Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01659

 

 

2021 09 07 181/ШШ2021/01659

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, . дүгээр хороо,. дугаар байр, .тоотод оршин суух, Т.О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15, Моннис цамхаг, 15 давхарт байрлах Э ХХК /РД/-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б /3095/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдсэн удирдлагын газар хянан нийцүүлэх хэлтсийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б25 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Захирлын тушаалыг Э  ХХК болон ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг зөрчиж гарсан гэж үзэж байгаа бөгөөд энэ үндэслэлээ дараах тайлбараар гаргаж байна.

Нэгдүгээрт, ажил олгогч буюу Э ХХК-ийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахим шуудангаар, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичгээр мэдэгдэл өгсөн ба энэ мэдэгдэл нь ажил олгогчоос ирээгүй буюу хэнээс ирсэн нь тодорхойгүй гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй хэвлэсэн цаас байсан. Энэхүү мэдэгдэл нь хууль бус, бичиг баримтын бүрдлийн хувьд шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус байсан бөгөөд хууль зүйн хувьд ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний нэг тал болсон ажил олгогч буюу гүйцэтгэх захирал өөрөө энэхүү мэдэгдлийг өгч, хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болсон талаар хуульд заасан шаардлагын дагуу бичгээр мэдэгдээгүй гэж үзэж байна. Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гэрээний аль нэг тал нь нөгөө талдаа гэрээ цуцлахдаа яаж бичгээр мэдэгдэх вэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Хоёрдугаарт, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 ажил олгогч 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэхгүйгээр аж ахуй нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж энэ хуульд заасны дагуу хэлэлцээр хийнэ гэж заасныг ажил олгогч зөрчсөн. Учир нь Э ХХК нь намайг болон хамт ажиллаж байсан хэд хэдэн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ бөөнөөр буюу 2 ба түүнээс дээш тооны ажилтан халсан гэдгийг нотолж байгаа юм. Ажил олгогч буюу Э ХХК-ийн гүйцэтгэх захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд ажилтнуудын төлөөлөлтэй ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ нэгдсэн удирдлагын газар ажиллаж байсан хүмүүсийн ажлын байрыг хэрхэн шилжүүлж ажиллаж байгаа надаас өөр ажил олгогчийн санаачлагчаар ажлаас чөлөөлөгдсөн хүн байгаа эсэх мөн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийт хэдэн ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн талаар хариуцагчаас нотлох баримтаар гаргуулах хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр Э ХХК-ийг хариуцагчаар татсан А, Б, Г нарын иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан. Хүсэлт шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжид миний дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Э ХХК нь зөвхөн намайг биш хэд хэдэн ажилтныг ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдэж байгаа юм байна гэж ойлгосон.

Гуравдугаарт, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 тоот тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт болон төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байгаа бөгөөд намайг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолд миний ажиллаж байсан орон тоо хасагдсан буюу тус ажилд албан тушаал байхгүй болсон тухай үг, үсэг огт байхгүй.

Дөрөвдүгээрт, Э ХХК болон ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 5.2 дахь хэсэгт компанийн хэмжээнд сул байгаа орон тооны хүний нөөцийн хангалтыг хийхдээ мэргэжил ур чадвар ажлын байрны шаардлагыг хангасан компанитай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байгаа тохиолдолд тэргүүн ээлжид түүнийг урьтал болгоно гэж заасан. Миний хувьд эрх зүйч мэргэжилтэй, төрийн байгууллага болон дипломат албанд нийт 13 жил ажилласан туршлагатай. Эрдэнэс Монгол ХХК-д ажиллаж байх хугацаандаа мэдлэг чадвараа дээшлүүлж компанийн засаглал төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг сургалтад хамрагдаж, бүтцийн өөрчлөлтөөс үл хамааран өөрийн мэдлэг чадварын хүрээнд ажиллах бүрэн боломжтой байсан. Миний мэдлэг чадварт тохирсон сул орон тоо байсаар байтал гаднаас шинэ хүн томилон ажиллуулсан нь ажил олгогч хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, намайг шууд ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд өөр ажилд шилжин ажиллуулах үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй.

Тэтгэмж олгох хүсэлтэд Хамтын гэрээний 3.9 дэх хэсгийг яагаад үндэслэсэн бэ гэхээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл бичихэд тухайн үед ЭХХК  ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан тохиолдол байгаагүй учраас бөөнөөр халахаас бусад тохиолдолд гэсэн заалтыг үндэслэж тэтгэмжийг 3 сараар олгохыг хүссэн. Бид нарын хүссэн өргөдлийн загварын дагуу хүсэлтээ бичих юм бол 3 сарын тэтгэмж өгнө гэж хэлээд тэр хүмүүс ажлаа өгөөд чөлөөлөгдсөн. Надад 1 сарын тэтгэмж өгөхөөр тэр үед өөр хүмүүс ажлаас халагдаагүй байсан учраас хамтын гэрээний 3.9 дэх хэсгийг үндэслэж бичсэн. Түүнээс тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Т.О нь Э ХХК-ийн Нэгдсэн удирдлагын газарт хянан нийцүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар түүний ажиллаж байсан Нэгдсэн удирдлагын газар нь бүтцээс байхгүй болсон. Э  ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэсний дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0214 дугаартай мэдэгдлийг Т.О ид хүргүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолыг үндэслэн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж байгаа гэсэн агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б25 дугаартай тушаалаар түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн ба 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч Т.О тухайн шийдвэрийг хүлээж аваад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгэх захиралд өргөдөл гаргасан. Тухайн өргөдөлдөө Э  ХХК болон ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 3.9 дэх хэсэгт заасны дагуу ажилчдыг бөөнөөр халахаас бусад тохиолдолд тухайн ажилтанд 3 сараас доошгүй сарын тэтгэмж олгоно гэж заасны дагуу тэтгэмж олгох хүсэлт гаргаж, түүний хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б39 тоот тушаалаар Т.Оид дахин 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байдаг. Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаартай тогтоолоор бүтэц зохион байгуулалтын ажлыг Хөдөлмөрийн тухай хууль болон Э ХХК-ийн холбогдох дүрэм, журмын дагуу ажлаас чөлөөлөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/25 дугаартай тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б би Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захиргааны санаачлагаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тайлбартаа ажлаас чөлөөлөхгүйгээр ажил олгогч үүргээ хэрэгжүүлээд өөр албан тушаалд томилох ёстой байсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ талаараа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Асуулт, хариултын шатанд тодруулахад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдлийг гардаж аваад гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл тушаал гарахаас 35 хоногийн өмнө мэдэгдлийг гардаж аваад гарын үсэг зурсан гэдэг үйл баримт шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд тогтоогдож байна. Мөн тушаал гардаж авснаас хойш 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамтын гэрээний 3.9 дэх хэсэгт заасан хүсэлт гаргаад бөөнөөр халагдахаас бусад тохиолдолд ажилтнуудад олгогддог тэтгэмжийг авах эрхтэй хүн юм аа гээд тэтгэмжийг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хэргийн материалд авагдсан хамтын гэрээний холбогдох заалтаар нотлогдож байна.

Э  ХХК нь Төлөөлөн Удирдах зөвлөлийн 37 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахаас өмнө 9 газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэгдсэн удирдлага төлөвлөлтийн газарт нэхэмжлэгч Т.О албан тушаал эрхэлж байсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай тушаал гарснаас компанийн бүтэц орон тоо өөрчлөгдөөд 2 газар, 5 хэлтэс, 2 албатай болсон. Нийтэд илэрхий компанийн бүх ажилтнуудын мэдэж байгаа үйл баримт юм. Үүнтэй холбоотойгоор компанийн дотоод бүтцэд шилжилт хөдөлгөөн хийх, орон тоо хасагдсан ажилтнуудыг ажлаас чөлөөлөх зохицуулалтууд гарсан. Нэхэмжлэгч Т.О-ийн хувьд хувь хүнд нь мэдэгдэл өгсөн. Ямар нэгэн ажилтнуудыг бөөнөөр халсантай холбоотой маргаан бол шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй. Нэгдсэн удирдлагын газар нь бүтцээс татан буугдсан гэдэг нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр байхгүй байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн зөвлөмжид тайлбарласан байдаг. Нэгдсэн удирдлагын газрын Нэгдсэн төлөвлөлт, хянан нийцүүлэлт хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр хамгаалж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаар 45 хоногийн өмнө мэдэгдээгүй гэдэг зүйлийг ярьдаг боловч бөөнөөр халсантай холбоотой маргаан биш учраас 30 хоногийн өмнө мэдэгдсэн гэдэг нь тогтоогдож байна. Хэргийн материалд авагдсан баримтын хүрээнд орон тоо хасагдсан гэдэг үндэслэл хамаарч байна гэж харж байна. Нэхэмжлэгч орон тоо хасагдаагүй өөр газар ажил албан тушаал байгаа гэсэн бол энэ талаарх холбогдох баримтаа шинжлэн судлуулаад нэхэмжлэгч өөрөө баримтаа бүрдүүлээд хэрвээ боломжгүй бол шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх байдлаар нотлох үүргээ өөрөө хүлээдэг. Нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Т.О нь Э ХХК-ийн Нэгдсэн удирдлагын газарт Нэгдсэн төлөвлөлт, хянан нийцүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны  дүгээр сарын  -ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч Т.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Б/25 тоот тушаал, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-нхы өдрийн Б/25 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Э ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12, 9.7.16, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.2, 11.8-д заасныг тус тус баримтлан компанийн зохион байгуулалтын шинэчлэн баталсан бүтцийн дагуу Нэгдсэн төлөвлөлт, хянан нийлүүлэлт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан буюу тус ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр Т.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаар Компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоол-оор 8 газар, 2 албатай, чиглэл хариуцсан ахлах мэргэжилтэн 15, мэргэжилтэн 53, нийт 88 орон тоотой ажиллахаар баталсан бөгөөд Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Э ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг 8 газар, 2 албатай, гүйцэтгэх захирал 1, тэргүүн дэд захирал 1, дэд захирал 4, газрын захирал 8, албаны дарга 2, чиглэл хариуцсан ахлах мэргэжилтэн 8, мэргэжилтэн 57, үйлчилгээний ажилтан 3, зөвлөх 4, нийт 88 орон тоотойгоор батлан ажиллаж байжээ.

Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоолоор Дэд бүтэц, уул уурхайн технологийн газар, Гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны газар гэсэн 2 газар, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Хөрөнгө, оруулалтын хэлтэс, Худалдан авалтын хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс гэх 5 хэлтэс, Аж ахуйн алба, Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын алба гэх 2 албатай, гүйцэтгэх захирал 1, зөвлөх 4, тэргүүн дэд захирал 1, дэд захирал 3, салбар хариуцсан менежер 3, газрын захирал 2, хэлтсийн дарга 5, албаны дарга 2, мэргэжилтэн 59, жолооч, үйлчилгээний ажилтан 6, нийт 86 орон тоотой ажиллахаар болж, Т.Оийн ажиллаж байсан Нэгдсэн удирдлагын газар Эрдэнэс Монгол ХХК-ийн бүтцээс байхгүй болсон байна.

Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасан нь хууль зөрчихгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нэгдсэн удирдлагын газрын Нэгдсэн төлөвлөлт, хянан нийцүүлэлт хариуцсан мэргэжилтэн нэртэй ажлын байр хариуцагч Э ХХК-ийн бүтцээс байхгүй болсон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол-оор тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулахыг ойлгоно.

Хариуцагч Э  ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Т.Оид хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан үндэслэлээр цуцлах болсон тухай мэдэгдлийг цахим шуудангаар илгээсэн талаар талууд маргаагүй бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уг мэдэгдлийг нэхэмжлэгч Т.О хүлээн авч, гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул хариуцагч Эрдэнэс Монгол ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Т.О нь Э  ХХК нь намайг болон хамт ажиллаж байсан хэд хэдэн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь бөөнөөр буюу 2 ба түүнээс дээш тооны ажилтан халсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд ажилтнуудын төлөөлөлтэй ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй, дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж маргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл бичихэд тухайн үед Эрдэнэс Монгол ХХК-иас ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан тохиолдол байгаагүй гэж харилцан зөрүүтэй тайлбарласан.

 

Дээрх тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдаагүй, бүтцийн өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд ажилтнуудын төлөөлөлтэй ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй, дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шүүхэд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн Э  ХХК болон Э ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний хорооны хамтын гэрээний 5.2-т Компанийн хэмжээнд сул байгаа орон тооны хүний нөөцийн хангалтыг хийхдээ мэргэжил, ур чадвар, ажлын байрны шаардлагыг хангасан, компанитай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байгаа тохиолдолд тэргүүн ээлжинд түүнийг авахыг урьтал болгоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 тоот Т.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Оийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Т.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ