Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01875

 

 

 

 

 

 

 

 

2021        10         15                                             181/ШШ2021/01875         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Энгельсийн гудамж-2, Шинэ сонголт бренд их дэлгүүрийн байранд байрлах, “БЭБ” ХХК /ХХД:9011075102, РД:2867834/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, “МДХК /ХХД:9010001148, РД:2032317/-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 41 007 806 төгрөг, алданги 20 503 903 төгрөг, нийт 61 511 709 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БЭБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЭБ ХХК-ийн захирал Ч.Мөнхбат нь 2019.08.05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн **** УБСулсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явах үедээ зам дээр гэнэт гарч ирсэн үхэр мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тухайн тээврийн хэрэгслийг 2018.11.07-ны өдөр МД ХК-ийн “Автотээврийн даатгал”-д даатгуулж, гэрээ байгуулсан бөгөөд даатгалын үнэлгээг 120 000 000 төгрөгөөр тооцож, түүний хураамжид даатгалын үнэлгээний 1,2 хувь буюу 1 440 000 төгрөгийг бүрэн төлсөн, тохиолдол ч даатгалын хугацаанд үүссэн. Ингээд тэр дариу даатгагч компани руу мэдэгдэж, тэдний шаардсан нотлох баримтууд болох Замын цагдаагийн тодорхойлолт, хохирол үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлж өгсөн.

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-иас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 26 300 700 төгрөг гэж үнэлсэн боловч бодит байдал дээр тухайн автомашиныг анх худалдан авсан, сервис, засвар үйлчилгээг хариуцдаг Мөнххада ХХК-иар засвар хийлгэхэд үүнээс илүү мөнгө хөрөнгө зарцуулсан бөгөөд зарим сэлбэг хэрэгсэл бэлэн байдаггүй, үйлдвэрлэгчээс захиалж авчруулахад олон cap хүлээх болсон тул тус маркийн автомашины сэлбэг нийлүүлэгч иргэд албан байгууллагаас 29,815,000+900,000+750,000 төгрөгийн сэлбэг /хүү М.Даваадоржийн данснаас шилжүүлсэн/, “Мөнххада” ХХК-ийн Тоёотагийн засвар үйлчилгээний төвөөс 3,042,000 төгрөгийн сэлбэгийг худалдан авч, ажлын хөлсөнд 5,600,806 төгрөг, “Хас үнэлгээ” ХХК-д хохирлын үнэлгээ хийлгэсэн 900,000 төгрөгийг тус тус төлж санхүү, цаг хугацааны хувьд асар их хохирол амссан.

Энэ хугацаанд “МД” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт нэг ч төгрөг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд албан ёсоор буюу бичгээр татгалзсан хариу өгөөгүй, утсаар болон мэйлээр харьцахад “эцсийн шийдвэр гараагүй, удахгүй шийдвэрлэгдэх байх” гэсэн хариу өгч ирсэн.

Манай компани нь “МД” ХК-тай урт удаан хугацаанд хамтран ажиллаж, компанийн өмч хөрөнгө, авто тээврийн хэрэгслүүдийг даатгуулах зэрэг бүхий л даатгалын үйлчилгээнд тус компанийг сонгож гэрээ байгуулж ирсэн бөгөөд энэхүү нөхөн төлбөрийг шийдвэрлээд өгчих байх гэсэн итгэл үнэмшилтэйгээр тэвчээртэй хүлээж ирсэн. 2019 оны сүүлч болоход ч тухайн тээврийн хэрэгслийн даатгалыг мөн компанитай үргэлжлүүлэн хийсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл бидэнд хариу ирүүлээгүй тул арга буюу 2020 оны 11 сард Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч тус хорооны 2021 оны “Даатгалын нөхөн төлбөрийн тухай" 9/255 дугаар албан бичгээр “...нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. ...Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг ирүүлсэн.

Даатгалын гэрээний 12.5.7-д “Даатгалын тохиолдол болсон үед даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, зохих баримт бүрдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно” гэж, мөн 9.1-д “хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг Даатгуулагчид төлнө” гэж тус тус заасны дагуу алданги төлөх үүрэгтэй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу үндсэн төлбөрийн 50%-иар алдангийг тооцвол 20 503 903 төгрөг болж байна. 

Иймд хариуцагч МД ХК-иас №90С1820030763 дугаар авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу авто тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 41 007 806 төгрөг, алданги 20 503 903 төгрөг, нийт 61 511 709 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МД ХК шүүх гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, өмгөөлөгч Т.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЭБ ХХК нь 2018 оны 11 дугээр сарын 7-ны өдөр МД ХК-тай №90С 1820030763 дугаартай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын” гэрээг байгуулсан.

Дээрх даатгалын гэрээний хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн **** УБСулсын дугаартай “Lexus-570” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам дээр гэнэт гарч ирсэн үхэр мөргөж зам тээврийн осол гаргасан. Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу авто тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 41,007.806 төгрөгийг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 20 503 903 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг судлан үзэхэд дараах хэд хэдэн татгалзах үндэслэл тогтоогдсон. Үүнд:

1. Даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоох боломжгүй буюу осол болсныг тогтоох боломжгүй тухайд

Талуудын хооронд байгуулсан “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 12.5 дугаар зүйлийн 12.5.19 Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана. 12.5.19.3 “Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол” даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байна.

Гэрээний 12.5 дугаар зүйлийн 12.5.1 дэх хэсэгт “Даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. Үүнд: 12.5.1.1-ээс 12.5.1.9 хүртэл 9 нэр төрлийн материалыг бүрдүүлэх ёстой. Үүнээс даатгуулагч гэрээний 12.5.1.5 Даатгалын тохиолдол бий болсныг нотлох ЗЦГ-ын акт, тодорхойлолт /Зам тээврийн ослын үед/; 12.5.1.8 Ослын зураглал, фото зураг, видео бичлэг, хохирлын шалтгаан, бусад алба, мэргэжлийн холбогдох байгууллагын тодорхойлолт, дүгнэлт г.м материалыг дутуу бүрдүүлж өгсөн.

Нэхэмжлэгч Булган аймгийн Цагдаагийн газрын харьяа Баяннуур сумын цагдаагийн албаны тодорхойлолтын тогтоогдсон нөхцөл байдал: “lexus-570” маркийн **** УБСулсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан 21667 дугаартай ВС ангилалтай жолооч Чулуунхүү овогтой Мөнхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Энэхүү тодорхойлтод дурьдснаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 4-р багийн нутагт А-27 асфальтан зам дээр Ч.Мөнхбат нь “Lexus-570” маркийн **** УБСулсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Хар тарлан үхэр” мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэдгийг тодорхойлж байна. Энэхүү тодорхойлолтоор дээрх ослын улмаас тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн ослын улмаас ослын газарт хэр хэмжээний хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Нэхэмжлэгч зам тээврийн осол гаргасан тохиолдолд Замын цагдаагаас тодорхойлолт гаргуулан авахаас гадна ослын газарт хэмжилт хийлгэсэн актыг гаргуулан авах үүрэгтэй. Замын цагдаагийн ослын газар хийсэн хэмжилт, актаар осол болсон цаг хугацаанд тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн хурдаар явж байсан эсэх, жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх зэрэг ослын нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Хэрэв жолооч замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрсөн хэмжээнээс илүү хурдтайгаар хурд хэтрүүлэн явж байгаад зам тээврийн осол буюу даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын гэрээний 12.5 дугаар зүйлийн 12.5.19.27-д зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болдог. Иймээс даатгалын байгууллага зам тээврийн осол болсон тохиолдолд Замын цагдаагийн газрын осол болсныг нотлох ослын газрын хэмжилт, дүгнэлт хийсэн актыг даатгуулагчаас шаарддаг болно. Замын цагдаагийн газрын осол болсныг нотлох акт, ослын газар хийсэн хэмжилт, дүгнэлт байхгүй тул даатгалын тохиолдол бий болсныг тогтоох, ослын улмаас тээврийн хэрэгсэлд 41.007,806 төгрөгийн хохирол учирсныг тогтоох боломжгүй юм.

Хохирлын үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ийн №765 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангийн 12-т тайланг 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдөр бичиж дууссан байна. Мөнххада ХХК нь 0002УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч засварын ажлыг хийж гүйцэтгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдснаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдар даатгалын тохиолдол бий болсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

2. Нөхөн төлбөр олгохоос татгалзах гэрээнд заасан бусад үндэслэл бүрдсэн тухайд, “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 12.5 дугаар зүйлийн 12.5.19.7 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болдог.

Монгол даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн хэлтэст Нөхөн төлбөр авах тухай хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх боловч дээрх хүсэлтийг иргэн Ч.М иргэний хувиар хүсэлт гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ болон авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд даатгуулагч гэж РД:2867834 дугаартай БЭБ ХХК байна. Хуулийн этгээдийн хувьд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарж албан бичгээр хүсэлтээ гаргаснаар хүсэлт гаргасан гэж үзэх боломжтой. Мөн нөхөн төлбөр авах тухай хүсэлтэд даатгалын гэрээний 12.5 дугаар зүйлийн 12.5.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол болсныг нотлох баримт материалуудыг бүрэн дүүрэн хавсаргаж өгөх ёстой. Энэхүү шаардлагыг хангасан байдлаар хүсэлтээ гаргаагүй тул хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс гэрээнд зааснаар даатгуулагч өнөөдрийн хүртэл гэрээнд зааснаар нөхөн төлбөр хүссэн өргөдлөө гаргаагүй байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй тухайд, Даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтээ 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан гэдэг ч нэхэмжлэгч дээрх хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаагүй байдаг. Хүсэлтийг иргэн Ч.Мөнхбат гаргасан нь даатгалын гэрээний нэг тал биш болно. Нэхэмжлэгч даатгалын гэрээний 12.5 дугаар зүйлийн 12.5.1 дэх хэсэгт заасан материалыг бүрэн бүрдүүлж өгөөгүй. Даатгалын тохиолдол болсныг нотлох ЗЦГ-ын ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон акт, Ослын зураглал, фото зураг, видео бичлэг болон хохирлын шалтгаан нөхцөлийг тодорхойлсон баримтуудыг гаргаж өгөөгүй. Дээрх баримтууд байхгүйгээр Даатгагч даатгалын тохиолдол болсныг тогтоож, нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

Нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас даатгалын гэрээ болон баталгаанд зааснаар бүрдүүлэн өгөх баримт материалыг бүрэн гүйцэт өгөөгүй, хүсэлтийг даатгуулагчийн нэрээр гаргаагүй байх тул гэрээнд зааснаар алданги нэхэмжлэх эрхгүй байна гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БЭБ ХХК нь хариуцагч МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 41 007 806 төгрөг, алданги 20 503 903 төгрөг, нийт 61 511 709 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

БЭБ ХХК нь МД ХК-тай 2018 оны 11 дугээр сарын 7-ны өдөр №90С 1820030763 дугаартай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г бичгээр байгуулж, “Lexus-570” маркийн **** УБСулсын дугаартай автомашинд даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг олгохоор тохиролцож, даатгалын хураамж 1 440 000 төгрөгийг төлж, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-гээр даатгалын зүйл болох “Lexus-570” маркийн **** УБС улсын дугаартай автомашиныг “байгалийн хүчний үйлчлэл”, “хөдөлгөөний үеийн осол”, “хөдөлгөөний бус үеийн осол”, “сантехникийн эрсдэл” зэрэг эрсдлээс хамгаалж, даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирлын өөрийн хүлээх хариуцлагыг 10%-иар тогтоож, нөхөн төлбөрийг олгохоор тохиролцжээ.

 

Хариуцагч МД ХК нь даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцлүүдэд тусгагдсан баримт, материалыг хуанлийн 90 хоногийг дотор хүлээлгэн өгөөгүй, хүсэлтийг даатгуулагчийн нэрээр гаргаагүй, алданги шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. 

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” гэж заасан.

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 4-р багийн нутагт А-27 асфальтан зам дээр Ч.М нь “Lexus-570” маркийн **** УБСулсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Хар тарлан үхэр” мөргөж зам тээврийн осол гаргасан, уг зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл, хохирол учирсан болох нь Булган аймгийн Цагдаагийн газрын харъяа Баяннуур сумын Цагдаагийн албаны тодорхойлолт /хх-12х/, Булган аймаг дахь Цагдаагийн газраас 2021.08.11-ний өдрийн 30/07-1427 тоот албан бичгээр ирүүлсэн “Гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэл” /хх-62-65х/, “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-8-11х/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Энэ нь даатгалын гэрээгээр тохиролцсон “хөдөлгөөний үеийн осол” даатгалын тохиолдолд хамаарч байх тул хариуцагчийн даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2021.01.28-ны өдрийн 9/255 дугаар албан бичигт “...даатгуулагч осол гаргасан дуудлагыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр даатгуулагчийн шуурхай дуудлагын төвд бүртгүүлсэн ...” гэж бичсэн байх тул нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2-д “Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй” гэж заасны дагуу Монгол даатгал ХК нь нэхэмжлэгч БЭБ ХХК-иас даатгалын тохиолдол бий болсныг нотолсон баримтыг шаардсан талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Даатгалын гэрээний 12.5.19.7-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Даатгалын тохиолдол, даатгалын зүйлд учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг бөгөөд даатгагч нь даатгалын тохиолдлын улмаас шууд учирсан хохирлыг нөхөн төлбөрөөр олгодог тул даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “Хас үнэлгээ” ХХК-ийн “Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ”-гээр нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: “Мөнххада” ХХК-ийн “Засварын тооцооны хуудас”-д сэлбэгийн нэрийг кодоор бичсний улмаас ямар сэлбэг болохыг тодорхойлох боломжгүй, 2019.09.17-ны өдрийн “Сэлбэг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний хавсралт 1, 1-д заасан сэлбэгүүд нь “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд бичигдсэн эвдэрсэн эд ангиудтай тохирохгүй байгаа зэргээс үзэхэд даатгалын тохиолдлын улмаас эвдэрсэн эд ангиудыг худалдаж авсан гэж үзэх боломжгүй байна.

“lexus-570” маркийн **** УБСулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Мөнхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн тул Даатгалын гэрээний “өөрийн хүлээх хариуцлага 10%” гэж заасны дагуу даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын 10 хувийг даатгуулагч БЭБ ХХК хариуцах үндэслэлтэй байна.

Иймд “Хас үнэлгээ” ХХК-ийн “Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ”-гээр “lexus-570” маркийн **** УБСулсын дугаартай тээврийн хэрэгсэлд 26 300 700 төгрөгийн хохирол учирснаас 10%-ийг буюу 2 630 070 төгрөгийг хасч, хариуцагч “Монгол даатгал” ХХК-иас нөхөн төлбөр 23 670 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЭБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Даатгалын гэрээний 12.5.7-д “Даатгалын тохиолдол болсон үед даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, зохих баримт бүрдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно” гэж, мөн 9.1-д “хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг Даатгуулагчид төлнө” гэж талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар тохиролцжээ.

Талууд даатгалын тохиолдол үүссэн эсэх талаар маргасан, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.01.28-ны өдрийн 9/255 дугаар албан бичгээр даатгуулагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзсэн зэргээс дүгнэхэд даатгуулагчийг нөхөн төлбөрийг хугацаанд нь олгох үүргээ зөрчсөний улмаас даатгагчид алданги шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлээс алданги 20 503 903 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч “МД” ХК-иас нөхөн төлбөр 23 670 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЭБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 37 841 079 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хариуцагч МД ХК-иас 23 670 630 /хорин гурван сая зургаан зуун далан мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЭБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 37 841 079 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БЭБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 460 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХК-иас 276 303 /хоёр зуун далан зургаан мянга гурван зуун гурав/ төгрөгийг гаргуулж БЭБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА