Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2053

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01657 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Х.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “М” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр “М” ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230 000 000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу “М” ХХК гэрээний 3.1-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон болно. Бидний зүгээс гэрээнд заагдсан тодорхой ажлуудыг тохиролцсон хугацаандаа багтаан хийж гүйцэтгэж байсан боловч захиалагч буюу хариуцагч “М” ХХК гэрээний 3.1-т заасны дагуу ..Эрдэс баялагийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57 500 000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай “М” ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдийр хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болоод байна. Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172 500 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс “М” ХХК нь 132 500 000 төгрөгийг төлж, үлдэх 40 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд төлбөр төлөх хугацааг элдвийн шалтаг шалтгаан тоочиж, хойшлуулсаар өдийг хүрсэн ба бид төлбөрийг үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү төлбөрийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Т” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой ажлуудыг хийж, лиценз авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, геологийн зураглал, тайлан, байгаль орчны тайлан гаргах зэрэг ажлуудыг хийх байсан боловч гэрээний явцад ажил маш удаашралтай байсан. Тухайн 25 га талбайд дутуу өрөм тавьсан байдаг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй, үргэлжлүүлээд ажлаа хийх байх гэж маш удаан хүлээсэн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажлын нэмэлт хавсралт гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрт өөрчлөлт оруулсан. Гэрээний 1 дүгээр хэсэгт Эрдэст баялгийн зөвлөлд “Т” ХХК-иас тайланг хүлээлгэн өгч, нөөцийн тайлан бичих явцад 30 000 000 төгрөг, тайлан бичиж дуусган Эрдэст баялгийн зөвлөлд хүлээлгэж өгсний дараа нөөцийн тайлангийн 1 хувийг хэвлэмэл байдлаар “М” ХХК-д хүлээлгэж өгсний дараа 40 сая төгрөг,  Эрдэст баялгийн зөвлөл ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагаас А лиценз гарсны дараа 15 хувь буюу 34 500 000 төгрөг, А лицензийг гар дээрээ хүлээж авсны дараа 10 хувь буюу 23 000 000 төгрөг төлөхөөр гэрээний хавсралт баталсан. Гэтэл гэрээ хэрэгжээгүй, удаашралтай байсан. “Т” ХХК нь ажлаа хийсэн гэх боловч эдгээр олон тайлангуудаас нэгийг ч хүлээлгэж өгсөн баримт, материал байхгүй. Ийм байдлаас болж гэрээ биелэгдэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хэлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд тайлан бичигдээд дуусчихсан байсан гэж хэлдэг. 2014 оны тайланг одоо ярьж байна. Яагаад тэр үедээ хүлээлгэж өгөөгүй вэ, 2014 оны асуудлыг 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүх "...нэхэмжлэгч нь хариуцагч “М” ХХК-д болон Эрдэс баялагийн зөвлөлд тайланг хүлээлгэн өгөөгүй байх тул гэрээгээр тохирсон ажлын хөлс 40 000 000 төгрөгийг шаардах эрхгүй байна..." гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна. "Т" ХХК нь "М" ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр "Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, гэрээгээр "Мөнгөн гүрэн" ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1.-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230 000 000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу "М" ХХК гэрээний 3.1.-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон болно. Бидний зүгээс гэрээнд заагдсан тодорхой ажлуудыг тохиролцсон хугацаандаа багтаан хийж гүйцэтгэж байсан боловч захиалагч буюу хариуцагч "М" ХХК гэрээний 3.1.-т заасны дагуу "...Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57 500 000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай "М" ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдийг хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болсон. Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172 500 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс "М" ХХК 132 500 000 төгрөгийг төлж,  үлдэх 40 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд төлбөр төлөх хугацааг элдвийн шалтаг шалтгаан тоочиж хойшлуулсаар өдийг хүрсэн ба бид төлбөрийн үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан боловч ямар ч үр дүн гарахгүй байсан тул төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэх 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №01 тоот хавсралтад хариуцагч "М" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох тус компанийн 80 хувийн хувьцааг эзэмшигч, гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн ВАОЮЫС гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан "Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 3.1.-т зааснаар гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид байхад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

            2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талаас 8 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн талаар тусгагдсан боловч уг нотлох баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Талуудын маргааны зүйл болж байгаа ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ нэхэмжлэгч тал зөрчсөн эсэх нөхцөл байдлыг тогтооход хариуцагч тал өөр байгууллагаар ажлыг гүйцэтгүүлсэн тухай гэрээ, холбогдох баримтууд ач холбогдолтой байж болно. Иймээс хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэх баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2 дахь хэсэгт “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасан ба анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах эрхийг зөрчсөнтэй холбоотойгоор талуудын нотлох баримтын талаар мэтгэлцэх эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй болно.

   

Иймд дээрх үндэслэлээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ