000 төгрөгийн гүйлгээ хийснийг үл маргах журмаар суутган авсан гэсэн үндэслэлээр хариуцагч П.Нямдаваа болон******* нараас өөрт учирсан хохирол болох 228.350.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг, нийт 228.420.200 төгрөгийг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан бол хариуцагч П.Нямдаваа, УндакХХК нар нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон сууцны барилга барьж хамтран ажиллахаар тохиролцсон БНХАУ-ын иргэд манай компанийн *******наас авсан ПОС терминал төхөөрөмжийг ашиглан өөрсдийн картаар гүйлгээ хийсэн ба тэдгээр картууд хуурамч гэдгийг огт мэдээгүй ба прокуророос тэдгээр Хятад иргэдийг олж тогтоож чадаагүй,*******-ийг иргэний хариуцагчаар татаж шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан ба прокурорын тогтоол нь хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гэж үзэх боломжгүй юм. П.Нямдаваа нь дээрх гүйлгээний өөрийн авч ашигласан 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусад мөнгийг БНХАУ-ын иргэд авсан учраас *******ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч нарын татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч УндакХХК-ийн захирал П.Нямдаваа нь ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй атлаа ******* ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулж авсан бэлэн бус төлбөр тооцоог гүйцэтгэх зориулалт бүхий ПОС терминал төхөөрөмж дээр Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй Механикс банкны 5465380900144083, 5465380900192140 дугаарын мастер картуудаар 5 удаагийн үйлдлээр 12.825.000 төгрөгийн гүйлгээ, Канад улсад бүртгэлтэй Канадын Империал худалдааны банкны 4500030100059710, 4500030000909568, 4500030115708269, 4500033601203431, 4500030103066548, 4500030110579673 дугаарын картуудаар 28 удаагийн үйлдлээр 215.525.000 төгрөгийн гүйлгээ, нийт 33 удаагийн үйлдлээр 228.350.000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь УндакХХК-ийн *******ны 521003477 тоот түр харилцах данснаас 5210005172 тоот дансанд орсныг тэрээр бэлнээр болон бэлэн бусаар авч ашигласан болох нь зохигчийн тайлбар болон дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтас, хуудас-126-128, 2 дугаар хавтас, хуу-10-13/

Хариуцагч УндакХХК-ийн захирал П.Нямдаваа нь уг 228.350.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг авсныг төлж барагдуулсан, бусад мөнгийг БНХАУ-ын иргэд авч ашигласан гэж тайлбарлаж байгаа ч тэрээр картын төлбөр тооцоо гүйцтгэх тухай хамтран ажиллах гэрээний 4.2.7, 6.5-т заасан карт эзэмшигчийн гүйлгээ хийснийг нотлох баримтуудыг тухайн гүйлгээ хийсэн өдрөөс хойш 180 хоног эмх цэгцтэй хадгалах, картаар үйлчлэгч байгууллага нь ПОС терминал электрон төхөөрөмжийг гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслүүлэх, худалдах болон аливаа өөр хэлбэрээр бусдад шилжүүлэх, энэ гэрээнд зааснаар өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэснийг зөрчиж, ПОС терминал төхөөрөмжөө БНХАУ-ын иргэд өгч ашиглуулан хуурамч картуудаар луйврын гүйлгээ хийсний улмаас *******анд 228.350.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул уг хохирлыг гэрээний 4.2.12, 4.2.22, 5.1 дэх хэсэгт зааснаар картаар үйлчлэгч байгууллага болох УндакХХК бүрэн хариуцах үүрэгтэй.

Хариуцагч УндакХХК-ийн эзэмшиж байсан Пос терминал төхөөрөмжөөр уншуулсан Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй 5465380900144083, 5465380900192140 дугаарын мастер картууд, Канад улсад бүртгэдтэй Канадын Имдериал худалдааны банкны 4500030100059710, 4500030000909568, 4500030115708269, 4500033601203431, 4500030103066548, 4500030110579673 дугаарын картуудын эзэмшигчээс тухайн гүйлгээнүүдийг өөрөө хийгээгүй эсвэл хүлээн зөвшөөрөөгүй гэж тухайн гүйлгээнүүдийг эсэргүүцсэнийг карт гаргагч нь Визаны олон улсын үйл ажиллагааны журмын шалтгааны код-62-д заасан хуурамч луйврын гүйлгээ болохыг баталж, гүйлгээг буцаах нэхэмжлэхүүд ирүүлсний дагуу *******ХХК-ийн виза картын маргааны 830185400602000 тоот данснаас үл маргах журмаар суутган авсан болох нь карт гаргагч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхүүд, *******ХХК-ийн 830185400602000 тоот дансны хуулга, хохирлын тооцоо зэргээр нотлогдож байна. /нотлох баримтын 1 дүгээр хавтас 225 дугаар хуудас, хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 133-231, хэргийн 2 дугаар хавтасны хуудас-4-9/

Иймд нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч УндакХХК-ийн гэрээний үүргээ зөрчиж, хуурамч төлбөрийн картуудаар луйврын гүйлгээ хийснээс учирсан хохирлыг төлж барагдуулсан тул өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч П.Нямдаваад холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дүгээр зүйлийн 1661.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн тул түүнийг бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч П.Нямдавааг шүүхийн шийдвэр болон прокурорын тогтоолоор гэм буруутай болохыг тогтоогоогүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх, учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцуулах үндэслэлгүй юм.

Харин хариуцагч П.Нямдаваа нь нэхэмжлэгч *******ХХК-тай УндакХХК-ийг төлөөлөн оролцож, картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээгээр авсан ПОС терминал төхөөрөмжид хуурамч төлбөрийн картуудыг уншуулан луйврын гүйлгээ хийсэн байх тул уг хохирлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээний оролцогч этгээд болох УндакХХК хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй учир хариуцагч П.Нямдаваагийн *******ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 10.000.000 төгрөгийг учирсан хохирол болох 228.350.000 төгрөгөөс хасаж, 218.350.000 төгрөгийг УндакХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгох нь зүйтэй байна. / нотлох баримтын 1 дүгээр хавтасны 125 дугаар хуудас/

Нэхэмжлэгч *******ХХК-аас дээрх хохирлыг учруулахад хариуцагч П.Нямдаваа хамтран оролцсон гэсэн үндэслэлээр түүнээс холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Т.Дүүрэнжаргалаас уг хохирлыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч хариуцагч П.Нямдаваа нь УндакХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээг *******ХХК-тай байгуулсан, тэрээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Нямдаваад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч *******ХХК-аас хариуцагч УндакХХК болон гүйцэтгэх захирал П.Нямдаваа нь хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхой бус байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00376 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулж, шүүхэд ийнхүү эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлжээ. /1 дүгээр хавтас, хуудас-10-14/

Хариуцагч П.Нямдаваа болон УндакХХК-ийг эрэн сурвалжлуулахад төлсөн 70.200 төгрөг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар төлсөн хураамж бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй тул нэхэмжлэгч *******ХХК-ийн эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч П.Нямдаваад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэхдээ энэ хэрэгт битүүмжилсэн болон захиран зарцуулах эрхийг хязгаарласан Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 500 тоот хаягт байрлах газар, хувийн сууц, гараж, 55-00 УБЛ улсын дугаартай Рэнж ровер маркийн автомашин,*******-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 60000 м.кв газар эзэмших эрхийг хохирол нөхөн төлтөл цуцлахгүй байхаар шийдвэрлэсэн нь уг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгө эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг үүсгэхгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан аргуудаар үүргийн гүйцэтгэлийг хангадаг бөгөөд талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, тухайн хөрөнгүүд нь зохигчдын хооронд байгуулагдсан картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээний зүйл биш учраас нэхэмжлэгч *******ХХК-аас өөрт учирсан хохирлыг дээр хөрөнгүүдээс гаргуулахаар шаардах эрхгүй.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх хөрөнгүүд нь төлбөрт хураагдсан тохиолдолд тухайн хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой юм.

Иймд нэхэмжлэгч *******ХХК-ийн эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.299.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.249.700 төгрөгийг хариуцагч УндакХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УндакХХК-аас 218.350.000 /хоёр зуун арван найман сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.070.200 төгрөг гаргуулах, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 500 тоот хаягт байрлах газар, хувийн сууц, гараж, 55-00 УБЛ улсын дугаартай Рэнж ровер маркийн автомашин,*******-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 60000 м.кв газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах болон хариуцагч П.Нямдаваад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.299.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УндакХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1.249.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД Дэ.ЭНХЦЭЦЭГ

Ж.СЭМЖИД