Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00018

 

 

 

 

 

 

 

 

                                   Б Э Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01875 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б Э Б ХХК-ийн хариуцагч МД ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 41,007,806 төгрөг, алдангид 20,503,903 төгрөг, нийт 61,511,709 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б Э Б ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: МД ХК-аас №90С1820030763 дугаар авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу авто тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 41,007,806 төгрөг, алдангид 20,503,903 төгрөг, нийт 61,511,709 төгрөгийг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б Э Б ХХК-ийн захирал Ч.М2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ...сумын нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн .... улсын дугаартай лексус-570 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явах үедээ зам дээр гэнэт гарч ирсэн үхэр мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тус тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр МД ХК-ийн автотээврийн даатгалд даатгуулж, гэрээ байгуулан даатгалын үнэлгээг 120,000,000 төгрөгөөр тооцсон. Хураамжид даатгалын үнэлгээний 1,2 хувь буюу 1,440,000 төгрөгийг бүрэн төлсөн. Даатгалын тохиолдол үүсэх үед даатгагч компанид мэдэгдэн шаардсан нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. “Хас үнэлгээ” ХХК-аас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 26,300,700 төгрөг гэж үнэлсэн боловч бодит байдал дээр тухайн автомашиныг анх худалдан авсан, сервис, засвар үйлчилгээг хариуцдаг “Мөнххада” ХХК-аар засвар хийлгэхэд илүү зардал гарсан. Зарим сэлбэг хэрэгсэл бэлэн байдаггүй, үйлдвэрлэгчээс захиалж авчруулахад олон cap хүлээх болсон тул тус маркийн автомашины сэлбэг нийлүүлэгч иргэд албан байгууллагаас 31,465,000 төгрөгийн сэлбэгийн төлбөрийг хүү М.Д данснаас шилжүүлсэн. “Мөнххада” ХХК-ийн тоёотагийн засвар үйлчилгээний төвөөс 3,042,000 төгрөгийн сэлбэг худалдан авч, ажлын хөлсөнд 5,600,806 төгрөг, “Хас үнэлгээ” ХХК-д хохирлын үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 900,000 төгрөгийг тус тус төлж санхүү, цаг хугацааны хувьд асар их хохирол амссан. МД ХК-аас даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд бичгээр татгалзсан хариу өгөөгүй, утсаар болон мэйлээр харьцахад эцсийн шийдвэр гараагүй, удахгүй шийдвэрлэгдэх байх гэсэн хариу өгч ирсэн. МД ХК-тай урт удаан хугацаанд хамтран ажиллаж, компанийн өмч хөрөнгө, авто тээврийн хэрэгслүүдийг даатгуулах зэргээр даатгалын үйлчилгээний гэрээ байгуулж ирсэн бөгөөд нөхөн төлбөрийг шийдвэрлээд өгөх байх гэсэн итгэл үнэмшилтэйгээр тэвчээртэй хүлээж ирсэн. 2019 оны сүүлд тухайн тээврийн хэрэгслийн даатгалыг мөн компанитай үргэлжлүүлэн хийсэн. 2020 оны 11 сард Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч 9/255 дугаар албан бичгээр ... гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн. Даатгалын гэрээний 12.5.7, 9.1-д заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиар алдангийг тооцоход 20,503,903 төгрөг болно гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарт: Тус компани 2018 оны 11 дугээр сарын 07-ны өдөр МД ХК-тай №90С 1820030763 дугаартай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд Ч.М2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ...сумын нутаг дэвсгэрт ...улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам дээр гэнэт гарч ирсэн үхэр мөргөж зам тээврийн осол гаргасан. Даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоох боломжгүй буюу осол болсныг тогтоох боломжгүй. Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.5.19-т дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана. 12.5.19.3-т даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Гэрээний 12.5.1 дэх хэсэгт даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. 12.5.1.1-12.5.1.9-т зааснаар 9 нэр төрлийн материалыг бүрдүүлэх ёстой. Үүнээс даатгуулагч гэрээний 12.5.1.5-т даатгалын тохиолдол бий болсныг нотлох Замын цагдаагийн газрын акт, тодорхойлолт /Зам тээврийн ослын үед/, 12.5.1.8-т ослын зураглал, фото зураг, видео бичлэг, хохирлын шалтгаан, бусад алба, мэргэжлийн холбогдох байгууллагын тодорхойлолт, дүгнэлт зэрэг материалыг дутуу бүрдүүлж өгсөн.

Нэхэмжлэгч ...цагдаагийн албаны тодорхойлтод дурьдснаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ...сумын 4-р багийн нутагт А-27 асфальтан зам дээр Ч.Мнь Lexus-570 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хар тарлан үхэр мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэдгийг тодорхойлсон. Уг тодорхойлолтоор ослын улмаас тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн ослын улмаас ослын газарт хэр хэмжээний хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч зам тээврийн осол гаргасан тохиолдолд Замын цагдаагийн тодорхойлолтоос гадна ослын газарт хэмжилт хийлгэсэн актыг гаргуулан авах үүрэгтэй. Замын цагдаагийн ослын газар хийсэн хэмжилт, актаар осол болсон цаг хугацаанд тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн хурдаар явж байсан эсэх, жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх зэрэг ослын нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Хэрэв жолооч замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрсөн хэмжээнээс илүү хурдтайгаар хурд хэтрүүлэн явж байгаад зам тээврийн осол буюу даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын гэрээний 12.5.19.27-д зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болдог. Иймээс даатгалын байгууллага зам тээврийн осол болсон тохиолдолд Замын цагдаагийн газрын осол болсныг нотлох ослын газрын хэмжилт, дүгнэлт хийсэн актыг даатгуулагчаас шаарддаг. Замын цагдаагийн газрын осол болсныг нотлох акт, ослын газар хийсэн хэмжилт, дүгнэлт байхгүй тул даатгалын тохиолдол бий болсныг тогтоох, ослын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй. “Хас үнэлгээ” ХХК-ийн №765 дугаартай үнэлгээний тайлангийн 12-т тайланг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичиж дууссан. “Мөнххада” ХХК тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч засварын ажлыг хийж гүйцэтгээд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Нөхөн төлбөр олгохоос татгалзах гэрээнд заасан бусад үндэслэл бүрдсэн. Даатгалын гэрээний 12.5.19.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болдог. МД ХК-ийн нөхөн төлбөрийн хэлтэст 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг Ч.Миргэний хувиар гаргасан байдаг. Даатгалын гэрээ болон авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд даатгуулагч гэж РД:2867834 дугаартай Б Э Б ХХК байна. Хуулийн этгээдийн хувьд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарж албан бичгээр хүсэлтээ гаргаснаар хүсэлт гаргасан гэж үзэх боломжтой. Мөн нөхөн төлбөр авах тухай хүсэлтэд даатгалын гэрээний 12.5.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол болсныг нотлох баримтыг бүрэн дүүрэн хавсаргаж өгөх ёстой атал шаардлага хангасан байдлаар хүсэлтээ гаргаагүй тул хүсэлт илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй. Гэрээнд зааснаар даатгуулагч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр хүссэн өргөдлөө гаргаагүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нөхөн төлбөр авах хүсэлтээ хуульд заасан журмаар гаргаагүй. Иргэн Ч.Мнь даатгалын гэрээний нэг тал биш. Иймд даатгагч даатгалын тохиолдол болсныг тогтоож, нөхөн төлбөр олгох боломжгүй. Мөн гэрээнд зааснаар алданги нэхэмжлэх эрхгүй байна гэжээ.  

3. Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хариуцагч МД ХК-аас 23 670 630 /хорин гурван сая зургаан зуун далан мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Э Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 37,841,079 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б Э Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,460 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч МД ХК-аас 276,303 /хоёр зуун далан зургаан мянга гурван зуун гурав/ төгрөгийг гаргуулж Б Э Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамирын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1 Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн үндсэн нөхцөл байдал, үйл баримтын талаар үнэн зөв дүгнэсэн боловч алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, өмнөх дүгнэлттэйгээ зөрчилдсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2 Даатгуулагч нь даатгалын тохиолдолд үүссэн дариуд МД ХК-ийн шаардсан бүх баримт, мэдээллийг өгсөн бөгөөд үүнээс хойш жил гаруй хугацаанд даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болоогүй талаар маргаагүй, энэ үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирүүлээгүй. Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9\255 дугаар албан бичгийг хүлээн авч танилцсанаар даатгагчийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгааг мэдэж, шүүхэд хандсан. Гэтэл шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүссэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хууль болон гэрээнд заасан алданги шаардах эрх нь талуудын хооронд уг асуудлаар маргасан эсэхээс үл хамааран үүргээ биелүүлээгүй зөрчсөн үеэс хэтэрсэн хугацаанд гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцогдоно гэж үзэж байна.

4.3 Даатгалын гэрээний 12.5.7, 9.1-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт хэрэгт авагдсан хамгийн сүүлийн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргаснаас хойш 14 хоногийн хугацаа хэтэрснээр алданги тооцох үндэслэл бий болсон гэж үзэж учирсан хохирол болох 41,007,806 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар алдангийг тооцож, Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан алдангид 20,503,903 төгрөг шаардсан. Шүүх хариуцагчаас нөхөн төлбөрт 23,670,630 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул алдангийг уг дүнгээс тооцсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас хугацаа хэтэрсний алдангид 11,835,315 төгрөгийг нэмж гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

5.1 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй. Харин даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан эсэх үйл баримтыг нотлогдоогүй үндэслэлээр даатгалын гэрээний 12.5.19.3 дах заалтыг үндэслэн маргасан. Даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдлээс даатгалын зүйлд хохирол учирсан даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтад үндэслэгдээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

5.2 Даатгалын зүйлийг жолоодож явсан Ч.Мнь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой ...сумын 4-р багийн нутагт замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дах заалтыг зөрчсөний улмаас хар тарлан үхэр мөргөж зам тээврийн осол гаргасан гэх тодорхойлолтыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Булган аймгийн Цагдаагийн газрын харъяа Баяннуур сумын цагдаагийн алба, Баяннуур сумын Замын цагдаагийн тасаг гэх байдлаар тодорхойлолтыг гаргаж буй байгууллагын нэгж ямар учраас өөрөөр бичигдсэн. Мөн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт гарсан гэх ослын дуудлагыг тус сумын бус харин өөр сумын зохицуулагч хүлээн авсныг дуудлагын бүртгэлд осол гарсан газрыг ямар учраас Булган аймгийн Баяннуур сум гэж бүртгэсэн, хэрэг зөрчлийн товч утга хэсэгт ...сумын нутагт гэж зөрүүтэй бичигдсэн. Түүнчлэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр осол гаргасан гэх Ч.Мөнхбатад тодорхойлолт бичиж өгөв гэж бүртгэсэн бүртгэл нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол даатгал” ХХК-д гэсэн тодорхойлолтоос огноо, олгосон этгээдийн нэр зөрсөн байгаа, шүүхээс шаардсан баримтыг ирүүлсэн Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 30/07-1427 тоот албан бичигт дуудлага хүлээн авч бүртгэсэн, тодорхойлолт олгосон зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Булгантамирыг ...сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч гэж зөрүүтэй бичсэнийг тус тус тодруулах ажиллагааг явуулаагүй атлаа эргэлзээтэй баримтад үндэслэн даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй.

5.3 Цагдаагийн байгууллага осол гаргасан гэх тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээг үндэслэн тодорхойлолт хийж шилжүүлсэн бөгөөд материалжуулаагүй гэсэн хариуг ирүүлэхдээ мөргүүлсэн гэх үхрийн эзэнд учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн, материалжуулаагүй шалтгаан нөхцөл юу байсан талаар тусгаагүй. Үүнээс үзэхэд даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Ч.Мосол гаргасан нь бодитой эсэх, осол гаргасан бол тухайн осол ...эсхүл Баяннуур сумын алиных нь нутаг дэвсгэрт гарсан болох, ослын улмаас мөргүүлсэн гэх үхрийн эзэн хэн болох, хэрэв Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дах заалтыг Ч.Мзөрчсөний улмаас бусдын үхрийг мөргөсөн бол учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн, хохирол учирсан гэх бүртгэлийг хийж, тодорхойлолт олгосон атлаа яагаад материалжуулаагүй, Цагдаагийн дэслэгч Б.Булгантамирын гарын үсэгтэй 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ослын тодорхойлолтод өөрийн харьяа байгууллагын нэгжийг цагдаагийн алба, цагдаагийн тасаг гэх мэтээр зөрүүтэй бичсэн шалтгаан, тухайн тодорхойлолтыг хэнд, хэдийд олгосон болох, Цагдаагийн дэслэгч Б.Бнь .... сумдын чухам яг алинд хамаарах зохицуулагч болох талаар эргэлзээтэй олон асуултууд хариултгүй үлдэж байна. Шүүх хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудыг ямар учраас үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй, тайлбарлаагүй нь нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөнөөс гадна уг баримтуудын зөрүүтэй байдлыг тодруулаагүй нь мөн хуулийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

5.4 Шүүх “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичиж дуусгасан гэх үнэлгээний тайланг үндэслэн хариуцагчаас 23,670,630 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн, даатгалын зүйлд үхэр мөргөсөн эсэх нь тодорхойгүй ослын улмаас ямар хохирол учирсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тайланд тусгагдсан үнэлгээгээр хохирлын хэмжээг тодорхойлж, даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

5.5 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдрийг тусгасан байх шаардлага тавьсан. “Хас Үнэлгээ” ХХК-ийн тайланд 2019-08-06, 2020-03-26 гэсэн 2 өөр огноо бичигдсэн, үнэлгээ хийх ажиллагаанд чухам ямар хугацаа зарцуулагдсан, яагаад ийм зөрүүтэй огноо тавигдсан талаар тусгагдаагүй. Мөн тайланд үнэлгээг зах зээлийн жишиг үнийн болон зардлын хандлагын аргыг ашиглан хийхдээ солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоосон болно гэж дүгнэсэн нь 2019.08.06 болон 2020.03.26-ны өдрийн алинаар нь тодорхойлсон болох нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.2.3-т заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байхад шүүх уг тайланг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй. Шүүх уг баримтыг яагаад үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлсэн талаараа шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж тайлбарлаагүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

5.6 “Хас Үнэлгээ” ХХК-ийн тайлан бичигдэж дууссан гэх цаг хугацаанд даатгалын зүйл болох автомашин 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн засварлагдаж дууссан тухай “Мөнххада” ХХК-ийн засвар үйлчилгээний төвийн ажлын тайлан хэрэгг авагдсан байхад үнэлгээний тайланг юунд үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан байж болохыг тодруулах ажиллагаа хийгээгүй. Хохирлын үнэлгээний тайланд огноог 2019-08-06 гэж бичсэн нь үхэр мөргөсөн гэх осол /осол гаргасан гэж харагдуулахаар баримт бүрдүүлсэн/-оос учирсан гэмтэл, хохирол мөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгчийн өгсөн баримтууд, гаргасан тайлбарт шууд хөтлөгдсөн гэх ойлголтыг төрүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

5.7 Хэрэгт авагдсан “Мөнххада” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн засварын тооцооны хуудас, Ч.М, Я.Д нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан сэлбэг хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтууд нь даатгалын гэрээгээр тохирсон эрсдлээс даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэхгүй, эвдэрсэн, гэмтсэн гэх эд ангиуд нь үхэр мөргөсөн ослоос даатгалын зүйлд учирсан эвдрэл, хохирол мөн болохыг нотлохгүй байхад шүүх "... “Хас үнэлгээ” ХХК-ийн тайланд бичигдсэн эвдэрсэн эд ангиудтай тохирохгүй байгаагаас үзэхэд даатгалын тохиолдлын улмаас эвдэрсэн эд ангиудыг худалдаж авсан гэж үзэх боломжгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн уг дүгнэлтээр үхэр мөргөсөн гэх ослын улмаас даатгалын зүйлд “Хас үнэлгээ” ХХК-ийн эргэлзээтэй тайланд дурдагдсан эд ангиуд бүхий эвдрэл, хохирол учирсан нь тогтоогдсон гэж эргэлзээгүй үзсэн нь тодорхой байна. Уг тайланд тусгагдсан эвдрэл, хохирол нь өөр бусад байдлаар учирсан байх олон боломжуудыг шууд үгүйсгэж, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.8 Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч гэрээний 12.5.19.7-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх ... МД ХК нь нэхэмжлэгч Б Э Б ХХК-аас даатгалын тохиолдол бий болсныг нотолсон баримтыг шаардсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрээний 12.5.19.7-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг болон шүүхийн ажиллагаан дахь нотлох үүргийг буруу хуваарилсан зөрчил болсон. Аливаа даатгуулагчид хэдийд даатгалын тохиолдлын улмаас хохирол учрахыг даатгагч мэдэх боломжгүй, даатгалын эрсдэл тодорхой цаг хугацаанд бий болдоггүй, гэнэтийн шинжтэй байхад шүүхээс даатгалын тохиолдол бий болсныг нотолсон баримтыг шаардаж авах үүргийг хариуцагчид ногдуулсан нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн уг зохицуулалт нь даатгалын тохиолдолтой холбоотой баримтыг гэрээнд заасан хугацаанд даатгуулагч гаргасан, уг баримтууд дахь мэдээлэл нь нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход хангалттай бус тохиолдолд даатгагч шаардлагатай аливаа мэдээг нэмж шаардан авах эрхтэй болох талаар өөр тохиолдлыг зохицуулсан байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээний 12.5.1.5, 12.5.1.8-д заасан даатгалын нөхөн төлбөрийг үндэслэн олгох материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, даатгалын тохиолдол болсныг хэргийн баримтын хүрээнд нотлох боломжгүй болох нь дээрх байдлаар нотлогдсон тул хариуцагч МД ХК даатгалын гэрээний 12.5.19.3, 12.5.19.7-д заасан үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзах бүрэн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

            Нэхэмжлэгч Б Э Б ХХК хариуцагч МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 41,007,806 төгрөг, алдангид 20,503,903 төгрөг, нийт 61,511,709 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            2. Нэхэмжлэгч Б Э Б ХХК 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр МД ХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, ...улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг 120,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай даатгуулсан байна. Ч.Мнь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дах хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж ...сумын 4-р багийн нутаг А-27 асфальтан зам дээр тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа үхэр мөргөж зам тээврийн осол гаргасан нь хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Цагдаагийн газрын тодорхойлолт, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэлийн дэвтэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. /хх12, 63-65/

            Нэхэмжлэгчийн даатгагчид даатгалын нөхөн төлбөр гаргуулах өргөдлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9/255 дугаар албан бичгээр ... даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, даатгуулагч даатгалын нөхөн төлбөрийн материалыг гэрээнд заасан хугацаанаас хоцроож дутуу ирүүлсэн, мөн ослын шалтгааныг фото зураг, дүрс бичлэгээр баримтжуулаагүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зэргээс үүдэн ослын шалтгаан нөхцөл тодорхой бус, одоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой ... гэжээ. /хх13-14/

3. Хариуцагч нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон эсэх, ослын улмаас тээврийн хэрэгсэлд 41,007,806 төгрөгийн хохирол учирсныг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ.

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 12 дугаар зүйлд даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдэд “... даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгалын гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор хүлээлгэн өгөөгүй ...” зэрэг тохиолдол хамаарахаар байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг даатгалын гэрээний 12.5.1.1-12.5.1.9 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийн материалыг дутуу бүрдүүлж өгсөн, ослын нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтууд байхгүй, “Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, “Мөнххада” ХХК-ийн засварын баримтаар даатгалын тохиолдол бий болсон эсэх нь тогтоогдоогүй, нөхөн төлбөр авах хүсэлтийг гэрээний нэг тал болох компани гаргаагүй, иргэн Ч.Мгаргасан тул даатгуулагчаас нөхөн төлбөр хүссэн өргөдөл гаргасан гэж үзэхгүй гэх үндэслэлүүдээр даатгалын нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг.

4. Нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд даатгалын тохиолдол бий болсон талаар даатгагчид мэдэгдсэн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 9/255 дугаар албан бичгээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө ослын талаар МД ХК-ийн операторт залгаж мэдэгдсэн ... гэх тайлбараар тогтоогдсон. /хх137/ Түүнчлэн, даатгалын тохиолдол бий болсныг нотолсон баримтыг ирүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Гэрээний 12.5.1 дэх хэсэгт даатгалын нөхөн төлбөрийг олгох баримт бичиг буюу  даатгалын тохиолдол бий болсныг нотлох авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, хохирлын хэмжээг тодорхойлсон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан, Замын цагдаагийн газрын акт тодорхойлолт, хохирлын хэмжээг тодорхойлсон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан зэрэг хамаарахаар байна.

Хэрэгт ослын талаарх ... аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт, ..... аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэлийн дэвтэр зэрэг авагдсан байх ба эрх бүхий байгууллагаас уг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх байдал тогтоогдоогүй. Дээрх баримтанд байгууллагын нэр, тодорхойлолт олгосон этгээдийн нэр, дуудлагыг хүлээн авч бүртгэсэн, тодорхойлолт олгосон зохицуулагч, цагдаагийн нэр тус тус зөрүүтэй байх боловч ...сумын 4-р багийн нутаг дэвсгэр дэх асфалтан зам дээр осол болсон нь тодорхой тусгагдсан, нэр зөрүүтэй байгаа нь уг үйл баримт болсныг үгүйсгэх үндэслэл биш. /хх12, 63-65/

5. “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 26,300,700 төгрөгөөр тогтоосон ба үнэлгээний тайланг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр огноолон 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тайланг бичиж дуусгасан гэж тэмдэглэжээ. Хариуцагч нь үнэлгээ хийсэн огноог эргэлзээтэй гэж үзэж байсан бол шүүхийн журмаар үнэлгээ хийлгэх боломжтой байснаас гадна хэрэгт “Мөнххада” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сард автомашиныг хүлээн авсан хуудас, засварын ажлын тайлан, засварын тооцооны хуудас, автомашиныг засварлахад ямар хэмжээний зардал шаардлагатай талаар баримтууд хэрэгт байна. Үүнийг даатгуулагч гэрээний дагуу холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. /хх8-11, 15-20/

6. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасны дагуу даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Талуудын гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар даатгагч нь хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгуулагчтай бүх талаар идэвхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна. Гэтэл даатгагч нь даатгуулагчаас ослын талаар даатгагчид мэдэгдсэн үеэс ослын шалтгаан нөхцлийг тодруулах талаар ямар ажиллагаа хийсэн, гэрээнд заасан дээрх үүргээ хэрхэн биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 дах хэсэгт даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй гэж заасан нь даатгагчийг даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн шүүхээс даатгалын тохиолдол бий болсныг нотолсон баримтыг шаардаж авах үүргийг хариуцагчид ногдуулсан нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

7. Даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд даатгуулагчид олгох үүрэгтэй. Автомашинд учирсан хохирлын хэмжээг “Хас үнэлгээ” ХХК 26,300,700 төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч тал нэхэмжлэгчээс ирүүлсэн хохирлын үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг баримтаар няцаагаагүй.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөр болох 26,300,700 төгрөгөөс даатгуулагчийн хариуцах 10 хувь буюу 2,630,070 төгрөгийг /26,300 700*10%/ хасч хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 23,670,630 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

8. Алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Эрх бүхий байгууллагаас хариуцагчийг даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэх дүгнэлт хийсэн тохиолдолд хариуцагчид даатгалын гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүйгээр шууд алданги төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,430 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,310 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                         Д.ЦОГТСАЙХАН

                                                 А.МӨНХЗУЛ