Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0326

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.О нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан иргэн Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Н-д ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 11,814,884 /арван нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг /үүнээс нэг удаагийн олгосон тэтгэмжийг хасч тооцож/ гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.О давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан иргэн Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Н-д ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 11,814,884 /арван нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг /үүнээс нэг удаагийн олгосон тэтгэмжийг хасч тооцож/ гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна", Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 30.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байх хугацаанд нь урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн “ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь эгүүлэн томилох үндэслэл үүсэхгүй гэж ойлгогдож байгаа тул ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69 1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан тул захиргааны акт гарснаас хойш төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Ж.Н-д ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгох хууль зүйн үндэслэл үүсэхгүй байна.

Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний 109 дүгээр “Нэр дэвшүүлэх тухай” албан бичгээр иргэн Ж.Н-ийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлэн санал болгосон дагуу томилсон байдаг. 2016 оны 10 дугаар сард хийсэн бүтцийн өөрчлөлтөөр хүний нөөц хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан тул албан тушаалаас чөлөөлсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Ж.Н-д ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 11,814,884 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан” хэсгүүд болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоол батлагдсан байна. Дээрх тогтоолын дагуу эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын бүтцийг Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс гэсэн 4 хэлтэстэй байхаар баталж, орон тооны хязгаарыг 35 байхаар тогтоожээ.

Гэтэл хуулиар эрх олгогдоогүй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А/46 дугаар тушаал гаргаж, тус байгууллагын бүтцийг 3 хэлтэс, 35 албан хаагчтай байхаар баталсан нь буруу байна. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг “Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон байна.

Нэхэмжлэгч Ж.Н нь уг тушаалыг эс зөвшөөрч “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр хүний нөөцийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтний орон тоо хасагдсан боловч ажлын чиг үүрэг нь хасагдаагүй, Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хэрэгжүүлж байгаа нь хэрэгт авагдсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт болон сүүлд батлагдсан “Ахлах мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, албан тушаалын орон тоо хасагдсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд харин албан тушаалын орон тоо цөөрсөн нь тогтоогдож байхад мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.

Тиймээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар Ж.Н-ийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн сөрөг нөлөөл бүхий захиргааны акт байх бөгөөд уг тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн байхыг шаарддаг.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч Ж.Н-ийг шууд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах боломжгүй.

Учир нь дээрх албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах замаар Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх эрх нь эрх бүхий албан тушаалтанд байна.

 Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР