| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2020/0590/Э |
| Дугаар | 1180 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Мөнхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1180
106/2020/0590/Э
2020 09 10 2020/ДШМ/1180
Т.Б-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Мөнхбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,
шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Золбоо, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 89 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мөнхбатын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Мөнх-Ачит нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Т.Б-од холбогдох эрүүгийн 2005013530601 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Төмөрбаатарын Б-,
Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд Б.А-ы хүзүүний зүүн талын дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судсыг шилээр зүсэж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжээчийн 948 тоот дүгнэлтэд "... Талийгаач Б.А- нь хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж улмаар нас баржээ. 2020 оны 4 дүгээр сарын 19- ний өдрийн 04 цаг 55 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байна. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун уушгины дээд дэлбэнгийн ээдмэнцэрт сүрьеэ өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ.” гэжээ /хх 95-99/. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж” гэж хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилж өгсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.А- нь ... хүнд зэргийн согтолттой байжээ. ...Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт “хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй” байдлыг ойлгоно. Амь хохирогч Б.А- нь тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан нь түүнийг биеэ хамгаалж чадахгүй байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна. Иймд шүүгдэгч Т.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн амь хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь шүүгдэгч Т.Б-ын үйлдлийн улмаас, тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг тодруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй. Хэрэв тухайн хөнгөн гэмтлүүд нь шүүгдэгч Т.Б-ын үйлдлийн улмаас учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр давхар зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Мөнхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 02 цаг 00 минутад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд хохирогч Б.А-ы хүзүүний зүүн тал дунд хэсэгт гүрээний зүүн хатгуур судсыг шилээр зүсэж гэмтээн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэж үнэлэлт дүгнэлт өгсөн болно. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 948 тоот дүгнэлтээр талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэж “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...болохыг мэдсээр байж...” алсан гэж дүгнэн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх,... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” гэж тус тус заасныг зөрчсөн, шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар амь хохирогч буюу талийгаач Б.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Б.Болдбаяр, Т.Б- нарын хамт “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд хамт орж хонохоор болсон байна. Улмаар Б.А-, Б.Болдбаяр, Т.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэрч Б.Болдбаяр нь архи авахаар 10 орчим минут гараад ирсэн бөгөөд буудлын өрөөнөөс гарахад амь хохирогч Б.А-, яллагдагч Т.Б- нар хоорондоо ажлаа яриад байж байсан, амь хохирогч биедээ ил харагдах шарх гэмтэлгүй байсан болох нь гэрч Б.Болдбаярын мэдүүлгээр нотлогддог. Мөн яллагдагч Т.Б- нь “би босож ирээд А-д нутаг усны хүмүүс байж битгий маргалдаад бай гэж хэлсэн. А- хэнтэй яахаа би өөрөө мэдэж байна гээд надтай маргаж эхэлсэн. Би чи яагаад байгаа юм бэ гээд А-тай маргаж байсан. Нэг сэрэхэд өрөө нил цус болчихсон миний хоёр гар нилэнхүйдээ цус болчихсон, А- орон дээр өөдөөс харсан байдалтай сууж байсан” гэж мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө 02 цагийн үед амь хохирогч хэвийн үйлдэл хийх чадвартай, биеэ хамгаалах бүрэн боломжтой болох нь тогтоогдож байхад чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас үгүйсгэгдэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй хуулийг зөрчсөн гэж үзнэ. Согтолт нь тухайн хүний бие, физиологийн шинж байдал, биеийн эрүүл мэнд, согтууруулах ундаа хэрэглэх давтамжаас хамаараад харилцан адилгүй үйлчилж, биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байдаг байхад талийгаачийн хүнд зэргийн согтолт нь нөлөөлж шүүгдэгчийн эсрэг үйлдэл хийх чадваргүй гэж дүгнэх нь буруу юм. Хэрэгт авагдсан гэрч П.Идэрбаярын “А- хамт ирсэн Жоохноо гэх залуутай маргалдаж, муудалцсан асуудал болоогүй...А- надаас салах үед биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...Болдбаяр, А-, Жоохноо гурав хорооллын арктай байрны харалдаа зам дээр буусан. Буулгах үед 20 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Болдбаярын “...намайг байх хугацаанд тэр хоёр хоорондоо муудалцаж, маргасан зүйл болоогүй..." гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 948 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Т.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.А-ы хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн хатгуур судсыг шилээр зүсэж гэмтээн алсан болон гэмт хэрэг үйлдэх явцдаа талийгаачийн хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт гэмтлийг учруулсан болох нь тогтоогдог. Өөрөөр хэлбэл, талийгаач Б.А-ы биед учирсан гэмтлүүдийг яллагдагч Т.Б- ганцаараа учруулсан болох нь нотлогдож байна. Яллагдагч Т.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нь нэг цаг хугацаанд, нэг объектод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулж хүнд гэмтлийн улмаас Б.А-ы амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг” үйлдсэнд тооцно гэж хуульчилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй давхар зүйлчлэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн талийгаач Б.А-д учирсан хөнгөн зэргийн гэмтлийг тусдаа гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр давхар зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шүүхэд шилжүүлэх зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...”, “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”...гэж заасны дагуу шүүх хуралдаанд шинжээч Ц.Бадрал болон гэрч Б.Болдбаяр нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Мөнх-Ачит нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх шүүхийн тогтоолоор яллагдагч Т.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй... болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэрэв тухайн хөнгөн зэргийн гэмтлүүд нь яллагдагч Т.Б-ын үйлдлийн улмаас учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр давхар зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд энэ хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 948 тоот дүгнэлтээр талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэж “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй...болохыг мэдсээр байж... алсан гэж дүгнэн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх,... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” гэж тус тус заасныг зөрчсөн нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Согтолт нь тухайн хүний бие, физиологийн шинж байдал, биеийн эрүүл мэнд, согтууруулах ундаа хэрэглэх давтамжаас хамаараад харилцан адилгүй үйлчилж, биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байдаг байхад талийгаачийн хүнд зэргийн согтолт нь нөлөөлж шүүгдэгчийн эсрэг үйлдэл хийх чадваргүй гэж дүгнэх нь буруу юм. Түүнчлэн гэрч Б.Болдбаяр “... ямар ч байсан нэг даавуугаар боочихсон сууж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад А- чамд хамаагүй, бид хоёрын асуудал, чи гарч бай гэсэн” гэж мэдүүлсэн байх ба талийгаач тухайн цаг үед орчиндоо хэвийн харилцаатай, өөрийн үйлдлийг ухамсарлах түвшинд, халдлагаас биеэ хамгаалах чадвартай байсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 948 дугаартай дүгнэлтээр талийгаач Б.А-ы биед учирсан гэмтлүүдийг яллагдагч Т.Б- ганцаараа учруулсан болох нь нотлогддог. Яллагдагч Т.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нь нэг цаг хугацаанд, нэг объектод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан боловч Т.Б- хүнд гэмтэл учруулсны улмаас Б.А-ы амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг” үйлдсэнд тооцно гэж хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй давхар зүйлчлэх боломжгүй бөгөөд хууль хэрэглээний практик ч нэгэнт тогтсон юм. Иймд анхан шатны шүүхээс талийгаач Б.А-ы амь насанд халдах явцад хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримтыг тусдаа гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шүүхэд шилжүүлэх зүйтэй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...", “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Иймд яллагдагч Т.Б-од холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Мөнх-Ачит нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Т.Б-од холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийн “...Т.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин ”...амь хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь шүүгдэгч Т.Б-ын үйлдлийн улмаас, тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг тодруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр давхар зүйлчлэх эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.Тодруулбал,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгоно. Амь хохирогчийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрч, цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд согтолт нь тухайн хүний бие, физиологийн шинж байдал, биеийн эрүүл мэнд, согтууруулах ундаа хэрэглэх давтамжаас хамаараад харилцан адилгүй үйлчилж, биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байсан гэдэг нь тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, амь хохирогч Б.А- нь хүнд зэргийн согтолтын улмаас хүзүүний гүрээний зүүн тараагуур судасны нэвт хатгагдсан амь насанд аюултай гэмтлийг авах цаг хугацаанд өөрийн амь нас, эрүүл мэндийг бусдын хандлагаас хамгаалах бодит боломж байсан гэж үзэх боломжгүй ба энэ талаар мөрдөн шалгах зохих ажиллагаа хийгээгүй байна.
Харин шинжээчийн дүгнэлтээр “...амь хохирогч Б.А- нь хүзүүний талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдсаны улмаас нас барсан. ...” болохыг тогтоосон бөгөөд амь хохирогчид дээрх гэмтлээс гадна хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна. Т.Б-ын амь хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь нэг цаг хугацаанд, нэг объектод чиглэсэн учраас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүнийг алах гэмт хэргээр давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Мөнх-Ачит нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 89 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Мөнхбатын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцэл, өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Мөнх-Ачит нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН