Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2051

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01508 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Л, Э.Ч нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 400 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А,

Хариуцагч С.Л ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.Л , Э.Ч нар нь надтай уулзаж, 550 000 000 төгрөгөөр миний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 58А тоот амины орон сууцыг худалдаж авах санал тавихад би “амины орон сууцаа 700 000 000 төгрөгөөр худалдана, харин татвараа өөрсдөө төлөөрэй” гэж хэлсэн. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Э.Ч надтай утсаар ярьж, “С.Л  амины орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдаж авахыг зөвшөөрч байна, нотариат дээр хүрээд ирээч” гэхэд нь очиж, С.Л тэй 300 000 000 төгрөгөөр амины орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 300 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ба үлдэх 400 000 000 төгрөгийг хэн өгөх юм бэ гэхэд Э.Ч “...та санаа зоволтгүй, би тантай төлбөр барагдуулах гэрээ хийнэ” гээд 384 300 000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийгээд мөн өдөр Э.Ч нь Д.Г-ийн хүүтэй 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Эдгээр гэрээний нийлбэр дүн нь 400 000 000 төгрөг юм. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд хариуцагч Э.Ч “...Хандгайтын барилгыг эхлүүлэхдээ би Д.Гээс 316 000 000 төгрөг зээлсэн ба 300 000 000 төгрөгийг төлсөн, 16 000 000 төгрөгийг төлөөгүй” гэсэн байдаг. Уг амины орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Г тул Д.Г-ийн өмчлөлийн байшинг 700 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь батлагдаж байна. Э.Ч нь Хандгайтын зусланд байрлах 6 ширхэг таун хаус загварын байшинг барихын тулд 300 000 000 төгрөгийг Д.Гээс зээлсэн мэтээр тайлбарладаг. Харин Д.Г нь 350 000 000 төгрөг зээлээгүй, өөрийн аж ахуйн хашааг бусдад 375 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарладаг. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ам тохиролцоогоор 316 000 000 төгрөгийн талаар ярьсан боловч хамгийн гол нь 700 000 000 төгрөгөөр Д.Г-ийн зээлийн үлдэгдлийг барагдуулна гэж яригдсан. Ингээд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан С.Л гээс 400 000 000 төгрөгийг нэхэхээр Э.Ч-т өгсөн гэдэг, Э.Ч болохоор танд өгөх өр байхгүй гэдэг. Тиймээс би 200 000 000 төгрөгийг хариуцагч С.Л гээс, 200 000 000 төгрөгийг Э.Чоос нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Л  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Д.Г-тэй уулзаад манай дүү нар танаас 300 000 000 төгрөг зээлж авсан юм байна, та ямар болзол тавьж байгаа юм бэ гэхэд надад 300 000 000 төгрөгийг бэлнээр өг, мөнгө өгсний дараа үл хөдлөх хөрөнгийг танд шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэсэн. Надад тухайн үед мөнгө байгаагүй тул банкаар хөөцөлдье гэж хэлээд салсан. Ингээд банкуудаар зээл хөөцөлдсөний эцэст Эрэл банк надад 100 000 000 төгрөг зээлдүүлсэн тул өөрт байсан мөнгийг нэмээд Д.Г-т өгье гээд Хан-Уул дүүргийн нотариат дээр түүнийг дуудсан. Ингээд нотариат дээр бэлэглэлийн гэрээ байгуулъя гэхээр нь би бэлэглэлийн гэрээ байгуулахгүй, худалдах-худалдан авах гэрээ байгуулна гэсэн чинь Д.Г уйлаад, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт төлөх мөнгө байхгүй, чи төл гэсэн учир чамд өгөх 300 000 000 төгрөгөөс өгье гээд Голомт банкин дээр очоод 300 000 000 төгрөгийг өгсөн. Үүнээс буцаагаад 6 000 000 төгрөгийг авч, татварт өгсөн болно. Хэрэв орон сууцыг надад 700 000 000 төгрөгөөр худалдсан гэж байгаа юм бол гэрээгээ гаргаж үзүүлэх ёстой. Нотлох баримтгүй зүйлийг шүүх авч хэлэлцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Д.Г-тэй 268 000 000 төгрөгийн өглөг, авлагатай байсан. Д.Г-ийн Гурвалжингийн гүүрний хажууд байх газрыг нь үнэ хүргэж зарж өгсөн тул 350 000 000 төгрөг зээлээд, Хандгайтад барьж байгаа таун хаусдаа хөрөнгө оруулалт хийе, таны 350 000 000 төгрөгийг буцааж өгнө, дээр нь нэмээд нэг байр өгье гэж тохиролцсон. Таун хаусдаа хөрөнгө оруулалт хийхдээ би Д.Г-ээс 350 000 000 төгрөг аваагүй, 268 000 000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд авсан. Нэхэмжлэгч болохоор намайг 350 000 000 төгрөг авсан гэж тулгадаг, би болохоор 268 000 000 төгрөг авсан гэж маргадаг. Д.Г Хандгайтын таун хаус чинь баригдаж дуусаагүй юм чинь яаж надад мөнгө өгөх юм гэж 2013 оны 8 дугаар сараас намайг дарамталж эхэлсэн тул би өрөө төлөхийн тулд дээрх амины орон сууцыг худалдахаар болсон. Манай 1 700 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 58А тоот амины орон сууцанд Д.Г амьдрах нь битгий хэл орж ч үзээгүй. Энэ байрандаа би өөрөө амьдарч байгаад өр ихтэй байсан тул С.Л  эгчид 700 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, С.Л  эгч миний Д.Г-т өгөх ёстой 300 000 000 төгрөгийн өр, хойд барилгад хөрөнгө оруулахдаа авсан Хаан бакны 250 000 000 төгрөг, Си Жи Эм ББСБ ХХК-иас авсан 70 000 000 төгрөг, бас бэлнээр 60 000 000-70 000 000 төгрөгийг өгсөн. Д.Г-ийн хүү н.Учрал надаас 316 000 000 төгрөг нэхсэн бөгөөд С.Л  эгч надад 300 000 000 төгрөг өгсөн гэтэл тэгвэл 16 000 000 төгрөгөндөө зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь бид зээлийн гэрээ байгуулсан болно. Анхны тохирооны дагуу өгсөн 98-2 тоот орон сууцны 1 м.кв-ыг нь 2 100 000 төгрөгөөр бодоход 384 300 000 төгрөг болж байсан. Ийнхүү Би Д.Гт 384 300 000 төгрөгийн үнэ бүхий 98-2 тоот байрыг шилжүүлэн өгсөн. Миний хувьд нэхэмжлэгчээс 268 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Түүнийг нь 316 000 000 төгрөг болгон төлье гэсэн. Би 700 000 000 төгрөгөөр ээжийнхээ байшинг зарсан нь үнэн боловч Д.Г-ийн байшинг биш, С.Ганхүүгийн байрыг С.Л д худалдсан. 400 000 000 төгрөг нь 384 300 000 төгрөгийн гэрээ болон н.Учралтай байгуулсан 16 000 000 төгрөгийн гэрээгээр нотлогдож байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Энэ зээлийн гэрээний дүнд би өөрийн 98-2 тоот байрыг Д.Г-т шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Л , Э.Ч нараас 400 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Д.Г миний бие өөрийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил 58А тоот 3 давхар амины орон сууцыг С.Л д 700 000 000 төгрөгөөр худалдсан болох нь хариуцагч Э.Ч болон хэрэгт байгаа бусад баримтаар тогтоогдож байгаа. /Цагдаагийн байгууллагад мэдүүлсэн С.Л , Э.Ч нарын мэдүүлэг/ Д.Г, С.Л  нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нотариат дээр уулзахад С.Л  амины орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдаж авья гэсэн, би зөвшөөрч гэрээ байгуулах үед Э.Ч хамт байсан бөгөөд үлдэх 400 000 000 төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар асуухад Э.Ч, та санаа зоволтгүй хоёулаа гэрээ хийе гэсэн. Ингээд Э.Ч-той 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "төлбөр барагдуулах хэлцэл" байгуулж 384 300 000 төгрөгийг Э.Ч нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр, мөн өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "зээлийн гэрээ" байгуулж 16 000 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх, нийт 400 000 000 төгрөгийг төлнө гэж Д.Г надтай тохиролцсон. Миний бие бодохдоо С.Л гийн төлөх төлбөрийн үүргийг Э.Ч өөртөө хүлээж байгаа учраас гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм. Эдгээр гэрээнүүд нэг өдөр байгуулсанаас хархад Д.Г би, үл хөдлөх хөрөнгөө 700 000 000 төгрөгөөр худалдсан болох нь нотлогдож байна. Шүүх хуралдаанд С.Л  “Д.Г надад өгөх 400 000 000 төгрөгийг Э.Ч-ийн банкны зээлийг төлсөн учраас Д.Г-т давхар 400 000 000 төгрөгийг төлөхгүй, надад тийм боломж ч байхгүй. Харин үл хөдлөх, эд хөрөнгө худалдан борлуулсаны шимтгэл болох 6 000 000 төгрөгийг Д.Г-ээс зээлсэн учраас 6 000 000 төгрөгийг Д.Г-т буцааж төлнө” гэж тайлбарласныг шүүхийн шийдвэрт бичээгүй орхигдуулсан байна. Түүнчлэн Д.Г миний бие шүүх хуралдаанд оролцох явцад хариуцагч нарын тайлбар мэдүүлгийг сонсоод 400 000 000 төгрөгийг бүхэлд нь Э.Чоос гаргуулая гэсэн тайлбар өгсөн боловч шүүгч тэгвэл С.Л-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэсэн. Би өмгөөлөгчтэйгээ зөвшилцье гэхэд та өмгөөлөгчтэйгээ битгий яриад бай гээд миний шүүх хуралдаанд эдлэх эрхийг бүрэн эдлүүлээгүй. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй ба Д.Г миний бие хариуцагч С.Л гээс 200 000 000 төгрөг, Э.Чоос 200 000 000 төгрөг гаргуулая гэж хэлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний бие С.Л , Э.Ч гэсэн хоёр хариуцагчийг татсан байхад шүүгч, нэхэмжлэгч 700 000 000 төгрөгөөр маргаж буй үл хөдлөх, эд хөрөнгийг худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, Э.Ч-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрт бичээгүй орхигдуулсан байна. Ямар үндэслэлээр Э.Чт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.Л, Э.Ч нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 400 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсан 58А хаягт байрлах 576 м.кв талбай бүхий 3 давхар амины орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нар нь дээрх амины орон сууцыг нэхэмжлэгчээс 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж зөрүүтэй тайлбар гаргаж маргасан байна.

 

Хэргийн 6 дахь талд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч С.Л  нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хувийн /амины/ сууц худалдах-худалдан авах гэрээ авагдсан, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсан 58А хаягт байрлах 576 м.кв талбай бүхий амины орон сууцыг 300 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч С.Л  биелүүлж, 300 000 000 төгрөгийг Д.Г-т шилжүүлсэн болох нь хэргийн 5 дахь талд авагдсан Голомт банкны 3100000684 тоот данс бүхий хадгаламжийн дэвтрийн хуулбараар тогтоогджээ.

 

            Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Л  нь нэхэмжлэгч Д.Г-т уг орон сууцны үнэд 300 000 000 төгрөг төлөх үүрэг үүссэн талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч С.Л  нь шүүхэд уг 3 давхар амины сууцыг 720 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбарыг гаргаж, С.Г гэх хүнтэй 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Амины орон сууц худалдах-худалдан авах тохиролцоо” гэх хэлцлийг үндэслэсэн байна. Уг хэлцэлд зааснаар С.Л , С.Г нарын хооронд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, хариу төлбөрийг хэрхэн барагдуулах талаар заасан байна. Дээрх хэлцлээр С.Л  нь С.Г гэх хүний өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн болохоос Д.Г-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, уг гэрээнд Д.Г нь С.Л гээс 720 000 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар тухайлан заагаагүй байх тул Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэрээний тал биш гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзэх, улмаар уг гэрээнд үндэслэн Д.Г нь С.Л гээс мөнгө шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Г-ийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хувийн сууцыг С.Л д 700 000 000 төгрөгөөр худалдсан” гэх тайлбар гаргаж, хамтран хариуцагчаар Э.Ч-ийг татаж, хэргийн 51-52 дахь талд авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ч-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлээ уг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний үүргийн хүрээнд тодорхойлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан тайлбарын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Э.Ч нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан уг төлбөр барагдуулах хэлцэл, мөн өдөр Н.Учрал, Э.Ч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх баримтууд нэхэмжлэгч Д.Г болон хариуцагч С.Л  нарын хоорондын 300 000 000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй шууд холбоотой баримт биш байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, маргааны үйл баримт, талуудын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Харин 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл болон зээлийн гэрээтэй холбоотой маргааныг энэ хэргийн хувьд шийдвэрлээгүй болно.

       

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 980 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ