Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00039

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр, Ч.Нямцоож, Х.Батбаяр, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай “Т” ХХК нь “М” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно.

Гэрээгээр “М” ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230,000,000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу “М” ХХК гэрээний 3.1-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон болно. Тодруулбал, гэрээний 3.1-т ...Санхүүжилтийн хуваарь дараах нөхцөлийн дагуу явагдана. Үүнд: гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа гүйцэтгэх ажлын төсвийн 10 хувь буюу 23,000,000 төгрөг, хээрийн ажил эхэлсний дараа 20 хувь буюу 46,000,000 төгрөг, хээрийн хайгуулын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй болоход 20 хувь буюу 46,000,000 төгрөг, эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57,500,000 төгрөг, нөөцийн тайлан бичигдэж дуусаад хамгаалахаас өмнө 15 хувь буюу 34,500,000 төгрөг, бүх ажил дуусаад А лиценз авсны дараа 10 хувь буюу 23,000,000 төгрөг... гэж заасан.

Бидний зүгээс гэрээнд заагдсан тодорхой ажлуудыг тохиролцсон хугацаандаа багтаан хийж гүйцэтгэж байсан боловч захиалагч буюу хариуцагч “М” ХХК гэрээний 3.1-т заасны дагуу ..Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57,500,000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай “М” ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдийг хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болсон.

Бидний хийсэн ажлын төлбөрийг төлөх хугацааг элдэв шалтаг тоочиж хойшлуулсаар ирсэн атлаа өнөөдөр тус компани “А” лицензээ гаргуулах авсан болох нь тогтоогдсон. Ингэхдээ бидний бичсэн тайлан болон сүүлд өөр компаниар нэмж хийлгэсэн тайланд үндэслэн тусгай зөвшөөрөл авсан байсан. Бидэнд мэдэгдэхгүйгээр манай тайланг ашигласан байсан. Угтаа бол бидний тайланг бидэнд мэдэгдэхгүйгээр ашиглах боломжтой байтал яаж гэдгийг мэдэхгүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар манай тайлангаар тогтоогдсон нөөцийг хэлэлцсэн байсан. Үүнээс үзвэл хариуцагч нь бидний хийсэн ажлын үр дүнг ашигласан болох нь нотлогдож байгаа юм. Гэсэн хирнээ өдий хүртэл үргэлжлүүлэн ажиллуулна гэж худлаа ярьж, ажлын хөлсийг маань өгөхгүй хойшлуулсаар байсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. Бидний хувьд гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг маань төлсөн бол үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ийм бодолтой байсан ч өөр компаниар үргэлжлүүлэн тайлан гаргуулж, Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон тул цаашид ажиллах боломжгүйг мэдэж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах үндэслэл болсон.

Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172,500,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс “М” ХХК нь 132,500,000 төгрөгийг төлж, үлдэх 40,000,000 төгрөгийг төлөөгүй тул ийнхүү төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарт:

“М” ХХК нь “Т” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой ажлуудыг хийж, лиценз авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, геологийн зураглал, тайлан, байгаль орчны тайлан гаргах зэрэг ажлуудыг хийх байсан боловч гэрээний явцад ажил маш удаашралтай байсан. Тухайн 25 га талбайд дутуу өрөм тавьсан байдаг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй, үргэлжлүүлээд ажлаа хийх байх гэж маш удаан хүлээсэн.

2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажлын нэмэлт хавсралт гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрт өөрчлөлт оруулсан. Гэрээний 1 дүгээрт Эрдэст баялгийн зөвлөлд “Т” ХХК-аас тайланг хүлээлгэн өгч, нөөцийн тайлан бичих явцад 30,000,000 төгрөг, хоёрдугаарт тайлан бичиж дуусган Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэж өгсний дараа нөөцийн тайлангийн 1 хувийг хэвлэмэл байдлаар “М” ХХК-д хүлээлгэж өгсний дараа 40,000,000 төгрөг, гуравдугаарт Эрдэст баялгийн зөвлөл ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагаас А лиценз гарсны дараа 15 хувь буюу 34,500,000 төгрөг, дөрөвдүгээрт А лицензийг гар дээрээ хүлээж авсны дараа 10 хувь буюу 23,000,000 төгрөг төлөхөөр гэрээний хавсралт баталсан.

Гэтэл гэрээ хэрэгжээгүй, удаашралтай байсан. “Т” ХХК нь ажлаа хийсэн гэх боловч эдгээр олон тайлангуудаас нэгийг ч хүлээлгэж өгсөн баримт, материал байхгүй. Ийм байдлаас болж гэрээ биелэгдэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хэлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 20 гэхэд тайлан бичигдээд дуусчихсан байсан гэж хэлдэг. 2014 оны тайланг одоо ярьж байна. Яагаад тэр үедээ хүлээлгэж өгөөгүй юм бэ. 2014 оны асуудлыг 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Манай зүгээс гэрээ цуцлагдсан үйл баримт, гэрээний заалтын сүүлийн ажлуудыг гүйцэтгээгүй, Эрдэс баялгийн зөвлөлд тайлан өгөөгүй, хийсэн ажлын тайланг манайд өгөөгүй, А лиценз гарсан зэрэгтэй маргаагүй. Өнөөдрийн маргаж буй гол зүйл нь үндсэн гэрээний 3.1-т заасан үндэслэлээр шаарддаг.

Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт гаргаж өгсөн тамга, тэмдгээр баталгаажсан баримт бичиг нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байдаг. Учир нь, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмнө гэрээний үүргийг 206-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу зохих ёсоор шударгаар, хугацаанд нь гүйцэтгэх ёстой байсан. Гэвч үүргээ гүйцэтгээгүй байдал нь нэмэлт тохиролцоогоор тодорхойлогддог. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тохиролцсон гэрээний заалтаас тохиролцсон нөхцөлөө өөрчилсөн байдаг.

Талуудын өмнөх үүргийг солиход тохиролцсон гэж тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл өмнөх гэрээг бичих үед, тайлан бичсэний дараа, хамгаалахаас өмнө гэх нөхцөлүүд байгаа. Нэмэлт нөхцөл дээрээ тайлан бичиж дуусаж, Эрдэс баялгийн зөвлөлд материал хүлээлгэн өгсөн байх, өгсөн нөөцийн тайланг хэвлэмэл байдлаар захиалагчид хүлээлгэн өгсний дараа 40,000,000 төгрөгийг өгөх үүрэг нь үүргийн зохицуулалтаар үүрэг үүсч байгаа.

Нэхэмжлэгч Эрдэс баялгийн зөвлөлд материалыг хүлээлгэн өгсөн байх гэрээний үүргээ хэрэгжээгүй тул 40,000,000 төгрөгийг өгөх үүрэггүй.

Иргэний хуулийн 343.1-т заасан нөхцөл нь ажлын гүйцэтгэлийн үр дүнг шаардсан. Гэрээ байгуулсантай маргаагүй. Харин Иргэний хуулийн 343.2-т заасны дагуу гүйцэтгэсэн үр дүн нь А лиценз гэж тайлбарлагдана. Гэхдээ уг ажил нь хэсэгчилсэн хэлбэртэй гэж талууд тохиролцсон байгаа учир бид зөвхөн нөөцийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх дээр сүүлийн хийгдсэн ажлын үр дүн маргаангүй байгаа ч уг ажлыг гүйцэтгээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Мөн нэгэнт гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээ цуцлагдсан, үүнтэй маргаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдож байгаа Иргэний хуулийн 343, түүний үндэслэл болж байгаа гэрээний 3.1, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хуульд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 40,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болох талаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлж, өөрөө хүрэлцэн ирээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй байсан тул хангахаас татгалзаж, нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

             

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “хайгуулын ажлын гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу “Т” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрлийн талбай дээр ашигт малтмалын эрлийн маршрут болон дээжлэлт, уулын ажлууд болох гэрээнд заасан хайгуулын ажлыг гүйцэтгэх, “М” ХХК нь ажлын хөлс 230,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын тодорхой үе шат бүхий хэсэг тус бүрээр төлөхөөр тохиролцсон байна.

 

Талууд дээрх гэрээнд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын хөлсний хэмжээ, төлөх хугацааны хуваарийг шинэчлэн тогтоосон байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтад нийцжээ.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа гүйцэтгэх ажлын төсвийн 10% буюу 23,000,000 төгрөг, хээрийн ажил эхэлсний дараа 20% буюу 46,000,000 төгрөг, хээрийн хайгуулын ажлын явц 50%-ийн гүйцэтгэлтэй болоход 20% буюу 46,000,000 төгрөг, Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25% буюу 57,500,000 төгрөг, нөөцийн тайлан бичигдэж дуусаад хамгаалахаас өмнө 15% буюу 34,500,000 төгрөг, бүх ажил дуусаад А лиценз авсны дараа 10% буюу 23,000,000 төгрөг төлөхөөр, энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралтаар гүйцэтгэгч тал Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичих явцад 30,000,000 төгрөг, нөөцийн тайланг бичиж дуусаж, Эрдэс баялгийн зөвлөлд материал хүлээлгэн өгсөн, нөөцийн тайлангийн 1%-ийг захиалагчид хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгсний дараа 40,000,000 төгрөг, Эрдэс баялгийн зөвлөлөөс ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, А лиценз гарсны дараа 15% буюу 34,500,000 төгрөг, захиалагч тал А лицензийг гар дээрээ авсны дараа 10% буюу 23,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талын нэхэмжлэх ирснээр дансаар төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заасанд нийцсэн байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь Эрдэс баялгийн зөвлөлд өгөх нөөцийн тайланг бичсэн гэж үзэх үндэслэл 2014 оны 8 дугаар сард бичигдсэн 118-125,6 метрийн гүнтэй 3 цооног буюу нийт 366.2 тууш метр цооног өрөмдөх ажлыг хийж, үр дүнг тайлагнасан “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Зүүндалан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ХҮ-010669 талбайд 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан” /хх-ийн 47-75 хуу/, уг хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тайланд шинжээч томилуулах тухай “М” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14/21 тоот албан бичиг /хх-2-ийн 24 хуу/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ХХ-15-04 тоот дүгнэлт, уг хурлын ХХ-2017-15-04 тоот тэмдэглэл /хх-2-ийн 1-9 хуу/, ХҮ-010699Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2014, 2017 онд гүйцэтгэсэн геологи хайгуулын ажил /төлөвлөгөөний биелэлт хх-2-ийн 10 хуу/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Зүүндалан-3 нүүрсний ордод 2014-2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд өгсөн шинжээчийн дүгнэлтийн хариулт /хх-2-ийн 14-15 хуу/ болон “Т” ХХК болон “Нью пинакли дриллинг” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 14/003 тоот гэрээ /хх-ийн 96-98 хуу/, “Галакси гео монголиа” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Зүүндалан нүүрсний ордод хийгдсэн цооногийн геофизикийн хэмжилтийн ажлын тайлан” /хх-ийн 99-114 хуу/, “Аэрогеодези” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажлын тайлан, ажил хүлээлцсэн акт” /хх-ийн 115-146 хуу/, “Т” ХХК болон МУИС-ийн ГГС-ийн геологийн тэнхимийн багш, доктор, профессор Л.Жаргал нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Нүүрсний петрографийн шинжилгээний ажил гүйцэтгэх 14/12 тоот гэрээ, уг гэрээний дагуу хийсэн судалгааны үр дүн /хх-ийн 147-161 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бол хариуцагч нь 132,500,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй байна.

 

Талууд мөн хайгуулын ажлын тайлан бичих ажлаас өмнөх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд маргаагүй.

 

Харин ажил гүйцэтгэх гэрээ энэ хэмжээнд цуцлагдсан байдалд хариуцагчийг буруутай гэж нэхэмжлэгч үзэж, гүйцэтгэсэн ажлын хөлс 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч өөрийн буруу байхгүй, нөөцийн тайланг бичиж дуусаж, Эрдэс баялгийн зөвлөлд материал хүлээлгэн өгсөн, нөөцийн тайлангийн 1%-ийг захиалагчид хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн чухам аль үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаныг тогтоох нь чухал ач холбогдолтой гэж үзэв.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Зүүндалан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ХҮ-010669 талбайд 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан”-гийн 1%-ийг хэвлэмэл байдлаар хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байгаа боловч уг тайланг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн болох нь “М” ХХК-ийн мөн өдрийн 14/21 тоот албан бичгээр тогтоогдсон, уг ажлын үр дүнг хариуцагч ашиглаж, тайланд шинжээчээр дүгнэлт гаргуулж, Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулах замаар үйл ажиллагаандаа ашигласан болох нь нотлогдсон тул шүүх хариуцагчийг уг ажлын үр дүнг хүлээн авсан гэх дүгнэлтэд хүрлээ.

 

Тиймээс нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, харин хайгуулын ажлын тайланг бичиж, Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлсний дараа 40,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү хариуцагч буюу захиалагч гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасанд нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар “Т” ХХК-ийн өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдаагүй тул ажлын үр дүнг хүлээн авч ашигласан “М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хүлээн авсан ажлын үр дүнд тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээнэ.

 Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичиж дуусгасан үеийн ажлын хөлсийг талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т заасны дагуу 172,500,000 төгрөг байхаар тохирсон учир үүнээс хариуцагчийн төлсөн 132,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 40,000,000 төгрөгийг төлөгдөөгүй гэж үзнэ.

 

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн “М” ХХК-ийн 14/21 тоот албан бичигт үндэслэн шүүх нэхэмжлэгчийг мөн өдөр хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгсөн гэж үзвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний дотор тухайн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэвч нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ “хариуцагч төлбөрийн чадваргүйн улмаас төлбөр төлөх хугацааг хойшлуулж ирсэн” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын ХХ-2017-15-04 тоот тэмдэглэлд “төлбөрийн чадваргүйгээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тайланг хэлэлцүүлж чадахгүй 2017 оны 11 дүгээр сарыг хүргэсэн” гэх тайлбарыг хариуцагч гаргаснаас үзвэл төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд үүргийн гүйцэтгэлийг тодорхойгүй хугацаагаар хариуцагч хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй тул ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг үндэслэн шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэж, хариуцагч “М” ХХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “М” ХХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА