Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/01508

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

             Дугаар 183/ШШ2018/01508

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хандгайт зуслан, 07-130В тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Б овогт Дгийн Г/РД:ЧЛ60110662/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, Зайсангийн гудамж, 58А байр, 1 тоотод оршин суух, 1944 онд төрсөн, 74 настай, эмэгтэй, Х овогт Сын Л /РД:ХЛ44122607/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байр, 16 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Б овогт Эгийн Ч /РД:ХД78030898/  нарт тус тус холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 400 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.А /ШТЭҮД-0182/, хариуцагч С.Л, Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.Л, Э.Ч нар нь надтай уулзаж, 550 000 000 төгрөгөөр миний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 58А тоот амины орон сууцыг худалдаж авах санал тавихад би “амины орон сууцаа 700 000 000 төгрөгөөр худалдана, харин татвараа өөрсдөө төлөөрэй” гэж хэлсэн. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Э.Ч надтай утсаар ярьж, “С.Л амины орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдаж авахыг зөвшөөрч байна, нотариат дээр хүрээд ирээч” гэхэд нь очиж, С.Лтэй 300 000 000 төгрөгөөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 300 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ба үлдэх 400 000 000 төгрөгийг хэн өгөх юм бэ гэхэд Э.Ч “...та санаа зоволтгүй, би тантай төлбөр барагдуулах гэрээ хийнэ” гээд 384 300 000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийгээд мөн өдөр Э.Ч нь Д.Гийн хүүтэй 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Эдгээр гэрээний нийлбэр дүн нь 400 000 000 төгрөг юм. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд хариуцагч Э.Ч “...Хандгайтын барилгыг эхлүүлэхдээ би Д.Гээс 316 000 000 төгрөг зээлсэн ба 300 000 000 төгрөгийг төлсөн, 16 000 000 төгрөгийг төлөөгүй” гэсэн байдаг. Уг амины орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Гтул Д.Гийн өмчлөлийн байшинг 700 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь батлагдаж байна. Э.Ч нь Хандгайтын зусланд байрлах 6 ширхэг таун хаус загварын байшинг барихын тулд 300 000 000 төгрөгийг Д.Гээс зээлсэн мэтээр тайлбарладаг. Харин Д.Гнь 350 000 000 төгрөг зээлээгүй, өөрийн аж ахуйн хашааг бусдад 375 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарладаг юм. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ам тохиролцоогоор 316 000 000 төгрөгийн талаар яьсан боловч хамгийн гол нь 700 000 000 төгрөгөөр Д.Гийн зээлийн үлдэгдлийг барагдуулна гэж яригдсан. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан С.Лгээс 400 000 000 төгрөгийг нэхэхээр Э.Чт өгсөн гэдэг, Э.Ч болохоор танд өгөх өр байхгүй гэдэг. Тиймээс би 200 000 000 төгрөгийг хариуцагч С.Лгээс, 200 000 000 төгрөгийг Э.Чоос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Д.Гтэй уулзаад манай дүү нар танаас 300 000 000 төгрөг зээлж авсан юм байна, та ямар болзол тавьж байгаа юм бэ гэхэд надад 300 000 000 төгрөгийг бэлнээр өг, мөнгө өгсний дараа үл хөдлөх хөрөнгийг танд шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэсэн. Надад тухайн үед мөнгө байгаагүй тул банкаар хөөцөлдье гэж хэлээд салсан. Ингээд банкуудаар зээл хөөцөлдсөний эцэст Эрэл банк надад 100 000 000 төгрөг зээлдүүлсэн тул өөрт байсан мөнгийг нэмээд Д.Гт өгье гээд Хан-Уул дүүргийн нотариат дээр түүнийг дуудсан. Ингээд нотариат дээр бэлэглэлийн гэрээ байгуулъя гэхээр нь би бэлэглэлийн гэрээ байгуулахгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулна гэсэн чинь Д.Гуйлаад, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт төлөх мөнгө байхгүй, чи төл гэсэн учир чамд өгөх 300 000 000 төгрөгөөс өгье гээд Голомт банкин дээр очоод 300 000 000 төгрөгийг өгсөн. Үүнээс буцаагаад 6 000 000 төгрөгийг авч, татварт өгсөн болно. Хэрэв орон сууцыг надад 700 000 000 төгрөгөөр худалдсан гэж байгаа юм бол гэрээгээ гаргаж үзүүлэх ёстой. Нотлох баримтгүй зүйлийг шүүх авч хэлэлцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Э.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Д.Гтэй 268 000 000 төгрөгийн өглөг, авлагатай байсан. Д.Гийн Гурвалжингийн гүүрний хажууд байх газрыг нь үнэ хүргэж зарж өгсөн юм чинь 350 000 000 төгрөг зээлээд, Хандгайтад барьж байгаа таун хаусдаа хөрөнгө оруулалт хийе, таны 350 000 000 төгрөгийг буцааж өгнө, дээр нь нэмээд нэг байр өгье гэж тохиролцсон. Таун хаусдаа хөрөнгө оруулалт хийхдээ би Д.Гээс 350 000 000 төгрөг аваагүй, 268 000 000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд авсан. Нэхэмжлэгч болохоор намайг 350 000 000 төгрөг авсан гэж тулгаад байдаг, би болохоор 268 000 000 төгрөг авсан гэж маргадаг. Д.ГХандгайтын таун хаус чинь баригдаж дуусаагүй юм чинь яаж надад мөнгө өгөх юм гэж 2013 оны 8 дугаар сараас намайг дарамталж эхэлсэн тул би өрөө төлөхийн тулд дээрх амины орон сууцыг худалдахаар болсон. Манай 1 700 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 58А тоот амины орон сууцанд Д.Гамьдрах нь битгий хэл орж ч үзээгүй. Энэ байрандаа би өөрөө амьдарч байгаад өр ихтэй байсан тул С.Л эгчид 700 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, С.Л эгч миний Д.Гт өгөх ёстой 300 000 000 төгрөгийн өр, хойд барилгад хөрөнгө оруулахдаа авсан Хаан бакны 250 000 000 төгрөг, Си Жи Эм ББСБ ХХК-иас авсан 70 000 000 төгрөг, бас бэлнээр 60 000 000-70 000 000 төгрөгийг өгсөн. Д.Гийн хүү н.Учрал надаас 316 000 000 төгрөг нэхсэн бөгөөд С.Л эгч надад 300 000 000 төгрөг өгсөн гэтэл тэгвэл 16 000 000 төгрөгөндөө зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь бид зээлийн гэрээ байгуулсан болно. Анхны тохирооны дагуу өгсөн 98-2 тоот орон сууцны 1 м.кв-ыг нь 2 100 000 төгрөгөөр бодоход 384 300 000 төгрөг болж байсан. Ийнхүү Би Д.Гт 384 300 000 төгрөгийн үнэ бүхий 98-2 тоот байрыг шилжүүлэн өгсөн. Миний хувьд нэхэмжлэгчээс 268 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Түүнийг нь 316 000 000 төгрөг болгон төлье гэсэн. Би 700 000 000 төгрөгөөр ээжийнхээ байшинг зарсан нь үнэн боловч Д.Гийн байшинг биш, С.Ганхүүгийн байрыг С.Лд зарсан юм. 400 000 000 төгрөг нь 384 300 000 төгрөгийн гэрээ болон н.Учралтай байгуулсан 16 000 000 төгрөгийн гэрээгээр нотлогдож байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Энэ зээлийн гэрээний дүнд би өөрийн 98-2 тоот байрыг Д.Гт шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гнь хариуцагч С.Л, Э.Ч нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 400 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д.Гболон С.Л нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.Гнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Зайсан 58А хаягт байрлах 576 м2 талбай бүхий амины орон сууцыг С.Лд 300 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон байх бөгөөд мөн өдрөө худалдан авагч С.Л нь 300 000 000 төгрөгийг Д.Гт шилжүүлсэн, уг мөнгийг хүлээн авсан эсэх талаар талууд маргаагүй.  

 

Харин нэхэмжлэгч нь “...С.Л, Э.Ч нар миний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 58А тоот амины орон сууцыг 550 000 000 төгрөгөөр худалдаж авах санал тавихад би 700 000 000 төгрөгөөр худалдана, харин татвараа өөрсдөө төлөөрэй” гэж хэлсэн. Ингээд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Э.Ч надтай утсаар ярьж, “С.Л амины орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдаж авахыг зөвшөөрч байна, нотариат дээр хүрээд ирээч” гэхэд нь очиж, С.Лтэй 300 000 000 төгрөгөөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 300 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ба үлдэх 400 000 000 төгрөгийг хэн өгөх юм бэ гэхэд Э.Ч “...та санаа зоволтгүй, би тантай төлбөр барагдуулах гэрээ хийнэ” гээд 384 300 000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийгээд мөн өдөр Э.Ч нь 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний нийлбэр дүн нь 400 000 000 төгрөг тул 200 000 000 төгрөгийг хариуцагч С.Лгээс, 200 000 000 төгрөгийг Э.Чоос гаргуулна” гэж шаардсан.

 

Хариуцагч С.Л “...Би Д.Гтэй уулзаад манай дүү нар таниас 300 000 000 төгрөг зээлж авсан юм байна, та ямар болзол тавьж байгаа юм бэ гэхэд Д.Гта надад 300 000 000 төгрөгийг бэлнээр өг, мөнгө өгсний дараа үл хөдлөх хөрөнгийг танд шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэсэн. ...Үүний дагуу би 300 000 000 төгрөгийг бэлнээр өгч гэрээ байгуулагдсан. Хэрвээ 700 000 000 төгрөгөөр зарах байсан бол орон сууцыг надад худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхгүй байсан. Хэрвээ надад орон сууцыг 700 000 000 төгрөгөөр худалдсан гэж байгаа юм бол тэр гэрээгээ гаргаж өгөх хэрэгтэй” гэж,

Хариуцагч Э.Ч “...Би Д.Гийн охин Н.Ариунзултай хамтран амьдардаг байсан бөгөөд Д.Гийн газрыг үнэ хүргэж зарж өгсөн учир “...надад 350 000 000 төгрөг зээлээч, Хангайтад барьж байгаа таун хаусдаа хөрөнгө оруулалт хийе. Таны 350 000 000 төгрөгийн буцааж өгөөд дээр нь нэмээд нэг байр өгье” гэж тохиролцсон. Гэхдээ  таун хауст хөрөнгө оруулалт хийхдээ би Д.Гээс 350 000 000 төгрөг аваагүй, 268 000 000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сараас 2012 оны 11 сарын хооронд зээлж авсан байдаг юм. Үүнээс болж бидний хооронд маргаан эхэлж, намайг 350 000 000 төгрөг авсан гэж тулган мөнгөө нэхдэг байсан. Н.Ариунзул, Д.Гнар “чи зээлсэн мөнгөнийхөө барьцаанд энэ байшингаа миний нэр лүү шилжүүл” гэсэн тул би Д.Гийн нэр дээр өөрийн ээжийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Стадион Оргил, 58а тоот амины орон сууцыг шилжүүлсэн. Улмаар Д.Г“...Хандгайтын таун хаус чинь баригдаж дуусаагүй юм чинь яаж надад мөнгө өгөх юм” гээд 2013 оны 8 дугаар сараас дарамталж, мөнгөө нэхэж эхэлсэн тул би өрөө төлөхийн тулд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Стадион Оргил, 58а тоот амины орон сууцыг эгч С.Лд 700 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, С.Л эгч миний Д.Гт өгөх ёстой 300 000 000 төгрөг, хойд барилгад хөрөнгө оруулахдаа авсан Хаан банкны 250 000 000 төгрөг, Си Жи Эм ХХК-ийн 70 000 000 төгрөгийг тус тус төлж, би бэлнээр 60 000 000-70 000 000 төгрөгийг авснаар С.Л эгч уг амины орон сууцны мөнгийг төлж дуусгасан. Иймд 700 000 000 төгрөгөөр худалдсан гэдэг үндэслэлгүй худлаа зүйл. Би Д.Гээс 268 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Тэр мөнгийг би 316 000 000 төгрөг болгож төлнө гээд барьцаанд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 58а тоот амины орон сууцыг Д.Гийн нэр лүү шилжүүлснийг овжин ашиглаж байна” гэж тус тус маргасан. 

 

Дээрхээс дүгнэхэд Д.Г, С.Л нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.ГХан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/ Зайсангийн гудамжны 58А тоот, Ү-2206013098 дугаарт бүртгэлтэй, 576 м.кв талбай бүхий 98 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг хариуцагч С.Лгийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч С.Л 300 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр уг гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Д.Гдээрх гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 700 000 000 төгрөгөөр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Л, Э.Ч нараас 400 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ