Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 419

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0562 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-ийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.Н-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0562 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Х нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Н-т нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар үүсгэн байгуулагдсан үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд тэрээр хүний нөөцийн мэргэжилтний албан тушаал эрхэлж, 2014 онд ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад маргаан бүхий 2016 оны 6/159 дүгээр тушаал гарснаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн.

Одоогийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шинэ бүтцээр 35 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд түүн дотор 4 хүний орон тоон дээр ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг, үүрэг тус бүрээрээ хуваагдан орсон. Дээрх чиг үүргийн бүтцийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар өөрсдөө тохируулан хийсэн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтаас тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Хүний нөөцийн ажлын байр одоо ч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт байгаа болох нь дээрх 4 хүний ажлын байрны тодорхойлолтын чиг үүргээр тогтоохын зэрэгцээ, шинэчлэгдсэн Хөдөлмөрийн дотоод журмаас тодорхой харагддаг.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь шууд чиг үүрэг нь хуваарилагдсан ажлын байруудын аль нэгэнд орохыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа гаргах боломжгүй байдаг 4 орон тооны 2 нь Захиргаа, санхүү хэлтсийн дарга, хууль хяналтын хэлтсийн дарга ахлах мэргэжилтэн гэх албан тушаал байгаа. Энэ 2 албан тушаал нь хэлтсийн даргын статустай байгаа. Үүнд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан хүн томилогдох бүрэн боломжтой. Гэхдээ даргын албан тушаалд томилогдохыг нэхэмжлэгч шаардлагадаа тодорхойлоогүй.

Чиг үүрэг нь хуваагдсан 2 орон тоонд Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тоо байдаг Тэгэхлээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн тодорхойлон гаргасан 4 орон тооны аль нэгэнд шууд байдлаар томилогдохоор нэхэмжлэл гаргах боломжгүй гэж нөхцөл байдал үүссэн байдаг. Хариуцагч талаас ч Хүний нөөцийн орон тоо байхгүй 4 хүн хувааж хийж байгаа талаар тайлбарлан ярьдаг. Яг нэг орон тоон дээр чиг үүрэг нь илүү ороогүй, нэг нэг чиг үүргээрээ хуваагдан орсон байдаг. Тэгэхлээр нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргасан. Үүнд нийцүүлж шийдвэр гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар дээрх 4 орон тооны аль тохироход дүйцүүлэн томилох эрх хэмжээ хариуцагчид бүрэн байгаа.

Өмнө ийм байдлаар гаргасан нэхэмжлэлийг хангаж, хэрэг маргаан шийдэгдээд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж явсаар ирсэн практик ч байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс аль орон тоон дээр ажиллаж байгаа хүн Хүний нөөцийн ажлыг түлхүү хариуцан хийж байгааг тодорхойлох боломжгүй. Хэрэг маргааныг хянан шалгах явцад шүүхээс удаа дараа тайлбар авч шаардахад 4 орон тоон дээр хуваагдан хийж байгаа л гэдэг тайлбарыг хэлдэг. Иймд магадлалд дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар ажиллагаа явагдсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнээд байгааг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээр байна. Тодорхойгүй шаардлагыг гаргасан бол дээрх хуулийн зохицуулалт хэрэглэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн дээрх хуулийн зохицуулалтад нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бичсэн, тусгасан байхыг л шаарджээ гэж ойлгож байна.

Мөн магадлалд дурдсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар урьд нь ямар бүтэц орон тоотой байсан, одоо ямар орон тоотой болж өөрчлөгдсөн, хэдэн орон тоо хасагдсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа болно. Үүнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, чөлөөлөгдсөн ажилчдын тушаал, хасагдсан орон тоог нотолсон тушаалууд бүгд байгаа болно.

Түүнчлэн орон тоог шинэчлэн баталсны дараа томилогдсон хүмүүсийг томилсон тушаал байдаг. Хариуцагч нь тайлбартаа ч тодорхой тайлбарлаж бичсэн, ярьсан байдаг. Хариуцагч албан хаагчдыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй болохыг шүүх хуралдаан дээр, шүүхэд ирүүлсэн тайлбартаа мөн л дурдсан байдаг. Энэ талаар нотлох баримт шаардахад байхгүй талаар хариу ирүүлсэн.

Үндсэндээ шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг гаргаж, цуглуулан, 34 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн. Эндээс дүгнэвэл магадлалд дурдсан нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл үндэслэлгүй байна.

Хүний нөөцийн мэргэжилтний чиг үүрэг нь хуваагдсан 4 орон тоо болох Захиргаа, санхүү хэлтсийн дарга, хууль хяналтын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, Төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн орон тоо өмнө нь яг энэ нэр томьёогоор байгаагүй. Хуулийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн зэрэг нэр томьёоны хувьд өөр байсан болохыг хариуцагч, нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн байдаг. Тэгэхлээр яг дээрх нэрээр ажлын байрны тодорхойлолтууд байхгүй болно. Иймд дээрх 4 орон тооны ажлын байрны тодорхойлолтыг авах шаардлагагүй, байхгүй тодорхойлолтыг гаргуулах үндэслэлгүй юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх хангалттай нотлох баримтыг цуглуулж, хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 562 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Н-т нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс “орон тоо хасагдсан боловч ажлын байрны чиг үүрэг хэвээр байгаа, өөр албан тушаалд дүйцүүлэн томилох үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах ...” эрхтэй байхаар зохицуулжээ.

Эндээс төрийн албан хаагчийн хувьд хэдийгээр орон тоо хасагдсан боловч тухайн байгууллагад мэргэжил, мэргэшлийн дагуу адилтгах албан тушаалд шилжин ажиллах эрхтэй, захиргааны байгууллагын зүгээс эхний ээлжинд адилтгах ажлын байраар хангах үүрэгтэй, энэхүү үүргээ хэрхэн биелүүлсэн болох нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлахдаа нэхэмжлэгчийн эрхэлж байсан хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хассан болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг бусад адилтгах албан тушаалд салган хуваажээ.

Гэвч хүний нөөцийн асуудал хариуцсан чиг үүргийг чухам хэдэн албан тушаалд хуваасан, ямар ямар албан тушаалын чиг үүрэгт нэмэгдсэн тухай нотлох баримт байхгүй байх тул маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Тухайлбал, хүний нөөцийн албан тушаалын чиг үүргийн хэдэн хувь нь захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын чиг үүрэгт, хэдэн хувь нь шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэнд, хэдэн хувь нь төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэнд, хууль хяналт хариуцсан мэргэжилтэнд тус тус шилжсэн, үүнтэй уялдаж, холбогдох ажлын байрны тодорхойлолт хэрхэн өөрчлөгдсөн, ажлын байрны гол үйл ажиллагаа яаж өөрчлөгдсөн болохыг тодруулж, түүний дараа нэхэмжлэгч уг албан тушаалд шилжин ажиллах боломжтой эсэх, мэргэжлийн хувьд шаардлага хангах эсэх, эсхүл эдгээр албан тушаалд шинээр албан хаагч томилсон эсэхийг шалгаж тодруулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

Хариуцагчаас “хүний нөөцийн албан тушаалын чиг үүргээс 6 чиг үүрэг нь захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад шилжсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд тус хэлтэст “ахлах” мэргэжилтний орон тоо батлагдсан буюу нэхэмжлэгчийн “ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан хүн томилогдох бүрэн боломжтой” тухай тайлбарт шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Түүнчлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн б/98 дугаар тушаалаар Б.С-г Худалдан авах ажиллагааны хэлтсийн агаарын бохирдол, ногоон байгууламжийн тохижилт үйлчилгээний худалдан авах ажиллагааны зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон, дараа нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байжээ.  Гэтэл тухайн цаг хугацаанд Б.С нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй болох нь Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 86 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Иймээс нэгэнт захиргааны байгууллагаас бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог хасч байгаа бол эхний ээлжинд дотоод зохион байгуулалт хийж, тухайн байгууллагад ажиллаж байсан албан хаагчийг мэргэжлийн дагуу ажлын байраар хангах үүрэгтэй болохоос шинээр ажилтан авах нь хуулийн зохицуулалт болон захиргааны өөрийнх нь бүтэц өөрчилсөн шийдвэрийн зорилгод нийцэхгүй, энэ талаар тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэгчээс “захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, хууль хяналтын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтний орон тоо өмнө нь энэ нэрээр байгаагүй” гэж гомдолд дурдсан байх тул бүтэц өөрчлөгдөхөөс өмнөх орон тоо, бүтцийн нотлох баримтыг авах, өмнө нь ямар орон тоотой байсан, одоо хэд болж өөрчлөгдсөн талаар харьцуулан дүгнэлт хийх нь маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Дүгнэж үзэхэд, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих боломжоор хангасан эсэхийг тодруулж, холбогдох ажлын байрны тодорхойлолтод эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, чухам ямар албан  тушаалд шилжин ажиллах хүсэлтэй байгаа, уг ажлын байрны шаардлагыг хэрхэн хангах талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай.

Эдгээр үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0562 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ