Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01269

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01269

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00598 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК, В- нарт холбогдох,

205,595,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал В- нь тус банктай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулан пос терминал машиныг ашиглах болсон. Гэвч В- нь ажил үйлчилгээ явуулалгүйгээр 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 17-ны хооронд нийт 33 удаагийн үйлдлээр 228,350,000 төгрөгийг БНХАУ-ын иргэдтэй хуйвалдан, гадаад улсад бүртгэлтэй иргэдийн олон улсын төлбөрийн картыг ашиглан өөрийн хувийн дансанд шилжүүлж, түүнийгээ Улаанбаатар хотод байрлах АТМ бэлэн мөнгөний машинууд болон салбараас гарган авсан байдаг.

Дээрх үйлдэлд нь холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хаасан. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоолд хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар дурдаж иргэний хариуцагч хохирлыг барагдуулж дуустал битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болохыг тогтоосон.

2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын ажлыг дуусгасан бөгөөд хэргийн тэмдэглэлд хариуцагч В- нь хэргийн материалтай уншиж танилцлаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд анхнаасаа гэмт хэргийн зорилгоор тус пос терминал машиныг өөрийн Б ХХК-ийн нэр дээр авч БНХАУ-ын иргэдтэй хуйвалдсан.

Дээрх гүйлгээний талаар олон улсын виза интернэшнл байгууллагад гомдол гаргасан ч луйврын гүйлгээ байсан учир манай данснаас суутгасан мөнгийг эргүүлэн авч чадаагүй. Хэрэгт авагдсан мөрдөгч, прокуроруудын тогтоол, дансны хуулга, бусад баримтаар А банк ХХК-д 228,350,000 төгрөгийн хохирол учирсан тухай тогтоогдсон.

Гэвч тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол болох 12,825,000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан өгөх боломжгүй болсон, мөн хариуцагч В- нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч нараас гэм хорын хохирол 205,525,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад зарцуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 205,595,200 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч В- нь банктай иргэний хувьд гэрээ байгуулаагүй. Харин Б ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А банктай картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Улмаар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 33 удаагийн гүйлгээг БНХАУ-ын иргэд пос терминал машинаар хийсэн бөгөөд тэдний карт хуурамч гэдгийг мэдээгүй.

Мөн Цагдаагийн байгууллагаас В-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, БНХАУ-ын иргэдийг олж чадаагүй, Б ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шалгасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч В- нь А банк ХХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд БНХАУ-ын иргэдээс авсан 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн, мөн өөрийн худалдаж авсан 1,000,000 төгрөгийн пос терминал машиныг цагдаагийн байгууллагад хураалгасан.

Хариуцагчийн гэм буруугийн асуудлыг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй. Хэрэгт олон улсын виза картын журам авагдсан байдаг боловч 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-аас 2014 оны 03 дугаар сарын 04-17-ны өдрийн хооронд хийсэн гүйлгээний мөнгийг нэхэмжилж байгаа боловч олон улсын виза картны журам нь гүйлгээ хийгдсэнээс хойш гарсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад зарцуулсан тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулах шаардлага нь мөн үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч В-, Б ХХК нараас 205,525,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,299,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,185,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагч В-гаас 205,525,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь В- нь Б ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээг А банк ХХК-тай байгуулсан. В-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Шүүхээс уг баримтыг хариуцагчийн гэм буруу, учруулсан гэм хорыг нотолсон агуулгатай баримт гэж дүгнэсэн нь буруу юм.

4.2. Хариуцагч В- нь Б ХХК-ийн захирал ба компанийн 2 гишүүнээс зөвшөөрөл авч пос машин авах гэрээг байгуулах эрхийг авсан. БНХАУ-ын иргэдтэй Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цогцолбор орон сууц барих хөрөнгө оруулалт авах зорилготой байсан тул тэдний карт хуурамч гэдгийг мэдээгүй. Шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Харин прокурорын тогтоолыг хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гэж үзэхгүй. Гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй.

4.3. В-гийн эзэмшлийн карт болон А банкны тодорхойлсон картуудыг шинжээч нар хуурамч гэсэн дүгнэлт гаргаагүй. Харин Канад болон АНУ-ын бүртгэлтэй гэх картууд нь хуурамч луйврын карт гэсэн, түүнчлэн нэхэмжлэх ирсэн гэх баримтууд нь одоо хүртэл ирээгүй байхад шүүхээс нотлох баримтаар нотлогдож байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь хариуцагч талаас 12,000,000 төгрөгийн баримтыг шаардахад нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр анх нэхэмжилж байсан 228,350,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 215,525,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хурал дээр хариуцагч талаас 10,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг 205,595,200 төгрөг болгосон. Иймд хариуцагч В-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч В- Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар санаатай үйлдлээр, шалтгаант холбоотойгоор А банк ХХК-д учруулсан гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх прокурорын тогтоолоос гадна зохигчоос шүүхэд гаргасан нотлох баримт, В-гийн мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслэн хохирлыг В-д хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч В-, Б ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 205,525,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 205,595,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А банк ХХК болон Б ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь А банк ХХК-ийн картын системд нэгдэн орж, бараа бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааныхаа төлбөр тооцоог банкнаас авсан пос терминал электрон төхөөрөмжийг ашиглан карт эзэмшигчид үйлчлэх, А банк ХХК нь ПОС терминал электрон төхөөрөмжөөр ирүүлсэн нэгтгэл гүйлгээг үндэслэн төлбөрийг ажлын 2 өдрийн дотор картаар үйлчлэгч байгууллагын дансанд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон,

3.2. Б ХХК-ийн захирал В- ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаагүй атлаа А банк ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний дагуу авсан пос терминал төхөөрөмж дээр Канад улсад бүртгэлтэй, Канадын Империал худалдааны банкны 4500030100059710, 4500030000909568, 4500030115708269, 4500033601203431, 4500030103066548, 4500030110579673 дугаарын картуудаар 28 удаагийн үйлдлээр 215,525,000 төгрөгийн гүйлгээ хийсэн,

3.3. Б ХХК-ийн гэрээний дагуу эзэмшиж байсан пос терминал төхөөрөмжөөр уншуулсан Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй 5465380900144083, 5465380900192140 дугаарын мастер картууд, Канад улсад бүртгэлтэй Канадын Империал худалдааны банкны 4500030100059710, 4500030000909568, 4500030115708269, 4500033601203431, 4500030103066548, 4500030110579673 дугаарын картуудын эзэмшигчээс тухайн гүйлгээнүүдийг өөрөө хийгээгүй эсвэл хүлээн зөвшөөрөөгүй гэж тухайн гүйлгээнүүдийг эсэргүүцсэнийг карт гаргагч нь Визаны олон улсын үйл ажиллагааны журмын шалтгааны код-62-д заасан хуурамч луйврын гүйлгээ болохыг батлан гүйлгээг буцаах нэхэмжлэх ирүүлж, А банк ХХК-ийн виза картын данснаас 215,525,000 төгрөгийг үл маргах журмаар суутган авсан.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг заасан.

Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоол, А банк ХХК болон Б ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ, Б ХХК-ийн А банк дахь 521003477, 5210005172 тоот дансны хуулга, нь карт гаргагч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхүүд, А банк ХХК-ийн 830185400602000 тоот дансны хуулга, хохирлын тооцоо зэрэгт үндэслэн Б ХХК болон В- нь гэм буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчид 205,525,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, шалтгаант холбоог зөв тогтоож дүгнэсэн байна.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар А банк ХХК нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас буюу хуурамч төлбөрийн картуудаар гүйлгээ хийснээс учирсан хохирлыг бусдад төлж барагдуулсан тул өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагч Б ХХК болон В-гаас гэм хорын хохирол 205,525,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.1. Хариуцагч тал Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм бурууг тогтоогоогүй гэж маргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хариуцагч В-д холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан нь гэм хорын хохирол учруулсан гэм бурууг шүүхээр шийдвэрлэхэд саад болохгүй.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн хүрээнд гэм хорын хохирлын маргаан үүсэхэд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч тал нь хэрэгт цугларсан нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэм буруу, хохирлыг нотлосон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

 

4.2. Хариуцагч В- иргэний хувьд биш зөвхөн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын хувьд А банк ХХК-тай гэрээ байгуулсан тул гэм хорын хариуцлагыг хамтран хүлээхгүй гэж гомдол гаргасан.

Гэхдээ нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан асуудалд В- нь гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоол болон Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар пос терминал машиныг хүлээн авч өөрийн эзэмшилдээ байлгах хугацаанд нь А банк ХХК-нд 205,525,000 төгрөгийн хохирол учруулсан хуурамч луйврын гүйлгээ хийгдсэн үйл баримтаар тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх В-д гэм хорын хохирлыг Б ХХК-тай хамтран арилгах үүрэг ногдуулсан нь үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

6. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг харгалзан анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байгааг дурдвал зохино.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.БАДРАХ